Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 505

 

Д.Х, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар магадлалтай, Д.Х, Ц.Б нарт холбогдох 1718000000170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Т овогт Д-ийн Х,

2. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ц овогт Ц-ийн Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х, Ц.Б нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Х-г 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Ц.Б-ийг 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч И.Атарбямба гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.Х-ийн гэмт хэргийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэр ямар нотлох баримтаар нотлогдсон нь тодорхойгүй, нотлох баримтыг нэг талыг барьж өрөөсгөлөөр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээс “тэрээр ганцаараа утас, гутал олж авсан, Д.Х-д хамааралгүй” болох нь тодорхой харагддаг. Хавтаст хэргээс харахад 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг гараад удаагүй байхад холбогдогч нараас авсан мэдүүлэг бодитой байдаг. Тодруулбал, Ц.Б-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр “Ц.Б олсон утсаа өөрөө авч явж дэлгүүрийн худалдагчид үзүүлсэн” үйл баримт тогтоогддог. Эдгээрийг шүүх ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Ц.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний мэдүүлэг нь бодитой бус, тогтворгүй, эргэлзээ бүхий, Д.Х-г гүтгэсэн, хуулийн байгууллагыг хуурч мэхлэн төөрөгдүүлж байгаа нь байж боломгүй юм. Ийм бусармаг үйлдэл гаргасан хүнд 1 жилийн хөнгөн ял оногдуулсныг анхаарна уу. Д.Х-ийн мэдүүлэг эргэлзээтэй байсан бол түүний эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэм бурууг нь хүлээлгэн 2 биш 1 жилийн хорих ял эдлүүлэх санал гаргах нөхцөл байгааг алдах ёсгүй байсан. Д.Х ч гэсэн хулгайн хэрэгт оролцсон бол хэнд ч ойлгомжтой хэрэггүй зүйл дээр зөрүүдлэн 2 жилийн хорих ял авч хувийн байдлаа дордуулах ямар ч шаардлага байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Х “тус хэрэгт гэрчээр Н гэх эмэгтэйг асуулгах”, “прокурорыг татгалзан гаргах” хүсэлтүүд гаргасан боловч эдгээрийг шийдвэрлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн магадлалаар “Ц.Б хулгайн гэмт хэргийг Д.Х-тэй бүлэглэж үйлдсэн гэж байгаа боловч зөвхөн шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Д.Х-д шүүгдэгч Ц.Б-ээс хүнд ял шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ” гэж хэргийг буцаасан хэдий ч Д.Х-ийн гэм бурууг нотолсон нотлох баримт шинээр дахин авагдсан зүйл байдаггүй. Ц.Б мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар дангаараа нотлох баримт болохгүй. Иймд Д.Х-д холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянан үзэж түүний үйлдэл холбогдлыг хэргийн материалд тулгуурлан хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдож, тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч нар нь тодорхой зорилготой, үйлдлээрээ нэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын оролцоо, гэм буруу зэргийг харгалзан ялгамжтай ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан гомдлыг үндэслэн Д.Х, Ц.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Х, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байрны 70 тоотод оршин суух Д.Д-ийн гэрт нэвтрэн “iPhone 5s” загварын гар утас, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг хулгайлж, 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Д.Х, Ц.Б нарын үйлдлийг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч Д.Х-д 2 жил хорих ял, шүүгдэгч Ц.Б-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын “Д.Х хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” талаарх гомдол нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг зөвшөөрөхгүй, үйл баримтыг өөрчлүүлэн тогтоолгох, үүнээс үндэслэн Д.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч И.Атарбямбын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН