| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/06387/И |
| Дугаар | 101/ШШ2023/04977 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2023/04977
| 2023 11 15 | 101/ШШ2023/04977 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О /рд:/-т холбогдох,
21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И овогт Л-н Б нь 2022 оны 08 сард ээлжийн амралтаа авч Хөвсгөл аймаг руу явсан ба өөрийн эзэмшлийн 2003 онд үйлдвэрлэгдээд Монгол улсад 2012 оны 10 сарын 23-ны өдөр импортоор орж ирсэн ТОҮОТА HILUX /,,,/арлын дугаартай ,,,-УЕВ улсын дугаартай автомашиныг найз болох С овогтой С-д нотариатаар итгэмжлэл хийж үлдээсэн. 2022 оны 08 сарын 04-нд найз болох Б овогтой От худалдаалахаар тохирч зээлээр худалдах худалдан авах нотариатаар гэрээг сарын хугацаатай хийсэн. 2022 оны 08-р сарын 04-ээс 09 сарын 04-ны өдрийг хүртэл 34.000.000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд мөнгө хийгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох цаашлаад машиныг буцаах, төлбөр төлөх заалттай гэрээ хийсэн. 2022 оны 09-р сарын 16-ны өдөр С.С-н ХААН банкны ,,, тоот дансанд Т.Оаас 13.000.000 сая төгрөг шилжүүлсэн. Энэ хугацаанд гэрээнд заасны дагуу алданги тооцоогүй. Энэнээс хойш Т.О утсаа авахгүй холбоогүй яваад байсан. Үүний дараа Т.Оын эхнэр болох ,,,, дугаартай эмэгтэй хүнтэй холбоо барьсан. Үүний дараа маш олон хоног ярьсны үр дүнд 2022 оны 10-р сарын 03-ны өдөр миний хаан банкны ,,, тоот дансанд 7.000.000 төгрөг орж ирсэн. Үүнээс хойш Т.О ч эхнэр нь ч утсаа авахгүй ямар ч холбоогүй болсон. 2022 оны 10-р сарын 20-ний өдөр AUTOBOX.mn сайтаар машины мэдээллийг дугаараар нь шалгахад машины мэдээлэл гарч ирэхгүй цаашаа өөр хүнд худалдаалсан байсан. Т.О болон эхнэр лүү нь ярихад машинаа зарсан, битгий дарамт болоод бай шүүхдээ өгвөл өг гэсэн хариу авсан. Энэ хугацаанд миний утасны дуудлагыг нэг ч удаа аваагүй. Гэрээний хугацаа дууссан боловч Т.О нь үлдэгдэл мөнгөө төлөөгүй өнөө хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги 7,000,000,00 тооцож үлдэгдэл мөнгөний 14,000,000.00 нийт 21,000,000.00 төгрөгийг хариуцагч Б.Оаас гаргуулж өгнө үү.
1а. Хариуцагч өөрөө холбогдохгүй байгаа юм. Тэгэхээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай. Миний зүгээс хүсэлт баримтгүй.
2023.8.3-нд хариуцагч над уруу утасдсан. Сансарт хүрээд ир гэхээр нь очиж уулзсан. Сайншандад байшин барьж байгаа тул бартерт машиныг чинь өгөөд мөнгийг нь сарын дараа өгнө гэсэн. Тэгээд 5-ны өдөр жижүүртэй байхад утасдаад машиныг чинь авмаар байна гэсэн тул би итгэмжлэл хийж өгөөд машинаа өгөөд явуулсан. Тэрнээс хойш таг болж байгаад 9.5-нд мөнгөө авах гэтэл таг болсон. Гэрт нь очиход ийм хаягт байдаггүй гээд чат бичихэд хариу өгөөгүй. 10 сарын дундаар дүүрэг дээр машин унаж явахад нь таараад машинаа авъя гэхэд одоо мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн. Улмаар 13 саяыг шилжүүлээд алга болсон. Дараа нь 7 саяыг шилжүүлээд тэрнээс хойш алга болсон. Ахад нь хэлэхэд надад бас олдохгүй байгаа гэсэн юм. Тэгээд нэхэмжлэл гаргасан. Одоо машины үлдсэн төлбөр 14 сая төгрөг байгаа юм. Гэрээнд алданги тооцохоор бичсэн тул алдангид 7 сая гээд нийт 21 саяыг нэхнэ. Тухайн үед эхнэр нь шүүхэд өг та нараас айхгүй гэдэг юм гэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх6/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Л.Б, С.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар 2 ширхэг /хх7, 8/, Хаан банк дахь С.С-н дансны хуулга /хх24-28/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 21,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Б нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг ,,,,тоот гэж тодорхойлсон боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан компанийн магадлагаагаар тогтоогдсон. /хх29, 30/
Цаашлаад, хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй боловч хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа үзүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбарт Баянзүрх дүүрэг, ,,,,,тоот гэсэн хаяг бичигдсэн бөгөөд хариуцагч нь шүүхийн харьяаллын талаар маргаагүй тул тус шүүх хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх16/
3а. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг хариуцагчийн өөрийн тодорхойлсон хаягаар хүргүүлсэн боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Үүний улмаас шүүх хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн утсаар хуралдааны товыг мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хариуцагч нь оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдээгүй тохиолдолд хамгийн сүүлд мэдэгдсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлснээр хуралдааны товыг хүргүүлсэнд тооцно. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй.
Иймд хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр маргаж буй Toyota, Hilux маркийн, ,,, УЕВ улсын дугаартай автомашиныг худалдах зэргээр захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг С.Сд олгожээ. /хх7/
Энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С нь 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хариуцагчтай дээрх автомашиныг худалдах худалдан авах 34,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. /хх6/
Гэрээний 3.2-т зааснаар талууд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний үнийг төлөхөөр тохиролцсон байна. Мөн гэрээний 3.3-т зааснаар 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хариуцагч нь гэрээний зүйлийг шалгаж, хүлээн авсан байх бөгөөд дээрх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
5. Нэхэмжлэгчийн хариуцагчийг гэрээний дагуу 20,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сын дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь үүнээс илүү төлбөр төлсөн эсэх талаар маргаагүй. /хх24, 27/
Иймд хариуцагчийг гэрээний үүргээс 14,000,000 төгрөгт холбогдох хэсгийг гүйцэтгээгүй гэж үзнэ.
Гэрээний 3.6-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нь төлбөр төлөх хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 1 жил, 24 хоног буюу 389 хоногоор хэтрүүлсэн. Энэхүү хугацаанд 1 хоногт 70,000 /14,000,000*0.5%/ төгрөг, 389 хоногт 27,230,0000 төгрөгийн алданги тооцогдоно.
Харин хариуцагч нь алдангид 7,000,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцнэ.
6. Дээр үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 21,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Оаас 21,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД