| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 2015001300071 |
| Дугаар | 2021/ДШМ/33 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ДШМ/33
Р.Одсүрэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Шүүх хуралдаанд:
прокурор Э.Гантулга,
шүүгдэгч Р.Одсүрэн, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар /онлайнаар/
хохирогч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/282 дугаар шүүгчийн захирамжтай Р.Одсүрэнд холбогдох 2015001300071 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын эсэргүүцэлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Цагаанхуулар овогтой Рэнцэндоржийн Одсүрэн /рд:ГО********/, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Булган аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Б дүүрэг **-р хороо, **-р байрны ** тоотод оршин суудаг, урьд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнцэж, үүрэг хүлээлгэх ял шийтгэл эдэлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Одсүрэн нь Булган аймгийн Б сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж Б.Өлзийсайханаас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Цэрэнчимэдээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.Оюунчимэгээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, Г.Гэгээнцэцэгээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Бүрэндүүрэнгээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийн тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаар шүүгчийн захирамжаар:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Одсүрэнд холбогдох эрүүгийн 2015001300071 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж,
Шүүгдэгч Р.Одсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж,
Шүүгчийн захирамжид гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаартай захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Яллагдагч Р.Одсүрэн нь Булган аймгийн Б сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж Б.Өлзийсайханаас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Цэрэнчимэдээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.Оюунчимэгээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, Г.Гэгээнцэцэгээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Бүрэндүүрэнгээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэгт холбогдсон.
Аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2015001300071 дугаартай хэрэгт Р.Одсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №4/130 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаартай захирамжаар яллагдагч Р.Одсүрэнд холбогдох хэргийг буцаахдаа:
Яллагдагч Р.Одсүрэнд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор эцэслэн шийдвэрлэх боломжгүй байга гэж үзлээ. Өөрөөр хэлбэл яллагдагч Р.Одсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаартай магадлалаар хэрэгт нэмж ажиллагаа хийлгэхээр хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Энэхүү магадлалд заасан нэмж хийлгэвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна гэж дүгнэв.
Учир нь магадлалд: Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тогтоогоогүй, гэмт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзжээ.
Мөн шүүгдэгч нь аль үеэс эхлэн хохирогч нарын итгэлийг урвуулан зээл авах, зээл авахуулах залилах гэмт хэргийг үйлдсэн, залилах гэмт хэргийг үйлдэхдээ хэрхэн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэнийг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна. Тогтоохдоо шүүгдэгч нь эрхэлж буй албан тушаал, албан үүргээ урвуулан ашиглах аргаар байна уу, харин иргэд хоорондын харилцаанд үүссэн итгэлцлийг ашиглан үйлдсэн үү гэдгийг анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар "ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйгээрээ/ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэжээ.
Шүүгдэгч Р.Одсүрэн нь Булган аймгийн Б сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, харилцагчид зээл гаргаж өгөх замаар харилцагчаас мөнгө авах, хүссэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргах зэрэг албан тушаалын байдлаа ашигласан үйлдлүүд, түүнээс үүсэх хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нэгтгэн дүгнэж гэмт хэрэгт холбогдох үедээ шүүгдэгч Р.Одсүрэн нь хөдөлмөрийн гэрээгээр Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч байгууллага болох Хаан банкаар тэргүүн ээлжид гаргуулж хохирлыг арилгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршино гэжээ.
Үүний дагуу Хаан банкны Булган аймаг дахь салбарын захирал Б.Баярбат нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаартай албан бичгээр тус банкыг төлөөлөн оролцуулахаар менежер Г.Мөнхөөг томилсон боловч иргэний хариуцагчаар татах тогтоолыг танилцуулах, мэдүүлэг авах ажиллагааг хийхэд ямар нэгэн шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсан байна.
Энэ тухай тус банкнаас иргэний хариуцагчтай холбоотой асуудлаар дахин тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу зохих ажиллагааг нэмж бүрэн гүйцэт хийж ирүүлэх нь зүйтэй байна...” гэжээ.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаартай захирамж нь эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд Иргэний хариуцагчийг тодорхойлж өгсөн ба Булган аймаг дахь Хаан банкны захирал Б.Баярбат нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 266 дугаартай албан бичгээр тус банкыг төлөөлүүлж менижер ажилтай Г.Мөнхөөг томилсон байх ба үүний дагуу мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Лхагвадорж нь Г.Мөнхөөг иргэний хариуцагчаар тогтоож, түүнд хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч сонгон аваагүй тохиолдолд томилогдсон өмгөөлөгч заавал оролцуулах талаар хуульчлаагүй байх ба гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд өмгөөлөгч оролцуулах асуудлыг хуульчилсан байгаа нь дээрх мөрдөн шалгах ажиллагааг нөхөж гүйцэтгэх боломжгүй буюу хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.
Иргэний хариуцагч Г.Мөнхөө нь өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгон авах эрх нь аль ч шатанд нээлттэй ба үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Яллагдагч Р.Одсүрэн нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Булган аймгийн Баяннуур сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан болох нь Хаан банкны захирлын түүнийг ажилд томилсон болон ажпаас чөлөөлсөн тушаал, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Мөн Улсын Дээд Шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №435 дугаартай тогтоолд залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийг тайлбарлахдаа "... Хууль тогтоогч “Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж... өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох ... замаар бусдыг төөрөгдөлд оруулж... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийг эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан болно гэжээ.
Үүнээс үзвэл Р.Одсүрэн нь иргэдээс бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж буюу Булган аймгийн Баяннуур сум дахь хаан банкны салбараас зээл гаргуулан авах хүсэлтэй иргэдтэй албаны чиг үүрэгт харшилсан үйлдэл буюу Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх” гэснийг зөрчиж тэдний хүссэн зээлийн дүнгээс дээгүүр зээлийн хүсэлт гаргуулан зээл олгуулж, теллерээр дамжуулалгүй данс хоорондын гүйлгээ хийж буй үйлдэл нь албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №47 дугаартай Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Р.Одсүрэнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан “...мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримт байна гэж үзвэл үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
Шүүгдэгч Р.Одсүрэн нь Булган аймгийн Б сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж Б.Өлзийсайханаас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Цэрэнчимэдээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.Оюунчимэгээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, Г.Гэгээнцэцэгээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Бүрэндүүрэнгээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх иргэний хариуцагчийн холбоотой мэдүүлэг авах, тогтоол танилцуулах, мэдүүлэг авах ажиллагааг дахин зохих ёсоор нэмж бүрэн гүйцэт хийх ирүүлэх шаардлагатай дээрх ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил илэрсэн гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь байна.
Прокурор эсэргүүцэлдээ: “...Р.Одсүрэн нь иргэдээс бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж буюу Булган аймгийн Баяннуур сум дахь хаан банкны салбараас зээл гаргуулан авах хүсэлтэй иргэдтэй албаны чиг үүрэгт харшилсан үйлдэл буюу Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх” гэснийг зөрчиж тэдний хүссэн зээлийн дүнгээс дээгүүр зээлийн хүсэлт гаргуулан зээл олгуулж, теллерээр дамжуулалгүй данс хоорондын гүйлгээ хийж буй үйлдэл нь албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №47 дугаартай Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх захирамжидаа иргэний хариуцагчтай холбоотой ажиллагааг нөхөн хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолой байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг хангахгүй орхисугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Н.БАЯРХҮҮ