Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0417

 

2023          05           08                                           128/ШШ2023/0417

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д******* М******* /РД: УХ9*******/,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хооронд үүссэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохтой холбоотой маргааныг шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*******баяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 141 дугаар албан бичгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,945,846.81 төгрөгийг олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Д.М******* 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 141 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д зааснаар сүүлийн 6 сар тасралтгүй жирэмсний болон амаржсаны тэтгэмж төлөөгүй үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан.

2.2. Мөн нэхэмжлэгч Д.М******* нь тус асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гомдол гаргасан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 албан бичгээр мөн адил үндэслэлээр тэтгэмж олгох боломжгүй талаарх хариуг хүргүүлжээ.

2.3. Ийнхүү нэхэмжлэгч Д.М******* нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, холбогдох тэтгэмжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон маргасан байна.

 

3. Нэхэмжлэгч Д.М******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Миний бие Д******* овогтой М******* Б******* дүүргийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Б******* жирэмсний хяналтад орж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр жирэмсний 32 дах долоо хоног болж жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ гаргуулан /daatguulagch.ndaatgal.mn/-ээр хүсэлтээ явуулсан.

3.2. Явуулсан хүсэлтийн хариуг цахимаар шалган үзэхэд татгалзсан төлөвтэй байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг утсаар өгч (2022 оны 11 сарын 22-нд албан тоотоор авсан) Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газарт ханд гэж зөвлөсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газарт өргөдөл өгсөн.

3.3. Нийгмийн даатгалын ерөнхий газар өргөдлийн хариуг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан тоотоор авсан бөгөөд цэргийн цолтой байсан учир тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Цэргийн байгууллага жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцон олгодог бөгөөд цэргийн байгууллагаас энгийн байгууллага руу шилжин ажиллаж байгаа миний хувьд хохирч байна гэж үзэж байна.

3.4. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өргөө амаржих газарт амаржсан бөгөөд хүүхдээ өсгөн бойжуулж байна. Анхлан төрөгч миний хувьд улсад 10 жил тасралтгүй ажилласан боловч тэтгэмж тооцуулах эрхгүй болсонд гомдолтой байгаа учир Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 141 дүгээр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 дугаарт тус тус шийдвэрүүдийг хүчингүй болгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 5,945,846.81 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр гаргуулахыг хүсэж байна.” гэжээ.        

4. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй" гэж заасан. Иргэн Д.М*******гийн хувьд Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 2017 оны 11 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал энгийн буюу "01" кодоор, 2017 оны 10 сараас 2021 оны 07 сарыг дуустал цэрэг, цагдаагийн ажилтан буюу "11" кодоор, Х 2021 оны 08 сараас жирэмсний эмнэлгийн хуудас авах хүртэл энгийн буюу "01" кодоор шимтгэл төлж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа Б******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөр цахимаар бичүүлэн авч, байгууллагын харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ цахимаар гаргасан бөгөөд дүүргийн нийгмийн Даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан хугацаанд иргэний хүсэлтийг хүлээн авч хянаад жирэмсний тэтгэмж авах эрх үүсээгүй тул даатгуулагчид мэдэгдэн, цахимаар хүсэлтийг буцаасан байна.

4.2. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 тоот албан бичгээр иргэн Д.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг хянаж үзээд жирэмсний чөлөө авахаас өмнө сүүлийн 6 сарын 2021 оны 9 сараас 2021 оны 12 сар дуусталх хугацаа буюу 5 сард нь Х энгийн ажилтан буюу "01" кодтойгоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 2021 оны 07 дугаар сар буюу 1 сард нь Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт цэрэг цагдаагийн ажилтан буюу "11" кодтойгоор хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8.2.1- 1 заасны дагуу зөвхөн эрүүл мэндийн даатгалд шимтгэл төлсөн байх тул дээр дурдсан хуулийн заалтыг хангахгүй байгаа талаар албан бичгээр хариуг хүргүүлсэн болно. Иймд иргэн Д.М*******гийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар нэхэмжилсэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 35945 846 төгрөгийг олгох боломжгүй байна.” гэжээ.

5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилтан Д.М******* нь 2022 оны 01 дүгээр  сарын 18-ны өдөр жирэмсний 31-32 дахь долоо хоног болж, эмнэлгийн хуудас олгох журмын дагуу Б******* дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн хуудсыг бичүүлэн, тэтгэмж авах хүсэлтээ харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн. Эмнэлгийн хуудсыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч хянаж олгогдох боломжгүй тул даатгуулагчид мэдэгдэн буцаасан. Учир нь цэргийн цолтой албан хаагч нь нийгмийн даатгалын санд зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн (4%) хувь төлдөг.

5.2. Иймээс нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасны дагуу /тухайн даатгуулагчийн жирэмсний тэтгэмж бодогдох 6 (сар)-ын 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл ТТАХН эмнэлэгт офицер (11 кодтойгоор) цолтой, 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл ХӨСҮТ-д (01 кодтойгоор) ажиллаж шимтгэл төлөгдсөн учраас жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй, тул буцаасан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.М*******гоос “Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 141 дугаар албан бичгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,945,846.81 төгрөгийг олгохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн төрөлд хамааруулан тодорхойлж, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулна хэмээн маргаж байна.

3. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзлээ.

4. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 албан бичиг нь нэхэмжлэгч Д.М*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан эрх зүйн үр дагаврыг агуулсан шийдвэр биш харин Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар Д.М*******гийн гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар өгсөн хариу байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлд нь үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг. Тодруулбал, шүүхийн хянаж буй захиргааны үйл ажиллагаа бүр тусдаа эрх зүйн дагавар үүсгэсэн байхыг шаардана.

6. Иймд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагаанд холбогдуулан маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” хэсэг нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны зүйлд хамаарахгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 141 дугаартай албан бичгээр “...цэргийн цолтой албан хаагч нь нийгмийн даатгалын санд зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн даатгуулагчийн жирэмсний тэтгэмж бодогдох 6 сарын 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт офицер /11 код/ цолтой, 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл ХӨСҮТ-д /01 код/ ажиллаж шимтгэл төлөгдсөн учраас жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй”  гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.М*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан хариуг хүргүүлжээ.

8. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс “...цэргийн алба хаагчдаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бусад шимтгэлийг суутган тооцдоггүй бөгөөд миний бие ажиллаж байсан хугацаандаа шимтгэл төлөхөөс татгалзаж байсан удаагүй, хэрэв шимтгэл төлөгдөөгүй гэж үзэж байгаа бол шимтгэлийг төрөөс нөхөн төлүүлээд миний тэтгэмжийг олгох ёстой, иймд хуулиар олгогдсон тэтгэмж авах эрхийг маань зөрчсөн шийдвэрийг гаргасанд гомдолтой байгаа учраас холбогдох тэтгэмжээ авна...” гэж маргасан, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ дэмжиж “...тэтгэмж авахаар хүсэлт гаргасан даатгуулагч эхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцож олгодог, нэхэмжлэгчийн тухайд сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлөгдсөн байх шаардлагаас 5 сарыг нь хангаж байгаа боловч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт цэргийн алба хаагчаар ажиллаж байсан 1 сарын хугацаанд шимтгэл төлөгдөөгүй байснаас тэтгэмж олгогдоогүй, өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд тэтгэмжийн даатгалын санд 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх ёстой, 2021 оны 6 дугаар сард цэргийн алба хаагчаар ажиллаж байхдаа шимтгэл төлөөгүй, 1 сар дутсан учраас хуулийн шаардлагыг хангахгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байна.

9. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар, нэхэмжлэгч Д.М*******гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн, жирэмсний чөлөө авахаас өмнөх 12 сарын хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Санхүү бүртгэлд албанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эдийн засагчаар ажиллаж жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн даатгалыг 5 сарын хугацаанд төлсөн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Санхүүгийн албанд 2017 оны 10 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг дуустал эдийн засагч, дэслэгчээр ажиллахдаа жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн даатгал төлөөгүй үйл баримтын тухайд талууд маргаангүй.

10. Харин нэхэмжлэгч Д.М******* нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй эсэх, маргаан бүхий энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасныг хэрэглэж тэтгэмж олгохоос татгалзсан нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

11. Нэхэмжлэгч Д.М*******гийн тухайд, жирэмсний чөлөө авах үедээ  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Санхүү бүртгэлд албанд эдийн засагчаар ажиллаж тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлж байсан учраас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сар хүртэлх 5 сарын хугацааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн тооцсон нь зөв байна.

12. Харин хариуцагчаас шимтгэл төлөгдөөгүй гэж үзсэн 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэгч Д.М******* нь цэргийн алба хаагчаар ажиллаж байсан учраас тухайн хугацааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасанд хамааруулан тооцох боломжгүй.

13. Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаар цэргийн алба хаагч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн санд шимтгэл төлөх үүрэггүй бөгөөд мөн хуулийн 171 дугаар зүйлийн 1-д зааснаар цэргийн алба хаагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй, мөн 172 дугаар зүйлийн 1-д зааснаар цэргийн алба хаагч эхэд сүүлийн 12 сард авсан цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмж олгодог байна.

14. Иймд нэхэмжлэгч Д.М*******гийн цэргийн алба хаагчаар ажиллаж байх хугацааг тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй, цэргийн тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэгтэй учраас Д.М*******гийн 2021 оны 6 дугаар сард тэтгэмжийн даатгалын санд төлөгдөөгүй шимтгэлийг улсын төсвөөс шилжүүлэн авах замаар түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгох ёстой байхад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шимтгэл төлөөгүй хэмээн тэтгэмж олгохоос татгалзсан нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэж тэтгэмж олгохоос татгалзжээ.

15. Тиймээс хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасныг буруу хэрэглэж, нэхэмжлэгч Д.М*******гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй.

16. Гэхдээ нэхэмжлэгч Д.М*******гоос жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,945,846.81 төгрөгийг олгохыг шаардсан, хариуцагчаас тэтгэмж олгох үндэслэлгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан, шүүх хуралдаанд тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 191дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.” гэж заасны дагуу Д.М*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг зохих журмын дагуу бодож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

17. Хариуцагчаас “...10-аас доош жил алба хаасан бол уг хугацааг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог Д.М******* нь цэргийн алба хаагчаар 10 жил ажиллаагүй учраас шимтгэл төлсөнд тооцогдохгүй...” гэх боловч Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан зохицуулалт нь цэргийн алба хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоход хамааралгүй, цэргийн алба хаасан иргэн өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр, эсхүл тухайн иргэн нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцоход хамаарах зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М*******гоос Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05/132 шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 171 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М*******гийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 141 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Д.М*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.М*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг зохих журмын дагуу бодож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М*******гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ