| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/02201/И |
| Дугаар | 102/ШШ2023/02589 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2023/02589
| 2023 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2023/02589 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.О
Хариуцагч: М ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 21,600,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
/Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би М ХХК-тай Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулсан. Нэг сарын түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, урьдчилгаа 30 хувийг түрээслэгч төлнө гэж гэрээ хийсэн. Гэрээ үйлчлэх хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байсан боловч М ХХК-ийн захирал О.Б-гийн хүсэлтээр 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээг сунгаж ажилласан. Гэрээний дагуу би өөрийн хүнд даацын цистерн автомашинаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт М ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан замын ажилд тусалсан буюу замын шороо, тоос босгохгүйн тулд зам, замын далангийн усалгааг хийсэн. Хариуцагч нь нийт төлбөр болох 24,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 2,400,000 төгрөгийг төлсөн, өөр төлбөр төлөөгүй. Үлдэгдэл тооцоо болох 21,600,000 төгрөгийг өгнө гэсээр байгаад сураггүй болсон. Утсаар холбогдох боломжгүй болоод би өөрөө эрэл хайгуул хийж байж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн биеэр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 9Б байр, 50 тоотод очин уулзаж тооцоо нийлж акт үйлдсэн. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй түрээслэгч М ХХК-иас 21,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, оршин суугаа газрын лавлагаа /хх 4/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 5/, автомашин түрээслэх тухай гэрээ /хх 6-8/, гар бичмэл /хх 30-33/.
3. Хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр М ХХК болон Д.О нар Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Д.О нь өөрийн хүнд даацын автомашинаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт М ХХК-ийн хийж гүйцэтгэж буй ажилд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд /сунган ажиллах нөхцөлтэй/ үйлчилгээ үзүүлэх, үүний хариуд нь М ХХК нь нэг сарын 8,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна.
2. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Д.О ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 21,600,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч М ХХК нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам барьж байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би тус компанитай Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулж, гэрээний дагуу би өөрийн өмчлөлийн том оврын усны цистерн машинаар үйлчилгээ үзүүлсэн. Тодруулбал, шороо, тоос босгохгүйн тулд зам, замын далангийн усалгааг хийсэн. Нийт 3 сар ажилласан ба төлбөр нь 24,000,000 төгрөг болсон. Хариуцагч урьдчилгаа төлбөр гэж 2,400,000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй. Би өөрөө хөөцөлдөн байж үлдэгдэл 21,600,000 төгрөг дээрээ тооцоо нийлсэн акт хийж авсан. Иймд 21,600,000 төгрөгөө хариуцагчаас нэхэмжилнэ гэж тайлбарлав.
4. Хариуцагч М ХХК-ийн зүгээс бичгээр хариу тайлбар, нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй.
5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ тодорхой хугацааны туршид тодорхой даалгаврыг буюу тохирсон ажлыг гүйцэтгэх, хөлс төлөх үүргийн харилцааг агуулдаг ба ажлын эцсийн үр дүнг хариуцдаггүй, шинээр үр дүн бий болгодоггүй. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр М ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан Автомашин түрээслэх тухай гэрээ-ний агуулгыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүхээс үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-тай үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтыг хэрэгт хавсарган өгсөн. Уг баримтаас үзэхэд М ХХК нь нэхэмжлэгч Д.О-д гэрээний үүрэгт 21,600,000 төгрөгийн төлбөртэй байна.
7. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу М ХХК-иас 21,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 21,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 265,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ