Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/02588

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/02588

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:  М ХХК 

 

Шүүхэд гаргасан хүсэлт: дампуурсанд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У

Хэрэг гүйцэтгэгч А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. М ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ХХК нь 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртүүлсэн бөгөөд 011028006 тоот улсын бүртгэлийн, 000000 тоот регистрийн дугаартай, нэг хувьцаа эзэмшигчтэй, 99,950,500 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй компани. Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаа огт эрхэлж байгаагүй бөгөөд компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Б асан нь 2010-2012 онд компанийн тамгыг ашиглаж, 23 аж ахуй нэгжид 2,956,733,715 төгрөгийн НӨАТ-ын падааны хий бичилт хийн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн байсныг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 24-ний 326 дугаар тогтоол гарснаар мэдсэн. Уг хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Баянгол дүүргийн татварын хэлтэс тус компанид давхардсан, хууль бус хяналт шалгалт хийн, татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 260011233 дугаар акт тавьж, 263,063,640 төгрөгийн төлбөр ногдуулсан боловч прокурорын тогтоол гарсан, компанийн үйл ажиллагаа огт явдаггүй, ажиллах хүч, хөрөнгөгүй, санхүүгийн байдал хүнд байсан зэрэг шалтгаанаар уг актад гомдол гаргаагүй. Гэтэл 2021 оноос тус татварын хэлтэс татварын өр төлбөрөө нэхэмжилж эхэлсэн. Манай компани энэ эрүүгийн хэрэгт гэм буруугүй бөгөөд огт үйл ажиллагаа явуулдаггүй, X тайлан гаргадаг тул уг төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байна. Мөн эдийн засгийн хямрал, ковид цар тахал зэрэг өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ч үйл ажиллагаа явуулах боломжгүй хүнд нөхцөл байдалтай байгаа. Иймд М ХХК-ийг дампуурсанд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/шз2022/19874 дүгээр захирамжаар М ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, хэргийн зохигч нарт танилцуулж байна.

Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:

а/ М ХХК-ийн танилцуулга: М ХХК нь Улсын бүртгэлийн 0000000000 дугаартай, 000000 тоот регистртэй, Улаанбаатар хот, 0 тоотод байрлаж ажиллахаар 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. М ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 0 тоотод хаяг шинээр бүртгүүлснийг болон дүрмийн сан 98,957,500 төгрөгөөр нэмэгдэж нийт 99,957,500 төгрөг болсныг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувь нийлүүлэгч 2 нэмэгдэж, 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо 2 болж /Г.А, Д.П/ өөрчлөгдсөнийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгч 1 нэмэгдэж, 2 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо 1 болж /Ц.Г/ өөрчлөгдсөнийг, эрхлэх үйл ажиллагаанаас гадаад худалдаа хасаж, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа үйл ажиллагаагаар шинээр тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ц.Ганзориг, дүрмийн сангийн эзэмшлийн хувьд Ц.Ганзориг 100 хувь эзэмшдэг.

б/ М ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 - 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход М ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 1,200 гаруй дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна.

в/ Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентын утга 0.7 - 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. М ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 2016 оноос хойш алдагдаж, богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүйг илэрхийлж байна.

г/ Төлбөр барагдуулах өнөөгийн боломж: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. М ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр тус компанийн мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийн 9 хувийг л барагдуулах боломжтой байх ба мөнгөн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүйг илэрхийлж байна. Энэ үзүүлэлт нь богино хугацаат өр төлбөр дэх яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг ба М ХХК нь татварын өр төлбөрийн 9%-ийг нь л барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байх ба энэ маш өндөр эрсдэлтэй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өрийг барагдуулах мөнгөн хөрөнгө огт хүрэлцэхгүй байна.

д/ Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ: Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. М ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр -2.27 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загвар ба энэ шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс бага, сөрөг утгатай гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, гадны зээлдүүлэгч /төлбөр авагч/-ээс хамаарах хамаарал хэт их байгааг илэрхийлж байна.

Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 - 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 2.88 гэсэн утгатай гарч байгаа боловч М ХХК нь 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн тайланд өөрчлөлт ороогүй байгаа нь хэвийн бус нөхцөлд тооцогдох ба энэ нь өөрийн эргэлтийн хөрөнгө болон эзний өмчийн харьцаа алдагдсаныг илэрхийлж байна.

Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1-2 байна. М ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай гарч байгаа компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гадны эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг илэрхийлж байна.

Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх гол 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд М ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.

Хоёр. М ХХК-ийн өр төлбөр: М ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт, 2011-2021 онуудын санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсанаар Баянгол дүүргийн Татварын хэлтэс 264,417,038 төгрөгийн өр төлбөртэй байна.

Гурав. Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:

а/ М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2011 оны 2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлтүүд гарч байна.

б/ Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2011-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 263,063,640 төгрөг болж өөрийн хөрөнгийн -143.92 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, санхүүгийн тогтвортой байдал нь алдагдсан, өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө байхгүй, хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон байна.

в/ Дампуурлын тухай хуулийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10 хувиас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус М ХХК нь 2016 оноос өөрийн хөрөнгийн -143.92 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

г/ Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцход нэгэн адил хамааруулна гэж тайлбарласныг үндэслэн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1884 дүгээр албан тоотоор шүүхэд ирүүлсэн татварын өр төлбөрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон өр төлбөрийг нэмж тооцвол М ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж бйана. 2023 оны өр төлбөрийн дүн 264,417,038 төгрөг, эздийн өмч 62,161,200 төгрөг, хуримтлагдсан ашиг /алдагдал 244,950,200 төгрөг, эзний өмчийн дүн 182,789,000 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 81,628,038 төгрөг, өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -144 хувь.

д/ Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт компанийн балансад тусгагдсан биет болон биет тус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.

е/ Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт мөн зүйл, хэсгийн ...төлбөрийн чадваргүйд тооцно гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10 хувиас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварыг шинжилгээг санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 133 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг М ХХК-ийн санхүүгийн тайланд хийж гүйцэтгэсэн болно.

ё/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2022/17732 дугаар захирамжаар М ХХК-ийг төлбөрийг чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дөрөв. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан:

Шүүхэд ирүүлсэн 2011-2021 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2016 оноос үүссэн байх ба 2016 оноос -182,789,000 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 10 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2016 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь М ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

Тав. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт:

М ХХК-ийн нягтлан бодох ажилтай байсан Т.Б нь компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагад мэдэгдэхгүйгээр, компанийн тамга тэмдэгтийг ашиглан бусадтай бүлэглэн 23 аж ахйн нэгжид 2,956,733,715 төгрөгийн НӨАТ-ын падааны хий бичилт хийсэн, санхүүгийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэм буруутай үйлдлээс Баянгол дүүргийн Татварын хэлтэст 263,063,640 төгрөгийн НӨАТ-ын өр төлбөрт оруулсан байх ба Т.Б-ы гэм буруутайд тооцож анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд М ХХК-ийг төлбөрийн чадваргүй болох, үйл ажиллагаа зогсооход нөлөөлсөн нөхцөл байдалд компанийн удирдлага хувь эзэмшигч нар нь буруутай ажиллагаа байсан эсэх талаар дүгнэх боломжгүй.

Зургаа. Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн ажлууд:

М ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болсон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хөрөнгийн болон эрхийн бүртгэлийн байгууллагууд, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудаас лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулахаар 2022 оны 6 дугаар сарын 13-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн 102/шз2022/12039 дүгээр захирамжаар холбогдох лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан болно.

Долоо. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар:

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №01 тоотоор шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш32022/12039 дугаартай захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар М ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараах мэдээлэл ирсэн болно.

1/ М ХХК-ийн өмчлөлийн 0000 УБУ улсын дугаартай, 1998 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 000000 арлын дугаартай, УАЗ маркийн 00000 загварын шар өнгөтэй автомашин.

2/ М ХХК-ийн өмчлөлийн 0000 УБЯ улсын дугаартай 1989 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 000000 арлын дугаартай УАЗ маркийн 0000 загварын бор ногоон өнгөтэй автомашин.

3/ МХХК-ийн өмчлөлийн 0000 УБ улсын дугаартай, 000000 арлын дугаартай марк, загвар тодорхойгүй тээврийн хэрэгсэл.

4/ М ХХК-д өөр эд хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийн бүртгэл байхгүй байна.

5/ М ХХК нь Худалдаа хөгжлийн банканд 0, 0 тоот, Голомт банкинд 1,  0тоот харилцах дансыг тус тус эзэмшдэг байх бөгөөд эдгээр дансны үлдэгдэл 0.00 төгрөг байна.

Дүгнэлт: Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Иймд М ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дараах эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж төлбөр авагчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм.

Найм. Нэхэмжлэлийн талаар:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2022/17732 дугаартай захирамжаар М ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно. Баянгол дүүргийн татварын хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2023/08474 дүгээр захирамжаар хугацааг сэргээн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд: Баянгол дүүргийн татварын хэлтэс 264,417,038 төгрөг, 100 хувь.

Ес. Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гаргасан шийдвэр:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдийн 102/ШЗ2023/08474 дүгээр захирамжийн дагуу М ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хуралдуулж ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:

1/ Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3,9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүийн хяналт оролцоотой биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.

2/ Дампуурлын тухай хуулийн 8 дугаар сарын 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилууулахаар шүүхэд санал болгохын хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100 хувиар батлагдаж хүчин төгөлдөр болсон.

Арав. Дампуурлын шинжилгээ, дүгнэлт:

Дампуурлын шинжилгээний үндсэн 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентууд сөрөг утгатай, зохистой хэмжээнээс бага гарч байгаа нь М ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

Арван нэг. М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт:

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус М ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэг билээ гэжээ.

 

3. Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 000000 тоот регистрийн дугаартай М ХХК танай шүүхэд хандаж төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай дампуурлын хэрэг үүсгүүлэх нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. М ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын 263,063,640 төгрөгийн Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 775,148.00 төгрөгийн, зам ашигласны төлбөрийн 535,000.00 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөрийн 43,250 төгрөгийн өр, нийт 264,417,038.00 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул М ХХК-иас татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. М ХХК нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаа огт эрхэлж байгаагүй бөгөөд компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Б асан нь 2010-2012 онд компанийн тамгыг ашиглаж, 23 аж ахуй нэгжид 2,956,733,715 төгрөгийн НӨАТ-ын падааны хий бичилт хийн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн байсныг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 24-ний 326 дугаар тогтоол гаргаснаар мэдсэн бөгөөд уг хэрэг нь анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон юм. Нэгэнт тогтоогдсон үйл баримт, гэм буруугийн уг асуудлаар Нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтэс тус компанид давхардсан, хууль бус хяналт шалгалт хийн, татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 260011233 дугаар акт тавьж, 263,063,640 төгрөгийн төлбөр ногдуулсан боловч прокурорын тогтоол гарсан, компанийн үйл ажиллагаа огт явдаггүй, ажиллах хүч, хөрөнгөгүй, санхүүгийн байдал хүнд байсан зэрэг шалтгаанаар уг актад гомдол гаргаагүй юм. Дээрх үндэслэл болон төлбөрийн чадваргүйн улмаас Баянгол дүүргийн татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 5/, Монголын татварын албаны аж ахуй нэгж, байгуулалтын тодорхойлолт /1 хавтас 8-13/, компанийн дүрмийн хуулбар /1 хавтас 14-17/, Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /1 хавтас 18-22/, Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 260011233 тоот Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актын хуулбар /1 хавтас 23-25/, Татварын хяналт шалгалтын ажлын картны хуулбар /1 хавтас 26/, М ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооны хуулбар /1 хавтас 27/, Татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /1 хавтас 28/, Татварын улсын байцаагчийн 26/0011233 тоот актны хавсралтын хуулбар /1 хавтас 29/, нэхэмжлэх /1 хавтас 30/, М ХХК-ийн гомдлын хуулбар /1 хавтас 31/, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гомдлын хариу /1 хавтас 32/, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03/656 тоот хүсэлтийн хариу /1 хавтас 36/, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хуулбар /1 хавтас 40-47/.

 

6. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн М ХХК-д хүргүүлсэн шаардлага /1 хавтас 132/, хариу /1 хавтас 133-134/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1 хавтас 135/, тайлбар /1 хавтас 136,139/, Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/164 тоот тодорхойлолт, хавсралт /1 хавтас 137-138/, М ХХК-ийн дүрэм /1 хавтас 140-145/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хавтас 146/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хавтас 147, 150-151/, Д.П- иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 148/, Г.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 149/, М ХХК-ийн 2011 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан /1 хавтас 152-162/, М ХХК-ийн 2012 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан /1 хавтас 163-174/, М ХХК-ийн 2013 оны санхүүгийн тайлан /1 хавтас 175-180/, М ХХК-ийн 2014 оны жилийн санхүүгийн тайлан /1 хавтас 181-186/, М ХХК-ийн 2015 оны жилийн санхүүгийн тайлан /1 хавтас 187-192/, М ХХК-ийн 2016 оны жилийн санхүүгийн тайлан /1 хавтас 193-198/, М ХХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайлан /1 хавтас 199-204/, М ХХК-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан /1 хавтас 205-216/, М ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан /1 хавтас 217-222/, М ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан /1 хавтас 223-227/, Төлбөрийн чадварын талаархи дүгнэлт /1 хавтас 228-236/, дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /2 хавтас 3-14, 30-43/.

 

7. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсийн зүгээс дараах нотлох баримтдуудыг гаргаж өгсөн. Үүнд: Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/774 тоот Ц.Т-ыг албан тушаалд шилжүүлэн томилох тухай тушаалын хуулбар /1 хавтас 248/, М ХХК-ийн татварын өрийн мэдээлэл /1 хавтас 249/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /2 хавтас 1/, М ХХК-ийн худалдан авалтын мэдээлэл /2 хавтас 47/, М ХХК-ийн татварын тооцоолол /2 хавтас 48/, нэхэмжлэхийн хуулбар /2 хавтас 48, 50/, гардуулсан тухай тэмдэглэл /2 хавтас 49/ татварын өрийн мэдээлэл /2 хавтас 51-52/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /2 хавтас 54/, Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 260011233 тоот акт, хавсралтын хуулбар /2 хавтас 55-60/, утасны тэмдэглэлийн хуулбар /2 хавтас 60/, ярилцлагын тэмдэглэл /2 хавтас 62/, татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооний хуулбар /2 хавтас 63/, татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болн гардуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /2 хавтас 64/.

 

8. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн зүгээс бүрдүүлсэн Үүнд: Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 982 тоот албан бичиг /1 хавтас 88/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2/2166 тоот албан бичиг /1 хавтас 89/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 6/3945 тоот албан бичиг /1 хавтас 90/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/6158 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас 91-93/, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №162 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас 94-95/, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 03/1114 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас 96-102/, Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 764 тоот албан бичиг /1 хавтас 103/, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1/4978 тоот албан бичиг /1 хавтас 104/, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 973 тоот албан бичиг /1 хавтас 105/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 01-ний 01-3/2044 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас 106-107/, Нийслэлийн болон дүүргүүдийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /1 хавтас 108-115/, арилжааны банкнуудын албан бичиг, дансны хуулга /1 хавтас 116-131/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

М ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийн чадваргүйд тооцож, Өнөөдөр сонины 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №216 дугаарт хэвлүүлэн, нийтэд мэдээлсний дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь М ХХК-д холбогдуулан 264,417,038 төгрөгийг татварын өр төлбөрт нэхэмжилж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

Дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар Баянгол дүүргийн татварын хэлтэс нь түр хэрэг гүйцэтгэгч А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилуулах санал гаргасны дагуу шүүх 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/шз2023/10411 дүгээр захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилжээ.

 

М ХХК нь 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1 гишүүнтэйгээр, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.

 

Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс М ХХК нь арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол орлого зарлагын ямар гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкуудаас, мөн М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байдаг эсэх талаарх лавлагааг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тус тус гаргуулан ажилласан.

 

Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан дүгнэлтэд ... М ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна, ...М ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, ...Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэж тусгагджээ.

 

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасан дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй байна.

 

Дахин хөрөнгөжүүлэх тухай санал гаргаагүй тул Дампуурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй, улмаар нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг авч хэлэлцээгүй.

 

Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу шүүх 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу М ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгах, мөн хариуцагч М ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгав.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 326 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоос үзэхэд иргэн Т.Быг 2010-2012 онд М ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй, бараа, ажил, үйлчилгээ хийгээгүй, борлуулаагүй, орлого олоогүй байтал 23 аж ахуйн нэгжид 2,956,733,715 төгрөгийн хий бичилт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хийж, бичиг баримтыг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан гэх үйлдэлд нь яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан хэдий ч ...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Улмаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс М ХХК-ийн 2007-2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 326 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Хяналт шалгалтын ажлын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн томилолт, улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэн шалгалт хийсэн ба шалгалтаар илэрсэн зөрчилд 263,063,640 төгрөгийн акт тавьсан, уг актад М ХХК гомдол гаргаагүй байна.

 

Дампуурсанд тооцуулах тухай М ХХК-ийн хүсэлттэй хэрэгт Баянгол дүүргийн татварын хэлтэс нь дээр дурдсан мөнгөн төлбөрөөс гадна Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Зам ашигласны төлбөр, Автын агаарын бохирдлын төлбөр, нийт 264,417,038 төгрөгийг шаардсан, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Уг төлбөрүүдийг М ХХК нь хариуцахгүй байх үндэслэл тогтоогдоогүй учир Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар М ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсүгэй.

 

3. Хариуцагч М ХХК-ийг татан буулгах ажиллагааг дуусгавар болгож, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.

 

4. М ХХК-иас татварын өр төлбөрт 264,417,038 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

5. Дампуурлын тухай хуульд заасны дагуу хариуцагч М ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.

 

6. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ