| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/01684/И |
| Дугаар | 102/ШШ2023/02323 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/02323
| 2023 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2023/02323 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Э
Хариуцагч: Д.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: 72,000,000 төгрөг тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г, Ц.М
Хариуцагч Д.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтаннаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.Ч-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие 2021 онд зуслангийн газар, уг газар дээр баригдсан амины орон сууц худалдана гэсэн зарын дагуу Д.Ч- гэх хүнтэй холбогдсон. Ингээд бид 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Шаргаморьтоос урагшаа Гоодойн аманд байрлах газар, амины орон сууцыг нийт 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед Д.Ч- нь газрын гэрчилгээ удахгүй гарна. Гарахаар нь бичиг баримтыг шилжүүлээд өгье гээд надаас нийт 72,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Миний бие гэрээний үүргээ биелүүлж Д.Ч-гийн Хаан банкны 000000тоот данс руу 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь газар, амины орон сууцны гэрчилгээг 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Хамгийн сүүлд утасдаж асуухад Д.Ч- нь Өөр хүний нэр дээр байгаа учраас газар, орон сууцны гэрчилгээг шилжүүлэн өгөх боломжгүй болчихлоо гэсэн. Иймд миний бие Д.Ч-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчаас газар, амины орон сууцны төлбөрт төлсөн 72,000,000 төгрөгийг буцаан гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ч- миний бие 2021 оны 8 дугаар сарын 21-нд нэхэмжлэгч А.Э-той амины орон сууц худалдах, худалдан авах тохиролцоог аман болон бичгээр байгуулсан. Аман хэлэлцээрт миний бие газрын гэрчилгээг гаргуулахад хугацаа орох талаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед А.Э- зөвшөөрсөн. Ингээд дээрх хэлэлцээрүүдийн дагуу Гоодойн аманд байрлах 4 улирлын халуун хүйтэн устай, шалны халаалалтай, бүрэн тавилгатай, гадаа хүүхдийн тоглоомтой, 380-ын тогтой, гүний худагтай, бохир, цэвэр нь шийдэгдсэн бүрэн ажиллагаатай 2 өрөө, гал тогоо тусдаа байшинг А.Э- болон түүний эхнэр нарт түлхүүрүүдийг гардуулж хүлээлгэн өгсөн. Дээрх хэлэлцээрийн дагуу 75,000,000 төгрөг авах тохиролцоотой ч нийт 72,000,000 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар хүлээн авсан. Үлдэгдэл 3,000,000 төгрөг аваагүй үлдсэн. Миний бие анх 2019 онд уг амины орон сууцыг барьсан. Нэхэмжлэгчид зарсан газар нь манай хашаатай залгаатай байсан. Ер нь бол уг газар дээр анхнаасаа зохих зөвшөөрөл авалгүйгээр зуслангийн байшинг барьсан. Ингээд нэхэмжлэгчид газар болон зуслангийн байшинг зарсан. Газар болон зуслангийн байшингийн холбогдох зөвшөөрлийг хожим нь би хөөцөлдөн авч өгөхөөр бид амаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл аман гэрээний гол нөхцөл нь ...газар, байшинг худалдсаны дараа холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөх байсан. Уг тохиролцоон дээр яг нарийн хугацааг тохироогүй. Гэрчилгээ гаргуулах явцад Сүхбаатар дүүргийн газрын албанаас гэрчилгээ гаргах өргөдөл, хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна тухайн үед Нийслэлийн захирагч Д.Сумьяабазарын захирамж тодорхойгүй хугацаагаар гарч, гэрчилгээ олголтыг хойшлуулсан. Саяхнаас буюу 2023 оны 4 дүгээр сараас хүсэлт авч байна гэсэн сургаар очиж, гэрчилгээ гаргуулах хүсэлтээ холбогдох материалын хамт дахин бүрдүүлж өгсөн. Миний бие Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-д ахлах инженерээр ажилладаг бөгөөд сарын 2,500,000 төгрөгийн цалинтай. Үүнээс орон сууцны 8 хувийн зээлд 700,000 төгрөг, цалингийн зээлд 230,000 төгрөг, мөн ББСБ-д автомашины зээл болох 1,570,000 төгрөгийг сар бүр тус тус төлдөг. Гар дээр өөрт 500,000 төгрөг үлддэг. Хадгаламж болон хувийн бизнес байхгүй. Зөвхөн цалингаараа амьдардаг болно. Иймд А.Э-ын нэхэмжилж буй дүнг миний зүгээс төлөх боломжгүй тул А.Э-той аман болон бичгээр байгуулсан хэлэлцээр, тохиролцооны үүргээ биелүүлэх хүсэлтэй гэжээ.
3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 3/, худалдах худалдан авах гэрээ /хх 4/, фото зураг /хх 5/, Хаан банкны депозит дансны хуулга /хх 6-10/, мэдэгдэл /хх 11/, Скайтел ХХК-ийн тодорхойлолт /хх 36/, мессежний зургууд, тайлбар /хх 39-42/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 44/.
4. Хариуцагч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/653 тоот захирамж, хавсралтын хуулбар /хх 19-20/, өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт /хх 23/.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт Д.Ч- болон А.Э- нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээ гэсэн бичгийн баримт авагджээ. Уг баримтад ...Миний бие Д.Ч- өөрийн эзэмшлийн зуны амины орон сууцыг А.Э-од 75,000,000 төгрөгөөр зарж байгаа. Урьдчилгаа болгож 60,000,000 төгрөгийг дансаар авсан бөгөөд үлдэгдэд 15,000,000 төгрөгийг бичиг баримт бүрдэж гэрээ хийсний дараа авахаар аман тохироо хийсэн болно гэж тусгагджээ.
2. А.Э- нь Д.Ч-гийн данс руу 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийг шилжүүлсэн болон Д.Ч- болон А.Э- нарын хоорондын тохиролцооны гол зүйл нь газар, амины орон сууц байсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.
3. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч Д.Ч-д холбогдуулж 72,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ ...надад зарсан газар, байшингийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцаан авна гэж тайлбарлажээ.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн худалдах-худалдан авах гэрээний зүйл нь эд юмс байхаас гадна эрх байх боломжтой ба эрх худалдах-худалдан авахад худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д заажээ.
5. Хариуцагчийн ...нэхэмжлэгчид зарсан газар нь манай хашаатай залгаа байсан. Уг газар дээр анхнаасаа зохих зөвшөөрөл авалгүйгээр амины орон сууц барьсан. Ингээд нэхэмжлэгчид газар болон байшинг зарсан. Газар болон зуслангийн байшингийн холбогдох зөвшөөрлийг хожим нь би хөөцөлдөн авч өгөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх тайлбараас үзэхэд хариуцагч Д.Ч- нь нэхэмжлэгч А.Э-од өөрт байхгүй эрхийг худалдсан гэж үзэхээр байна.
6. Газрын тухай хуульд зааснаар иргэн эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр газар эзэмших эрхийг хууль ёсоор олж авах эрхтэй ба эрхгүй этгээдтэй тохиролцож мөнгө шилжүүлсэн талуудын тохиролцоо хуульд нийцэхгүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, улмаар үүрэг үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүхээс үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч-гээс 517,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч-гээс 72,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Э-од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч-гээс 517,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ