Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 568

 

 

 

 

 

 

 

 

 

С.Л ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00067 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч С.Л ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.А , Ж.Т , Ж.М нарт холбогдох,

 

үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч З.Ж болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр эх С.Л  болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Одонтунгалаг

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Л  нь талийгаач Ү.Жаргалсайханы төрсөн ээж нь бөгөөд 10 хүүхдийн эх юм. Ү.Жаргалсайхан нь Д.А тай гэрлэж, Ж.Т , Ж.М нарыг төрүүлсэн. Гэрлэлтийн баталгаатай ч 2006 оноос тусдаа амьдарч байгаад 2012 онд гэртээ ганцаараа байж байгаад нас барсан юм. Түүнийг нас барах үед тэрээр өөрийн нэр дээр автомашин, орон сууц, хадгаламж гэсэн өв хөрөнгөтэй байсан боловч эхнэр Д.А  нь өвүүдийг хүлээн авсан байдаг. Харин нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын Ард Аюушийн өргөн чөлөөнд байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай Ү-2205005209 улсын бүртгэлтэй эд хөрөнгө нь Ү.Жаргалсайханы төрсөн эгч Ү.Байгалмаагийн нэр дээр 2006 оноос хойш 2017 он хүртэл байсан учраас түүнийг нас барахад өвлөх хүсэлтийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл талийгаачийн ээж нь энэ хөрөнгө нь Ү.Жаргалсайханых биш, улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгч болох Ү.Байгалмаагийнх гэж бодож байсан тул амьд байгаа охин Ү.Байгалмаагийнхаа нэр дээр байгаа өв хөрөнгийг өвлөх хүсэлт гаргах бололцоогүй байсан. Хэрвээ энэ хөрөнгө Ү.Байгалмаагийнх хэвээрээ байсан бол өвлөх эрхийн хүсэлт гаргахгүй байсан. Талийгаачийг нас барсны дараа Ү.Байгалмаа нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа болохоор Д.А ыг байр чөлөөлж өг гэсэн нэхэмжлэл гаргахад Д.А  нь сөрөг нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, Ү.Жаргалсайханаас Ү.Байгалмаад эд хөрөнгийн төлбөр шилжүүлэх хэлтэс дээр хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэж үзсэн. Энэ хэргийг шийдвэрлэж дууссаны дараа С.Л  өв хүлээн авах талаар хүсэлтээ гаргасан нь нотариатын танхимын улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. 2018 оны 05 дугаар сард өвлөх хүсэлт гаргасан нотариатчтай уулзахад таны хүсэлтийг бүртгэсэн, гэхдээ та өв хүлээж авах гэж байгаа тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Ү.Жаргалсайхан гэж нэр байгаа тохиолдолд танд өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн учраас охиндоо хандаж, лавлагаа авахад 2017 оны 02 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу Д.А , Ж.Т , Ж.М нарын нэр дээр шилжиж, Ү.Жаргалсайханы нэр хасагдсан байсан. Энэхүү асуудлаас болж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хандахад шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэсэн байна, та шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн. Ингээд захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэл нь буруу болсон байна, шүүхийн шийдвэрийг буруу бүртгэсэн байна гэж гомдол гаргахад өвийн асуудлыг манайх шийдэхгүй, таны нэр дурдагдаагүй учир та нэхэмжлэл гаргах үндэслэлгүй, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэлгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээж авдаггүй гэсэн болно. Дээрх байгууллага шүүхийн шийдвэрийг буруу ойлгосноос үүдэж хуулийн дагуу өвийг хүлээж авах болоход эрх минь зөрчигдөж байна. Иймд үл хөдлөх хөрөнгөөс Ү.Жаргалсайханд ногдох хэсгийн өмчлөгч нь С.Л  төрсөн ээж нь болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Энэ хөрөнгө нь 4 хүнийх учраас тэнцүү хувааж өгөх ёстой бөгөөд Д.А  нь гэр бүлийн баталгаатай учраас тусдаа амьдарч байсан ч С.Л ын адил хуулийн дагуу өвлөх ёстой байсан. Гэвч энэ талаар шаардлага гаргаагүй тул хүү Ү.Жаргалсайханд ногдох хэсгийг бүхэлд нь өвлөж авна. Хамт амьдарч байсан хүн нь өв хүлээн авахаас татгалзаагүй бол өв хүлээн авсанд тооцдог. Гэтэл нэхэмжлэгч ч хамт амьдраагүй, хариуцагч ч мөн хамт амьдарч байгаагүй. Хамт амьдраагүй хүмүүс нас барснаас хойш 1 жилийн дотор хүсэлт гаргах ёстой байсан. Нас барснаас хойш талийгаачийн өв хөрөнгө гэдгийг 2017 онд тогтоосон учраас хугацаа хэтэрсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаа татан авсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж нь нэхэмжлэлээ татан авсныг л нотолж байгаа баримт болохоос эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үг биш юм гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрөхгүй байгаа. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Д.А , Ж.Мөрөн, Ж.Т  нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэдгийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тиймээс дахин тогтоох шаардлагагүй. Ү.Жаргалсайханыг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барсны дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн маргаан үүссэн. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн чадвар нь иргэний төрсөн үеээс эхэлж, нас барахад дуусгавар болдог. Иймд Ү.Жаргалсайханы тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь нас барснаар дуусгавар болсон. Тэр нь цаашаа өв залгамжлагч руу шилжих ёстой байсан. Түүний эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект байхгүй байсан учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. С.Л  нь өв залгамжлах эрхгүй этгээд юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлөгчийг нас барах хүртэл өв залгамжлах эрхтэй өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор Нотариатчдын танхимд, Засаг даргад хүсэлтээ гаргах ёстой. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт “528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг нотариат, баг, сумын засаг даргад өв хүлээн авах хүсэлтийг гаргана” гэж заасан байдаг. Гэтэл С.Л  нь хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт “энэ хуулийн 528.1, 528.2-т зааснаар өвлөгдөх өв хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ” гэж заасан. Тиймээс С.Л  нь хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаагүйг өвлөх хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ. Эрхгүй этгээд гэж үзээд байгаа нь өвлөгч болох шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх шаардлагатай. Өвлөх эрхийн гэрчилгээ нь өвлөгчийн шаардах эрхийг баталгаажуулж байгаа баримт юм. Гэтэл С.Л т өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй, мөн гаргасан хүсэлт нь хуульд заасныг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн хүсэлт байдаг. С.Л ын 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сард гаргасны дагуу удаа дараа тайлбар өгч байсан. Гэтэл нэхэмжлэлээ татаж авсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5940 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасны дагуу нас барсан өдрөөс хойш өв нээгддэг. Өвлүүлэгч 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Үүнээс хойш 1 жилийн дотор хүсэлтээ гаргасан байх ёстой байсан ч хуулийн хугацаагаа хэтрүүлсэн. Үүнийгээ сунгасан, эсвэл сэргээсэн гэсэн баримт байхгүй. Өвлөгчид орон сууц, автомашин, хадгаламж гээд олон өв хөрөнгө байдаг бөгөөд үр хүүхдүүд нь өвлөсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.Жаргалсайхан болохыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Жаргалсайханд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь С.Л  болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Л ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн эхний шаардлага болох Ү.Жаргалсайхан нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох гэж шүүхэд гаргасан. Маргаан бүхий Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 1/8 тоотод байрлах Ү-2205005209 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.А , Ж.Т , Ж.М нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосон 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ гэж маш тодорхой дүгнэлт хийсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Ү.Жаргалсайханы төрсөн эх С.Л  нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн хувьд Ү.Жаргалсайханд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохоор шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өв хүлээн авах талаар хүсэлт гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт болон энэ талаар шаардлага гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасныг үндэслэн өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу өв хүлээн авах талаар хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар түүнийг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Л  нь хариуцагч Д.А , Ж.Т , Ж.М нарт холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ү.Жаргалсайхан болохыг тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Жаргалсайханд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь эх С.Л  болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээнд Ү.Жаргалсайханы нэрийг нь оруулаагүй орхигдуулан өмчилж байгаа нь хуульд зааснаар тэргүүн ээлжийн өвлөгч талийгаачийн ээж С.Л ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн болохыг тогтоох, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач хүү Ү.Жаргалсайханд ногдох хэсгийн өвлөгч нь өв хүлээн авах хүсэлт гаргасан төрсөн эх С.Л  болохыг тогтоолгох, өвлөгч С.Л ыг хариуцагч нарын өмчлөх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байна гэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тодорхой бус байдлаар бичсэн байгааг залруулах боломжтой. Нэхэмжлэгч С.Л  нь хариуцагч Д.А , Ж.Т , Ж.М нарт холбогдуулан хариуцагч нарын өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс өөрийн хүү талийгаач Ү.Жаргалсайханд ногдох хэсэгтэй холбоотойгоор өвлөх эрхтэй тул эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох агуулгатай шаардлага гаргасан гэж үзнэ.

 

Маргааны үйл баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл маргааны зүйл болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь Ү.Жаргалсайхан, Д.А , Ж.Мөрөн, Ж.Т  нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан гэдэг үйл баримтыг тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2939 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 06 дугаар сарын 24-ий өдрийн 1224 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1143 дугаар тогтоол авагдсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул анхан шатны шүүх Ү.Жаргалсайханыг эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 11-34/  

 

Мөн анхан шатны шүүх талийгаач Ү.Жаргалсайханы төрсөн эх С.Л  нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн хувьд маргааны зүйл болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Жаргалсайханд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохоор шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийн хуваарилалтыг буруу хуваарилсаныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.  

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байна гэж заасны дагуу нас барсан хүү Ү.Жаргалсайханы өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч С.Л  нь бусад өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй байна.

 

Энэ өвлөх эрхийнхээ хүрээнд тухайн эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй тул Ү.Жаргалсайханд ногдох эд хөрөнгө нь 4/1 буюу 25 хувь байсан гэж үзнэ. Ү.Жаргалсайханд ногдох 25 хувиас дахиад Д.А , Ж.Мөрөн, Ж.Т  нар нь өвлөх учиртай. Ингээд тооцож үзвэл С.Л  нь 6.25 хувийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох боломжтой гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, 528 дугаар зүйлийн 528.2-т өвлөгч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилсан боловч өв нээгдэх үед уг үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч С.Л ын төрсөн охин Ү.Байгалмаагийн нэр дээр шилжигдсэн байсан бөгөөд Ү.Жаргалсайхан нь эд хөрөнгөө бусад этгээдийн нэр дээр гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэнтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байжээ. Энэ тохиолдолд Ү.Жаргалсайханы эд хөрөнгөөс С.Л ыг өвлөх эрхээ алдсан гэж үзэхгүй. Эрхийн зөрчил үргэлжилж байсан гэж үзнэ. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “С.Л  нь 200 000 000 төгрөг гаргуулах шаардлага 2017 оны 01 дүгээр сард гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5940 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь хуулийг буруу тайлбарласан” гэжээ.

 

Хавтаст хэргийн 60 дугаар талд тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5940 тоот шүүгчийн захирамжид нэхэмжлэгч С.Л ын “..миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, эмчилгээнд хамрагдсаны дараа нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар дахин шүүхэд хандах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн дээрх захирамжаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талийгаач Ү.Жаргалсайханд ногдох хэсгийн 6.25 хувийн хууль ёсны өвлөгч нь С.Л  болохыг тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН