Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Ч.Бурмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдалай,

Шүүгдэгч Б.Мөнх-Од нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигин овогт Баярнямын Мөнх-Одод холбогдох эрүүгийн 201726021212 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, ам бүл 5, ээж, эмээ 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын гудамж 11-90 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт Баярнямын Мөнх-Од /РД:НЫ94091411/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Мөнх-Од нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮБИ” нэртэй бааранд найз охин З.Оюунтуяаг өмөөрч иргэн Ч.Бямбасүрэнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 7-8 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Од мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 13-ны орой “ЮБИ” гэх баранд найз нарын хамт орсон. Найз охин бүжгийн талбайд бүжиглэж байтал Бямбасүрэн хоргоогоод байхаар нь би очоод чи зүгээр байгаач гэхэд хэл амаар доромжлоод байсан ба салцгаасан. Тэгээд ширээн дээр сууж байгаад буцаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Бямбасүрэн бас бүжгийн талбай дээр гарч ирээд муудалцсан. Би Бямбасүрэнгийн нүүрлүү 2 удаа цохьсон. Тэгтэл Бямбасүрэн над руу пивоны шил шидсэн ба нэг нь хөл рүү нөгөөх нь гаранд оносон. Найз охин Оюунтуяа Бямбасүрэн руу очоод алгадсан. Тэгтэл Бямбасүрэн мөнгө алга болсон гээд хэрүүл хийж байгаад манай найз охиныг алгадсан. Би Бямбасүрэнг барих гээд хөөцөлдсөн ба намайг гаргахгүй гээд хаалга дарж байтал цагдаа нар ирсэн” гэв.  

 

Хохирогч Ч.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 13-ны орой найз Баярбаатар, Гантөмөр нарын хамт мах хүлээж авч дуусчихаад шөнө 02 цагийн үед хорооллын Юби нэртэй бааранд орсон. Бид нар бааранд ороод 6 шил пиво захиалаад пивоо ууцгааж байгаад би ганцаараа бүжгийн талбай дээр бүжиглэх гэсэн чинь сүүлд нэрийг нь мэдсэн Мөнх-Од миний хүзүү рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би нэг их тоогоогүй буцаад ширээндээ очиж суусан. Ширээн дээрээ сууж байсанд Ганмөрөн, Баярбаатар 2 бүжгийн талбайруу гарахаар нь би дагаад гарсан чинь Мөнх-Одын эхнэр сүүлд нэрийг нь мэдсэн Оюунтуяа шууд надруу дөхөж ирээд миний нүүрийг самардсан тэгсэнд Мөнх-Од хажуунаас надруу чи миний эхнэрт гар хүрдэг хэн бэ гээд намайг заамдаж аваад 6-7 удаа нүүр хэсэгрүү гараараа цохиж зодсонд хамгаалагч нар нь ирээд салгасан тэгэхэд Мөнх-Од салахгүй надруу дайраад байсан. Тэгэхэд миний хамарнаас цус гарчихсан би тонгойж байхад миний биеийн тамирын өмдний баруун талын халаасруу гар орж ирээд юм авсан тэр үед нь би анзаараад дарж авах гэсэн боловч чадаагүй тэгээд тонгойсон байснаа би өндийгөөд харсан чинь эмэгтэй хүний гар харагдах шиг болоод алга болчихсон... ” гэжээ. /хх 13, 15 хуу/

 

Гэрч Ц.Ганмөрөн мэдүүлэхдээ: “....Бямбасүрэн ганцаараа бүжиглэх гээд бүжгийн талбайруу гараад удаагүй нэг залуутай муудалцаад барьцалдаад авахаар нь би очиж салгаад буцаад ширээн дээрээ дагуулж ирээд сууж байгаад бид 3 бүжгийн талбайруу хамтдаа гараад бүжиглэж байсан чинь нэг эмэгтэй орилоод байсан гэхдээ юу гэж орилоод байсныг нь би сайн сонсож чадаагүй...тэгсэн чинь Бямбасүрэнг нэг том биетэй залуу барьчихсан зодож байсан тэгэхээр нь би очиж салгасанд Бямбасүрэн ширээн дээр очсон хамарнаас нь цус гарчихсан зогсож харагдсан тэгээд Бямбасүрэн нөгөө өөрийг нь зодсон залуугийн зогсож байсан чигт шил шидэж харагдсан гэхдээ тэр шил тэр залууг оноогүй газар унаж хагарсан....” гэжээ. /хх 16-17 хуудас/

 

Гэрч З.Оюунтуяа мэдүүлэхдээ: “...бүгдээрээ бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь сүүлд нэрийг нь мэдсэн Бямбасүрэн намайг бүжгийн талбай дээр өдөөд зүгээр бүжиглүүлэхгүй байсанд Мөнх-Од Бямбасүрэнтэй надаас болж маргалдаад салаад бид нар ширээн дээрээ очоод суусан. Тэгээд сууж байсан чинь удалгүй нэг харсан чинь Бямбасүрэн Мөнх-Одруу 3 ширхэг пивоны шил шидэж юу ч гэсэн нэг гарынхан тохой дээр нь оносон тэгэхээр нь би Бямбасүрэн дээр очоод яаж байгаа юм бэ гээд Бямбасүрэнг 1 удаа алгадсан чинь Бямбасүрэн зөрүүлээд намайг 1 удаа  алгадсанд бид 2 маргалдсан чинь Бямбасүрэнгийн найзууд нь салгасан. Тэгэхээр нь би бие засах өрөө орчихоод гарч ирээд явъя гээд Мөнх-Одыг дагуулаад гарсан чинь Бямбасүрэн хойноос ирээд надаас мөнгөө авъя гэсэн тэгэхээр нь би юун мөнгө бэ гэсэн чинь чи миний халааснаас мөнгө авсан эмэгтэй хүний гар мөнгө авсан гээд надруу дайраад татаж чангаагаад байхаар нь би аваагүй гээд маргалдаад буцаад баарлуу ороод мөнгийг нь аваагүй талаар хэлээд буцаад гарах гэсэн чинь миний толгойг Бямбасүрэн хаалганд хавчсан тэгэхээр нь би хаалгаар миний толгойг хавчихлаа гэсэн чинь Бямбасүрэн цагдаа дуудчихсан гэхээр нь үүдэнд нь хүлээгээд зогсож байсан чинь удалгүй цагдаа нар ирээд бид нар бүгдээрээ цагдаагийн хэлтэсрүү явсан. Бид нарыг гадаа бүгдээрээ цагдаа хүлээгээд зогсож байхад ямар нэгэн зодоон хэрүүл маргаан болоогүй...” гэжээ. /хх 20-21 хуу/

 

Гэрч М.Есүхэй мэдүүлэхдээ: “...бүжиглэхээр бүжгийн талбайд гараад бөөндөө бүжиглээд зогсож байсан чинь манай ширээний харалдаа хананд сууж байсан 3 залуугийн 2 нь босч ирээд бүжиглэж байхдаа намайг голдоо хийгээд шахаж махаад өдөх байдалтай байгаад байсан тэгэхээр нь би нэг их тоолгүй 2 найзыгаа өөртөө ойртуулаад тэр залуучуудаас холдоод бүжиглэж байсан чинь гэтэл Мөнх-Од тэр 3 залуугийн нэг залуутай нь муудалцаад барьцалдсан байсан тэгэхээр нь би очоод Мөнх-Одыг тэр залуугаас салгаад Мөнх-Одыг араас нь түлхээд ширээрүү явуулж байсан чинь хажууд шил хагарч сонсогдсон тэгсэн чинь Мөнх-Од надруу шил шидээд оночихлоо гээд нөгөө залууруу явах гээд байхаад нь би боль боль гээд тайвшруулаад ширээрүүгээ суулгасан нөгөө залуучууд ч гэсэн ширээнд дээрээ суусан. Тэгээд Мөнх-Од найз охинтойгоо нааш цааш яваад байсан тэгэхээр нь би гайгүй болчихсон юм байлгүй гэж бодоод юм бодолгүй сууж байсан чинь бүжгийн талбай дээр дахиад маргаан болсон тэгэхээр нь гайхаад очсон чинь Оюука Мөнх-Одтой зууралдаж байсан жижиг биетэй залууруу заагаад тэр залуу намайг алгадчихлаа гэсэн тэгэхээр нь би аль юм бэ гэсэн чинь нөгөө залуу зугатаачихсан...тэгэхээр нь бид нар 10 орчим минутын дараа бөөндөө гарсан чинь нөгөө 3 залуу үүдэнд зогсож байсан Мөнх-Од Оюука 2 нөгөө алгадсан гэх залуутай маргалдаад хэрүүл өдөөд байсанд нөгөө залуучууд цагдаа ирж байгаа гээд байсан тэгэхээр нь би явчихсан...” гэжээ. /хх 22 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дүгээр сарын 17-ны өдрийн 6452 дугаартай дүгнэлтэнд: Бямбасүрэнгийн биед хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал, уруулын дотор салстад ялзарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх 27 хуу/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 хуу/

Хохирол төлсөн баримт /хх 57-58 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мөнх-Од нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮБИ” нэртэй бааранд найз охин З.Оюунтуяаг өмөөрч иргэн Ч.Бямбасүрэнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 7-8 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Бямбасүрэн /хх 13, 15/, гэрч Ц.Ганмөрөн /хх 16-17/, гэрч З.Оюунтуяа /хх 20-21/, гэрч М.Есүхэй /хх 22/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дүгээр сарын 17-ны өдрийн 6452 дугаартай дүгнэлт /хав 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, хохирол төлсөн баримт /хх 57-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “…шүүгдэгч хохирогч нар эвлэрсэн тул хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхэд гаргасан хохирогчийн хүсэлтэд “…хохирол төлбөр авсан. Гомдол саналгүй” гэсэн болохоос хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн хүсэлт саналаа илэрхийлээгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Од нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Баярнямын Мөнх-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Баярнямын Мөнх-Одод 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Од нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнх-Одод урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ