| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2023/04537/И |
| Дугаар | 184/ШШ2023/04364 |
| Огноо | 2023-11-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2023/04364
| 2023 11 | 184/ШШ2023/04364 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 50 дугаар байр, 15 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******а /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар байр, 2 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы *******-*******э /регистрийн дугаар: /-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагч Ж.*******-*******э, хариуцагчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.*******а нь хариуцагч Ж.*******-*******эд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ ... Ө.*******а миний өмчлөлийн ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /094/ ын гудамж, 50 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, нэг өрөө, улсын бүртгэлийн Ү-4 дугаартай байрыг 2017 оны 12 сарын 20-ны үеэр хариуцагч Ж.*******-*******э нь “Өөрийн хүү Тэргэлийг Япон улсад дадлагажигч ажилчнаар явуулах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна, чиний байрыг өөрийн нэр дээр түр шилжүүлж, ББСБ-д цөөхөн мөнгөний барьцаанд тавьж мөнгө авч явуулаад хүүхэд очсон хойноо мөнгө явуулахаар нь буцаагаад удаахгүй өгчихье” гэж гуйхаар нь зөвшөөрч “бэлэглэлийн журмаар нэр дээр чинь шилжүүлчихье” гэсэн. Тэгтэл Ж.*******-*******э надад “ББСБ заавал худалдаж авсан байх шаардлага тавьдаг тул худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхгүй бол болохгүй” гэхээр нь 2017 оны 12-р сарын 21-ний өдөр нотариат орж Ж.*******-*******ийн нэр лүү 27 сая төгрөгөөр худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж шилжүүлсэн. Үүний дараа гэнэт Баянжаргал гэгч хүн би энэ байрыг худалдаж авсан, чи одоо байрнаас гар гэж ирснээр Ж.*******-*******э нь намайг залилан мэхэлснийг мэдсэн. Үүний дараа би ******* дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгуулж эхэлсэн ба энэ асуудал 2021 оныг дуустал шалгагдаж, Ж.*******-*******э, Ө.*******а нар нь хамтран амьдарч байх хугацаандаа үүссэн өр авлагаас үүдэлтэй учир залилан мэхлэх гэмт хэрэг болохгүй, иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэдэг шалтгаанаар хаагдсан юм. Гэтэл 2022 онд Ж.*******-*******э нь Ө.*******а миний хүүхдүүдийнхээ хамт амьдардаг дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг ******* дүүргийн шүүхэд гаргасан ба Ө.*******а би 2017.12.21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хучин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар ******* дүүргийн шүүхээс Ж.*******-*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн “******* дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, ын гудамж, 50-р байрны 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хариуцагч Ө.*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.*******-*******эд даалгасугай” гэсэн хэсгийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ө.*******а нь орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн боловч энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар шийдвэрлэж, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Улаанбаатар хот, ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /094/ ын гудамж, 50 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-4 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ө.*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Ж.*******-*******эд даалган шийдвэрлэж өгнө үү” гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Ж.*******-*******э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: “Миний хүү Б. нь 2017 оны 08 сарын 20 өдөр Япон улсад үйлдвэрийн дадлага хийлгэх тухай гэрээг “Элби Платинум Лайн” ХХК-тай байгуулж, батлан даалт болгож миний хүргэн ах В.гийн Ү-13000793 улсын бүртгэлийн дугаартай үл хөлдөх хөрөнгийг итгэмжлэлийн дагуу барьцаалсан. 2017 оны 12 сарын 09-ний өдөр хүргэн ах В.гээс үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлийг авсан бөгөөд 2017 оны 12 сарын 21-ний өдөр батлан даалтын болон барьцааны гэрээ байгуулсан. Ингэснээр шаардлагатай байсан гол барьцаа хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж, Япон явах бусад зардлыг автомашин барьцаалан зээл авч бусад санхүүгийн асуудлыг шийдэж чадсан. *******атай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө хүүгийн Япон явах санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн байсан. *******атай хүүхдээ Япон явж байгаа талаараа 2017 оны 12 сарын 21-ний өдөр гэрээ байгуулахаар уулзах үедээ ярсныг *******а хүүхдээ Япон явуулахын тулд миний байрыг залилж авсан гэж холбон тайлбарлаж, надад байраа худалдсаны дараа цагдаад өгч намайг 3 жилийн хугацаанд цагдаад шалгуулсан ч хуулийн байгууллага намайг Ө.*******ыг хуурч мэхэлж, залилаагүй гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар хамтран амьдарч байх хугацаандаа үүссэн өр авлагаас үүдэлтэй төлбөр мөнгөний харилцаанаас үүдэлтэй маргаан гэдгийг тогтоон хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Хэрэв үнэхээр залилж авсан бол үүнийг цагдаагийн байгууллага тогтоож намайг яллах байсан. Намайг 2017 онд орон сууцаа худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд намайг худал гүтгэж, миний миний сэтгэл санааг хохироож, авсан орон сууцаа эзэмших боломжгүй нөхцөл байдалд оруулж хохироосоор ирсэнд би *******ад туйлын гомдолтой байдаг. Анхан шатны шүүх миний гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч Ө.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. Харин 2023 оны 01 сарын 20 өдрийн 102/ШШ2023/ дугаартай ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү4 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, гудамж, 50 байрны 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч Ө.*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.*******-*******эд даалгасугай” гэж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч *******а миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрт байхгүй зүйлийг өөрөө зохион гаргаж ирсэн байна. 2023 оны 04 сарын 10-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MA2023/ дугаартай магадлалын тогтоох хэсэгт “...2 дахь заалтыг хүчингүй болгож” гэж шийдвэрлэсэн. 2017 оны 12 сарын 21-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэж Ө.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тогтоогоогүй. Би магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч маргааныг хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзаж давж заалдах шатны магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Ө.*******ын гаргасан “2077 оны 12 сарын 21-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хучин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь аль ч шатны шүүх хангаж шийдвэрлээгүй байхад аль ч шатанд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаагүй, мөн аль ч шатны шүүхийн шийдвэрт цаашид Ө.*******а өмчлөгчөөр жичид нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаагүй байхад “орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн боловч энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар шийдвэрлэсэн” гэж шаардах эрхээ алдсан байдлаа зөвтгөхийн тулд шүүхийн шийдвэрийг гуйвуулан тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Ө.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20 өдрийн 102/ШШ2023/ дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 210/MA2023/ дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/ дугаартай тогтоол, Ү-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Ү-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
4.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Япон улсад үйлдвэрийн дадлага хийлгэх тухай гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр В.гээс Б.д олгосон “Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах” тухай итгэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Батлан даалтын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ө.*******ын ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан сөрөг нэхэмжлэл, Ү-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ө.*******а хариуцагч Ж.*******-*******эд холбогдуулан, Улаанбаатар хот, ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /094/ ын гудамж, 50 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий хөрөнгийг Ж.*******-*******ийн өмчлөлд шилжүүлсэн, энэ үйл баримтыг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ...” гэж тайлбарласан.
1.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцэл нь дүр үзүүлж хийсэн хэлцэл биш, бодитоор хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл ...” гэж тайлбарласан.
2. Улаанбаатар хот, ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /094/ ын гудамж, 50 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ө.*******а болон Ж.*******-*******э нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу Ө.*******ын өмчлөлөөс Ж.*******-*******ийн өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 46, 52-р тал/
3. Орон сууцны шинэ өмчлөгч Ж.*******-*******э нь өмнөх өмчлөгч болох Ө.*******ад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/ дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
4. Шүүх Ж.*******-*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, өмчлөх эрхийг Ө.*******аас Ж.*******-*******э рүү шилжүүлэх үндэслэл болсон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнээд, өмчлөгчийн хувиар шаардсан Ж.*******-*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.1 Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/ дугаартай магадлал гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заажээ.
5.1 Нэхэмжлэгч Ө.*******а болон хариуцагч Ж.*******-*******э нар аль аль нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцож, орон сууцын өмчлөх эрх шилжих үндэслэл болсон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар мэтгэлцсэн байна. Иймд орон сууцны өмчлөх эрх шилжих үндэслэл болсон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний хүчин төгөлдөр эсэх үйл баримтыг өмнө шүүх тогтоосон байна гэж үзнэ.
6. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх шилжих үндэслэл болсон үүргийн хэлцэл /2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”/ хүчин төгөлдөр бус учир өмчийн хэлцэл мөн хүчин төгөлдөр бус болох бөгөөд энэ үндэслэлээр орон сууцны одоогийн өмчлөгч Ж.*******-*******ийн өмчлөх эрхийг үндэслэлгүй гэж үзнэ. Иймд Улаанбаатар хот, ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /094/ ын гудамж, 50 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ө.*******ад буцаан шилжүүлэхийг Ж.*******-*******эд даалгах нь зүйтэй гэж үзлээ
7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т: “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.”, 56.5-д: “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан боловч эдгээр зохицуулалт нь тухайлсан шаардах эрхийн зохицуулалт биш тул энэ зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хэлцэл хүчин төгөлдөр бус байх үед шаардлага гаргах эрхийг иж бүрэн зохицуулсан байгаа тул энэ зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
8. Хариуцагч тал гэрээг дүр үзүүлж хийгээгүй, тодруулбал, хүүхдээ Япон улсад суралцуулах зорилгоор орон сууцыг Ж.*******-*******эд түр шилжүүлээгүй, орон сууцыг өмнөх зээлийн төлбөртөө тооцож авсан хэмээн тайлбарлах боловч тухайн маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд энэ талаар зохигчид ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэтгэлцсэн гэж үзнэ.
9. Хэрийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г дүр үзүүлж хийсэн хэлцэл биш болохыг нотлох зорилгоор өөрийн хүү Б.ээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан. Уг хэлцлийг дүр үзүүлж хийсэн болохыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох ажиллагаа явуулж болохгүй.
10. Түүнчлэн, хариуцагч тал Хаан банкнаас Ө.*******ын данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримтыг тогтоолгох зорилгоор мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Энэ нь мөн л дээрх үндэслэлээр дахин нотолж болохгүй үйл баримтад хамаарна.
11. Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг барьцаалсан Голомт банк ХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
11.1 Тодруулбал, ипотек эзэмшигч Голомт банк ХК болон нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээдээр оролцож байжээ. Энэ тохиолдолд, талууд маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн талаар мөн хөрөнгөд бүртгэсэн бусад эрхийн талаар мэдэж байсан гэж үзнэ.
11.2 Ипотек нь өмчлөгч өөрчлөгдөхөд шууд дуусгавар болдог эрх биш, эд хөрөнгөд хамаарах эрх бөгөөд гагцхүү ипотекийг шударгаар эзэмшсэн эсэх нь түүнийг хүчингүй болгох эсэхэд нөлөөлдөг. Голомт банк ХК ипотекийг шударгаар олж авсан эсэх үйл баримтыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэхгүй тул Голомт банк ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ шийдвэрээр хөндөгдөхгүй юм.
12. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр хариуцагч тал шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Дээд шүүх тайлбарлаж албан ёсны тайлбар гаргажээ.
12.1 Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзсан нь “хуульд заагаагүй үндэслэл”-д хамаарна гэж тайлбарласан байна. Монгол Улсын Дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоол нь эрх зүйн албан ёсны эх сурвалжид тооцогддог. Иймд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
13. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл нь эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна гэж үзэж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардал, тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангадсан хэмжээгээр талуудад хуваарилдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /094/ ын гудамж, 50 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-4 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ө.*******ад шилжүүлэхийг Ж.*******-*******эд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******-*******ээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР