| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/07066/И |
| Дугаар | 101/ШШ2023/02736 |
| Огноо | 2023-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2023/02736
2023 05 30 101/ШШ2023/02736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ут холбогдох,
179,428 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Н.Б, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.У нь 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дараа төлбөрт M үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 7 дугаарын эзэмшигч болсон. Уг дугаарын 2021 оны 6 дугаар сарын байдлаарх төлбөр 174,928 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй. Уг төлбөр дээр нотариатын төлбөр 4,500 төгрөгийг нэмж, нийт 179,428 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Ут холбогдуулан, үйлчилгээний гэрээний дагуу ярианы төлбөр 174,928 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан дараа төлбөрт M үйлчилгээний гэрээний дагуу ашиглуулсан 7 дугаарын 2021 оны 6 дугаар сарын байдлаар гарсан төлбөр 174,928 төгрөгийг хариуцагч Б.У төлөөгүй, уг нэхэмжлэлийг гаргахтай холбоотой нотариатын үйлчилгээ авч 4,500 төгрөгийн зардал гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, Төлбөрийн нэхэмжлэх зэргээс үзэхэд, Б.У нь 7 дараа төлбөрт дугаарыг ашиглахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх боловч 7 дугаарын 2021 оны 6 дугаар сарын байдлаар 174,928 төгрөгийн төлбөр гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.1. Тодруулбал, Төлбөрийн нэхэмжлэх нэртэй баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайлан заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайлан заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ., мөн зүйлийн37.2.-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.,
44.2.-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.,
44.3.-т Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ.,
44.4.-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж тус тус зохицуулсан.
5.3. Хэдийгээр, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гараагүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй боловч Төлбөрийн нэхэмжлэх нэртэй баримтад тусгагдсан мэдээлэл нь нэхэмжлэлийн шаардлага 174,928 төгрөгийн дүнгээс зөрүүтэй байна.
5.3.1. Тодруулбал, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд буюу тухайн 6 дугаар сарын төлбөр 66,554.53 төгрөг гэж тусгасан байх боловч уг дүнг бүрдүүлж буй ярианы төлбөр, дата ашигласны төлбөрийн дүн тус бүрийг нэмэхэд 79,381.8 төгрөг болж байх бөгөөд 66,554,53 төгрөгөөс зөрүүтэй, мөн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар өмнөх хугацааны төлбөрийн үлдэгдэл гэх 101,717.92 төгрөгийн эх сурвалж тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдсонгүй.
6. Талуудын хооронд Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагчаас төлбөр гаргуулах боломжгүй гэж дүгнэв.
7. Мөн нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахтай холбоотойгоор нотариатын үйлчилгээ авч 4,500 төгрөгийн зардал гаргасан гэх боловч нотлох баримтаар нотлогдоогүй, уг зардлыг нотлох боломжгүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан.
7.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар, шаардах эрх нэхэмжлэгчид байх боловч дээр дурьдсанаар нотлогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
8. Хариуцагч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.08.05№3 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, нэхэмжлэгчээс Г.Н, М.Цацрал, Н.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон итгэмжлэл, Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, Б.У хэрэглэгчийн мэдээлэл, Төлбөрийн нэхэмжлэх;
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ут холбогдох 179,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,033 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА