Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

                                                                                                          

А.Тулгат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч А.Тулга /онлайн/

Түүний өмгөөлөгч М.Мэндбаяр /онлайн/

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолтой А.Тулгад холбогдох 2025003890356 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Лодой овогт Амартүвшингийн Тулга /рд:ФБ*******/, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Д суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул, уурхайн машин тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Б сумын Б багийн 14-34 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Тулга нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Бр сумын Б багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын агуулахын зүүн талд байсан “Хангай торх” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын эзэмшлийн 5 тонн ёмкостыг машин механизм ашиглаж хууль бусаар авч 995.700 төгрөгөний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 07 дугаар сарын 07-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Лодой овогт Амартүвшингийн Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Тулгыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Тулгад оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Тулгад оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тулгын оршин суугаа газраас буюу Орхон аймгийн БаянӨндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тулга нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Энэ хэрэгт шүүгдэгч А.Тулга нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Тулгын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөгийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч А.Тулга нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж” шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрхийнхээ дагуу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Тулгын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийн үнэ 30 000 ООО /гучин сая/ төгрөгийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Ийнхүү хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ шийдвэрийн 6 дахь талд “Шүүгдэгч А.Тулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөл, эзэмшилд байдаг ба түүнийг хөлслөх гэрээний дагуу ашигласан нь нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийн үнэ 30 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт оруулах шийдвэрлэв” гэж үндэслэлээ бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирол нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлого гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна, 3. Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардөлд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын өсөвт шилжүүлнэ, 4. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, усгтах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж тус тус заасан. Тодруулбал дээрх хуулийн зохицуулалт хөрөнгө орлогыг хураан авах албадлагын арга хэмжээний зорилго нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд шууд чиглэгдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан бөгөөд төлөгдөөгүй байгаа ямар хохирол хор уршгийг төлүүлэх зорилгоор хөрөнгө хураан авах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн талаар үндэслэлээ огт тусгаагүй төдийгүй хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг нь хулгайлагдсан эд зүйлийг буцаан өгснөөр төлөгдсөн талаар шүүх шийдвэртээ тодорхой дурьдсан байдаг.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар хөрөнгө орлого хураан авахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс гэм бурууг тооцсон нь зүйлчлэлийн хувьд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс А.Тулгын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулсан байна.

  Шүүгдэгч А.Тулга нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын агуулахын зүүн талд байсан “Хангайн торх” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын эзэмшлийн нэг ширхэг 5 тонны багтаамжтай ёмкостыг **-** ОРО улсын дугаартай “Hyundai Migthy загварын тээврийн хэрэгслийг ашиглаж нууц, далд аргаар авч бусдад зарж борлуулан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:

-шүүгдэгч А.Тулгын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн өгсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Сүрэнжав, гэрч М.Мөнхбаатар, Д.Тэмүүчин, М.Батчулуун, Д.Аруинболд нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210203 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч А.Тулгын гэм буруутай үйлдлийн улмаас “Хангай торх” ХХК-д хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Орхон аймгийн прокурорын газраас А.Тулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр: “...хуулийн зохицуулалт хөрөнгө орлогыг хураан авах албадлагын арга хэмжээний зорилго нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхэд шууд чиглэгдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан бөгөөд төлөгдөөгүй байгаа ямар хохирол хор уршгийг төлүүлэх зорилгоор хөрөнге хураан авах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн талаар үндэслэлээ огт тусгаагүй төдийгүй хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн”,...” шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар хөрөнгө орлого хураан авахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Тулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөл, эзэмшилд байдаг ба түүнийг хөлслөх гэрээний дагуу ашигласан нь нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** ОРО улсын дугаартай, цагаан өнгийн Hyundai Migthy загварын тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 113  дугаар шийтгэх тогтоолыг хэвээр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        Н.БАЯРХҮҮ

 

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН