Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0448

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0448

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Н******* ХХК, 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******, Н.О, Д.Б*******, 

Хариуцагч: *******,******* улсын ахлах байцаагч М.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г, У.Х,

Маргааны төрөл: Гомдол гаргагч хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.Б*******, хариуцагч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Н******* ХХК-иас *******,******* улсын ахлах байцаагч М.Дд холбогдуулан *******,******* улсын ахлах байцаагч М.Дын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

2. *******,******* 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн дэлгэцийн кино театрын үйлчилгээний зах зээлд Н******* ХХК-ийн ******* давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгааг тогтоосон байна.

*******,******* даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 дүгээр удирдамжаар кино театрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар албан шаардлагыг хүргүүлжээ.

Улмаар *******,******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаар удирдамжаар албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, Н******* ХХК нь дотоодын кино нийлүүлэгчдийн бүтээл ашиглаж олсон орлогыг хуваарилахдаа 56,8/43,2, 50/50 гэх хувиар өөр өөр хэмжээгээр тогтоож, ялгавартай нөхцөлөөр гэрээ байгуулсан, Ө кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээний 7.1-д Кино тасалбарын үнэ нь кино театрын үнийн бодлогын дагуу байх бөгөөд театрын үндсэн урамшууллыг кино нийлүүлэгч тал мөн адил дагаж мөрдөнө. Кино театрын үндсэн урамшуулалд төрсөн өдрийн урамшуулал багтсан болно., Дотоодын кино үзвэр гаргах тухай гэрээнд Кино нийлүүлэгч талд төлбөл зохих нийт мөнгөн дүнгийн 10%-д С группын шатахууны картаар төлбөрийг барагдуулна., 10.7-д Кино урлагийг дэмжих зорилгоор Н******* ХХК-ийн зүгээс зохион байгуулдаг Cinema awards наадмын үйл ажиллагааг дэмжин, кино зах зээлд гарч, буух хүртэл олсон нийт орлогын 2 хувийг санд төвлөрүүлнэ. гэж тус тус заасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8, 7.1.11-д заасныг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн 22 дүгээр хэргийг нээсэн байна.

Удирдах албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 14 хоногоор, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 30 хоногоор тус тус сунгажээ.

Улмаар *******,******* улсын ахлах байцаагч М.Д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002 дугаар шийтгэлийн хуудсаар Н******* ХХК-ийг 107,528,429.72 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг тус газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03/102 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

3. Гомдол гаргагч дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр *******, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахад тус газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/406 дугаар албан бичгээр Н******* ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй талаарх хариуг хүргүүлжээ.

Улмаар гомдол гаргагч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: 

Шалгалтыг хийхдээ манай талаас тус шалгалттай холбоотой нэмэлт материалыг нэг бүрчлэн авсан боловч эдгээр материал дээр үнэлгээ дүгнэлт хийгээгүй, нотлох баримт тайлбарыг авч үзэж шалгаагүй, гагцхүү нэг гэрчийн үгээр шийтгэл оногдуулсан гэж үзэж дараах зүйлсээр нотлож байна. Үүнд:

1/ Кинотеатр болон кино нийлүүлэгч нарын борлуулалтын орлого хуваалтын хувьд манай салбарын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал өндөр, ашгийн түвшин бага зэргийг үндэслэн гарсан өдрөөс эхлэн эхний 3 өдөрт нийт салбарын хэмжээнд 20%-д хүрээгүй тохиолдолд орлого хуваахгүй гэх үндэслэл нь киног дэлгэцээр гаргах зардлаа нөхөх боломжгүй, цаашид үргэлжлүүлэн гаргавал "Н*******" ХХК өөрөө алдагдалд орох тул урьдчилаад гэрээгээр харилцан тохиролцдог.

Хоёр талын харилцан тохиролцсоны дагуу байгуулсан гэрээний асуудлаар Иргэний шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Гэтэл яагаад ******* хэрэглэгчийн төлөө газарт хандсан нь ойлгомжгүй байна.

Бид кино уран бүтээлчдийг дэмжин үзвэрийн эхний 3 хоног буюу үзэгчдийн хамгийн их кино үздэг өдөр, цагуудад киноны хуваарийг тавьж өгдөг. Гэтэл тухайн кино үзэлт муу, орлого бага, 20%-даа хүрэхгүй тохиолдолд манай компаниас тайлан мэдээг бэлтгэн кино нийлүүлэгч талд гэрээнд заасан цахим и-мэйл хаяг руу гэрээний дагуу мэдэгдэж дэлгэцнээс буулгадаг.

Кино нийлүүлэгч тал гэрээний дагуу хүлээн зөвшөөрсөн хариуг өгсөн учраас л ийнхүү буулгасан байгаа. Түүнээс манай байгууллагаас тухайн иргэн аж ахуйн нэгжийг ямар нэгэн байдлаар дарамтанд оруулж, шахсан зүйл огтоос байхгүй юм.

Эдгээр тайлбар болон гэрээнүүдийн хуулбарыг *******, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн.

2/ Ковид-19 цар тахлын улмаас манай компани 2020 болон 2021 онд ******* шийдвэрийн дагуу үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Үүнээс болж манай компани маш их хэмжээний алдагдалд орж ажилласан. 2020 онд 1,7 тэрбум төгрөг, 2021 онд 1,2 тэрбум төгрөгийн алдагдалтай тус тус ажилласан. Гэтэл энэхүү шалгалтыг алдагдалтай ажилласан, гэрээний заалтуудыг үл харгалзан хэт өндөр дүнгээр шууд киноны олсон орлогын 4%-иар тооцон торгууль тавьсан нь үндэслэлгүй бас ойлгомжгүй байна.

3/ Гэтэл 2020 болон 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал, ОХУ болон Украйны дайны нөхцөл байдлаас болоод Монгол улс даяар шатахууны хомсдолд орсон.

Шатахууны хомсдолын үед шатахуун түгээх станцууд зөвхөн гэрээт байгууллагуудад гэрээний дагуу шатахуун олгож байсан учир кино нийлүүлэгчид шатахуун авахад хүндрэлтэй байсан. Иймээс гэрээнд тус заалтыг оруулж өгөхийг хүссэнийг харгалзан үзэж бид гэрээндээ оруулсан. Кино нийлүүлэгч талаас энэхүү заалтыг гэрээ байгуулахаас өмнө уншиж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Бидний зүгээс гэрээний үнийн дүнд 10% шатахуун бартер оруулан тулгасан зүйл огт байхгүй бөгөөд кино нийлүүлэгч нар өөрсдөө энэхүү заалтыг оруулахыг хүссэн. Кино нийлүүлэгч нар кино театрын дэлгэцнээс кино буугаад киногоо хөдөө орон нутгаар авч явж үзэгчдийн хүртээл болгодог зэрэгт бага ч гэсэн туслалцаа үзүүлж байна гэж бидний зүгээс бодсон.

4/ Кинотеатрын үндсэн урамшууллыг кино нийлүүлэгч тал мөн адил хариуцна гэж хоёр тал харилцан тохиролцож гэрээнд тусгасан. Энэ гэрээний заалт нь үзэгчдэд жилд нэг удаа төрсөн өдрөөр нь бэлэг болгон олгодог урамшуулал юм. Урамшууллыг эдэлж байгаа хүний цаана 1-2 хүн хамт ирж тасалбар худалдан авч борлуулалт нэмэгдүүлдэг.

Өөрөөр хэлбэл тухайн урамшууллын ачаар кино нийлүүлэгчийн киног 1 хүн үзэх байсан бол 2-3 хүн үзэж борлуулалт нэмэгддэг. Борлуулалтаас орсон орлогыг гэрээнд заасан хувийн дагуу орлогыг хуваадаг нь аж ахуйн нэгж буюу кино нийлүүлэгчид илүү ашигтай болно.

Иймд *******,******* улсын ахлах байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00002 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д "захиргааны акт хүчингүй болгуулах", мөн хуулийн 106.3.1-д "захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэснийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н******* ХХК болон кино нийлүүлэгч нарын хооронд Иргэний хуулийн 196, 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчилж байхад ******* хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалт хийж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан. Ингэж шийтгэл оногдуулахдаа ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Ноёлох үйл ажиллагаа нь кино театрын үйл ажиллагаа явуулж байгаа ижил түвшний театруудын хувьд ноёлох үйл ажиллагааг хийж хясан боогдуулахыг ойлгож байгаа. Гэтэл манай дотооддоо байгуулсан гэрээний дагуу кино нийлүүлэх процессын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаад торгож байгаа нь үндэслэлгүй байна.

Нийт 7 кино театр хяналт шалгалт хийсэн бөгөөд кино уран бүтээлийг нийтэд түгээх заалт нь яг ижил. Т кино театр гэхэд 48:52 болон 50:50 хувийг 50 сая хүртэлх дүнгээр нийлүүлдэг гэрээтэй. С компани нь вип танхимд киног гаргасан тохиолдолд борлуулалтын орлогын 30 хувь, кино контент нийлүүлэгчийн хувьд 70 хувь байна гэсэн гэрээтэй. Гэгээнтэн вип танхимдаа кино гаргавал орлогоос эрх эзэмшигч 70 хувь, зохиогч тал 30 хувь эзэмшинэ гэх зэрэг зөрүүтэй байхад зөвхөн Н******* ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй нэгж гэж ялгавартайгаар тогтоож торгосон. Хоёрдугаарт төрсөн өдрийн урамшууллыг буруутгаж байна. 7 театрын хувьд бүгд төрсөн өдрийн урамшуулалтай. Н******* ХХК-г давамгай байдалтай гэсэн үндэслэлээр тусад нь шалгаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Мөн кино үзвэр гаргах гэрээний заалтад тухайн кино нь орлогодоо хүрэхгүй бол 3-5 хоногийн дараа үзвэрээс нь буулгадаг. Энэ нь бүх кино театруудад адил. Ямар үндэслэлээр Н******* ХХК-г давамгай байдалтай гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Үндэслэл нь ч тодорхойгүй байна. Хяналт шинжилгээний үр дүнгээр Н******* ХХК болон Т кино театрыг сонгож зөрчлөө арилгах талаар албан шаардлага өгсөн. Бусад кино театрт ийм шаардлага тавиагүй. Үүнээс харахад ******* хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалтаа зөв явуулсан эсэх, ямар шалтгаанаар ялгавартай хандаж байгаа нь тодорхойгүй байна. Буруутгаж байгаа хуулийн үндэслэлийг нь харахад аж ахуй эрхлэгчээс нэмэлт борлуулалтыг шаардах зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах энэ бүс нутгийн байршлаас хамааран тээврийн бодит зардлыг тооцон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй гэсэн заалтаар буруутгаж байна. 

Бидний зүгээс киноны тасалбарт ямар нэгэн борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардаагүй. Бид кино борлуулж иргэдэд тасалбарыг зардаг болохоос киног борлуулдаг аж ахуйн нэгж биш. Киног борлуулахын тулд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу хэлцэл хийж борлуулалтын хувиа тохироод ажилладаг. Өрсөлдөөний тухай хуулийн аж ахуй эрхлэгчээс борлуулагчийн шаардаж байгаа нөхцөлд тооцогдохгүй. 

Бид гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг тулган шаардаагүй. Иргэний хуульд заасны дагуу гэрээний чөлөөт байдлыг зарчмын дагуу харилцан тохиролцож байгуулдаг. Тухайн нийлүүлэгч гэрээнд санал оруулах бүх боломж байгаа. 

Мөн 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, ОХУ болон Украйны дайны нөхцөл байдлаас болж Монгол Улс даяар шатахуун хомсдолд орсон. Шатахууны хомсдолын үеэр шатахуун түгээгүүрийн газрууд зөвхөн гэрээт байгууллагуудад гэрээний дагуу шатахуун олгож байсан учир шатахуун авахад хүндрэлтэй байсан.

Иймээс гэрээнд тус заалтыг оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг харгалзан үзэж гэрээнд тусгасан. Өөрөөр хэлбэл бид сайн дураар 10 хувьд нь шатахуун оруулж гэсэн заалтыг оруулаад бусад аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй. Шатахууны хомсдолоос болж бусад аж ахуйн нэгж өөрсдөө ийм хүсэлт гаргаж гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээ байгуулсан. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ёстой. Үнэхээр Н******* ХХК бусад компаниудыг хохироож байгааг тогтоогоогүй. 2020, 2021 онд нийт 19 компанитай кино нийлүүлэх гэрээ хийж түүнийхээ дагуу үзвэр үйлчилгээ гаргасан байдаг. Тэр 19 компаниас нотлох баримт цуглуулаагүй. 

2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хяналт шалгалтыг үндэслээд ямар ч хяналт шалгалт явуулахгүй шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Өрсөлдөөний тухай хуульд заасан ноёлох үйл ажиллагааг явуулсан бусад аж ахуй нэгжүүд адилхан үйл ажиллагаа явуулсан байхад Н******* ХХК давамгай байдалтай гэж тогтоогдож 184 сая төгрөгийн шийтгэлийн хуудас авч байгаа нь үндэслэлгүй юм. 

2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр анх хяналт шалгалт явуулж зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзэн улмаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хяналт шалгалтаар бүх аж ахуйн нэгжүүдийг шалгаж зөрчлийн шинжтэй үйлдэл гарсан байна гэж байцаагч өөрөө тодорхойлсон. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 5 хоногийн дотор хэрэг нээх байтал зөрчлийн хэрэг нээгээгүй. Харин 7 сарын дараа шалгасан нь хуульд нийцэхгүй байна. 

Ямар зөрчилд холбогдон шалгаж байгаа гэдгээ мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэл дээрээ эсхүл сайн мэдэх хэл дээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэх удирдах албан тушаалтан прокурорын шийдвэрт гомдол гаргах, өөрийн эсхүл, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн ажиллах уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах, хуульд заасан бусад эрхүүдтэй. Гэтэл хохирогчийн гомдол, гэрчийн мэдүүлэгтэй огт танилцуулаагүй. Бусад нотлох баримт гаргах нөхцөл бололцоогоор хангаагүй. Шууд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг нээж өмнөх материал дээр тулгуурлаж шийтгэлийн хуудас ногдуулсан.

Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож хуульд заасан шийтгэл оногдуулна гэж заасан байхад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хяналт шалгалт явуулаад 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зөрчил байна гэж үзсэн бол тухайн цаг хугацаандаа зөрчил шалган шийдвэрлэх хэрэг нээж тухайн шийтгэлийн хуудсаа ногдуулах боломжтой байсан. 7 сарын дараа шийтгэл ногдуулж байгаа нь хууль зөрчиж байна. гэв. 

6. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: 1/ "Н*******" ХХК нь дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан Ө кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг 56.8/43.2, 50/50 гэх ялгавартай хэмжээгээр тогтоосон болох нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "У ТББ-тай, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ө" ХХК-тай, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "Ф" ХХК-тай, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Х" ХХК-тай, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Продюсер Т.Мтой, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр "Н" ХХК-тай, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "У" ХХК-тай, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "М" ТББ-тай, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "У" ТББ-тай тус тус байгуулсан гэрээгээр тогтоогдсон.

2/ Ө кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээний 7.1-т "Кино тасалбарын үнэ нь кино театрын унийн бодлогын дагуу байх бөгөөд театрын үндсэн урамшууллыг кино нийлүүлэгч тал мөн адил дагаж мөрдөнө. Кино театрын үндсэн урамшуулалд: төрсөн өдрийн урамшуулал багтсан болно." гэж, мөн гэрээний 7.6 болон 7.10-т "Кино нийлүүлэгч талд төлбөл зохих нийт мөнгөн дүнгийн 10%-д С группын шатахууны картаар төлбөрийг барагдуулна" гэж, 10.7-д "Кино урлагийг дэмжих зорилгоор "Нью Тур Сафарис" ХХК-ийн зүгээс зохион байгуулдаг "Cinema awards" наадмын үйл ажиллагааг дэмжин, кино зах зээлд гарч, буух хүртэл олсон нийт орлогын 2 хувийг санд төвлөрүүлнэ" гэж тус тус заасан болох нь тогтоогдсон.

"Н*******" ХХК нь дээрх нөхцөлийн дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын тодорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгахдаа нийлүүлэгч талын хүсэл зоригийг харгалзан үздэггүй, уг нөхцөлийг нийлүүлэгч талаас аливаа байдлаар өөрчлөх боломжгүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлүүдээр тогтоогдсон.

Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд бусад худалдааны талуудтай хийх ижил хэмжээний арилжаанд дээрх байдлаар ялгаатай нөхцөл хэрэглэх, тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах нь нийлүүлэгч талын хувьд өрсөлдөх сул талыг бий болгож байдаг тул үүнийг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон байдаг.

"Н*******" ХХК нь дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан Ө кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг 56 8/43 2, 50/50 гэх ялгавартай хэмжээгээр тогтоосон, тус гэрээнд заасны дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын тодорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгаж буй нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж, 7.1.3-т "аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...", 7.1.11-т "тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих;" гэж гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд "Н*******" ХХК-ийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өрсөлдөөний эрх зүйн хувьд аж ахуй эрхлэгч байгууллагуудын гэрээ хэлцлийг босоо болон хэвтээ гэж хоёр ангилдаг. Хэвтээ хэлцлийн хувьд өрсөлдөгч аж ахуй эрхлэгчдийн хооронд хийгддэг гэрээ хэлцэл юм. Харин босоо хэлцэл гэдэгт үйлдвэрлэл, борлуулалт өөр өөр үе шатанд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хооронд хийсэн гэрээ хэлцлийг авч үздэг. ******* ХХК-ийн хувьд кино нийлүүлэгчтэй босоо гэрээ хэлцэл хийдэг.

Өрсөлдөөний тухай хуульд заасан давамгай байдлаа ашиглан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь энэ гэрээ хэлцэлд ч хамаарч байгаа. Тухайн гэрээ хэлцэл хийж байгаа бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг хязгаарлахыг Өрсөлдөөний тухай хуулиар хориглодог. Өрсөлдөөний тухай хуулиар хамгаалж байгаа гол объект нь зах зээлийн шударга өрсөлдөөн байдаг. Энэ утгаараа аливаа босоо хэлбэрийн хэлцэлд оролцож байгаа талуудын хувьд аль нэг тал нь давуу байдлаа ашиглаад аливаа байдлаар гэрээнд хамаарахгүй нөхцөл тулгах, хэлцэлд оролцож байгаа нөгөө тал буюу кино нийлүүлэгч тал нь зах зээлд нэвтрэх, зах зээлд үйл ажиллагаагаа явуулах, ашиг олохын тулд тухайн хэлцэлд оролцож байгаа давуу байдалтай аж ахуйн нэгжээс тавьж буй тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдалд ордог.

Аж ахуй эрхлэгчдийн буюу кино нийлүүлэгчдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад хүндрэлтэй байдалд оруулах, тэр тусмаа зах зээлд шинээр нэвтэрч байгаа аж ахуй эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад төвөгтэй байдал үүсгэж байгаа нь ******* ХХК-ийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл эдгээр үйлдлүүд нь тухайн давамгай байдлаа ашиглаж ойлгомжгүй үйл ажиллагаа явуулсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон.

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг хуульд заасан хугацааныхаа дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Эрх бүхий албан тушаалтнаас хамгийн анх хяналт шалгалтын ажиллагааг явуулаад ******* ХХК болон Улаанбаатар синемад хоёуланд нь албан шаардлага хүргүүлсэн. Энэ хоёр компани нь энэ зах зээлд хоёулаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч. Улаанбаатар синемагийн тухайд эрх бүхий албан тушаалтны албан шаардлагыг биелүүлээд зөрчлөө арилгасан учир тухайн компанид ямар нэгэн байдлаар зөрчлийн хэрэг нээх ажиллагаа явуулаагүй, торгуулийн шийтгэл оногдуулаагүй. ******* ХХК-ийн хувьд тухайн албан шаардлагын хариуг хууль зөрчөөгүй гэж ирүүлсэн. Тиймээс гүйцэтгэлийн хяналт шалгалтыг холбогдох хяналт шалгалтын тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Кино нийлүүлэгчийн орлого хуваарилах хувийг ялгавартай тогтоосон. Кино нийлүүлэгчидтэй гэрээ байгуулахдаа хувийг ямар учраас ялгамжтай тогтоож байгааг нотолж чадахгүй байна. Давамгай байдлаа ашиглаж хэлцэлд оролцож байгаа нийлүүлэгчид ялгавартай нөхцөл тавьж гэрээ байгуулж байна.

Өргөө кино театрын хувьд төрсөн өдрийн урамшууллын лояалти карт эзэмшигчид ашиглах эрхтэй. Энэ нь тухайн 7 хоногийн борлуулалтын орлогын 0.5 хувийг эзэлдэг. Нийт хэрэглэгчид Өргөө кино театрын лояалти карт эзэмшигч биш байдаг учраас энэ нь нийлүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхээр байна гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч компани 2022 оны 01 дүгээр сард өгсөн албан шаардлагыг биелүүлэхгүй, зөвшөөрөхгүй гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. Мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй учраас гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн. Улмаар 2023 оны 01 дүгээр сард шийтгэлийн хуудас ногдуулсан. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдлын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

  1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ., 2.Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно., 6.8 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна., 2.Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж заажээ. 

1.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан *******,******* даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 дүгээр удирдамжаар кино театрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар албан шаардлагыг хүргүүлж, улмаар *******,******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаар удирдамжаар албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54 дүгээр 54.1.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна., 54.2.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ. гэж заасантай нийцсэн байна.

1.2. Улмаар хариуцагч Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8, 7.1.11-д заасныг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн 22 дүгээр хэргийг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:, 1.1.хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн; гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

1.3. Тус зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг удирдах албан тушаалтны тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 14 хоногоор, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 30 хоногоор тус тус сунгасан байх хариуцагч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд багтаж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчөөгүй байна. 

1.4. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:, 1.1.хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;, 2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:, 2.4.зөрчлийн хэрэг нээх. гэж заажээ.

Хариуцагч нь *******,******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаар удирдамжаар албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулга бичсэн атлаа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн 22 дүгээр хэргийг нээсэн нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж зөрчлийн хэрэг нээх хуулийн зохицуулалтад нийцээгүйг дурдах нь зүйтэй.

  1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9.Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 7.1.3.аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй;, 7.1.8.тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах;, 7.1.11.тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих; гэж заажээ.

2.1. Ө кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд  кино нийлүүлэгчдийн бүтээл ашиглаж олсон орлогыг 56,8/43,2, 50/50 гэх хувиар өөр өөр хэмжээгээр тогтоосон нь болон шийтгэлийн үндэслэл болсон гэрээний  маргаан бүхий заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8-д заасан тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах гэх нөхцөлд хамаарахгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгчийн бусад аж ахуй эрхлэгчидтэй байгуулсан гэрээнд заасан үнэ, төлбөрийн нөхцөл буюу шатахууны картаар төлбөр барагдуулах, урамшуулал зэрэг нь бараа бүтээгдэхүүн буюу киноны борлуулалтыг бууруулж болох нөхцөлд хамаарахгүй, аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардсан, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулсан гэж үзэхээргүй байна. 

Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч кино театраар кино бүтээгчдийн киног өөр өөр үнээр гаргасан бол дээрх нөхцөлд хамаарахаар байна. Харин гэрээнд зааснаар орлого хуваарилах хувь хэмжээг өөрөөр заасан болон төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар хийх зэрэг гэрээний талуудын хүсэл зоригийн асуудал байх бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох нэхэмжлэгчийг хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах үндэслэлгүй.

2.2. Мөн шийтгэлийн үндэслэл болсон гэрээ нь уран сайхны киног төлбөртэйгөөр гаргах агуулгатай ба тус гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасан тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавьсан гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч кино бүтээгчдийн киног төлбөртэйгөөр гаргах талаарх харилцааг зохицуулсан байх ба гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг тус гэрээгээр зохицуулаагүй, нэхэмжлэгч кино бүтээгчдийн киног гаргахдаа үзэгчдийн их үздэг өдөр, цаг гэх мэтээр ялгаварлаагүй гэж үзлээ. 

Дээрх үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж *******,******* улсын ахлах байцаагч М.Дын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8, 7.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н******* ХХК-ийн гомдлыг хангаж, *******,******* улсын ахлах байцаагч М.Дын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч хуулийн этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******,******* улсын ахлах байцаагч М.Даас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч хуулийн этгээдүүдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН