| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/2538/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2783 |
| Огноо | 2025-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2783
Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,
Улсын яллагч: Т.Төмөртулга,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408043671926 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нуурын 3-30 тоотод оршин суух иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдаж, цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун сарвуунд шарх, баруун тохой, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духанд зулгаралт, зулай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Энэ уг нь харилцан зодоон, би гэртээ ороод маргасан нь үнэн, гудамж руу гарсны дараа тэр хүн ирж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж орилсон. Хамгийн гол нь өөрийгөө хамгаалах гэж тэгсэн. Тэр хүн эхлээд над руу гар хүрсэн. Шүүх хурал гэхээр миний хамаг биеийн хөлс гараад, би тайвширч чадахгүй, хэрэг шүүхэд шилжлээ гэсэн чинь доошоо юм гараад сэтгэл зүй хэцүү байна” гэв.
Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тэгсэн чинь хоёр гараараа миний толгойны дээрээс үснээс дараад намайг гэр лүү чирч оруулаад баруун талын орон дээр түлхэж унагаахад би нуруугаараа орон дээр унасан. Тэгтэл хогийн шүүрний иш салгаад миний баруун, зүүн хөлийн шилбэний дотор гадна талд “үх чи, хат чи” гээд л 10-20 удаа цохисон. Тэр үед шүүрний иш хугарч дууссан, тэгсэн чинь дахиад хогийн тосгуурын ишийг салгаж авах гээд үүд рүү очихоор нь би орон дээрээсээ босож ирээд ***гийн барьсан байсан хогийн тосгуурын үзүүрээс нь бариад автал хогийн тосгуурын ишний үзүүрээр миний хамар луу нэг удаа цохиод миний хамраас цус гарахад нь би тосгуурын ишийг тавьсан, тэгтэл дахиад дух хэсэгт цохиод духнаас бас цус гарахаар нь би цусаа гоожуулаад зогсож байтал намайг түлхээд ална чамайг гээд орон дээр дарж унагаад үсдээд хэд хэдэн удаа татаад хогийн тосгуурын төмөр ишээр дахиад хэд хэдэн удаа баруун, зүүн хөлийн шилбэний гадна дотор хэсэг рүү цохисон. Тэгснээ гэнэт болиод миний дух хамраас гарсан цусыг хараад өөрөө сонин болиод уйлаад байж байсан. Удалгүй гэрт хадам ээж болох ***, хадам аав *** нар орж ирээд яаж байгаа юм юу болж байгаа юм гээд байж байтал манай нөхөр *** гэртээ орж ирээд намайг би танай найзыг чинь ална тэр найзаас чинь болж байгаа юм, би хоолойг нь хэрчин гээд үсчиж байтал манай хадам ээж, аав, хадам дүү нар гэрээс гараад явтал манай нөхөр чимээгүй болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 8-14/,
Гэрч Ж.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тухайн өдөр болох 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тухайн гэмт хэрэг гарсны дараа эхнэр ***ын хамт хүү ***ынд ороход Бэр Гончигсумлаа нь гэрийнхээ баруун талынхаа орон дээр суучихсан хамраас нь болон баруун гараас нь цус гарсан байдалтай, охин *** гэрийнх нь зүүн талын орон дээр суучихсан өөрийнхөө гэдсийг хоёр гараараа дарчихсан байдалтай байхаар нь би “яасан нүдний булай болсон хүмүүс вэ” гэж хэлчхээд эхнэрийнхээ хамт гараад явсан тэрнээс биш хэн нь хэнийгээ цохиж зодсон асуудлыг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14476 дугаартай шинжээчийн "***-н биед баруун сарвуунд шарх, баруун тохой, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духанд зулгаралт, зулай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ***-н биед учирсан баруун сарвууны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой" гэжээ. /хх-н 32-33/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-64, 79-100, 107-117, 137/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 75-76/, хохирогчийн хүсэлт /хх-н 171/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нуурын 3-30 тоотод оршин суух иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь халдаж, цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун сарвуунд шарх, баруун тохой, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духанд зулгаралт, зулай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***, гэрч Ж.***агийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүхээс урьд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан ба хохирогч нь сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоолгохгүй, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 171/ бичгээр гаргасан байна.
Иймд хохирогч нь хохирол хор уршиг, сэтгэцэд учирсан хохирол болон цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт баримтаар авагдсан 150.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ***гаас гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР