| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/03853/И |
| Дугаар | 101/ШШ2023/04951 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/04951
| 2023 11 13 | 101/ШШ2023/04951 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.С /рд:/-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Б /рд:/,
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие 2022.03.10-ны өдөр үл хөдлөх барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу Ц.С гэх хүнтэй түүхийн Сүхбаатар дүүрэгт байрлах оффист очиж уулзсан. Тэгэхэд Ц.С нь “...манайх банк бус санхүүгийн байгууллага юмаа, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог...” гэж хэлсэн.
Тэгээд миний бие өөрийн өмчлөлийн ,,, тоот хаягт байрлах, ,,, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газраа барьцаанд тавьж, 3 сая төгрөг зээлж авахаар болоод Ц.Стэй 2022.03.10-ны өдөр “Зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулан 3 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 3.8 хувийн хүүтэй зээлж авахаар тохиролцсон. Түүнчлэн миний бие Ц.Стэй 2022.03.10-ны өдөр “Барьцааны гэрээ”- г байгуулж, өөрийн өмчлөлийн дээрх газраа барьцаанд өгөхөөр тохиролцож, гэрээ хийхдээ энэ гэрээн дээр гарын үсгээ зур гээд өгөхөөр нь миний бие нэг бүрчлэн уншиж танилцалгүйгээр, гялс гүйлгэж хараад гарын үсгээ зурсан.
Гэтэл Ц.С нь дээрх гэрээнүүдийг байгуулсан цаг хугацаанд буюу 2022.03.10-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ” гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан гэдгийг сүүлд 10-аад хоногийн өмнө Ц.С нь надад “... наад газраа хурдан чөлөөлж өг, би газрыг чинь өөр хүнд зарсан гэж....” хэлэхээр нь миний бие түүнтэй байгуулсан гэрээ, бичиг баримтууд, мөнгө шилжүүлсэн баримт зэргээ үзэхдээ олж мэдсэн. Миний хувьд дээрх газартаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд миний бие Ц.Ст өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөд 1,583,500 төгрөгийг төлөөд байна. Мөн бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад тэрээр миний газрыг бусдад худалдсан гэдэг нь хуульд нийцэхгүй бөгөөд газар өмчлөгч миний газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, зөрчсөн.
Дээрх байдлаар Ц.С, Д.Д бидний хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, харин бодит байдал дээр бидний хооронд газар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй юм. Гэтэл Ц.С нь миний өмчлөлийн дээр газрыг өөрөө 3 сая төгрөгөөр худалдаж авч байгаа мэтээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь мөн Ц.С нь бидний байгуулсан дээрх барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна.
Миний хувьд Ц.Стэй тухайн үед газар худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй бөгөөд түүнтэй хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцэлд гарын үсэг зурсан, мөн хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэж байна. Мөн Ц.С нь надтай гэрээ хийхдээ худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулж байгаа гэдгээ хэлэхгүйгээр, нууж надтай зөвхөн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж байгаа мэтээр ойлголтыг төрүүлж, энэ талаар мэдэгдэхгүйгээр намайг хууран мэхэлсэн гэж үзэж байна.
Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт ‘‘дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж мөн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, 58 дахь хэсэгт “Дараах тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ” гээд 58.2.1 -т “Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн”, 58.2.2-т “Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” 59 дүгээр зүйлийн 59.1-д “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.” 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.
Иймд Ц.С, Д.Д бидний 2022.03.10-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ,,,,тоот хаягт байрлах, ,,, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
1а. Би Ст холбогдуулан өөрийн газраа буцаан авах нэхэмжлэл гаргасан. Учир нь газраа барьцаалж ББСБ-с зээл авсан чинь хувийн нэр дээрээ газрыг шилжүүлж авсан байсан. Зээлийн хугацаа дуусаагүй байхад бусдад зарсан байсан юм. Иймд нэхэмжлэлд бичсэнээр уг гэрээ Иргэний хуулийн 56, 58-д хамаарна. Зээлээсээ 1,500,000 орчмыг төлсөн. Хариуцагчаас 1,686,665 төгрөгийг авсан. Энэ нь газар зараад зөрүүг өгч байна гэж ойлгосон. Газраа буцаан худалдаж авах хүсэлт гаргаж байгаагүй гэв.
2. Хариуцагч Ц.С нь шүүхэд, түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Дгийн тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл гэх гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй байна. Учир нь Д.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ИХШХШТХ-ийн 62 аар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаагийн зэрэгцээ түүнийг нотолсон баримтгүйгээс гадна нэхэмжлэлийг яагаад одоо гаргаж байгаа, нэхэмжлэлд дурдагдаад байгаа худалдах худалдан авах гэрээг яагаад хүчингүй болгох ёстой талаар хангалттай тайлбар байхгүй байна. Тиймээс нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй байх бөгөөд ИХШХШТХ-ийн 7.1-д зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагатай гэж үзэж байгаа тул Д.Д гэж хүний огт үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2а. Хариуцагч нь тайлбар өгсөн байдаг. Хуулийн 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэл гаргасан гэдэг. Гэвч иргэний хэрэг үүссэн тул хурлаар шийднэ гэдгийг ойлгож байгаа болно. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа, уг зээлийг авахад өөрийн хашаа байшинг хариуцагчийн нэр уруу шилжүүлээд зээлээ төлөөгүй талаар дурдсан. Зээл авсан талаар маргаагүй бөгөөд зээл төлөгдөж дууссан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Зээл аваад гэрээ байгуулахад хариуцагч нь худалдах худалдан авах гэрээ байгуулаад өөртөө аваад бусдад худалдсан талаар сүүлд мэдсэн гэдэг. Нэхэмжлэлийн үндэслэл нь зээлийн харилцаа байсан талаар дурдсан байдаг. Хариуцагчаас газрыг буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэл нь тодорхойгүй байдаг. Хүчин төгөлдөр бус хэлцэл байвал өгсөн авснаа буцаадаг. Яагаад буцаах болсноо тайлбарлаагүй. Зээлээ төлөөгүй гэдэг талаар маргаагүй. Эд хөрөнгийг шилжүүлэх шаардлага байсан эсэх талаар тайлбарлаагүй. Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа бол ямар хууль зөрчсөн талаар тайлбарлаагүй. Мөн хуулийн 58-д зааснаар ноцтой төөрөгдсөн гээд байх шиг байна. Яаж ноцтой төөрөгдсөн юм. Зээл байж байгаад худалдах болсон бол энэ нь буцаан худалдан авах эрхтэй гэрээ байдаг. Үүнийг байгуулсан бөгөөд гарын үсэг зурсан эсэх талаар маргадаггүй. Яагаад хууль зөрчсөн, ноцтой төөрөгдсөн гээд байгаа нь тодорхойгүй. Иргэний хуулийн 58-н олон заалтыг бичсэн бөгөөд аль нь хамаарч байгаа нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэрээг насанд хүрсэн хүн чөлөөтэй байгуулдаг. Хүсэл зоригоо илэрхийлээд Иргэний хуульд зааснаар гэрээг байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Нэхэмжлэл гаргасан боловч холбогдох нэг ч нотлох баримт гаргаагүй. Төөрөгдсөн, залилан мэхлэгдсэн гэх зэрэг нь тусдаа ойлголт юм. Харин хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу холбогдох баримтууд авагдсан байдаг. Эдгээр баримтад дүгнэлт хийвэл нэхэмжлэл үндэслэлгүй гэдэг нь харагдана. Хариуцагч нь өөрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг гуравдагчид худалдаад зээлийн төлбөрөө аваад үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт улсын бүртгэлийн хэлтсээс хариу ирүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд газар 2013 онд өмчлөл бүртгэгдсэнээс хойш хэд хэдэн хүний нэр дээр шилжсэн байдаг. Хариуцагч уруу шилжихийн өмнө А-с Дд шилжээд тэрээр Ст шилжүүлсэн байдаг. Гуравдагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь одоо хүртэл газрыг эзэмшиж байгаатай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь гуравдагчийн эрх ноцтой хөндөгдөж байна. Хариуцагчтай холбоотой зээлээс болоод гуравдагчийг хохироож болохгүй тул гуравдагчийн тайлбарыг дэмжинэ. Зээлийн үлдэгдэл болон бусад зардлаа хасаад нэхэмжлэгч уруу 1,686,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд талууд хоорондоо яриад тохироод дуусчихсан юм. Ингээд маргаангүй дууссан байсан асуудал юм. Нэхэмжлэгчээс хариуцагч уруу өмчлөх эрх шилжихэд ямар нэг гомдол гаргаж байгаагүй юм. Мөн нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтэй хариуцагчийг мэдэгдсэн талаар хэлсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан гэрээг байгуулсан талаар маргаагүй байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023.5.2-ны өдөр газар хашаа зарах зарын дагуу иргэн Ц.Стэй холбогдож ,,,, тоот өмчлөх эрхтэй үл хөдлөхийн гэрчилгээтэй бичиг баримттай 0,7 га газар хашааг 9 сая төгрөгөөр худалдан авсан. Энэ газар дээр Ц.Ст худалдсан айл Д.Дгийнх байсан. Уг айлд хашаа газар худалдсан нүүнэ үү гэж хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй Стэй шүүхдэнэ гээд одоо болтол уг газар дээр амьдарч байгаа. Миний хувьд өөрийн хашаандаа амьдарч чадахгүй хөлсний байранд амьдарч миний эрх ашиг зөрчигдөж байна. Газраа чөлөөлүүлэхийг үл ойлголцлыг хурдан шийдвэрлүүлмээр байна.
3а. Би 2023.5.2-д зарын дагуу хариуцагчтай холбогдоод бичиг баримт нь бүрэн байсан тул 9 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг газар дээр нэхэмжлэгч амьдарч байсан бөгөөд би худалдаж авсан нүүгээрээ гэхэд татгалзсан. Газрыг минийх Стэй шүүхдэлцэнэ гээд одоо хүртэл амьдарч байгаа юм. Би асуудал шийдэгдэхийг хүлээсэн бөгөөд дахин шаардахад та илүү юманд оролцлоо гэсэн юм. Улмаар би Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Газрын гэрчилгээ миний нэр дээр байгаа юм. Чингэлтэй дүүргийн шүүх Д тухайн хаягт байхгүй гээд би гомдол гаргачихсан байгаа юм гэв.
4. Хэргийн оролцогчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.
4а. Нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх6/, зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээний хуулбар /хх7-9/, барьцааны гэрээний хуулбар /хх10/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг /хх11, 12/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн тодорхойлолт /хх13/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх15/,
4б. Хариуцагчаас шуудангийн баримт /хх97/, мэдэгдэл /хх98/, шилжүүлгийн баримт /хх99/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх100-102/, үл хөдлөх хөрөнгөний үнэлгээний тайлангийн хуулбар /хх103-110/
4в. Гуравдагч этгээдээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000660737 дугаар гэрчилгээний хуулбар /хх151/
4г. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс маргаж буй газрын өмчлөх эрх, түүний шилжилттэй холбоотой баримтууд /хх30-74/, хариуцагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс маргаж буй газартай холбогдуулан Д.Дг шалгаж буй хэргээс холбогдох баримт /хх130-132, 136-147/-г гаргуулсан.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Д нь худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, ,,,, тоот хаягт байрлах, нэгж талбарын ,,, дугаартай, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ц.С нь зээлийн гэрээний дагуу худалдах худалдан авах гэрээ хийгдэж, улмаар маргаж буй газрыг худалдаж зээлийн үүргийг дуусгавар болгосон, үлдэх мөнгөн хөрөнгийг олгосон, худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон ноцтой төөрөгдсөн, хуурамч мэхэлж хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж маргаж байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нь зарын дагуу газрыг худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
5. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар тодорхойлсон. Улмаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд бусдаар нэхэмжлэл бичүүлсэн тул дээрх хуулийн үндэслэлийг дэлгэрүүлж тайлбарлах боломжгүй гэж тайлбарласан. Иймд шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд маргаж буй асуудлыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд дүгнэв.
6. Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 10-нд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. /хх6/ Мөн өдөр 3,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан. /хх7-8/
Зохигчдын хооронд анх зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор худалдах худалдан авах гэрээ байгуулж маргаж буй Чингэлтэй дүүрэг, ,,,, тоот хаягт байрлах, нэгж талбарын ,,, дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн.
Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, худалдах худалдан авах гэрээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар, ,,,, дугаар гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдсон. /хх15, 64, 66, 67/
6а. Худалдах худалдан авах гэрээний 1.1-д зааснаар худалдан авагч буюу энэ хэргийн хариуцагч нь дээрх газрыг бусдад худалдаж зээлийн гэрээний үүргийг хангуулах тохиолдолд худалдагч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид тэргүүн ээлжид мэдэгдэж, санал тавихаар тохиролцсон байна. Улмаар ийнхүү худалдан авах тохиолдолд гэрээний 4.3-т зааснаар 4,654,394 төгрөгийн үнэ төлөхөөр тохиролцсон байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийгдсэн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Улмаар уг гэрээний 1.3, 4.3-т зааснаар гэрээний зүйлийг буцаан худалдан авахдаа анх худалдсан үнээс илүү үнэ тогтоосон байгаа нь Иргэний хуулийн 266 дугаар зүйлийн 266.1-д нийцэхгүй. Гэвч мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг талууд өөрсдөө чөлөөтэй тодорхойлох эрхийн хүрээнд дээрх илүү үнэ тогтоосон байдал нь тус гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэл болохгүй гэж үзлээ.
7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх үндэслэл тогтоогдоогүй. Учир нь нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд тэрээр “ББСБ нь 2023 оны 2 дугаар сард намайг мөнгөө буцааж төлөхгүй байхаар нь цаашаа бусдад зарчихсан байсан юм, тэгээд ч би тэр ББСБ-д ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй бас хүү алданги тооцож өгөөгүй байсан тул тэднийх надаас худалдаж авсан хашаагаа цаашаа бусдад зарчихсан байсан юм, зарлаа гэж надад мэдэгдэж хэлж байсан, ингээд би болохоор надад зарлаа гэж хэлсэн тэгсэн мөртлөө надад мөнгөний хэрэг гараад тэр хашаагаа давхар энэ хүнд Цэнгэнжаргалд 8 сая төгрөгөөр зарчихсан юм” гэжээ. Тодруулбал, худалдах худалдан авах гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор буцаан худалдан авах болзолтойгоор байгуулж, улмаар хариуцагч нь буцаан худалдан авах шаардлага гаргасныг нэхэмжлэгч биелүүлээгүйг улмаар бусдад худалдагдсан байна.
8. Нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад өгсөн дээрх гэрчийн мэдүүлгээс үзэхэд маргаж буй худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэлгүй.
9. Цаашлаад, нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хариуцагч буцаан худалдаж авах санал гаргасныг биелүүлээгүй бөгөөд бусдад давхар худалдсан гэж мэдүүлснээс үзэхэд хариуцагчийг тухайн маргаж буй худалдах худалдан авах гэрээг хуурч мэхлэх замаар хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
10. Түүнчлэн хариуцагч Ц.С нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд Б.Бтай маргаж буй газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. /хх71/
Улмаар хариуцагч нь газрыг худалдсан үнэ болон зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн зөрүүд 1,686,665 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, зөвшөөрсөн. /хх99/
Үүнээс үзэхэд гуравдагч этгээд Б.Б нь өмчлөх эрхтэй этгээдээс буюу эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авсан байна.
Иймд гуравдагч этгээд маргаж буй газрыг худалдан авсан гэрээ хүчин төгөлдөр байх тул тухайн газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Ст холбогдох худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, ,,,, тоот хаягт байрлах, нэгж талбарын ,,, дугаартай, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Г