Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Батхишиг,

Шүүгдэгч Б.Баярмагнай нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогтой Бямбадоржийн Баярмагнайд холбогдох 1703000010011 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Говь Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Хишиг Арвин” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67 дугаар байр, 61 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Бямбадоржийн Баярмагнай /РД:ДГ92051718/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Баярмагнай нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Очир 3” хорооллын 47 дугаар байрны зүүн замд 2017 оны 6 дугаар сарын 23-ны оройн 22 цаг 45 минутын орчимд Nissan Note маркийн 40-81 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Б.Батмөнхийг мөргөн биед нь зүүн дунд чөмөг, шаант ясны битүү хугарал, зүүн тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярмагнай мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний бие өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нартай сайн дураараа эвлэрч 2.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батмөнх мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 23-ны орой гэрийнхээ гадна байрны зүүн талын зам дээр эгч Хулангийн хамт хөл бөмбөгөөр тоглож байтал миний ар нуруунаас нэг машин ухарч ирж мөргөөд би газар унасан чинь тэр машин зогсолгүй миний зүүн хөлийг баруун хойд дугуйгаараа дарсан тэгээд би орилсон чинь тэр машин буцаж урагшлаад жолооч нь бууж ирээд эцэг эхээ дууд гэсэн манай эгч ээжийг дуудсан. Удалгүй ээж гарч ирж намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү найзтайгаа явуулсан. Манай ээж газар үлдсэн..” гэжээ. /хав 11-12/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мөнхтуяа мэдүүлэхдээ: “..Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хав 12-13/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 8293 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Батмөнхийн биед зүүн дунд чөмөг, шаант ясны битүү хугарал, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /хав 17/

 

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хав 3-7/

 

Замын цагдаагийн алба шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаар дүгнэлт: Nissan Note маркийн 4081 СЭА улсын дугаартай автомашины жолооч Б.Баярмагнай нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “...Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Батмөнх нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй тогтоогдоогүй болно гэжээ. /хав 21-22/

 

Хохирлын мөнгө авсан баримт /хав 56-57/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хав 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Баярмагнай нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Очир 3” хорооллын 47 дугаар байрны зүүн замд 2017 оны 6 дугаар сарын 23-ны оройн 22 цаг 45 минутын орчимд Nissan Note маркийн 40-81 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Б.Батмөнхийг мөргөн биед нь зүүн дунд чөмөг, шаант ясны битүү хугарал, зүүн тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 56-57/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

            Б.Баярмагнай нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Баярмагнай нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасанаар прокурорын саналыг харгалзан Б.Баярмагнайг 451,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогтой Бямбадоржийн Баярмагнайг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайг 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Баярмагнай торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Б.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Баярмагнайгийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ