| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2022/06706/И |
| Дугаар | 101/ШШ2023/04928 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2023/04928
| 2023 11 10 | 101/ШШ2023/04928 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Э -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БЗДЗД,
Хариуцагч: БЗДГЗБА-нд тус тус холбогдох,
Шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож гэм хор учруулсны төлбөр 160,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө,
Хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,
Хариуцагч БЗДГЗБА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,
Иргэдийн төлөөлөгч Д.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч бөгөөд намайг итгэмжлэн өөрийн хууль ёсны эрх, эрх ашгийн сонирхлоо хамгаалуулахаар итгэмжлэл олгогч Ц.Э нь анх 2006 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Жанжны 17 дугаар гудамжны ***А тоот хашааны 700м кв газар, түүнийг өмчлөх эрхийн хамт Монгол улсын иргэн Д.Даас ***Б хаягт байх 452 м.кв газар, түүнийг өмчлөх эрхийг Монгол улсын иргэн Д.Б-ээс тус тус худалдан авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбогдох бусад эрхийн улсын бүртгэлд Г- 2201****48, Г-2204****97 дугааруудад тус тус бүртгүүлэн, гэрчилгээнүүдийг авч, албан ёсоор өмчилж авсан. Гэтэл БЗДЗД 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 234 тоот захирамж гаргаж, Жанжны 17 дугаар гудамжны *** тоот хашааны газраас 300 м.кв газрыг иргэн Д.Ч гэгчид Ц.Эийн өмчлөлийн газартай давхардуулан эзэмшүүлснээр газрын маргаан үүсэж, улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн юм. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр гарч энэхүү газрын маргааныг шийдвэрлэхдээ Жанжны 17 дугаар гудамжны *** тоот хашааны газраас 300 м.кв газрыг иргэн Д.Чад өмчлүүлж, үлдэх хэсэг болох 852 м.кв нь иргэн Ц.Эийн өмчлөлд үлдсэн юм. Тус шүүхийн 12-р шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т заахдаа: Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн 78-р зүйлийн 78-2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23-р зүйлийн 23-2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э, Д.Ч нарын өмчлөх газрыг давхцалыг арилга, хил зааг, орц гарцыг тогтоож, газар зохион байгуулалтыг хийж зөвтгөхийг БЗД-ийн газрын албанд даалгасугай гэж шийдвэрлэсэн. Ц.Э нь энэхүү шүүхийн шийдвэрээр өөрийн өмчлөлийн газраас 300 м.кв ийнхүү БЗД-ийн холбогдох албан тушаалтнуудтай нэгдмэл эрх ашиг бүхий зальт этгээдүүдэд алдаж хохирсон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үлдэх 852 м.кв газрын өмчлөх эрхээ хадгалж үлдсэн. Гэтэл БЗД-ийн ЗД түүний газрын алба нь шүүхийн энэхүү шийдвэрээр даалгасан... газрын давхцалыг арилгах, хил зааг, орц гарцыг тогтоож, газар зохион байгуулалтыг хийж зөвтгөхийг хийгээгүй бөгөөд БЗД-ийн ЗД нь 2005 оны Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр 298-р захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон боловч түүнийг хүчинтэй мэтээр хүү Д.Б-дээ шилжүүлж, хуйвалдаж газрын хууль ёсны өмчлөгч Ц.Эээс нууцаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад зарсан байдаг.
Зальт этгээдүүдийн удаа дараагийн эрүүгийн шинжтэй гэмт үйлдлүүд, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй тодорхой албан тушаалтнуудын хууль зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж иргэн Ц.Э нь эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбогдох бусад эрхээ эдэлж чадахгүй болж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн хохирсоор байна.
Нэхэмжлэгч Ц.Э нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн дээрх 12-р шийдвэрийг албадан биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хандсан боловч дээрх газрыг дамжуулан худалдсан, Санхүүгийн байгууллагад барьцаалсан, улмаар төлбөрийн маргаанаас шалтгаалан шүүхийн битүүмжлэлд орсон зэргээс болж шүүхийн дээрх шийдвэрийг албадан биелүүлэх боломжгүй гэсэн хариу авсан болно. Өнгөрсөн хугацаанд БЗД-ийн ЗД, түүний газрын алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зохих ёсоор биелүүлж, иргэн Ц.Э өөрийн газрын өмчлөл болон түүнтэй холбогдох бусад эрхүүд /түрээслэх, барьцаалах, худалдах.../-ыг хэрэгжүүлж чадаагүйгээс давхар давхар хохирсоор ирсэн. Дээрх газар хожим Нийслэлээс хэрэгжүүлсэн: Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамаарагдсан бөгөөд өмчлөлийн газрын хэмжээнээс хамаарч орон сууц болон бусад нөхөн төлбөрүүдэд хамаарагдсан байдаг. БЗД-ийн ЗД, түүний шууд харьяалагдах газрын алба нь Ц.Эийн өмчлөх эрхийг эдлүүлээгүйн улмаас учруулсан гэм хорын хохирлын хэмжээг хамгийн багаар тооцоход тухайн байрлал, түүний орчмын нутаг дэвсгэрийн орон сууцны 2 өрөө байр буюу 80 м.кв орон сууцны байраар дүйцүүлэн тооцож байна.
Ийм учир БЗД-ийн ЗД түүний шууд харьяалдаг газрын албаны шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгож үүнээс үүссэн гэм хорын төлбөрт 80 м.кв орон сууцны байрны зах зээлийн үнэлгээ /80 м.кв X 2,000,000 төг/ болох 160,000,000 /нэг зуун жаран сая төгрөг/ төгрөгийг хууль зөрчсөн буруутай этгээд болох ЗДас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Тус маргаж байгаа газар нь эзгүй газар байсан. Эзгүй байсан газарт 1997 оноос хойш айлууд анх буугаад хашаа барьж эхэлсэн. 2000 онд БЗДЗДын захирамж гарч, 2007 оны Б/27 тоот захирамжаар манай хашаанд Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжины 23 гудамж, *** тоот гэсэн хаяг олгосон. Хуулийн заалтаа баримтлаад гэрчилгээнд 300 м.кв гэж бичсэн байсан. Тэндээ амьдарч байгаад би 2001 онд барилгын ажилд явахаар болоод ахыгаа хашаандаа буулгасан. Ах байранд нүүж орсон хойгуур Д.Ч гэдэг залуу ирж буусан байсан. Тэрийг тухайн үед манай арын хашааны залуу өөр хүн буусан гэж хэлсэн. Хэл ам хийгээд цагдаад бид нарыг зодсон гэж өргөдөл өгөөд, цагдаа нь шүүхээр шийдүүл гэсэн. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 2005 оны 01 дүгээр сарын 19-ний 09 дүгээр шүүхийн шийдвэрээр Б-гийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэл гаргахдаа хэн амьдарч байгаа нь тодорхойгүй болохоор нь Б-г амьдарч байгаа гэж бодоод нэхэмжлэл гаргасан боловч Ч амьдарч байсан юм билээ. Тэр шийдвэрийг гуйвуулж ойлгоод *** тоот хашааг хувааж ав гэсэн гэж нэхэмжлэл гаргаад 2006 оны 186 тоот захирамжаар нэхэмжлэлээсээ татгалзаад хэрэгсэхгүй болсон. Надад 700 м.кв газрыг өмчлүүлээд, үлдсэн 452 м.кв газрыг манай дүү Б-т хуулийн дагуу өмчлүүлсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр биелэгдээд өмчлөлд авсан байтал буюу 4 жилийн дараа Чыг нүүлгэж чадаагүй байж байгаад хашаагаа Эт зарсан. Үүний дараа БЗДЗДын 2009 оны 234 тоот захирамжаар Ч манай хашааны өмчлөгч гээд гэрчилгээ гаргуулаад авсан байсан. Энэ талаар Э мэдээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Эийн нэхэмжлэл хүчингүй болоод, 3 дахь заалтаар 300 м.кв газрыг Чад өгөөд, үлдсэн 852 м.кв нь Эт өмчлүүлэхээр заасан байсан. Тэрийг тухайн үед Э хүлээн зөвшөөрөхгүй Захирааны хэргийн давж заалдах болон Хяналтын шатны шүүхээр гомдол гаргаад явж байх үед БЗДЗДын 2011 оны 206 тоот захирамжаар Б-д 700 м.кв газрыг эзэмшүүлээд, 536 тоот захирамжаар өмчлүүлэхээр болсон байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болж байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 498.2 дугаар зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасныг үндэслэн нөхөн төлбөр гаргуулахаар ЗД, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хариуцагчаар татсан. Хариуцагч нараас 160,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. ЗД нь шүүхийн шийдвэр гарсан байхад дахин газар эзэмших захирамж гаргасан. Баянзүрх дүүргийн газрын алба нь 2011 оны 12 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг биелүүлээгүй тул хариуцагчаар татаж байгаа.
2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар Ч, Э нарын газар давхацсан гэж үзсэн. Эийн 1,152 м.кв хүчинтэй байгаа тул 300 м.кв газрыг хүчингүй болгоод Чад өмчлүүлэх асуудал байсан. Түүнээс бүгдийг нь хүчингүй болгосон зүйл байхгүй.
Хэрэв 300 м.кв газраа нэхэмжлээгүй байсан бол 700 м.кв газар байж байх байсан. Газраа эзэмших, ашиглах ямар ч эрх байхгүй, хоосон гэрчилгээтэй л үлдээд байгаа тул мөнгөн хэлбэрээр Иргэний хуулийн 498.2 дугаар зүйлийг баримтлан 160,000,000 төгрөг нэхэмжилж байна. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн газрын алба нь 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэр, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч нь захирамжийг биелүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн ЗД нь 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б-гаас Б-д олгож байгаа шийдвэр нь Газрын тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар дээд шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад шинээр гэрчилгээ олгож байгаа нь шинээр гэрчилгээ олгохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Баянзүрх дүүргийн газрын алба нь давхцуулахгүйгээр газар олгох ёстой байсан. Газрын тухай хуулийн 27.3, 27.4 дүгээр зүйлийг зөрчиж байна. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.4 дүгээр зүйлд зааснаар өргөдөл өгсөн дарааллаар шийдэх ёстой байсан ч дарааллаар шийдээгүй. Кадастрын зургийг нэгдсэн санд тусгаж шийдүүлээгүй нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйл, 228 дугаар зүйлд заасны дагуу мөнгөн хэлбэрээр шаардаж байна. Мөн хуулийн 498.2 дугаар зүйлд зааснаар төр хариуцна гэсний дагуу хариуцагчаар татаж шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.гэв.
2. Хариуцагч БЗДГЗБА шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр, 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 99 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжийн иргэн Б.Дд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжийн иргэн Д.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.Д, Д.Б- нараас шилжүүлж авсан нэхэмжлэгч Ц.Эийн улсын эрхийн бүртгэлийн Г-2204****48, Г-2204****97 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх хүчингүй болсон газартай маргаантай гэх 1864********72 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 12-р хороо Зүүн жанжины 23-*** тоот хаягтай газар болон үл хөдлөх хөрөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-д Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 756 дугаар захирамж, 606 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу барьцаанд бүртгэлтэй байгаа болно.
Нэхэмжлэгч Д.Дд шүүхийн шийдвэрийн дагуу өмчилж байсан газрыг дахин захиргааны акт гаргаж, эзэмшүүлэхийг даалгасан боловч тухайн маргаан бүхий газар нь дээрээ үл хөдлөх хөрөнгөтэйгөөс гадна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх тогтоолын дагуу газар зохион байгуулалт хийх боломжгүйг мэдэгдсэн.
Мөн Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд төрийн байгууллага нь хууль зөрчсөнөөс үүдэн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулах үүрэгтэй гэж заасан. Манай албаны хувьд хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 160 сая төгрөгийг барагдуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талаас 2000 оноос уг газарт амьдарсан гэж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 зүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Ч, түүний ах Д нарыг 1994 оноос амьдарч байсан нь тогтоогдсон гэсэн байна. Мөн 2009 оны 234 тоот захирамжийг зөрчиж гарсан гэж байна. Б-д олгосон нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэсэн байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирлоо барагдуулна гэж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 зүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Д, Б-, Э нарт олгосон газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон байдаг. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд ...газар өмчлөх эрхийг нь зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний дотор олох байсан орлогыг нь оролцуулан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлнө... гэж заасан тул Эт газар өмчлөх эрх байхгүй. Тэгэхээр хүчин төгөлдөр өмч гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Чад өмчлүүлж шийдвэрлэсэн. Хашааны газраас 300 м.кв газрыг Чад өмчлүүлж, үлдэх хэсэг болох 852 м.кв газар нь Эийн өмлөлд үлдсэн гэж байна. Шийдвэрээс харахад Эийн өмчлөлд үлдээх талаар тусгаагүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас 852 м.кв газар Эийн нэр дээр үлдсэн гэж байгаа ч нотлох баримт байхгүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийг үндэслэн шаардаж байгаа ч тухайн иргэнд өмчлүүлэх гэх газар байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хариуцагч БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Яагаад зөвшөөрөхгүй байгаа гэхээр 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шүүхийн шийдвэрт Захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр шийдвэрээр Д, Б-, Ч нарын эзэмшиж байсан газрын хил хязгаарыг тогтоож, орц гарцын асуудлыг шийдвэрлэхийг ЗД, БЗДГЗБАнд даалгасан гэж байгаа. Газар эзэмших эрх нь цуцлагдсан газарт газрын хил заагийг тогтоох боломжгүй болоод байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 12 дугаар шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлал болон дээд шүүхийн тогтоол зэрэг 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байсан тул Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.гэв.
4. Нэхэмжлэгч нь 1-р хавтаст хэргийн 4-32 дугаар талд авагдсан баримтуудыг нэхэмжлэлд хавсарган өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1-р хавтаст хэргийн 50-101, 149-150, 160-162, 172-182, 205-208 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,
хариуцагчаас 1-р хавтаст хэргийн 104-105, 196-198 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн,
шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр 1-р хавтаст хэргийн 115, 124-140, 151-153 дугаар талд авагдсан,
хариуцагч талын хүсэлтээр 1-р хавтаст хэргийн 209-250, 2-р хавтаст хэргийн 1-148 дугаар талд авагдсан баримтыг тус тус бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч ЗД болон БЗДГЗБАнд холбогдуулан шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэм хор учруулсны төлбөр 160,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж,
нэхэмжлэлийн үндэслэлээ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Э, Д.Ч нарын өмчлөх газрын давхцлыг арилгах, хил зааг, орц, гарцыг тогтоож газар зохион байгуулалтыг хийж зөвтгөхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэснийг ЗД, түүний Газрын алба эс биелүүлсэн гэж тайлбарлажээ.
Хариуцагч БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх нь цуцлагдсан газарт газрын хил заагийг тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч БЗДГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.Эт газар өмчлөх эрх байхгүй, хүчин төгөлдөр өмч гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
3. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийж байна.
Иргэн Д.Д, Д.Б- нарт Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны *** тоот хашааны газарт тус бүрт нь 300 м.кв газрыг эзэмшүүлж Газар ашиглах эрхийн үнэмлэх олгохоор ЗД 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар шийдвэрлэж, 2000 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 945 дугаар газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгожээ.
Улмаар Д.Д нь уг байршилд 300 м.кв газар эзэмших эрхтэй байхдаа 1152 м.кв газрыг өмчилж авах хүсэлт гаргаж, Нийслэлийн ЗД 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Д нь дээрх газар өмчлөх эрхээ нэхэмжлэгч Ц.Эт шилжүүлэхээр Газар худалдах, худалдан авах гэрээ хийж, Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны ***А тоот хашааны 700 м.кв газрын өмчлөгч нь Ц.Э болжээ.
Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны ***Б тоот хашааны 452 м.кв газрыг Д.Б-т Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна.
Д.Б-, Ц.Э нарын хооронд байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны ***Б тоот хашааны 452 м.кв газрын өмчлөгч нь Ц.Э болжээ.
Ийнхүү Д.Дын эзэмшлийн 300 м.кв газрыг өмчлөлийн 700 м.кв болгон нэмэгдүүлж газар өмчлөх эрхийг шийдвэрлэхдээ Д.Ч /Д.Б-/-ын амьдарч байсан газартай давхцуулсан үндэслэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны ***А тоот хашааны 300 м.кв газрыг Д.Чад өмчлүүлсэн хэсэг, Д.Чыг газрын өмчлөгчөөр 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204****05 дугаарт бүртгэсэн бүртгэл, 0000***20 дугаар гэрчилгээ-г тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
гуравдагч этгээд Д.Чын бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжийн Д.Дд 700 м.кв газар өмчлүүлсэн, БЗДЗДын 2005 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжийн Д.Б-т 452 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 28 дугаар захирамжийн Д.Б-т 452 м.кв газар өмчлүүлсэн хэсгүүд болон Ц.Эийг Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамжны *** тоот хашааны 700 м.кв газар, 456 Б тоот хашааны 452 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэсэн газар өмчлөх эрхийн Г-2204****48 дугаартай бүртгэл, 0000***95 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-2204****97 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл, 00***7 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.
Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Жанжны 17 дугаар гудамж *** тоот хашааны газрын нийт хэмжээ анхнаасаа 1152.1 м.кв талбайтай байсан бөгөөд түүнээс иргэн Д.Б-, Д.Д нарт тус тус 300 м.кв газрыг БЗДЗДын 2000 оны Б/27 дугаар захирамжаар эзэмшүүлж, улмаар 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Б-, Д.Д нарын эзэмшиж буй газрын хил хязгаарыг тогтоож, орц гарцын асуудлыг шийдвэрлэхийг Баязүрх дүүргийн ЗД, Газрын албанд даалгасан атал шийдвэрлээгүй талаар уг шийдвэрт дүгнэжээ. /1 хх-50-63/
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний 09 дугаар шийдвэрээр Д.Дын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ЗДд холбогдох БЗДЗДын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжийг хүчингүй болгуулж иргэн Ц.Б-г нүүлгэж газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, БЗДЗДын 2000 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар Д.Д, Д.Б- нарын эзэмшиж буй газрын хил хязгаарыг тогтоож орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг ЗД болон тус дүүргийн Газрын албаны дарга нарт үүрэг болгосон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Э нь 700 м.кв газрыг Д.Даас, 452 м.кв газрыг Д.Бүрэнцэцэгээс тус тус худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч өмчлөгч болсон ба түүнд газар өмчлүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон үйл баримт нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар түүнийг дахин нотлохгүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Мөн хуулийн 498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ц.Э нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс маргаан бүхий газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан ч нөхөн төлбөрөө авч чадаагүй, маргаан бүхий газрын зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 154,700,000 төгрөгөөр үнэлсэн зэргийг үндэслэн 160,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч хохирлыг хариуцах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан боловч нэхэмжлэгч нь Ц.Эийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэртэй тул түүнд хамаарах шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоох үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс хамаарч түүнд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл түүнд учирсан хохирол, хариуцагч нарын эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзнэ.
Эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын хүрээнд Д.Д нь газар эзэмших, өмчлөх эрхийг хуульд зааснаар буюу өргөдөл хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж шийдвэрлүүлэх замаар анхдагч аргаар олж авсан ба харин нэхэмжлэгч Ц.Э нь гэрээ хэлцлийн үндсэн дээр газар өмчлөх эрхийг үүсмэл аргаар олж авсан байна.
Д.Дын тухайд, түүний анх эзэмшиж байсан 300 м.кв газрыг Д.Ч /Д.Б-/-ын газартай хил заагийг тогтоогоогүйгээс Д.Дын хүсэлтээр газрын хэмжээг нэмэгдүүлж, улмаар эзэмшлийн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэхдээ Д.Чын /Д.Б-/ газартай давхцуулж олгосон тул үүнээс хойш олгогдсон газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Иймээс нэхэмжлэгч Ц.Э ийнхүү газар өмчлөх эрх олж авахдаа анхнаасаа эрхийн доголдолтой хөрөнгө олж авсан, энэ нь хожмоо шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул өөрт учирсан хохирлоо гэрээний нөгөө талаасаа шаардах эрх үүсэх юм.
Нөгөөтэйгүүр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн захиргааны байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон дээрх шийдвэр гарсан байна.
Иймд хариуцагч ЗД, БЗДГЗБАнд холбогдох шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэм хор учруулсны төлбөрт 160,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ЗД болон БЗДГЗБАнаас шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэм хор учруулсны төлбөр 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Н.САРАНГҮН