Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02902

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02902

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Э,

Хариуцагч: А.А

7,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гэрч Ш.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Э би гүний худгийн өрөмдлөгийн мастер бөгөөд 2022 оны 10 дугаар сард А.А анх ажлын талаар уулзаж байсан юм. А.А ажилладаг өрөмдлөгийн компани нь Төв аймгийн ... сумын нутагт үхрийн фермийн төслийн ажлын гүний худгийг өрөмдөж байгаа гэсэн ба орос өрмийн машинаар ажлаа хийж гүйцэтгэх явцад 74 метрийн гүнээс хадан хөрс гарч цааш нь өрөмдлөг хийх боломжгүй болоод байгаа гэсэн юм. Уг цооногийг цааш нь үргэлжлүүлэн 100 тууш метр хүртэл өрөмдүүлэх шаардлагатай байгаа гэсэн ба хадан хөрсөнд өрөмдөх зориулалттай БНСУ-д үйлдвэрлэгдсэн супер-700 загварын өрмийн машинаар нэмж өрөмдүүлэх ажил гүйцэтгүүлэхээр амаар ярилцаж тохиролцсон. Тухайн үед би ... сумын ойролцоо ажил гүйцэтгэж байсан ба А-тай гэрээ бичгээр хийх боломж нөхцөл байгаагүй. Амаар харилцан ярилцаж тохирсон ёсоор ажлын нь хийж гүйцэтгэсэн. 74 тууш метр өрөмдлөг хийгээд байсан цооногт нь 26 тууш метр нэмж өрөмдлөг хийж гүйцэтгээд цооногт нь 100 метр ПВС хоолойг худгийн цооногт нь суулгаад гүйцэтгэсэн ажлаа түүнд хүлээлгэж өгсөн. 219 милметрийн диаметр бүхий үйлдвэрлэл усалгааны зориулалтын өрөмдлөгийн ажил хөлсний зах зээлийн өртөг нь 1 тууш метр нь 300,000 төгрөгөөс 350,000 төгрөг байдаг ба А  нь тухайн фермийн төслийн ажлыг 350,000 төгрөгт хийж гүйцэтгэсэн байсан. Гэтэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг маань төлж барагдуулаагүй ба утсаа авахгүй харилцаа холбоогүй болсон. Улмаар би А нь намайг залилсан байна гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан боловч иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан бүхий асуудал гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон ба шүүхэд хандан учирсан хохирол ажлын хөлсөө иргэний журмаар нэхэмжлэн гаргуулах талаар прокурорын байгууллагын дүгнэлт бүхий тогтоол гарсан. Иймд А.А-с 26 метр өрөмдлөгийн ажлын хөлс 7,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 5,720,000 төгрөг нэхэмжилж байна. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн А.А би нь орос өрмөөр гүний худаг гаргадаг байсан. 2022 оны 10 дугаар сард Төв аймгийн Аргалант сумын А.. ХХК-ийн худгийг өрөмдөж байгаад ус багатай байсан учир их устай болгож хүлээлгэн өгөхийн тулд ... дугаартай Г-тай ярьж Солонгос өрмөөр жоохон дараад өгөхгүй биз гэж асуусан. Г харин зөвшөөрч 20-30 метр 159 труба танай ажил хийж байгаа газраас холгүй чи өрмөөрөө татаад өг, би наад ажлыг чинь хийгээд өгье гэж тохиролцсон. Тохиролцоод 20 хэдэн метр даруулаад дууссан. Тэрнээс биш 100 метр ПВС хоолой тэднийхээр гаргуулж цооногт суулгасан юм байхгүй. Х ХХК-тай 1 тууш метрийн 300,000-350,000 төгрөгийн хооронд өрөмдөөгүй шалгасан ч болно. 1 тууш метрийг 200,000 төгрөг орчим өрөмдөж өгсөн. Анхнаасаа 7,800,000 төгрөгийг нэхсэн бол хэзээ ч ухуулахгүй байсан. Ярьсан тохирсондоо байж чадахгүй нэхэмжлэл гаргаж их хэмжээний мөнгө нэхэж байгаад А.А миний бие эсэргүүцэж байна. гэв.

3. Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх 5/ шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн Хаан банкны дансны хуулгыг /хх 39-52/ бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 5,720,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг Ш.Г-тай тохиролцсон, мөнгөөр төлөхөөр тохиролцоогүй учир хариуцахгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч А.А нь Х  компанитай харилцан тохиролцож, Төв аймгийн ... сумын нутагт 100 метр худгийг ухсаны хөлсөнд 22,000,000 төгрөг авчээ. /хх 45, 51, 54-55/

Энэхүү 100 метр худаг ухах ажлын 26 метрийг нь нэхэмжлэгч Г.Энхбаяр ухаж гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь гэрчээр оролцсон Ш.Г-тай өөрөөр тохиролцсон гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

7. Талууд 2022 оны 10 дугаар сард Төв аймгийн ... сумын нутагт гүний худаг өрөмдөхөөр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ зохигчийн хооронд байгуулагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тодорхойлсон ба талууд Төв аймгийн ... сумын нутагт үхрийн фермийн төслийн ажлын гүний худгийг 74 метрээс 100 метр хүртэл өрөмдөх ажлыг гүйцэтгэх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Хариуцагч А.А нь энэхүү ажлыг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана заасан гомдол гаргаагүйгээс гадна ажлын үр дүнг захиалагч Х ХХК-д хүлээлгэн өгч, үлдэгдэл төлбөрөө авчээ.

 Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 26 метр өрөмдлөгийн ажил хийснийг хариуцагч хүлээн авсан тул ажлын хөлс шаардах эрхтэй болжээ.

8. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үнийг өөр ажлаар хийж өгөхөөр Ш.Г-тай тохиролцсон гэсэн боловч өөр ажил хийсэн болохоо, Ш.Г-тай хэлцэл хийсэн болохоор нотлоогүй байна. Энэ нь гэрч Ш.Г А, Э нарын хоорондын харьцааг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед хамт байгаагүй Увс аймаг ажилтай явж байсан. А над руу утсаар яриад манай өрөмдлөгийн хүчин чадал нь хүрэхгүй байна танайх том өрөмдлөгөөрөө 20-40 метр доош өрөмдөөд өгөөч, усаа гаргаж чадахгүй төлбөр мөнгөө авч чадахгүй болчхоод байна гэхэд нь би Г.Э өрөмдлөгийн машинтай ойрхон ажил хийж байгаа та 2 хоорондоо ярилцаад учраа олчих гэсэн. Миний бие нэгнийхэн ажлын бүтээгээд нэгэнд нь ажил олоод өгчих санаатай тусалсан тэдний хоорондын тохиролцооны талаар мэдэхгүй. Би А-тай труба авъя Э ажлын хөлсийг авъя гэсэн тийм зүйл огт яриагүй. гэсэн мэдүүлгээр үгүйсгэгджээ.

9. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд талууд хөлс тохироогүй, үнэгүй ажил хийсэн гэж үзэхэд хангалтгүй байгаа тул хариуцагч нь ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө. заасан бөгөөд ердийн хөлсний хувьд гэрээ байгуулах цаг мөчид, ажил гүйцэтгэх газарт, энэ төрлийн ажлыг гүйцэтгэхэд төлөгддөг жишиг хөлс ач холбогдолтой.

Хариуцагч А.А нь Х ХХК-иас 100 метр өрөмдлөгийн ажилд 22,000,000 төгрөг буюу 1 метрийг нь 220,000 төгрөгт тооцож ажлын хөлс авсан тул энэ үнэлгээгээр ажил гүйцэтгэх гэрээний жишиг хөлсийг тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

10. Иймд хариуцагч А.А-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,720,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э  олгох нь зүйтэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ариунжаргалаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,720,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-т олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч А.А-с улсын тэмдэгтийн хураамжид 106,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ