| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/07263/И |
| Дугаар | 101/ШШ2023/02597 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/02597
2023 05 23 101/ШШ2023/02597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК//-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,486,269.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Гтай 1 зээлийн гэрээ байгуулж 25,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан ба 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1-A тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хугацааг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1-Coll тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Б.М нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 15232В тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан.
Б.М нь 1 тоот зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч хавсралт №2131-д заасан хуваарийг удаа дараа зөрчиж, төлбөр төлөөгүй 291 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,499,084.49 төгрөг, үндсэн хүү 838,770.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,415.19 төгрөг байна. Иймд хариуцагчаас нийт 5,486,269.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Мод холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээл 4,499,084.49 төгрөг, үндсэн хүү 838,770.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,415.19 төгрөг, нийт 5,486,269.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Г нь Б.Мтой 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 зээлийн гэрээ байгуулж 25,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн ба талууд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1-A тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хугацааг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2020 ны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1-Coll тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1-В тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.
5. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, төлбөрийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан байх ба 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,499,084.49 төгрөг, үндсэн хүү 838,770.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,415.19 төгрөг, нийт 5,486,269.93 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
8. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.Моос зээлийн гэрээний үүрэгт 5,486,269.93 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,731 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Моос улсын тэмдэгтийн хураамж 102,731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА