Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч О.Адъшаажав нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэрх овогт Ойдовын Адъшаажавт холбогдох 1705000550023 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 7 гудамж 305 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэрх овогт Ойдовын Адъшаажав /РД:ИЮ92062857/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч О.Адъшаажав нь 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна иргэн Э.Амгаланжамцтай маргалдан зодож биед нь зүүн нүдний зовхи, баруун шууд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Адъшаажав мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө Амгаланжамцтай муудалцаад зодоон болсон. Амгаланжамцын биед хөнгөн гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.

 

Хохирогч Э.Амгаланжамц мэдүүлэхдээ: “...тэгсэн тэр залуу надруу дайраад төмсөг рүү өшиглөсөн үгийн солиогүй дайрч ирээд өшиглөсөн би дал хүзүүгээр нь хоёр гараараа тэвэрч тэр залуутай зууралдсан. Хэсэг байсан чинь эмэгтэй нь өмөөрөх шинжтэй “болиоч” гээд орилохоор нь би зугатаасан нь дээр юм байна гэж бодоод тэр залуугаас мултраад гүйсэн, араас чулуу шидээд хөөсөн, тэгсэн цаанаас нэг танихгүй залуу “хүүш болиоч” гэхэд миний араас гүйхээ болиод буцаад явсан. ..тэр орилсон залуу цагаан цамцтай байсан. Би ч гэрчлэх хүнтэй боллоо гэж бодоод буцаад очоод цагаан цамцтай залууд цагдаа дуудчих гэсэн. ...нөгөө залуу над руу дайрч, нүүр рүү 2 удаа цохиж баруун гарын бугуй хэсгээр өвдөгдсөн...” гэжээ. /хав 5-6/

 

Гэрч Г.Батзаяа мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд ганцаараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Арк шар байрны хойд талын автомашины замын хойд талд такси барих гээд зогсож байтал нэг эмэгтэй авраарай, аллаа гээд нилээн чанга орилоод байхаар нь согтуу хүмүүс байгаа юм болов уу гээд тоогоогүй, тэгтэл уг эмэгтэй нилээн удаан тусламж гуйсан байдалтай хашгираад байхаар туслах санаатай очсон. ...нэг залуу түрүүлээд очиж байхыг харсан. Тухайн залуу тэнд очоод юу гэж хэлсэн талаар мэдэхгүй, ...миний өмнө очсон эрэгтэй рүү гэнэт дайраад хувцаснаас нь заамдаж аваад шууд толгой руу нь гараараа цохиж байх шиг байсан. ...эмэгтэйтэй хамт явж байсан залуу үргэлжлүүлэн хөлөөрөө өшиглөж дэвсээд зодоод байсан. Тэр үед эмэгтэй нь болиочээ гээд уйлаад байсан. Би тухайн үед хараад зогсож байсан учраас шууд цагдаа дуудлага өгөөд хэсэг тэр 2-ыг хараад зогсож байсан. Тэр залуу эхнэрээ дагуулаад явах гэхээр нь би байж бай, цагдаад дуудлага өгсөн байгаа гэж хэлэхэд тэр залуу над руу чи яахаараа цагдаад дуудлага өгдөг юм гээд дайраад байсан. ...надаас түрүүлж очсон залуу надтай цуг байсан. .. тэр залуу намайг замдаж аваад намайг түлхэд арагшаагаа хашлагат тээгэлдээд би арагшаагаа газар унасан. Тэгээд бид 2 тэнд нилээн ноцолдсон...туслахаар очсон эрэгтэй бараг цохиж зодоогүй байхаа, харин өөрөө зодуулаад байсан...” гэжээ. /хав 13/

 

Гэрч Б.Баасандулам мэдүүлэхдээ: “...манай нөхөр Адъшаажав нь чамд хамаагүй цаашаа яваа гэж хэлэхэд тэр залуу чи одоо яагаад байгаан гээд араас нь гүйж очоод манай нөхөр Адъшаажавын араас гараараа боож газар унагаасан. Тэгээд хоорондоо зодолдоод бие биерүүгээ гараараа цохилцоод байсан. Тэгэхэд нь би тэнд муухай орилоод болиочээ битгий лдээ гэсэн чинь хажуу талаас нэг нүдний шилтэй залуу чи юу болоод байгаа юм бэ гээд хэлэхэд манай нөхөр Адъшаажав чамд хамаагүй чи зүгээр цаашаа бай гэж хэлэхэд анх ирсэн залуу нь цаашаа зугатаагаад хэл амаар доромжлоод байсан. ...Нүдний шилтэй өндөр залуутай дахин ирээд хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр нөгөө залуутай хэрэлдээд байсан. Тэгтэл өндөр нүдний шилтэй залуу нь цагдаад дуудлага өгсөн чи байж бай гэж байсан...” гэжээ. /хав 16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 9082 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Амгаланжамцын биед зүүн нүдний зовхи, баруун шуунд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 19/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 35/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хав 34/

Гомдол саналгүй гэх хүсэлт /хав 47,48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Адъшаажав нь 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна иргэн Э.Амгаланжамцтай маргалдан зодож биед нь зүүн нүдний зовхи, баруун шууд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 47,48/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Э.Амгаланжамц нь мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Адъшаажавтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 47,48/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Адъшаажавыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч Э.Амгаланжамцтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт байхгүй, О.Адъшаажав нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Амгаланжамцад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэрх овогт Ойдовын Адъшаажавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Бэрх овогт Ойдовын Адъшаажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт байхгүй, О.Адъшаажав нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Амгаланжамцад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Адъшаажавын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Адъшаажавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ