Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/02527

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/02527

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А.М

 

Хариуцагч: Э.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: 11,180,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч А.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Э.О-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Э.О-ын хүсэлтээр урдны мөнгө зээлж, буцааж өгдөг байсан итгэлцэл дээр тогтсон зээлийн аман гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Э.О- тухайн зээлийг надад төлөх хугацаа болоогүй, төлөөгүй байхдаа дахин 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,600,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 8,800,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өзөр 2,600,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1,680,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Зээлийн аман гэрээ байгуулсан тул тэмдэглэл үйлдэж нотариатаар гэрчлүүлээгүй. Гэрээний зүйл нийт 23,080,000 төгрөгийг өөрийн интернэт банкаар Э.О-ын данс руу шилжүүлсэн. Зээлдэгч эхний сар зээлсэн мөнгө, хүүг хугацаандаа өгөөгүй байхдаа над руу утсаар хэд хэдэн удаа залгаж мөнгөний хэрэг байна. Би чамаас авсан мөнгийг хугацаандаа өгнө, өгөхдөө 2,600,000 төгрөг асан бол 3,300,000 төгрөг болгож өгнө гэх мэтээр хэлж 6 удаа 23,080,000 төгрөг авсан. Би зээлсэн мөнгөө хүүтэй нь авах талаар утсаар хэд хэдэн удаа шаардаж уулзахад би нэг алдаа гаргачихлаа гэхдээ мөнгийг чинь өгнө гэх мэт учир битүүлэг юм ярьж элдэв, шалтгаан тооцож мөнгө болон хүүг төлөөгүй. Ингээд би анх шүүхэд хариуцагч Э.О-оос үндсэн зээл 23,080,000 төгрөг, зээлийн хүү 11,540,000 төгрөг, нийт 34,620,000 төгрөг гаргуулахаар хандсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай тооцоо нийлж үзэхэд хариуцагч нь 11,180,000 төгрөгийг төлөх ёстой тооцоо гарсан. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Э.О-оос хүү, алданги тооцолгүй зөвхөн үндсэн шилжүүлсэн мөнгө болох 11,180,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж байна. Анх би үндсэн зээлийг хүү, алдангийн хамт нэхэмжилж байсан. Гэвч хариуцагчтай бичгээр гэрээ байгуулаагүй учир одоо би зөвхөн зээлсэн мөнгөө л буцааж авна, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хоёр дансаар нийт 38,900,000 төгрөгийг авсан нь үнэн. Харин буцаагаад нэхэмжлэгч А.М- руу зээлийг төлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би нэхэмжлэгчтэй тооцоо нийлэхэд миний төлөх ёстой мөнгөн дүн 11,180,000 төгрөг болсон. Уг мөнгийг төлнө, гэхдээ нэг дор бүтнээр төлөх боломжгүй. Зээлийн мөнгийг бага багаар төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа учир шүүхийн шийдвэрээр маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Хаан банкны депозит дансны хуулга /хх 4-40/, Хас банкны депозит дансны хуулга /хх 41-56/, фэйсбүүк зурвасын хуулбар /хх 57/, утасны зурвасын хуулбар /хх 58-66/.

 

4. Хариуцагчийн зүгээс дараах нотлох баритмтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны депозит дансны хуулга /хх 73-134/, /хх 140-143/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 139/, тооцоо нийлсэн акт /хх 151-152/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Э.О-оос зээлийн гэрээний үүрэгт 34,620,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ...хариуцагчтай тооцоо нийлсэн гэсэн үндэслэлээр өөрийн шаардлагын хэмжээг 11,180,000 төгрөг болгон багасгасан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцагчтай аман гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Гэвч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учир шүүхэд хандсан. Анх би үндсэн зээлийг хүү, алдангийн хамт нэхэмжилж байсан. Гэвч хариуцагчтай бичгээр гэрээ байгуулаагүй учир одоо би зөвхөн зээлсэн мөнгөө л буцааж авна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч А.М-д буцаан төлөх зээлийн хэмжээ 11,800,000 төгрөг байгаа тал дээр маргаагүй хэдий ч ...11,180,000 төгрөгийг нэг дор төлөх боломжгүй, сар бүр бага хэмжээгээр зээлийг буцаан төлөх хүсэлтэй гэсэн тайлбарыг гаргасан.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулсан.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгч А.М-д буцаан төлөх зээлийн хэмжээ 11,180,000 төгрөг байгаа тал дээр маргаагүй. Иймд шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 193,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-оос 11,180,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 193,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ