Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00676

 

Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01183 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 616 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цогт-Очирын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Цогт-Очир, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие улсад 21 жил ажилласнаас тус байгууллагад хөдөө орон нутгийн албанаас эхлэн ажиллаж байгаад Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б/12, Б/14 дугаар 2 тушаалаар санхүүгийн дотоод аудиторын албан тушаалаас хууль бус, үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Дээрх 2 тушаалыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 4652 дугаар шийдвэрээр Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн санхүүгийн дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 3 693 654 төгрөгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.Энэхүү шийдвэрийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/36 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч ямар ч цалин олгохгүйгээр ажиллуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б/39 тоот тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Ажилд томилсон тушаал гаргасан өдрөө ажлаас халах мэдэгдэл өгсөн тул Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын хууль бус, үндэслэлгүй шийдвэрийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан боловч өнөөдөр хүртэл ямар ч хариу ирээгүй.Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Хөдөлмөрийн болон Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны А/157 тоот тушаал зэргийг зөрчин 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/39 дугаар тушаал гаргаж ажил албан тушаалаас халж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/19 тушаалаар зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийж 5 хэлтэстэй болж орон тоог цөөрүүлсэн бөгөөд шинээр байгуулагдсан үндэслэлээр байнгын ажлын байранд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд ТҮ-8 зэрэглэлд хамаарагдан ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн.Гэтэл Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2015 оны А/19 тушаалын 1 дэх заалтын цөөрүүлсэнтэй гэсний өмнө хасагдсан гэж нэмж хасагдсан цөөрүүлсэнтэй гэсэн найруулга хийж, Д.Отгонбаярыг шүүхийн шийдвэрээр ажилд нь томилсон 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/36 тоот тушаал гарсан байдаг. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсноос хойш тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй, орон тоо хасагдаж, цөөрсөн асуудал гараагүй түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байна.Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын санхүүгийн дотоод аудиторын 1 орон тоонд Д.Отгонбаяр ажиллаж байсан ба түүнийг ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн 4652 дугаар шийдвэр хүчинтэй, тус газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б/36 тоот тушаал гарган ажил албан тушаалд нь томилж, 47 хоног ажиллуулаад өмнө хүчингүй болсон тушаалын үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б/39 тоот тушаал гарган дахин хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл үүсэж байгааг үгүйсгэхгүй байна. Бид Б/39 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан нь тушаалын үндэслэл байгаа юм. Одоо шаардлагаа дотоод аудиторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалин болон ажилгүй байсан хугацааны олговор, алдангийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх гэж тодруулж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай Монгол Улсын Их хурлын 2014 оны 75 дугаар тогтоолын хавсралтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрыг хамааруулан тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоолд зааснаар тус агентлаг нь 64 төрийн албан хаагчийн орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан.Харин Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолын Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар 2 дугаар хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газарт 54 төрийн албан хаагч ажиллахаар орон тоог шинэчлэн тогтоосон. Шинэ бүтэц зохион байгуулалтаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Санхүү, аж ахуйн хэлтэст хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, санхүү, хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, өмч, ашиглалт, аж ахуй хариуцсан мэргэжилтэн тус тус ажиллаж хариуцсан чиглэл тус бүрээрээ шаардлагатай үед дотоод аудитын үйл ажиллагааг хяналт, шалгалт хэлбэрээр төсвийн ерөнхий захирагчийн үүрэг даалгаврын хүрээнд төсвийн шууд захирагчийн удирдлага доор хэрэгжүүлэх боломжтой байгаа.Цаг уур, орчны шинжилгээний газар болон түүний харьяа байгууллагуудын санхүүгийн аудитын үйл ажиллагааг улсын хэмжээнд шат шатандаа улс, аймаг, нийслэлийн аудит, мэргэжлийн хяналтын байгууллагууд зохих хугацаанд тус тус хэрэгжүүлж байгаа зэрэг хууль тогтоомж түүний зүйл, заалт, хэсэг бүр нь Цаг уур, орчны шинжилгээний газрын санхүүгийн дотоод аудиторын ажил, албан тушаал хасагдах хууль зүйн бөгөөд бодит шалтгаан нөхцөл болсон юм.Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн үндэслэлгүй болно гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01183 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 49 дугаар зүйлийн 49.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаярыг Цаг уур, орчны шинжилгээний газрын захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн санхүүгийн дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилласан хугацааны цалин хөлс, алданги, ажилгүй байсан хугацааны олговорт 6 154 706 төгрөгийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаярын дээрх олговроос шимтгэл тооцож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас 113.425 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 616 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/01183 дугаартай шийдвэрийг тус газар эс зөвшөөрч хэрэгт цугларсан нэхэмжлэлийн шаардлагын дагуу гаргасан хариуцагчийн удаа дараагийн тайлбар бусад холбогдох хууль тогтоомжийн болон санхүүгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн тал бүрээс нь бодитойгоор харицуулан судлаж үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй орхигдуулах, огт үнэлэхгүй байх, улмаар хууль зүйн үндэслэлгүй үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан боловч шүүх 2016 оны 616 дугаар магадлалын Хянавал хэсэгт “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2015.3.03-ны өдрийн А/19 тоот “Газрын бүтэц батлах тухай” тушаалын 1 дэх заалтын “цөөрүүлсэнтэй” гэсэн үгийн өмнө 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/36 тоот тушаалын 1 дэх хэсгийн заалтаар “хасагдсан” гэсэн үг нэмж “хасагдсан, цөөрүүлсэнтэй” гэж найруулж өөрчлөлт оруулсан нь Д.Отгонбаярын эрхэлж байсан албан тушаал болох “Санхүүгийн дотоод аудитор”-ын ажил, албан тушаалыг хасагдсанд нэмж тооцох, улмаар энэ үндэслэлээр дахин ажлаас халсан нь хуульд нийцэхгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэж дүгнэн Тогтоох хэсэгт “анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.Гэтэл анхан шатны шүүхийн  4652 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалын холбогдох хэсэгт, болон мөн он, сарын 04-ний өдрийн Б/14 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчиж, Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан байх тул” гэж, Тогтоох нь хэсэгт “тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалын Д.Отгонбаярт холбогдох хэсэг, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож ...олгосугай” гэж шийдвэрлэсэн учраас уг шийдвэрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчиж гэснийг засах зорилгоор шүүхийн 4652 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд тус газрын даргын 2015 оны Б/36 тушаал гаргаж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д тус тус нийцүүлэн газрын даргын 2015 оны А/19 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын “цөөрүүлсэнтэй” гэсэн үгний өмнө “хасагдсан” гэсэн үг нэмж “хасагдсан, цөөрүүлсэнтэй” гэж найруулж, 2015 оны Б/12 дугаар тушаалын Д.Отгонбаярт холбогдох хэсэг болон Б/14 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, олгосон 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг төсөвт төвлөрүүлэхийг ахлах нягтлан бодогчид зөвшөөрч, газрын бүтэц өөрчлөгдөн, газрын дотоод аудиторын орон тоо хасагдсан тул Д.Отгонбаярт хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа холбогдох хуулийн дагуу бичгээр мэдэгдэхийг Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Галцогт даалгасан байна.Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 14 дүгээр зүйлийн 14.2.5, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5-д тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд тус газрын даргын 2015 оны Б/36 тушаал 3 дугаар заалтад Д.Отгонбаярт олгосон 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг төсөвт төвлөрүүлэх гэсэн боловч Д.Отгонбаяр өөрөө шүүхийн 2015 оны 4652 шийдвэртэй шүүх хуралдааны мэтгэлцээний явцад уг тэтгэмжийг би аваагүй цаашид авахгүй хэдийгээр миний дансанд орж ирсэн байгаа ч гэсэн тайлбар өгч байсан хэдий ч ажил, албан тушаалд буцаан томилогдмогц буцаан төлөөгүйгээс Улсын төсөв хөрөнгийг хохиролгүй болгохоор санхүүгийн харилцан суутгал хийгдсэн байна. Шүүхийн 2015 оны 4652 дугаартай шийдвэрт заагдсан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг засаж залруулснаар газрын даргын 2015 оны “Газрын бүтэц батлах тухай” А/19 дүгээр тушаалаар ЦУОШГ-ын ЗХАХ-ийн санхүүгийн дотоод аудиторын ажил, албан тушаал хасагдсан байх тул 2015 оны Б/39 дүгээр тушаал гарч Д.Отгонбаярын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцалсан болно.Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/01183 дугаартай шийдвэр, давж заалдах шүүхийн 2016 оны 616 дугаар магадлалыг тус тус хянан үзэж хуульд нийцүүлэн хүчингүй болгож өгөхийг хүсэж гомдол гаргаж байна гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин, алданги, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч Д.Отгонбаярыг Цаг уур, орчны шинжилгээний газрын захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн санхүүгийн дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 5 сар 4 хоногийн олговорт 5 207 178 төгрөг, ажилласан хугацааны цалин хөлс, алдангид 947 528 төгрөг нийт 6 154 706  төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх “хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас нэхэмжлэгч Д.Отгонбаярын ажиллаж байсан хугацааны цалин хөлс, алданги, ажилгүй байсан хугацааны олговорт нийт 5 823 891 төгрөг гаргуулахаар танилцуулсан боловч тооцооны алдаа гаргасан байх тул уг тооцоог зөвтгөж бодсоныг дурдав” гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1., 119.2.-т зааснаар шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаадаг ба шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болдог байна. Мөн зүйлийн 119.3.-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурдаг.

Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т заасан зарчмыг шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт заасан атлаа уг шаардлагыг зөрчиж, уншиж танилцуулсан шийдвэрийн агуулгыг, нэхэмжлэлийн үндсэн шаардлагын талаар гаргасан шийдлийн хэмжээг өөрөө өөрчилснөөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Шийдвэр гаргасан бөгөөд түүнийг танилцуулсан шүүх өөрөө уг шийдвэрийн агуулгыг өөрчлөх, шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй байдаг нь шүүхийн шийдвэрийн өөрчлөгдөхгүй байх шинжийн мөн чанар юм. Шүүхийн уншиж танилцуулсан шийдвэрийн агуулгыг дээд шатны шүүхээс өөр этгээд буюу шийдвэр гаргасан шүүх өөрөө өөрчлөх эрхгүй байдаг нь шүүхийн нэр хүнд, шүүхийн шийдвэрийн талаарх тогтвортой ойлголтыг бүрдүүлэх нэг хүчин зүйл болдог тул хуульд “шүүхийн шийдвэр хүчинтэй болох” эрх зүйн нэр томъёог тусгасан байна.

Шүүхийн шийдвэрийн аливаа алдааг, тэдгээрийн дотор тооцооны, илтэд ташаа бичигдсэн, техникийн шинжтэй дутагдлыг зөвхөн дээд шатны шүүх залруулах эрхтэй ба давж заалдах болон хяналтын шатны шүүх чухамхүү энэ л зорилгоор үйл ажиллагаа явуулдаг болно. Анхан шатны шүүх өөрийн гаргасан шийдвэрээ уншиж танилцуулан, хүчинтэй болсоноос хойш шийдвэрт өөрчлөлт оруулах нь бүрэн эрхээ хэтрүүлсэн зөрчил болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шийдвэр гаргасан шүүх өөрийн шийдвэрийн илтэд ташаа бичигдсэн, техникийн шинжтэй, тооцооны зэрэг алдааг өөрөө залруулах боломжийг зохицуулаагүй тул хуульд заагдаагүй ажиллагаанд үндэслэгдсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар, шүүхийн шийдвэрт “нийт 5 823 891 төгрөг гаргуулахаар танилцуулсан боловч тооцооны алдаа гаргасан байх тул уг тооцоог зөвтгөж бодсон” талаар дурдсан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд “6 154 706 төгрөгийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгож шийдвэрлэв” гэж заасан байгаа нь ойлгомжгүй болжээ. Шүүхийн уншиж танилцуулсан шийдвэрийн агуулга шүүх хуралдааны тэмдэглэлд өөрөөр тусгагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг илрүүлж, залруулах арга хэмжээ аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчигдөөгүй гэж үзсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 616 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН