Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0188/З |
Дугаар | 128/ШШ2023/0365 |
Огноо | 2023-04-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2023/0365
2023 04 17 128/ШШ2023/0365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХК /РД: 2*******/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Б.Г******* нар,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, О.Ш*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Ц*******, Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Б.Г******* нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр НА-35 дугаартай нөхөн ногдуулалтын актын 3 болон 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Б.Г******* нараас нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн 2017-2020 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр НА-35 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 5 төрлийн зөрчилд 129,936,176.17 төгрөгийн нөхөн татвар, 50,679,721.61 төгрөгийн торгууль, 14,801,295.83 төгрөгийн алданги, нийт 195,417,193.61 төгрөгийн төлбөр ногдуулсан, үүнээс “Х*******” ХК нь “...2020 онд орон сууцны борлуулалтын урьдчилгаа төлбөрт авсан 988,528,334.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй, захиалагч нарт төлбөрийн баримт олгоогүй, ...2020 онд 164,937,000.00 төгрөгийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн Х*******-спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан төлж тайлагнаагүй...” гэсэн зөрчлийг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
2.2. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр “Х*******” ХХК нь нөхөн ногдуулалтын актын тус хэсгийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
3. Нэхэмжлэгч “Х*******” ХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Б.Г******* нараас Х******* ХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр НА-35 тоот Татварын улсын байцаагчийн акт гаргасан бөгөөд энэхүү актад гаргасан Х******* ХК-ийн гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 48 тоот тогтоол гарган төлбөр төлүүлэхээр гаргасан улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Улсын байцаагч нөхөн ногдуулалтын актын 3-т "Х******* Өргөө"-ны урьдчилгаа төлбөрт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнаагүй мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-р зүйл 7.1.1 дүгээр зүйл, 8.1 дүгээр зүйл 8.1.1 дүгээр зүйл 10.2-р зүйл 17.3-р зүйл 17.3.2-р зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа нь тухайн хуулийн заалтад барилга орон сууцны хувьд бүрэн нийцээгүй, мөн татварын системийн явагддаг процесс бүрэн хангагдаагүй байгааг үл харгалзан тогтоож байгаа нь үндэслэлгүй.
3.3. “Х*******” ХК нь Б дүүргийн нутаг дэвсгэрт "Х******* Өргөө" орон сууцны барилгыг барьж байгуулах ажлыг 2015 оноос эхлүүлж уг барилгыг 2021 оны 11 сард улсын комисс хүлээн авч, 2021 онд уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжтой болсон байдаг. Бид уг орон сууцны захиалагч нартай Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан ба гэрээний дагуу захиалагч нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 30 хувийг төлж, орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тухайн захиалагчийн нэр дээр гарсны дараа үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлж барагдуулахаар зохицуулсан.
3.4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт дагуу тухайн орон сууцны захиалгын урьдчилгаа төлбөрийг манай компани санхүү бүртгэлдээ өглөг дансанд тусгасан буюу урьдчилж олсон орлого байдлаар тооцсон ба тухайн захиалгын орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн тохиолдолд тухай бүр нь бид орлогод тооцож нэмэгдсэн өртгийн албан татварын бичилтийг хийж, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж байсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчөөгүй болно.
3.5. Үүнээс гадна орон сууцны захиалгын гэрээ байгуулсан бүх иргэд ипотекийн зээлд хамрагдана гэсэн ба уг иргэд нь Монгол банкнаас гаргасан ипотекийн зээл олгох журмын шалгуурт тэнцэхгүй тохиолдолд орон сууцны захиалгын гэрээгээ цуцалж урьдчилж төлсөн төлбөр болох 30 хувиа компаниас буцаан авах эрхтэй бөгөөд ингэж буцаан авсан тохиолдлууд ч манай компани дээр одоо хүртэл гарсаар байна.
3.6. Манай барилгын компани борлуулах зорилгоор орон сууц бариад тухайн орон сууцаа борлуулахаар захиалагч нартай захиалгын гэрээг байгуулсан байдаг. Энэ нь Иргэний хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарах гэрээ байгаа. Манай ажил гүйцэтгэх гэрээг хийгээгүй гэж үзэж байна. Орон сууцны худалдах, худалдан авах гэрээний онцлог гэж байдаг. Манай компани өөрийн газар дээрээ, өөрийн зураг төслөөр, өөрөө тухайн барилгыг барьсан. Иргэдэд өөрийн зураг төсөл, талбайн хэмжээгээр санал болгож байгаа учраас худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулна. Зорилго нь өмч, хөрөнгийг бусдад шилжүүлж байгаа гэрээ юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар барааг бусдын өмчлөлд шилжүүлж борлуулалт хийсэн.
3.7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан байгаа. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Борлуулсан барааг бусдын өмчлөлд шилжүүлснээр өмчлөл үүснэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаар өмчлөл шилжих зохицуулалт байгаа. Иймд төлбөрийн 30 хувийг биш 100 хувь төлснөөр нэмэгдсэн өртгийн албан татварыг шивж байсан нь хуулийг зөрчөөгүй. Улсын байцаагч нарын тухайн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.8. Улсын байцаагч нөхөн ногдуулалтын актын 4-т Х*******-спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжийг 2020 онд үндсэн хөрөнгийн нэмэгдсэн дүнг санхүү бүртгэлдээ тусгасан ч үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулан төлж тайлагнаагүй гэсэн. Гэтэл манай компани нь 2020 оны жилийн эцсийн үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланд тусгаж тайлагнасан бөгөөд уг татварыг 2021 онд төлсөн болно.
3.9. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нараас татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт гаргахдаа, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан зөвлөл таслах гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Барилгын тухай хууль зэрэг хууль тогтоомжуудын холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шалтгаалан, манай компанийн хууль ёсны эрх ашигт онц их хэмжээний хохирол учруулж байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Б.Г******* нарын Х******* ХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж гаргасан 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр НА-35 тоот Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож манай компанийн эрх ашгийг хамгаалж өгнө үү.” гэжээ.
3.10. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх гэж заасны дагуу манай компани 2019, 2020 онд гарсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд заасны дагуу алданги, торгууль төлөх үндэслэл байхгүй байгаа. Өмнө тайлбар өгсөн Х******* ******* ХХК-ийн орон сууцанд хамаарах татвар нь 2019, 2020 онд гарсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд хамаарна. Иймд бидэнд алданги, торгууль төлөх үндэслэл байхгүй. Ковид-19 өвчний нөхцөл байдалтай байсан, татвараа нуун дарагдуулсан зүйл байхгүй, бүх тайлангаа гаргаад явсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь манай компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.
4. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Б.Г******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
4.1 Чингэлтэй Дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Б.Г******* нар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх 3521400636 тоот томилолтын дагуу, 2******* тоот регистрийн дугаартай “Х*******” ХК-ийн 2017-2020 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт иж бүрэн хяналт шалгалтыг хийж, НА-35 тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 1,456,416,044.79 төгрөгийн зөрчилд 129,936,176.17 төгрөгийн нөхөн татвар, 50,679,721.61 төгрөгийн торгууль, 14,801,295.83 төгрөгийн алданги, нийт 195,417,193.61 төгрөгийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хэсэгчлэн зөвшөөрч, НТГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Маргаан таслах зөвлөлийн 48 тоот тогтоолоор НА-35 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.
4.2. "Х******* Өргөө" орон сууцны 84 айлын барилгын захиалгын гэрээгээр 2020 онд орон сууцны борлуулалтын урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 988,528,334.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй, захиалагч нарт төлбөрийн /и-баримт/ олгоогүй нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-д бараа ажил үйлчилгээг 8.1.1.-д ...борлуулсан бол тухай б*******; 10.2-д...аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно, 10.2.1-д ...орлогыг хүлээн авсан өдөр; 17.3.2. бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно; гэсэн заалтуудыг зөрчсөн нь иргэдээс орон сууцны захиалгын урьдчилгаанд хүлээж авсан орлогыг НББ-ийн орлого хүлээн зөвшөөрөх зарчмын дагуу борлуулалтын орлогоо хэсэгчлэн хүлээн зөвшөөрөөгүй, төлбөрийн баримтуудыг олгоогүй дээрх нөхцөлөөр хангагдаж байна гэж үзэж байна.
4.3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай б******* хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай б******* албан татвар ногдуулах хугацааг доор д*******сан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно, 10.2.1-д борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр гэж заасан. Нэхэмжлэгч компанид урьдчилгаанд төлбөрийн 10 хувийг төллөө гэхэд нэхэмжлэгч компанийн дансаар орж байгаа. Энэ өдрийг борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр гэж хуульд заасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал гарахад энэ асуудлаар маргаагүй, татвар, торгууль, алданги дээр маргасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс барилгын салбар онцлогтой учраас зөвшөөрөхгүй гээд байгаа. Энэ нь үндэслэлгүй тайлбар юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг өглөө, хэрэв буцаалт хийвэл татварын албаны программ дээр буцаалт хийдэг, өөрсдөө тайлангаа залруулж болно. Хэрэв иргэн би энэ байрыг авахаа болилоо гэвэл залруулга хийж болно.
4.4. Гэрчилгээ гарсан тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлдөг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар ажил үйлчилгээ үзүүлсэн бол тухайн хүнд заавал баримтыг өгөхөөр заасан. Гэрчилгээг гарахаар баримтыг нь өгнө гэдэг нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөхөд хамааралтай. Түүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөд ямар ч хамааралгүй юм. Хуульд тухай б******* нь баримтыг нь өг гэсэн зохицуулалттай.
4.5. 2020 онд 164,937,000.00 төгрөгийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн Х*******-спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан, төлж тайлагнаагүй нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна", мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Газраас бусад ул хөдлөх од хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно" гэж заасан байгаа нь татварын удирдлагын нэгдсэн систем" программ дахь тооцооллын дансны Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрөл хэсэгт ногдол нэмэгдээгүй, өөрөөр хэлбэл өргөтгөж барьсан спорт заалны барилгыг татварын албанд бүртгүүлээгүй байна.
4.6. Х******* спорт зааланд урсгал засвар хийгээгүй. Тус заалны өмнөх зураг болон одоо байгаа зургийг харж болно. Заалыг томсгож хэмжээг нь томруулсан. Үүнийгээ урсгал засвар хийсэн, тайлангаа илгээж, татвараа төлсөн гэж байгаа боловч үнэн зөв тайлагнаагүй. Татварын хяналт шалгалтаар татвараа үнэн зөв тайлагнасан эсэхийг тодруулсан. Нэхэмжлэгч компани татвараа үнэн зөв тайлагнаагүй байна гэдгийг тогтоосон. Түүнээс буруу тайлагнаж, буруу дүнгээрээ төлөх нь маргаанд хамааралгүй асуудал. Бид шалгаад танайх урсгал засвар хийгээгүй байна. Барилгаа томруулсан байна гэдэг дээр акт тавьсан.
4.7. Торгууль, алдангиас чөлөөлөгдөх байсан гэж байна. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэж заасан. Уг заалтад ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэж заасныг анхаарах шаардлагатай. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 29 дүгээр зүйл Татварын тайлан үйлдэх, тушаах, 29.2-т Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөх ёстой байдаг. Аж ахуйн нэгж бол жил бүрийн 02 дугаар сард, 07 дугаар сард 2 удаа төлнө. Энэ хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг чөлөөлнө. Нэхэмжлэгч компанид тусдаа хяналт, шалгалт хийж зөрчлийг гаргаж ирээд танайх тайлагнаагүй байна. Тайлагнаагүй зөрчил дээр чинь алданги, торгууль тавьж байгаа. Тэгэхээр Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Татвараа үнэн зөв тайлагнасан, татвараа төлөөгүй өртэй байсан этгээдэд зориулагдсан хууль болохоос биш татварын улсын байцаагч нарын шалгалтаар зөрчлийг нь илрүүлээд, нөхөн ногдуулалтын акт тавьж, түүний алданги, торгуулийг чөлөөлнө гэсэн зохицуулалт биш.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн НА-35 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Х*******” ХК-ийг 2020 онд орон сууцны борлуулалтын урьдчилгаа төлбөрт авсан 988,528,334.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлж, тайлагнаагүй, захиалагч нарт төлбөрийн баримт олгоогүй үндэслэлээр төлбөр ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцсэн байх ба харин Х******* спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулан төлж тайлагнаагүй гэж үзсэн нь буруу, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
3. Нэг. Нэхэмжлэгч “Х*******” ХК нь Б дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 84 айлын “Х******* *******” орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийг хийж гүйцэтгэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулсан, үүнээс 2020 онд орон сууцны захиалгын урьдчилгаа төлбөрт худалдан авагчдаас 988,528,334.00 төгрөгийг шилжүүлэн авч, орлого олсон боловч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлж, татварт тайлагнаагүй, төлбөрийн баримт олгоогүй үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй, “...үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжиж, орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлж, тайлагнах ёстой, урьдчилгаа төлбөр бол борлуулалтын орлого биш учраас нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт СТОУС15-ын дагуу бүртгэл хөтлөгдсөн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс нөхөн ногдуулалтын актын тус хэсгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор д*******сан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1.-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;” гэж, 10 дугаар зүйлийн 10.2.-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай б******* албан татвар ногдуулах хугацааг доор д*******сан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:”, 10.2.1.-д “борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр;” гэж заасан.
5. Нэхэмжлэгч “Х*******” ХК-аас “...2020 онд шилжүүлэн авсан орон сууцны урьдчилгаа төлбөр болох 988,528,334.00 төгрөг нь борлуулалтын орлого биш тул нэмэгдсэн өртгийн албан татварыг тухай бүр ногдуулах төлөх үндэслэлгүй...” гэж маргах боловч хуулийн дээрх зохицуулалтаар бараа, ажил эсхүл үйлчилгээ эсэхээс үл хамаарч бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай б******* орлогыг хүлээн авсан өдрөөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөхийг татвар төлөгчид үүрэг болгосон.
6. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ойлгоно гэж зааснаар “Х*******” ХК-ийн орон сууцны урьдчилгаа төлбөрт авсан орлогыг ажил гүйцэтгэсэн борлуулалтын орлого гэж үзэх бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан “Орон сууц барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ”-нд орон сууцны төлбөрийн урьдчилгаа болох мөнгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, ажил гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авч, захиалсан орон сууцыг барихаар харилцан тохиролцсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
7. Мөн нэхэмжлэгч “Х*******” ХК нь орон сууцны захиалга өгч, төлбөрийн урьдчилгааг шилжүүлсэн боловч гэрээнээс татгалзах тохиолдолд нэгэнт төлөгдсөн албан татварыг буцаах боломжгүй тул төлбөрийн баримт олгоогүй гэж тайлбарлах хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т зааснаар бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэгтэй.
8. Иймд нөхөн ногдуулалтын актаар “Х*******” ХК-ийг 2020 онд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 988,528,334.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлбөрийн баримт олгоогүй зөрчилд 98,852,833.4 төгрөгийн нөхөн татвар, 39,514,133.36 төгрөгийн торгууль, 10,003,906.74 төгрөгийн алданги, нийт 148,397,873.5 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Монгол Улсын Их Хурлаас баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн, мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуульд “албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр заасан, нэхэмжлэгч “Х*******” ХК нь уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломжгүй, учир нь 988,528,334.00 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн дагуу ногдуулан тайлагнаагүй, төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварын зөрчил гаргасан учраас татварын алданги, торгуулиас чөлөөлөгдөх үндэслэлгүй, 2021 оны 10 сард тухайн татварыг нөхөн төлсөн ч уг хуулийн үйлчлэлд хамрагдаж, торгууль, алдангиас чөлөөлөгдөхгүй.
10. Хоёр. Нөхөн ногдуулалтын актаар 2020 онд 164,937,000.00 төгрөгийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн Х******* спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан төлж тайлагнаагүй зөрчилд 1,649,370 төгрөгийн нөхөн татвар, 659,748 төгрөгийн торгууль, 188,687.93 төгрөгийн алданги, нийт 2,497,805.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
11. Нэхэмжлэгч “Х*******” ХК нь 2019 онд Х******* спорт заалны барилгын хэмжээг өөрчлөхгүйгээр барилгын шал болон дээврийг шинэчлэхэд 164,937,000.00 төгрөг зарцуулсан талаар татварын албанд 2019 онд 316,049,529.88 төгрөг, 2020 онд 476,049,529.00 төгрөгөөр тайлагнасан болох нь хавтас хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар нотлогдсон.
12. Хэдийгээр татварын тайланд барилгын засварын зардал гэж тухайлан заагаагүй ч Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр харьяалагдах татварын албанд тайланг тушаасан, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр татвараа төлсөн, үүнийг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн.
13. Хариуцагч татварын улсын байцаагч нараас “...Х******* спорт зааланд урсгал засвар хийгээгүй. Заалны хэмжээг нь өргөтгөсөн. Үүнийгээ урсгал засвар хийсэн, тайлангаа илгээж, татвараа төлсөн гэж байгаа боловч татвараа үнэн зөв тайлагнаагүй зөрчил гаргасан...” гэж тайлбарлах боловч тэдгээрийн гаргасан тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хяналт шалгалтын явцад д*******сан зөрчлийг бүрэн тогтоогоогүй байна.
14. Иймд нөхөн ногдуулалтын актаар “Х*******” ХК-ийг 164,937,000 төгрөгийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан төлж тайлагнаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч холбогдох татварыг тайланд тусгаж, бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-т заасны дагуу хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн НА-35 дугаартай нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ