Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02447

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02447

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.С

 

Хариуцагч:  М.С

Нэхэмжлэлийн шаардлага: 1,100,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Д.С

Хариуцагч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч М.С-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие H авто хөгжим тоноглол, авто дохиолол асаалтын систем гэсэн фейсбүүкийн пэйж хуудаснаас зар олоод 0000-0000 дугаар руу холбогдоход нэг эмэгтэй ...хамгийн сайн дохиолол байгаа, танилцаад аваарай гэсэн. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр М.С гэх эмэгтэйтэй уулзаад бүтээгдэхүүнийг нь худалдан авсан. Тэрээр надад ...алсаас өөрийн гар утасны аппликейшнээр тус дохиоллын бүх нарийн системийг удирддаг, ОХУ-ын компанийн гэрээт борлуулагч гэж танилцуулсан. Бүтээгдэхүүнийг өөрийн машинд суулгуулсан. Ингээд нийт 1,050,00 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн. Гэвч дохиолол суурилуулснаас хойш миний машины өөрийн үндсэн сигнал болох авто аларм гадны нөлөөгүй чанга дуугарч оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж эхэлсэн. Дохиоллыг авто алармтай машин гэдгийг мэдэхгүйгээр давхар суурилуулснаас болж машины авто алармд доголдол үүсэж байнга дуугарах болсон. Машины үндсэн дохиолол болох авто алармыг заавал машины түлхүүрээр дуут дохиог зогсооно. Цаашид машины чанга дуутай дуут дохиоллыг унтраахын тулд аппликеишн дээрээс тохиргоо хийж унтрааж болох ч тухайн компанийн тавьж өгсөн S дохиоллын зарим системүүд ажиллахгүй болдог юм байна. Энэхүү үйл явдлыг худалдан авсан компанидаа хэлэхэд үйлдвэрээсээ ингэж ирдэг, авто аларм буюу үндсэн сигналыг дууг гаргахгүйн тулд машины гал хамгаалагчийг авч байж зүгээр болно гэсэн нь авто машины бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг юм байна. Анх төхөөрөмжөө суулгахдаа S 2 аппликейшнээр төхөөрөмжөө удирддаг гэсэн ч уг аппликейшинээр удирдах болгонд утасны нэгж, дата унадаг гэдгийг танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл машин асах, унтрах, үйлдэл хийх бүрд нэгжээс унадаг гэдгийг тайлбарлаагүй. 2023 оны 02 дугаар сарын 18-наас З дугаар сарын 06-ны өдөр хүртэл тус төхөөрөмжид байршуулсан юнителийн 0000-0000 утасны 10,000 төгрөгийн нэгж 8,489 төгрөг болсон байна. Ингээд дуудлага, мэдээлэл ирэх бүрд нэгж унадаг тул тухайн аппликейшины шаардлагагүй мэдээллийг авахгүй байх хүсэлтэй боловч нөгөө талаас машинд учрах эрсдэлийг бас бүрэн мэдэж чадахгүйд хүрээд байна. Иймд чанарын шаардлага хангаагүй, доголдолтой бараа бүтээгдэхүүн зарсан тул уг төхөөрөмжийг буцаан өгч, 1,050,000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Анх худалдан авалт хийхэд 5 жилийн баталгаатай гэсэн аман баталгаа гаргасан ба баталгааны хуудсаа нэхэхэд тэрээр шаардлагагүй, бид суурилуулсан бүтээгдэхүүнээ хараад л мэднэ, өөрсдөө таниад засвар хийж өгнө гэсэн тайлбар өгсөн. Одоогийн байдлаар дохиолол суурилуулсан хэсэг л гадны нөлөөлөл мэдэрдэг, харин машины хойд болон бусад хэсэг мэдрэхгүй байгаа. Үүнийг шүүхийн зүгээс үзлэг хийж тогтоосон байгаа. Би хариуцагчаас засвар үйлчилгээ хийж болох уу гэж асуухад тэрээр үйлдвэрээсээ ингэж ирдэг тул боломжгүй гэж хэлсэн. Ийм хэрэглэх боломжгүй, доголдолтой бүтээгдэхүүнийг надад зарсан учир би бүтээгдэхүүний үнэ болох 1,050,000 төгрөг, шүүхэд хандахдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад, мөн нэхэмжлэл бичүүлсэн 50,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 98-91 улсын дугаартай, Prius 50 Маркийн тээврийн хэрэгсэлд S v2 s66 (ОХУ) загварын асаалтын системтэй дохиолол хамгаалалтыг суурилуулж өгсөн бөгөөд хэрэглэгчээс ...уг асаалтын системтэй дохиолол хамгаалалтын төхөөрөмж хэвийн бус ажиллаж, таалагдахгүй байгаа... талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие анх 2013 оноос хойш авто тээврийн хэрэгсэлд асаалтын системтэй дохиолол хамгаалалтын төхөөрөмжийг суурилуулж, хувиараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 5,000 орчим төхөөрөмжийг Монгол улсад тээврийн хэрэгсэл буюу олон төрөл, загварын машинд байршуулсан байна. Энэ хугацаанд Оросын Холбооны Улсанд үйлдвэрлэсэн S маркийн төхөөрөмжийг суурилуулж байсан. Харин 2020 оноос хойш S маркийн сайжруулж, шинэчилсэн, нууцлал өндөр загвар болох S V2 загварыг олон өөр төрөл, маркийн машинд, өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй тээврийн хэрэгсэлд байршуулснаас S V2 S66 загварыг хамгийн их 600 орчмыг борлуулж, тээврийн хэрэгслүүдэд суурилуулж байсан байна. Дээрх хугацаанд төхөөрөмж, төхөөрөмжийн системд ямар нэгэн алдаа гараагүй, нэг ч хэрэглэгч буцаах талаар гомдол гаргаж байгаагүй бөгөөд харин ч 99.99 хувийн эерэг сэтгэгдэл үлдээсэн байдаг. Зарим хэрэглэгчид дахин үйлчлүүлж, одоо хүртэл нөгөө дохиолол чинь ийм сайн байгаа... гэх мэтээр эерэг сэтгэгдэлтэй байдаг. S V2 S66 загвар нь сим карт хийснээр орон зай харгалзахгүй, гар утаснаасаа удирдах боломжтой, смарт хэрэглээтэй, хэрэглэгч зөвхөн өөрийн мэдээлэл, цахим хаягаар нэвтэрч, бүртгүүлдэг тул өөр хэрэглэгчид шилжих, хэрэглэх эсвэл өөр бусад хүн нэвтрэх, халдах боломжгүй, нууцлал өндөр төхөөрөмж учраас түгээмэл борлогдсон гэж дүгнэхээр байна. 98-91 улсын дугаартай, Ргius 50 Маркийн тээврийн хэрэгсэлд S V2 S66 загварын асаалтын системтэй дохиолол хамгаалалтыг хийж өгөхдөө бүх суурилуулалт болон тохируулгыг хэрэглэгчийн дэргэд стандартын дагуу хийж гүйцэтгэж, холбогдох тайлбарыг өгсөн буюу тухайлбал эхний тохируулгыг манайхаас хийгээд, цаашид хэрхэн тохируулж, өөрчлөх талаар тайлбар, зааварчилгааг өгч ажилласан болно. Энэ систем нь зааварчилгааны дагуу машин бүрд тусдаа суурилуулах стандарттай байдаг ба төхөөрөмж тус бүрдээ хэрэглэгчийн өөрийн нэр дээрх утасны дугаар болон мэйл хаягаар бүртгүүлэн тухайн үйлчлүүлэгчийн утастай холбогдон нэвтрэх нэр, нууц үгээр ашигладаг, нууцлал өндөртэй тул өөр хүн ашиглах боломжгүй гэдгийг дахин дурдах нь зүйтэй юм. Манай талаас тухайн үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу дахин үзлэг, хяналтыг хийхэд системийн ажиллагаа, төхөөрөмж, суурилуулалтын талаас ямар нэгэн доголдол, асуудал үгүй, хэвийн ажиллаж байсан тул хэрэглэгчид тайлбарлан өгсөн боловч ...надад таалагдахгүй байна гэх шалтгаанаар ойлгож, хүлээн аваагүй. Үйлдвэрээс гарахдаа албан ёсны 5 жилийн баталгаатай байдаг нь тухайн системийг машинд суурилуулснаар машинд нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, эвдрэл үүсэхгүй байх баталгаа бөгөөд тухайн 5 жил дотроо эвдэрсэн тохиолдолд солих, засварлах баталгаа болохоос сэтгэл ханамжийн баталгаа биш юм. Энэхүү систем нь дахин өөр машинд ашиглах боломжгүй бөгөөд хэрэглэгчид анх холбогдоход нь төхөөрөмжөө сайн судалж байж тавиулаарай гэдгийг нь хэлэхийн сацуу холбогдох тайлбаруудыг тухай бүр нь өгч байсан. Түүнчлэн S.RU сайтыг нь хэлж өгч, харуулж, Монгол хэлээр холбогдох шаардлагатай бүхий л тайлбар, зааварчилгааг нийт үйлчлүүлэгчид өгдгийн адил тухайн хэрэглэгчид бас хэлж өгч байсан. Мөн цахим орчинд төхөөрөмжийн талаар дуу дүрс бичгийн хэлбэрт зар сурталчилгаанууд байдаг. Үйл ажиллагаа явуулж, борлуулж, тээврийн хэрэгсэлд суурилуулж эхэлснээс хойш анхны удаа энэ гомдол гарч байгаа боловч төхөөрөмж загварт, эсвэл үйл ажиллагаанд алдаа, дутагдал, доголдол, үйлдвэрийн эвдрэл гэмтэл зэрэг асуудлаас шалтгаалсан гомдол гарсан бол манай талаас засаж, солих үйлчилгээг нэн даруй үзүүлэхэд татгалзах зүйлгүй. Харин тухайн системийг ...ажиллуулж чадахгүй, таалагдахгүй, үндэслэлгүйгээр хэвийн бус ажилладаг гэх шалтгаанаар төхөөрөмжийг буцаах аргагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 5/, H фэйсбүүк пэйж хуудас болон автомашины дохиоллын аппликейшины зураг /хх 6-8/, шилжүүлгийн баримтын хуулбар /хх 9/, депозит дансны хуулга /хх 10/.

 

4. Хариуцагчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: автомашины дохиоллын аппликейшины зураг /хх 24/, төхөөрөмжийн зураг /хх 25/, H фэйсбүүк пэйж хуудасны зураг /хх 26-28/, фэйсбүүк зурвас /хх 29-31/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримыг шүүхийн зүгээс бүрдүүлсэн. Үүнд: СД-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 46-47/, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 54/, автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 55-66/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.С нь хариуцагчаар HLLC-ийг тодорхойлж 1,100,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг М.С-р сольсон.

 

2. Хариуцагч М.С-с 1,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчаас автомашины дохиоллын систем худалдан авч өөрийн автомашиндаа суурилуулсан. Гэвч уг бүтээгдэхүүн нь доголдолтой, хэвийн ажиллахгүй байх тул бүтээгдэхүүний үнэ 1,050,000 төгрөг, өмгөөлөгчөөр нэхэмжлэл бичүүлсэн төлбөр 50,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

3. Дээрх шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...хэвийн ажилладаг бүтээгдэхүүнийг худалдсан, нэхэмжлэгч өөрөө зохих ёсоор ажиллуулж чадахгүй байгаа учир мөнгийг буцаан өгөх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлав.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.Сос ОХУ-д үйлдвэрлэсэн асаалтын системтэй дохиолол, хамгаалалтыг худалдан авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

5. Д.Сын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох бүтээгдэхүүн нь доголдолтой гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгийг хохирлын хамт нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн тусламжтай нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Хэрэгт цугларсан буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийсэн баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Иймд нэхэмжлэгчид гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг болон шүүхэд хандахдаа бусдаар нэхэмжлэл бичүүлэхэд гаргасан зардлын хамт шаардах эрх үүссэн гэж үзэв. Харин нэхэмжлэгчийн ...би хариуцагчаас 900,000 төгрөгийг аваад эвлэрэх хүсэлтэй гэсэн тайлбарыг үндэслэн энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сос 26,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.С-с 900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С-с 26,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ХАНГАЛ