| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/0380/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2524 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Цогням, шүүгдэгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн хажууд байрлах буудалд хохирогч ***ыг унтсан байхад нь түүний цүнхэнд байсан мөнгөн гинж, монетан бөгж, гар утас, бэлэн 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,755,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ***: “...Хийсэн хэргийнхээ талаар маргахгүй, миний буруу...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс ирээд Баянгол дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗЭТ дэн буудалд 204 тоот өрөөнд орсон, тэндээ усанд ороод хоол унд идчихээд жоохон унтаж байгаад 17 цаг өнгөрөөгөөд гарч ганц нэг пиво авч уусан. Тэгээд хуурай ах *** руу яриад цуг ганц нэг юм ууя гэж ярьсан, тэгэхэд ах ирж чадахгүй гээд би дахин буудлаас гарч 1 шил архи хэдэн пиво аваад дахин буудалдаа ууж байгаад Батаа ахынх руу очъё гэж бодоод хагас шил архи, пиво зэргийг аваад гарсан. Батаа ахын гадаа очоод авч очсон тал шил архи 2-оос 3 пиво зэргийг уугаад яриад сууж байхад чамайг байхгүй хооронд *** арчаагүй байдалтай байна гэхээр нь ажил руугаа явж ороход *** шар ногооноор бөөлжөөд шартсан байдалтай сууж байсан. Батаа ахын ажиллуулдаг нийтийн байранд би хөлсийг нь төлөөд *** суулгадаг байсан, хөдөө байдаг ах руугаа очоо, би чамайг явуулж өгье гэж хэлэхэд тэр тэгье, надад туслах хүн байхгүй, чи намайг явуулаад өг гэхээр нь дагуулаад гарсан. Тэндээсээ таксинд суугаад Зэт дэн буудалд ирээд би үүрдэг цүнх үүрч явсан болохоор хүзүүний мөнгөн гинж, монетоо бөгж зэргээ аваад бөгжийг гинжиндээ хийж өлгөөд цүнхэндээ хийсэн. Бичиг баримт, бэлэн мөнгө, машины түлхүүр бүх зүйлээ цүнхэндээ хийгээд буудалд ороход *** усанд орчихсон, дээгүүрх цамц, оймсоо угаачихсан, жаахан үлдсэн байсан архийг уугаад сууж байсан. Би ороод гоймонгоо дэвтээж идээд ярьж сууж байгаад гинж, бөгж, түрийвч зэргээ гаргаж ирж зүүгээд юм яриад сууж байгаад 0,75 архины талыг уусан. Маргааш чамайг суулгаж өгнө гэж хэлээд бөгж гинжээ далд хийгээд унтсан. ...*** гараад явчихсан байхаар нь ойр орчмынхоо зүйлүүдийг харахад хаалга онгорхой, цүнх газар уначихсан харахад тэнд байсан бэлэн 600,000 төгрөг, мөнгөн гинж, монетон бөгж, машины түлхүүр, Ноте 9 загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт зэрэг бүгд байхгүй, ганц л цүнх нь үлдсэн байхаар нь шууд үүд рүү гарахад буудлын ресейпшн “чамтай цуг орсон залуу 5 минутын өмнө гарсан ш дээ” гэсэн, тэр үед барагцаагаар өглөө 08 цаг 30 минут болж байсан, тэгэхээр нь буцаж ороод цамцаа өмсөөд, углааш өмсөөд цүнхээ дахин шалгахад бүх зүйл байхгүй хоосон байсан. Тэгээд би гарч яваад цагдаад мэдэгдсэн. ...Ноте 9 маркийн гар утас 470,000 төгрөгөөр авсан, монетан бөгж 1,060,000 төгрөг, мөнгөн гинж 450,000 төгрөгөөр авч байсан надад бэлэн 600,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийн үнэ эд зүйл мөнгө алга болсон...” /хавтаст хэргийн 16-17, 20-23, 25 дахь тал/ гэсэн,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хоёр 2024 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд байх маргалдаад тэр хэд хоног алга болсон. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд танихгүй дугаараас би хамаг юмаа алдчихлаа гэж ярьсан, Шинэбаяр цагдаад очиж бүртгүүлчихлээ, гар утас, түрийвчтэй 600,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны карт зэрэг зүйлүүдээ алдчихсан гээд өдөр хоосон ирсэн. *** манайд 2-3 жил ажилласан, таньдаг хүн яагаад ингэснийг мэдэхгүй байна. Анх гэрээсээ гарахдаа бөгжтэй, гинжтэй, бэлэн мөнгөтэй гарсан, бид хоёр хоёрдогч түүхий эд авдаг болохоор байнга бэлэн мөнгө ашигладаг. Надтай муудалцаад явахдаа ажил дээрээс явсан болохоор бэлэн мөнгөтэй гарсан. Машины ард нь байсан зэс, гууль, хайлш зэрэг байсан юм, тэрийгээ тушаагаад бэлэн мөнгөтэй байсан гэж ярьсан...” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 06 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад Шинэбаяр надтай утсаар яриад манай гэрийн гадаа ирсэн, тэгээд 1 шил архи хувааж уугаад сууж байхдаа *** бохир заваан, бааж шээгээд байна, энийгээ ав гэсэн, Шинэбаяр анхнаасаа мөнгийг төлөөд суулгаж байсан...” /хавтаст хэргийн 35 дахь тал/ гэсэн,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хэргийн хохирогч 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлчлүүлж, 17-ны өдөр гарсан, манай буудлаар үйлчлүүлэгчдийн бүртгэл хөтөлдөг боловч 10 сараас өмнөх бүртгэл устгагдаад одоо байхгүй. Манай зочид буудал өрөөн дотор камергүй, коридор, гадна хэсэг бүхэлдээ камертай, камерын бичлэг 30 хоноод автоматаар устгагддаг. Ер нь зочид буудалд цуг хоносон хүмүүс нэг нэгнийхээ эд зүйлийг аваад явахаас биш, гаднаас орж ирж эд зүйл хулгайлах ямар ч боломжгүй...” /хавтаст хэргийн 36 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 06 дугаар сарын 16-ны орой тухайн үед түрээсэлж байсан нийтийн байранд 22 цаг нэлээд өнгөрчихсөн байхад Шинэбаяр орж ирээд намайг дагуулаад буусан зочид буудал руугаа авч явсан. Маргааш нь намайг хөдөө явуулж өгнө гээд дагуулаад явсан. Модны хоёрт байдаг буудалд очоод намайг орхиод гарч яваад шөнө буцаж орж ирээд бид хоёр хамт уусан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн үед би гарч явахдаа түүний цүнхнээс утас, түрийвчтэй бэлэн мөнгө эд зүйлтэй нь аваад гарчихсан. Бэлэн 600,000 төгрөг байсан, бэлэн мөнгийг нь би өөрөө авч архи уугаад дуусгасан, бусад эд зүйлүүдийг нь согтуу явж байгаад хаячихсан байх, гар утсыг нь зараад архи уучихсан. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, түлхүүр, карт зэрэг эд зүйлүүд байсан юм байна лээ, түүнийг нь согтуу явж байгаад хаячихсан болохоор хаана хаяснаа мэдэхгүй байна. Би 1,755,000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнд учруулсан хохирлоо ажил хийж байгаа тул цалингаа буухаар төлж барагдуулна. Хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” /хавтаст хэргийн 57-59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БГ1-24-444 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт. Шинжилгээний объектын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,155,000 /нэг сая нэг зуун тавин таван мянган төгрөг/-р үнэлэгдэв...” /хавтаст хэргийн 40, 41-44 дэх тал/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Дансны хуулга /хавтаст хэргийн 11 дэх тал/,
- Шүүгдэгч ***-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 61 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 62 дахь тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хавтаст хэргийн 63 дахь тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 65 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 68-74 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэт дэн буудлын 204 тоот өрөөнд хохирогч ***ыг унтсан байхад нь түүний цүнхэнд байсан мөнгөн гинж, монетан бөгж, гар утас, бэлэн 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ***ын: “...Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс ирээд Баянгол дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэт дэн буудалд 204 тоот өрөөнд орсон, тэндээ усанд ороод хоол унд идчихээд жоохон унтаж байгаад 17 цаг өнгөрөөгөөд гарч ганц нэг пиво авч уусан. ...Тэндээсээ таксинд суугаад Зэт дэн буудалд ирээд би үүрдэг цүнх үүрч явсан болохоор хүзүүний мөнгөн гинж, монетоо бөгж зэргээ аваад бөгжийг гинжиндээ хийж өлгөөд цүнхэндээ хийсэн. Бичиг баримт, бэлэн мөнгө, машины түлхүүр бүх зүйлээ цүнхэндээ хийгээд буудалд ороход *** усанд орчихсон, дээгүүрх цамц, оймсоо угаачихсан, жаахан үлдсэн байсан архийг уугаад сууж байсан. Би ороод гоймонгоо дэвтээж идээд ярьж сууж байгаад гинж, бөгж, түрийвч зэргээ гаргаж ирж зүүгээд юм яриад сууж байгаад 0,75 архины талыг уусан. Маргааш чамайг суулгаж өгнө гэж хэлээд бөгж гинжээ далд хийгээд унтсан. ...*** гараад явчихсан байхаар нь ойр орчмынхоо зүйлүүдийг харахад хаалга онгорхой, цүнх газар уначихсан харахад тэнд байсан бэлэн 600,000 төгрөг, мөнгөн гинж, монетон бөгж, машины түлхүүр, Ноте 9 загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт зэрэг бүгд байхгүй, ганц л цүнх нь үлдсэн байхаар нь шууд үүд рүү гарахад буудлын ресейпшн “чамтай цуг орсон залуу 5 минутын өмнө гарсан ш дээ” гэсэн, тэр үед барагцаагаар өглөө 08 цаг 30 минут болж байсан, тэгэхээр нь буцаж ороод цамцаа өмсөөд, углааш өмсөөд цүнхээ дахин шалгахад бүх зүйл байхгүй хоосон байсан. Тэгээд би гарч цагдаад мэдэгдсэн...” /хавтаст хэргийн 16-17, 20-23, 25 дахь тал/ гэсэн,
Гэрч ***: “...Бид хоёр 2024 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд байх маргалдаад тэр хэд хоног алга болсон. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд танихгүй дугаараас би хамаг юмаа алдчихлаа, цагдаад очиж бүртгүүлчихлээ, гар утас, түрийвчтэй 600,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны карт зэрэг зүйлүүдээ алдчихсан гээд өдөр хоосон ирсэн. *** манайд 2-3 жил ажилласан, таньдаг хүн яагаад ингэснийг мэдэхгүй байна. Анх гэрээсээ гарахдаа бөгжтэй, гинжтэй, бэлэн мөнгөтэй гарсан, бид хоёр хоёрдогч түүхий эд авдаг болохоор байнга бэлэн мөнгө ашигладаг. Надтай муудалцаад явахдаа ажил дээрээс явсан болохоор бэлэн мөнгөтэй гарсан. Машины ард нь байсан зэс, гууль, хайлш зэрэг байсан юм, тэрийгээ тушаагаад бэлэн мөнгөтэй байсан гэж ярьсан...” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ гэсэн,
Гэрч ***: “...Энэ хэргийн хохирогч 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлчлүүлж, 17-ны өдөр гарсан, манай буудлаар үйлчлүүлэгчдийн бүртгэл хөтөлдөг боловч 10 сараас өмнөх бүртгэл устгагдаад одоо байхгүй. Манай зочид буудал өрөөн дотор камергүй, коридор, гадна хэсэг бүхэлдээ камертай, камерын бичлэг 30 хоноод автоматаар устгагддаг. Ер нь зочид буудалд цуг хоносон хүмүүс нэг нэгнийхээ эд зүйлийг аваад явахаас биш, гаднаас орж ирж эд зүйл хулгайлах ямар ч боломжгүй...” /хавтаст хэргийн 36 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч ***: “...2024 оны 06 дугаар сарын 16-ны орой тухайн үед түрээсэлж байсан нийтийн байранд 22 цаг нэлээд өнгөрчихсөн байхад Шинэбаяр орж ирээд намайг дагуулаад буусан зочид буудал руугаа маргааш нь намайг хөдөө явуулж өгнө гээд дагуулаад явсан, буудалд очоод намайг орхиод гарч яваад шөнө буцаж орж ирээд бид хоёр хамт уусан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 08 цагийн үед би гарч явахдаа түүний цүнхнээс утас, түрийвчтэй бэлэн мөнгө эд зүйлтэй нь аваад гарчихсан. Бэлэн 600,000 төгрөг байсан, бэлэн мөнгийг нь би өөрөө авч архи уугаад дуусгасан, бусад эд зүйлүүдийг нь согтуу явж байгаад хаячихсан байх, гар утсыг нь зараад архи уучихсан. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, түлхүүр, карт зэрэг эд зүйлүүд байсан юм байна лээ, түүнийг нь согтуу явж байгаад хаячихсан болохоор хаана хаяснаа мэдэхгүй байна. Би 1,755,000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 57-59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 40, 41-44 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 11 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн (хохирогч хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй талаар шүүхэд утсаар мэдэгдсэн) нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.Алтантулгын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Шүүгдэгч *** нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хоригдож, өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 40 хоног цагдан хоригдсон /хавтаст хэргийн 126 дахь тал/.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон (40x8=320) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эд хөрөнгө, өмчлөх эрх зөрчигдөж 1,750,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР