Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 570

 

 

 

 

 

                    

 

 

 

Л.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00327 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д ХХК -д холбогдох

 

Автомашиныг худалдан борлуулсаны зөрүү 46 940 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Л.Уын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Ундармаа

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.У би 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д ХХК -ийн автомашины ломбарданд Toyota Landcruiser-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай машиныг барьцаанд тавьж 27 200 000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хүү, алданги, зогсоолын мөнгийг төлж байсан. Улмаар дараа сарын хүү төлөх өдөр 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байсан бөгөөд тус ломбард нь өөрийн ажилтан болох Б.Үсэгбаяр гэдэг хүнд 10 000 000 төгрөгөөр зарж борлуулан нэр дээр нь шилжүүлсэн байсныг сүүлд мэдсэн. Миний бие тухайн үед хөдөө ажиллаж байсан ба 9 сарын сүүлээр очиж тооцоо нийлэхэд 33 060 000 төгрөгийн зээлтэй үлдсэн байсан. Ингээд дараа саруудад автоломбарднаас надтай болон миний дүү Л.Баасанчимэгтэй холбогдож хүү, алдангийн талаар ярихад хийж байгаа ажлын хөлсөө аваад төлбөр тооцоогоо барагдуулна гэдгээ хэлж байсан. Нэгдүгээр сарын дундуур надад мэдэгдэлгүйгээр өөр хүнд зах зээлийн үнээс доогуур зарсныг мэдсэн. Ингэж зарж борлуулчихаад машинд байсан миний бичиг баримтуудыг ч огт өгөөгүй, мөн гэрээнд заасан журмыг зөрчиж хугацаанаас өмнө автомашиныг өөр этгээдийн эзэмшилд шилжүүлчихээд надаас хүү, алданги нэхэж байсан. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зээлдэгч авсан зээлээ, түүний хүүг буцаан төлөөгүй, зээлдүүлэгчтэй өөрийн биеэр ирж уулзан, тодорхой хугацаагаар зээлийн хугацааг бичгээр сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал барьцаанд буй хөрөнгийг зээлийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа зарж борлуулан зээл, хүү, алданги, хадгалалт хамгаалалтын бүх хохирлоо гаргаж авна, мөн 9 дүгээр зүйлийн Зээлдэгч Л.У би гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцааны эд хөрөнгийг зээлийн хугацаа дууссаны дараа зээлдүүлэгч тал үл маргах журмаар эзэмшилдээ авах, зарж борлуулах, ашиглах, захиран зарцуулах бүх хэлбэрээр хохирлоо гаргаж авахыг бүрэн зөвшөөрч байгаа ба элдэв зөрүү, хариу төлбөр нэхэхгүй болно гэсэн заалт нь Иргэний хууль тогтоомжийг зөрчиж хийсэн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 286 дугаар зйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэсэн заалтыг зөрчиж хийгдсэн гэрээ байна. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар харилцан тохиролцсон. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас өмнө Б.Үсэгбаяр гэх хүний нэр дээр автомашины гэрчилгээг шилжүүлсэн. Хариуцагч тал бид хуулийн дагуу үнэлгээ хийлгээд худалдсан гэх боловч үнэлгээг худалдсанаас хойш буюу Б.Үсэгбаярын нэр лүү шилжсэний дараа хийсэн байдаг. Эдгээр нь цаг хугацааны хувьд хууль зөрчсөн ажиллагаа юм. Өөр хүний нэр лүү шилжсэн машинд хүүнд 18 000 000 төгрөг, алданги 1 632 000 төгрөг, зогсоолын төлбөр 590 000 төгрөг, нийтдээ 22 771 000 төгрөгийн хүү, алданги тооцсон байгаад гомдолтой байна. Таны машиныг 63 000 000 төгрөгөөр зарсан, зөрүү мөнгө 4 000 000 төгрөгөө авбал ав гэсэн. Тухайн үед би машинаа зах зээлийн ханш 80 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд надад мэдэгдэлгүйгээр машиныг зарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний төлөх ёстой 33 060 000 төгрөгийг хасаж 46 940 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д ХХК  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.У нь Д ХХК -тай 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2695 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Л.У нь 20 000 000 төгрөгийг, мөн тухайн өдрөө 7 200 000 төгрөгийг, нийт 27 200 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл буюу 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр Д ХХК -аас зээлж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдуулан Л.У нь өөрийн өмчлөлийн Toyota Landcruiser-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болно. Л.У нь Д ХХК -тай харилцан тохиролцож зээлийн гэрээг сунгаж, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 360 000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 24-нд 4 500 000 төгрөгийг тус тус нэмж зээлсэн бөгөөд нийт 33 060 000 төгрөгийг зээлж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан. Дээрх зээлийн гэрээний хугацаанд Л.У нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1 360 000 төгрөг хүү, алданги 952 000 төгрөг, мөн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 360 000 төгрөгийн хүүг тус тус төлж, нийт 3 672 000 төгрөгийг Д ХХК -д төлсөн. Гэтэл Л.У нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Д ХХК  нь барьцаа хөрөнгийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан борлуулсан. Л.У нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлийн дагуу автомашин борлуулсны зөрүү мөнгө 46 940 000 төгрөгийг Д ХХК -аас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Учир нь Л.У нь 2015 оны 10 сарын 24-ний өдөр үндсэн төлбөр, хүү болон зогсоолын төлбөрийг төлөөгүй бөгөөд үүний дагуу Д ХХК  нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар төлбөрөө төлөхийг мэдэгдэж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 104 хоног хүлээж, эцэст нь барьцаа хөрөнгийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гуравдагч этгээдэд зах зээлийн ханшаар буюу 63 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан 2695 дугаартай зээлийн гэрээгээр үндсэн төлбөр, хүү, алданги, зогсоолын төлбөр болон бусад зардлыг багтаасан нийт 58 877 208 төгрөг болсон. Автомашин худалдан борлуулсаны зөрүү төлбөр 4 122 792 төгрөгийг Д ХХК  буцаан өгөх боломжтой. Үнэлгээг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийлгэсэн, үнэлгээ 63 000 000 төгрөг гэж гарсан. Энэ бол зах зээлийн бодит үнэлгээ юм. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр машиныг зарахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зар тавьсан. Зарын дагуу Д.Баясгаланд 61 000 000 төгрөгийг бэлнээр, 2 000 000 төгрөгийг бартераар, нийт 63 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Анх 80 000 000 төгрөгөөр авсан гэх нотлох баримт алга. Түүнээс хойш элэгдэл хорогдол зэргийг тодорхойлуулаагүй. Автомашиныг зарсны дараа зөрүү мөнгийг ав гэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК -аас 10 218 492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36 721 508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК -аас 178 446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.У давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний хүртэл сунгасан гэдгийг хэн алин зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахаас өмнө 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр н.Үсэгбаяр гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар ирүүлсэн баримтаар нотлогдсон. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан. Гэтэл хариуцагч гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад автомашиныг худалдан борлуулсан нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж заасан байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн автомашин үнэлсэн тухай тайлангийн автомашины зах зээлийн харьцуулах аргын үнэлгээнд зах зээлийн үнэ 80 000 000-90 000 000 төгрөгийн үнэтэй байна гэсэн үнэлгээ байгаа. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Д ХХК -д холбогдуулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэжмлэлийн дагуу автомашин борлуулсаны зөрүү төлбөрт 46 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулсан 63 000 000 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 4 122 792 төгрөгийг өгөх боломжтой гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2695 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулагдаж, зээлдэгч нь 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатайгаар зээлж, зээлдүүлэгч нь зээлийн барьцаанд Тоёота Ланд круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Д ХХК -иас 20 000 000 төгрөгийг зээлж, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 7 200 000 төгрөг, мөн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 360 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 4 500 000 төгрөгийг тус тус нэмж, нийт 33 060 000 төгрөгийг зээлсэн, гэрээний үүрэгт 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн хүүд 1 360 000 төгрөг, алдангид 952 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүүд 1 360 000 төгрөг, нийт 3 672 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт болон сунгалтын баримтаар тогтоогдож байна. /хх 4-5, 28-29/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон талаар талууд маргаагүй боловч хариуцагч Д ХХК  нь зээлийн гэрээний 8 дахь хэсэгт “зээлдэгч авсан зээлээ, түүний хүүг хугацаандаа буцаан төлөөгүй, зээлдүүлэгчтэй өөрийн биеэр ирж уулзан тодорхой хугацаагаар зээлийн хугацааг бичгээр сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал барьцаанд буй хөрөнгийг зээлийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа зарж борлуулан зээл, хүү, алданги, хадгалалт хамгаалалтын бүх хохирлоо гаргаж авна” гэж заасныг зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Тоёота Ланд круйзер-200 маркийн 66-60 УНЧ улсын дугаартай автомашины гэрчилгээг Б.Үсэгбаярын нэр дээр шилжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Ут зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 31, 51/

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ.

 

Гэтэл дээрх журмын дагуу комиссийн буюу дуудлага худалдаа явагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

 

Хариуцагч Д ХХК  нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар барьцааны зүйл болох автомашины үнэлгээг 63 000 000 төгрөгөөр хийлгэж бусдад худалдан борлуулсан. Гэвч автомашин үнэлсэн тухай тайлангын мэдээлэл гэх хэсэгт Тоёота Ланд круйзер-200 маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн суудлын машин “Мөнгөн гүүр” ХХК, “Дизель Хөдөлгүүр” ХХК, “Да хүрээ трейд” ХХК-ийн машины захад 80 000 000-90 000 000 төгрөгийн үнэ ханштай байна гэж тусгасан атлаа ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн автомашины үнийг 63 000 000 төгрөг болгон бууруулсан нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэгч Л.Уын Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг 80 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбарыг үнэлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 33 060 000 төгрөг, хүү 3 663 508 төгрөг, алданги 15 578 000 төгрөг, авто зогсоолын төлбөр 480 000 төгрөг, нийт 52 781 508 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байх тул автомашины 80 000 000 төгрөгөөс хасч хариуцагч Д ХХК -иас нэхэмжлэлийн гүйцэтгэвэл зохих үүрэг 27 218 492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Барьцааны зүйл болох Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг худалдан борлуулж, гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн байгаа тохиолдолд дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэх боломжгүй. Энэ талаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК -иас 27 218 492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 721 508 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...178 446 төгрөг...” гэснийг “294 042 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар нэхэмжлэгч Л.Уаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН