Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч А.Төмөрбаатар нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лувсандорж овогтой Агваандоржийн Төмөрбаатарт холбогдох 201726021147 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 743-22 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Лувсандорж овогт Агваандоржийн Төмөрбаатар /РД:УУ68100917/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Яллагдагч А.Төмөрбаатар нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20а байрны 29 тоотод иргэн Х.Батсүрэнг маргааны улмаас заамдан авч нүүр тус газар нь цохиж биед нь зүүн хацар, шанаанд цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Төмөрбаатар мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний бие өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хохиролыг барагдуулсан тул хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч Х.Батсүрэн мэдүүлэхдээ: “...би 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай компаниас хоёр жилийн өмнө тавилга хийлгээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байхаар БГД-н 01 дүгээр хороо 20/а-69 тоот хаалганд хоёр мужаанаа дагуулаад мөнгөө авахаар очтол тэр айлд охин нь байсан бөгөөд ээжтэй уулз гэхээр нь хүлээгээд байж байтал ээж нь гэх эмэгтэй ирээд хамтдаа тэдний гэр рүү орсон. ..Ээж охин хоёр хашгираад байж байтал гаднаас өндөр залуу орж ирээд надруу “чи яагаад энэ хоёр эмэгтэйг дээрэлхээд байгаа юм бэ” гэхээр нь би дээрлэхсэн зүйл байхгүй гэдгээ хэлээд байж байтал нөгөө охин чанга дуугаар гар гээд орилтол тэр залуу намайг заамдаад хананад шахаад хоёр гурван удаа зүүн шанаа руу цохисон. Тэгээд тэр залуу гаръя цагдаа сэргийлэхээрээ шид гэснээ буцаад намайг лифтнээс татаж гаргах гэхээр нь би лифтэндээ үлдэх гээд зууралдаж энэ үед лифт хаагдаад тэр залуу давхартаа үлдээд би гадагш гарч уг хэлтэс дээр ирээд гомдолоо гаргасан...” гэжээ. /хав 10/

 

Гэрч Б.Уянга мэдүүлэхдээ: “...тэгтэл удалгүй аав ирсэн. Аавыг орж ирэхэд тэр орж ирсэн ах нөгөө хоёр хүнийг шкафаа хураа гэхээр нь та яагаад байгаа юм бэ гэхэд намайг цааш түлхсэн. Ингэж түлхэтэл тэр залууг аав заамдаж аваад “чи яагаад эмэгтэй хүмүүс дээрэлхээд байгаа юм бэ” гээд заамдаж аваад орц руу чирээд гаргасан. Тэгтэл тэр залуу цагдаад хандана гээд гараад явсан...” гэжээ. /хав 12/

 

Гэрч Ж.Улсбаяр мэдүүлэхдээ: “...Бат-Эрдэнэ бид 2 гадаа үүдэнд нь зогсож байсан. Тэгтэл нэг ах гаднаас орж ирээд “яагаад байгаа пизда нар вэ” гэснээ бид хоёр руу нэг нэг далайчихаад гэр рүүгээ яваад орсон. Орсон хойноо их дуу чимээ гараад пижигнээд байхаар нь ортол Батсүрэнг цамцнаас нь боож 1,2 удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр салгах гэтэл бүгдийг нь ална тална гээд орилоод байсан. Энэ үед тэр айлын хаалга онгорхой байсан бөгөөд тэр ах Батсүрэн хоёр үүдэнд барьцалдаж авсан. Ингээд Бат-Эрдэнэ бид хоёр тэр хоёрыг боль гэхэд бүгдийг чинь ална гэхэд Батсүрэн явдаг газраар нь явна, цагдаа дуудна гэхэд тэр ах Батсүрэнг тавьсан...” гэжээ. /хав 18/

 

Гэрч С.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...тэгтэл лифтнээс махлаг том биетэй ах бууж ирээд наад коридорт юу хийж байгаа юм бэ ална шүү гээд гараа далааснаа гэр рүүгээ яваад орсон. Тэгээд пижигнээд явахаар нь хаалга нь онгорхой байсан учраас дотогш яваад ортол тэр ах Батсүрэнгийн нүүр рүү 2,3 удаа цохисон. Тэгээд та яасан сонин хүн бэ боль гэхэд намайг цааш түлхээд ална шүү зүгээр байгаарай гээд бид нар бараг зугатаах шахам тэр айлаас гараад лифтэнд суусан. Тэгэхэд тэр ах араас гарч ирээд Батсүрэнг татаж буулгах гээд хүчрээгүй, алнаа гээд үлдсэн....” гэжээ. /хав 20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5754 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:Х.Батсүрэнд зүүн хацар,шанаанд цус хуралт тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 22/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 34/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хав 35/

Хохирол төлсөн баримт /хав 44-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Төмөрбаатар нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20а байрны 29 тоотод иргэн Х.Батсүрэнг маргааны улмаас заамдан авч нүүр тус газар нь цохиж биед нь зүүн хацар, шанаанд цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 44-45/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Х.Батсүрэн нь мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Төмөрбаатартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 44-45/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Төмөрбаатарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч Х.Батсүрэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт байхгүй, А.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Батсүрэнд төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Лувсандорж овогт Агваандоржийн Төмөрбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Лувсандорж овогт Агваандоржийн Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт байхгүй, А.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Батсүрэнд төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Төмөрбаатарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Төмөрбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ