Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/02420

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/02420

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.Д

 

Хариуцагч:  С.Ө

 

Нэхэмжлэлийн шаардлага: 27,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч С.Ө-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Би 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт байрлах, Т ХХК-ийн жоншны талбайг талийгаач Ж.Р-ээс 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ингээд би Ж.Р-т урьдчилгаа болгон 100,000,000 төгрөг төлсөн. Гэвч Ж.Р- нь уг жоншны зөвшөөрөл бүхий Т ХХК-ийг шилжүүлж өгч чадаагүй. Ингээд бид наймаа буцахаар болсон, Ж.Р- нь надаас авсан мөнгөө эргүүлж өгөхөөр тохирсон боловч Ж.Р- нь зуурдаар нас нөгчсөн. Надаас хүлээн авсан 100,000,000 төгрөгөөс би 63,000,000 төгрөгийг буцаан авсан. Тодруулбал, Ж.Р- болон хариуцагч С.Ө нар надад 50,000,000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. Хариуцагч С.Ө надад 3,000,000 төгрөгийг төлсөн, талийгаачийн хүү болох н.Эрдэнэ-Очир надад 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 100,000,000 төгрөгийн үлдэгдэл 27,000,000 төгрөгийг С.Өаас буцаан нэхэмжилж байна. Талийгаачийн гэр бүлийн хүн болох С.Ө нь биднийг гэрээ байгуулах, мөнгө, төгрөг өгч авалцаж байхад өөрийн биеэр байлцаж гарын үсэг зурж байсан. С.Ө нь надад үлдэгдэл 27,000,000 төгрөгийг өгнө гэж хэлдэг боловч удаа дараа худлаа яриад улмаар утсаа авахаа больсон. Иймд хариуцагч С.Өаас компани худалдан авах гэрээнээс төлөөгүй үлдсэн 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Д-гээс иргэн С.Ө надад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн агуулга нь Т ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг нэхэмжилжээ. Т ХХК нь манай нөхрийн компани байсан бөгөөд нөхөр Ж.Р- маань 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиосон. Нөхөр маань амьд ахуй байхдаа нэхэмжлэгч Г.Д-тэй гэрээ хэлцэл байгуулж байсныг мэдэх боловч төлбөрийг нь миний бие хариуцах боломжгүй юм. Учир нь Т ХХК нь миний компани биш бөгөөд би нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, үүрэг хүлээгээгүй болно. Иймд нэхэмжлэгч Г.Д-гийн 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 6/, компани төлөөлөх итгэмжлэл /хх 7, 33/, Хаан банкны зарлагын баримт /хх 8, 34/, мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар /хх 9/, кассын зарлагын ордерийн хуулбар /хх 10/, баримт бичиг хүлээлцсэн актын хуулбар /хх 11/, С.Ө-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 12/, баримт хүлээн авсан тухай С.Ө-ын гар бичмэлийн хуулбар /хх 13/, А ХХК-ийн кассын зарлын ордер /хх 35/.

 

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагчаар С.Өыг тодорхойлон 27,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр С.Ө-ын нөхөр Ж.Р-ээс жоншны талбайн зөвшөөрөлтэй Т ХХК-ийг 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаанд 100,000,000 төгрөг төлсөн. Гэвч Ж.Р- нь уг жоншны зөвшөөрөл бүхий Т ХХК-ийг шилжүүлж өгч чадаагүй тул наймаа буцахаар болсон. 100,000,000 төгрөгөөс Ж.Р- болон хариуцагч С.Ө нар надад 50,000,000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. Хариуцагч С.Ө 3,000,000 төгрөгийг, талийгаачийн хүү болох н.Эрдэнэ-Очир 10,000,000 төгрөгийг тус тус буцаан төлсөн. Одоо үлдэх 23,000,000 төгрөгийг С.Өаас нэхэмжилнэ. Учир нь талийгаачийн гэр бүлийн хүн болох С.Ө нь биднийг мөнгө, төгрөг өгч авалцаж байхад өөрийн биеэр байлцаж гарын үсэг зурж байсан гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...Т ХХК нь манай нөхрийн компани байсан. Нөхөр Ж.Р- маань 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр таалал төгссөн. Нөхөр маань амьд ахуй байхдаа нэхэмжлэгч Г.Д-тэй гэрээ хэлцэл байгуулж байсныг мэдэх боловч төлбөрийг нь миний бие хариуцах боломжгүй. Учир нь Т ХХК нь миний компани биш бөгөөд би нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, үүрэг хүлээгээгүй гэжээ.

 

4. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн хэдий ч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хэргийг хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг дараах байдлаар хянан шийдвэрлэв. Үүнд:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болоод татгалзлаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулан авах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагыг нотлох үүднээс хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны зарлагын мэдүүлэг, С.Өын иргэний үнэмлэхийн хуулбар, Т ХХК-ийн худалдан авах төлбөр гүйцэтгэсэн баримт, шилжин ирсэн тухай тодорхойлолт, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, А ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Кассын зарлагын ордер, Р-ээс хүлээж авсан бичиг баримтын жагсаалт, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эх хувийг нь С.Өд хүлээлгэж өгөв гэсэн бичгийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ...А ХХК-ийн захирал Г.Д-д миний эцэг болох Ж.Р-ийн өгөх ёстой 40 сая төгрөгийн 10 сая төгрөгийн өрийг 8 сарын 2-нп үлдэгдэл 30 сая төгрөгийг 2021 оны 11 сарын 30-ны дотор төлөх болохыг хүү болох Р.Эрдэнэ-Очир нь баталгаажуулав гэсэн баримтуудыг хавсарган өгсөн /хх7-13/.

 

Гэвч дээр дурдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй ба нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд өөрийн шаардлага, үндэслэлийг нотлохуулахаар хүсэлт гаргаагүй.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Г.Д- өөрийн данснаас 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан тухай Хаан банкны зарлагын мэдүүлэг авагдсан. Уг баримтын ар талд 3/28 Жинлэн овогтой Р- миний бие нь өөрийн биеэр 30 сая төгрөгийг бэлнээр авлаа. Мөн 2019/03/27 5 сая төгрөг бэлнээр авсан болно. Жич: Урьдчилгаа мөнгө, нэр: Р-, С.Ө гэж бичигджээ /хх34/.

 

Мөн нэхэмжлэгчээс А ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Кассын зарлагын ордер-ийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг баримтад компанийн урьдчилгаа гэсэн утгатайгаар 35,000,000 төгрөгийг Ж.Р-т өгсөн талаар бичигдсэн байна /хх35/.

 

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд хариуцагч С.Ө нь нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээний харилцаанд орсон, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээх этгээд болох нь тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Өаас 27,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Өаас 27,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ХАНГАЛ