Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/01989

 

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/01989

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Г холбогдох

Учруулсан хохиролд 5,367,927 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уранчимэг, Д.Бат-очир, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч Г.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын дотоодын хяналт шалгалт хийх тухай 2015 оны А/07 тоот тушаалын дагуу тус хэлтэст Монгол Улсын Засгийн газрын Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2015 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийг Хяналт мониторингийн албанаас шалгах явцад 8 дугаар хорооны тэтгэврийн байцаагч ******* нь тэтгэвэр авагч Г.Дулмаагийн тэтгэврийг 2012 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн олгосон нь тогтоогдож нийгмийн даатгалын санд 4320227 төгрөгийн хохирол учруулсан, тэтгэвэр авагч Г.Оюунбилэгийн тэтгэврийг 2012 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн олгосон нь тогтоогдож Нийгмийн даатгалын санд 1,047,700 төгрөгийн хохирол учруулсан.

Иймд Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тооцохдоо алдаа гаргасан гэж үзэж тэтгэврийн байцаагч *******оор хууль бус олгогдсон тэтгэврийн нэмэгдэл нийт 5,367,927 төгрөгийг төлүүлэх тухай Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 308, 309 тоот акт тавигдсан. Акт тогтоосон талаар *******т удаа дараа мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, албан ёсоор хариу ирүүлээгүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна. гэж заасны дагуу үндэслэлгүй олгосон тэтгэврийн нэмэгдэл 5,367,927 төгрөгийг *******оор төлүүлэх шийдвэр гаргуулах бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тэтгэвэр авагч Г.Дулмаагийн тэтгэврийг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустлах хугацаанд үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн олгож нийгмийн даатгалын санд 4,320,227 төгрөгийн хохирол учруулсан, тэтгэвэр авагч Г.Оюунбилэгийн тэтгэврийг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн олгож Нийгмийн даатгалын санд 1,047,700 төгрөгийн хохирол учруулсан гэх нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. ******* миний бие Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар зарын 17-ны өдрийн 51 дүгээр тушаалаар 25-р тойргийн 38-р хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны 6 дугаар зарын 29-ны өдрийг хүртэл томилогдож үндсэн ажлаас чөлөөлөгдсөн ба хэсэгт хяналтын тооллого хийгдсэнтэй холбогдуулан сонгуулийн тайлан, мэдээ гарган өгч 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Чөлөөтэй байх хугацаанд тойрог, хэсгийн хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа ажилтнуудийн ажлыг орлон гүйцэтгэх, хяналт тавьж ажиллахыг хэлтэс дотроо тодорхой хүмүүст хариуцуулж даалгасан хэлтсийн даргын тушаал гарч ажил үүргийг хариуцуулж байсан.

Сонгуулийн хэсгийн хорооны ажлаа дуусгаж ажилдаа орох өдөр буюу 2012 оны 7 дугаар сарын 04-нд НДХ-ийн даргын 68 дугаар тушаал гарч ******* намайг тус хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагчаар шилжүүлэн ажиллуулсан бөгөөд энэ хугацаанаас хойш эрүүл мэндийн байцаагчаар ажиллаж байгаад 2013 онд жирэмсэний амралтаа авсан. Миний бие 2013 оны 8 сараас хойш ажилдаа орохыг хүссэн өргөдлийг байгууллагадаа удаа дараа гаргасан боловч шийдвэрлэлгүй явсаар 2015 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн НДХ-рүү шилжүүлэн ажиллуулах тушаал гарч тус хэлтэстээ нөхөн даатгалын байцаагчын албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Дээрх хоёр тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэн олгосон гэх асуудал нь намайг сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байх хугацаанд хамаарч байгаа бөгөөд энэ хугацаанд миний ажил үүргийг хариуцаж байсан албан тушаалтан, хяналт тавьж байсан дотоод аудитын газрын буруутай үйлдлийг надад тохох гэсэн увайгүй үйлдэл учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч *******т холбогдуулан тэтгэврийн байцаагчийн ажил үүрэгтээ хайнга хандсан гэм буруутай байх тул *******ын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 5,367,927 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, тэтгэврийн байцаагч ******* нь Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тооцохдоо тэтгэврийг алдаатай бодсоны улмаас тэтгэвэр авагч Г.Дулмаа 4,320,227 төгрөг, тэтгэвэр авагч Г.Оюунбилэг 1,047,700 төгрөг, нийт 5,367,927 төгрөгийн тэтгэврийг илүү авсан. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ******* нь тус хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Тэтгэвэр нэмэгдүүлэн тогтоох тухай Засгийн газрын 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үед намайг сонгуулийн хорооны үүрэгт ажилд томилж ажлаас түр чөлөөлсөн бөгөөд ажилдаа эргэж ормогц 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөр ажилд шилжүүлсэн тул тухайн үед гарсан зөрчилд би хариуцлага хүлээх үндэсгүй. Намайг орлож байсан болон ажлыг минь хүлээж авсан хүмүүс, дотоод аудит, хяналтын байцаагч хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй учир эдгээр хүмүүс илүү тэтгэвэр авч хэт удаан хугацаа өнгөрөөсөн байна. Би өөрөө ажиллаж байсан бол хяналт тавьж, цаг алдахгүй байх боломжтой байсан гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Сожидмаа, Б.Цэрэнчимэд нарын тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 308, 309 тоот актаар тэтгэвэр авагч Готовын Оюунбилэг, Гомбын Дулмаа нар нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 5,367,927 төгрөгийн тэтгэврийг илүү авчээ. /хх-ийн 4-9 дүгээр тал/

Хариуцагч ******* нь тухайн үед буюу 2012 оны 07 дугаар сарын байдлаар Г.Оюунбилэг, Г.Дулмаа нар нь түүний ажил үүргийн хүрээнд хамаарах тэтгэвэр авагчид байсан талаар маргахгүй байна. Харин тэрээр тухайн үед сонгуулийн хороонд ажиллах болсонтой холбогдуулан чөлөө олгосон бөгөөд чөлөөтэй хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дараа 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөр ажилд томилсон тул энэ асуудлаар гарсан зөрчилд хариуцлага хүлээх үндэсгүй гэж маргаж байна. Хариуцагчийн тайлбарлаж буй ажлаас чөлөөлөгдсөн болон шинэ ажилд томилогдсон үйл баримтын талаар зохигчид харилцан маргаагүйн зэрэгцээ дээрх үйл баримт болсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна /хх-ийн 43-45 дугаар тал/.

Гэвч шүүх энэхүү нөхцөл байдал нь *******ыг жирэмсний амралт авах хүртэлх хугацаанд хамаарах хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Түүний сонгуулийн ажилтай холбогдуулан чөлөөтэй байсан хугацаа 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дууссан байх ба түүний чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэж орсноос хойш ажлын 3 хоногийн дараа тухайн хэлтэстээ эрүүл мэндийн даатгалын байцаагчийн ажилд шилжин ажиллах болсон байна. Хариуцагч ******* тэтгэвэр авагчдын тэтгэврийн нэмэгдлийг эхлээд программаар тогтоодог бөгөөд программын тооцоололд тэтгэвэр авагч тус бүрээр нэг бүрчлэн давхар хяналт тавиагүй тухайгаа хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна. Эдгээр нөхцөл байдлаар хариуцагч ******* нь тэтгэврийг нэмэгдүүлэн тогтооход хяналт тавьж ажиллах үндсэн чиг үүрэгтээ хайнга хандсан, өөр ажил шилжин ажиллахаар ажил хүлээлцэх үедээ өөрийн ажлыг сайтар нягтлан шалгаагүй болохыг илтгэж байна.

******* нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан үйл баримтын талаар зохигчид харилцан маргахгүй байна. Ийнхүү жирэмсний амралт авах хүртэлх хугацаанд ******* нь тухайн байгууллагадаа буюу Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстээ ажиллаж байжээ. Харин жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаа дууссанаас хойш түүнийг хуучин ажилд нь ажил олгогчоос хамаарах шалтгаанаар эргүүлэн ажиллуулаагүй талаарх хариуцагчийн тайлбар, нийгмийн даатгалын хэлтэс нь жил болгон ээлжит болон ээлжит бус хяналт тавих чиг үүрэг бүхий хянан шалгах байцаагч, дотоод аудитын албатай атал 2015 оныг хүртэлх хугацаанд дээрх зөрчлийг илрүүлж чадаагүй үйл баримтын талаарх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. Иймд хариуцагч *******ыг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий этгээдүүдийн илүү авсан тэтгэврийн улмаас тус байгууллагад учирсан хохиролд гэм буруутай гэх үндэслэлгүй байна.

Тэтгэвэр авагч Г.Оюунбилэг нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 350,000 төгрөг, Г.Дулмаа нь 1,360,820 төгрөг, нийт 1,710,820 төгрөгийн илүү тэтгэвэр авсан байна /хх-ийн 6, 9 дүгээр тал/.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу 1,710,820 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгон нэхэмжлэлийн шаардлагаас 3,657,107 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 42,323 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу 1,710,820 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгон нэхэмжлэлийн шаардлагаас 3,657,107 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 42,323 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

 

ШҮҮГЧ И.АМАРТӨГС

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА