Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 571

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Р.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00249 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н Газар т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Р.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр М ББСБ ХХК -д 20 723 956 төгрөг төлөхөөр болсон. Н Газар  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507, Г-2204001581 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 5А гудамжны 277 тоотод байршилтай, 56 м.кв талбайтай хувийн сууц болон 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн гэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд мэргэжлийн үнэлгээний байгууллагаар миний өмч болох хувийн сууц болон газрыг үнэлүүлсэн гэх боловч тухайн үнэлгээг болон үнэлгээний талаарх баримт бичгүүдийг надад танилцуулаагүй. Гэнэт нэг өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.Золбоо гэдэг хүн над руу утасдаж таны хувийн сууц болон газрыг үнэлгээний байгууллага 24 676 147 төгрөгөөр үнэлсэн, одоо бид таны хувийн сууц болон газрыг албадан дуудлага худалдаагаар худалдах болсон тул та ирж шийдвэр гүйцэтгэлийн хэрэг материалтайгаа танилц гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу би Н Газар т очиход шийдвэр гүйцэтгэгч нь надад мэдэгдэл гэсэн нэртэй албан бичгийг танилцуулж, нэг хувийг өгсөн. Би албан бичгийг уншаад шийдвэр гүйцэтгэгчид миний хувийн сууц болон газрыг 24 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж байна, үүнийг би зөвшөөрөхгүй, өөрийн хувийн сууц болон газрыг 75 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлэхэд шийдвэр гүйцэтгэгч та хэрэв үнэлгээний байгууллагын энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандаж болно гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр Р.Таас 20 723 956 төгрөг гаргуулж М ББСБ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Р.Тын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507, Г-2204001581 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 5А гудамжны 277 тоотод байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууц болон 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18261144/01 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжпэн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18261144/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Р.Таас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг нийт 75.000.000 төгрөгөөр үнэлсэн тухайгаа бичгээр өгсөн. Тус үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 214 дүгээр шинжээч томилох тогтоолоор “Дамно” ХХК-аар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 24 676 147 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/16202 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 24 676 147 төгрөгийн 70 хувь болох 17 273 303 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 24 676 147 төгрөгийн 50 хувь болох 12 338 073 төгрөгөөр тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Газар т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5А гудамж 277 тоотод байршилтай хувийн сууц болон газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Р.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Т давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өмчлөлийн хувийн сууц болон газрыг үнэлсэн үнэлгээний тайлантай огт танилцуулаагүй. Мөн үнэлгээний “Дамно” ХХК нь “Үнэлгээний олон улсын стандарт 2017” гэсэн стандартыг баримтлаагүй. ҮОУС-103 тайлагнал, ҮОУС-102 шалган магадлалт ба даган мөрдөлт, ҮОУС-101 ажлын цар хүрээ, ҮОУС-400 үл хөдлөх хөрөнгийн хувь оролцоо гэсэн стандартуудыг баримтлан үнэлгээг хийгээгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч Н Газар т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5А гудамж, 277 тоот, Ү-2204017507, Г-2204001581 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбай хувийн сууц болон 540.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 24 676 147 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр Р.Таас 20 723 956 төгрөгийг гаргуулж М ББСБ ХХК -д олгохоор шийдвэрлэжээ. /хх 33-34/

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл  болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5А гудамж, 277 тоот, Ү-2204017507, Г-2204001581 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбай хувийн сууц болон 540.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 35-36, 40-42/

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилоно” гэж заажээ.

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Дамно” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 48-59/

            Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/16202 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн утсаар мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн байна. /хх 60, 61//

            Шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5А гудамж, 277 тоот, Ү-2204017507, Г-2204001581 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбай хувийн сууц болон 540.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэлгээг 24 676 147 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдлын үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байна. 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Тын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН