Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/02525

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/02525

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н ХХК 

 

Хариуцагч:Т.М 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 30,288,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Т.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Т.М-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нэт капитал авто ХХК нь Т.М, Б.Г нартай №206209264 тоот Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.50 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №206209264 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж 00-00 УБЗ улсын дугаартай, Ланд крузер 100 маркийн автомашиныг Нэт капитал авто ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр болсон. Гэвч зээлийг эргэн төлөхгүй удаасан бөгөөд бидний зүгээс удаа дараа сануулсан боловч зээлдэгч нар ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч төгрөг эргэн төлөөгүй. Мөн фидуцийн гэрээний зүйл болох Ланд 100 маркын автомашин нь зам тээврийн хөдөлгөөнд огт ороогүй, татвар хураамж, үзлэг оношилгоонд орохгүй байгаа бөгөөд энэ талаар тодруулахад Т.М нь ...эвдэрсэн гэж хэлсэн учир бид фидуцийн гэрээнээс татгалзаад, зээлийн гэрээний үүргээ шаардан шүүхэд хандсан. Бид анх хариуцагчаар Т.М, Б.Г нарыг тодорхойлж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

1/ Үндсэн зээл 15,000,000 төгрөг, үндсэн хүү 12,740,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,548,000 төгрөг, нийт 30,288,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Гт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Харин Б.Гийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Ингээд бид хуульд заасан эрхийнхээ дагуу зээлдэгч Т.Маас зээлийн гэрээний үүрэгт нийт 30,288,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.М нь зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан. Гэвч уг зээлээс огт мөнгө аваагүй, нэхэмжлэгч тал зээлийн мөнгийг шилжүүлснээ нотлоогүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч байгууллага нь зээл олгосон талаараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь нэг талын баримт бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1303 дугаар магадлалын 4 дүгээр талд тодорхой дурдагдсан билээ. Б.Г болон Т.М нарын хувьд хариуцагч байгууллагын нэхэмжилж буй зээлийг бодитоор хүлээн аваагүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар бус зээлийг бодитоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй билээ. Иймд хариуцагч байгууллага нь зээлийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Мөн ИХШХШтХ-ийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;гэж хэргийн оролцогчийн хүлээх үүргийг хуульчилжээ. Тус зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох учиртай юм. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4-5/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 6-7, 60,88/, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №206209264 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээний хуулбар /хх 8-11/, төрөл садангийн лавлагаа /хх 12/, Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 13/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 14/, зээл төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол /хх 15-16/ депозит данс хуулга /хх 42, 48/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ТМ2022/00468 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 43-47/, зээлийн дансны хуулга /хх 49-51/.

 

5. Хариуцагчийн зүгээс дараах нотлох баритмтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 56/.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Голомт банк дахь Т.Мын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дансны хуулга /хх 59/.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 91/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШТ2021/00437 дугаар тогтоолын хуулбар /хх 98-99/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2020/15439 дүгээр захирамжийн хуулбар /хх 100/, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Т.Мын гаргасан хүсэлт /хх 101/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1303 дугаар магадлалын хуулбар /хх 102-104/, зээлийн дансны хуулгын хуулбар /хх 105-107/, мемориалын баримтын хуулбар /хх 106/.

 

8. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: 00-00УБЗ улсын дугаартай тээрвийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх 67-80/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэг талаас Н ХХК, нөгөө талаас Т.М, Б.Г нар 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр №206209264 тоот Зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Нэт капитал авто ХХК нь 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.50 хувийн хүүтэй Т.М, Б.Г нарт зээлжээ.

 

2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №206209264 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж 00-00УБЗ улсын дугаартай, Ланд крузер 100 маркийн автомашиныг Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохирсон байна.

 

3. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н ХХК нь хариуцагчаар Т.М, Б.Г нарыг тодорхойлж үндсэн зээл 15,000,000 төгрөг, үндсэн хүү 12,740,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,548,000 төгрөг, нийт 30,288,000 төгрөгийг хариуцагч нараас шаардан шүүхэд хандсан.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Гт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Харин нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Б.Гийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.

 

5. Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн /-ийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 15.3.4 дэх хэсгүүдээр зохицуулсан.

 

6. Нэхэмжлэгч Н ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохоо нотлоогүй ба талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан №206209264 тоот Зээлийн гэрээ-ний агуулга болон заалтуудаас үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Нэгэнт Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

7. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч нь зээлд авсан 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.

 

8. Хариуцагчийн ...зээлийн мөнгийг хүлээж аваагүй гэх татгалзал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нэт капитал авто ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М"аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нэт капитал авто ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ