| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/01998/И |
| Дугаар | 102/ШШ2023/02577 |
| Огноо | 2023-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/02577
| 2023 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2023/02577 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д ХХК
Хариуцагч: А ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 236,643,525 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Манай компани нь А ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн. Бид гэрээний дагуу А ХХК-д Профиль төмөр болон түүний холбох хэрэгсэл-ийг нийлүүлэхээр болсон ба нийт 144,637,500 төгрөгийн үнэ бүхий профиль төмрийг холбох хэрэгслийн хамт нийлүүлсэн. Хариуцагч А ХХК нь 70,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн. Үлдэх 74,637,500 төгрөгт 49.66 м2 талбайтай орон сууцыг бартерт өгөхөөр тохирсон байсан.
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж бид А ХХК-д ахин 100,654,000 төгрөгийн үнэ бүхий профиль төмрийг холбох хэрэгслийн хамт нийлүүлсэн. Ингээд бидний хариуцагчаас авах авлага нийт 175,291,500 төгрөг болсон. Гэвч А ХХК нь талуудын байгуулсан гэрээний заалтуудыг удаа дараа зөрчиж төлбөрөө төлөөгүй, бартерийн орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. 2022 оны 12 дугаар сард бартерын орон сууцыг ашиглалтад орно гэсэн боловч одоог хүртэл ороогүй байна. Хариуцагч нь манай компаниас авсан бараа бүтээгдэхүүнийг гэрээний зориулалтын дагуу тус төсөлд ашиглахгүй өөр төсөлд ашигласан, бараа материалыг графикийн заасан хугацаанд аваагүй, барилгын дулааныг аваагүй гэх шалтаг шалтгаан байнга тоочиж байсан. Бид гэрээний үүргийн дагуу шаардлага байнга тавьж албан бичиг өгч, өөрийн биеэр удаа дараалан шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа. Бид гэрээний үүргээ биелүүлэх гэж бусдаас зээл авсан, уг зээлийнхээ төлбөр, хүүг төлөх гэж өөрсдөө давхар хохирч байгаа. Иймд шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1/ 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийт бэлтгэн нийлүүлсэн нийт барааны үнэ болох 175,291,500 төгрөг;
2/ Нийт үнийн дүнгийн хоног тутмын 0.5 хувийн алданги болох 61,352,025 төгрөг, нийт 236,643,525 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай А ХХК нь Д ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн ба гэрээний дагуу профиль төмөр болон түүний холбох хэрэгслийг нэхэмжлэгч тал бидэнд нийлүүлэхээр болсон. Талуудын байгуулсан гэрээний 5.8-д нийлүүлэх бүтээгдэхүүний чанарын талаар заасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадаагүй. Нийлүүлсэн бүтээгдэхүүн нь доголдолтой, ашиглах боломжгүй, хаягдал их гарсан. Бид арга буюу өөрсдөө засч, янзлаад барилгын ажилдаа хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь нийт 108,257,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлснээс бид 70,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Одоо бид үлдэх 38,257,000 төгрөгийг төлөх ёстой, уг төлбөрөө бол төлнө. Үлдэх төлбөрийг нь зөвшөөрөхгүй. Бидний байгуулсан гэрээнд алдангийн талаар тохироогүй учир ямар нэг алдангийг төлөхгүй. Манай зүгээс нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн бичгийн баримтууд үйлдсэн талаар маргахгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/, зарлагын баримт /хх 7-26/, Д ХХК-ийн албан шаардлагын хуулбар /хх 27/, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэ гэрээ-ний хуулбар /хх 28-30/, тооцоо нийлсэн акт /хх 31-32/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 33-34/, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/202249573263 тоот зээлийн гэрээний хуулбар /хх 51-54/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ/202146956471 тоот зээлийн гэрээний хуулбар /хх 55-57./
4. Хариуцагчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 44/, итгэмжлэл /хх 45/.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК болон А ХХК-иуд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу нийлүүлэгч тал буюу Д ХХК нь захиалагч тал болох А ХХК-д Профиль төмөр болон түүний холбох хэрэгсэл-ийг нийлүүлэх, үүний хариуд А ХХК нь тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
2. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулж 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үүрэгт барааны төлбөр 175,291,500 төгрөг, алданги 61,352,025 төгрөг, нийт 236,643,025 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт 74,637,500 төгрөг-ийн болон 99,754,000 төгрөг-ийн тооцоо нийлсэн актуудыг хавсаргаж өгсөн.
4. Дээр дурдсан тооцоо нийлсэн актуудыг хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Д ХХК-тай үйлдсэн талаар маргаагүй. Иймд хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчид нийт 174,391,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэн, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцнэ.
5. Хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх ба анзын тухай гэрээг бичгээр байгуулах ёстой. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-нд алдангийн талаар тохиролцоогүй байна.
6. Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан болон гэрээний дагуу тодорхой хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй. Харин хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан ...нийлүүлсэн бүтээгдэхүүн доголдолтой байсан, ...дутуу бараа нийлүүлсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нотлоогүй, өөрийн татгалзалтай холбоотой ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй болохыг дурдав.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,341,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 1,029,907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 174,391,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,252,025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,341,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 1,029,907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ