Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

                                                                                                                

Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй  

Шүүх хуралдаанд:

               Прокурор М.Сайнзаяа,

               Шүүгдэгч, хохирогч Ч.Сарантуяа, түүний өмгөөлөгч П.Ган-Очир

               Шүүгдэгч Н.Янжмаа, түүний өмгөөлөгч С.Цэрэнханд /онлайн/, Х.Оюунбат

               Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолтой Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарт холбогдох 2015002260198 дугаартай эрүүгийн хэргийг өмгөөлөгч П.Ган-Очир, Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ханжаргалант овогт Нямсүрэнгийн Янжмаа, 19** оны **дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Б суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн Б сумын ** дугаар багийн Ө төвийн *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: ГБ*******/.

Монгол Улсын иргэн, Гал овогт Чойжиндондогийн Сарантуяа, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Б суманд төрсөн, эмэгтэй, 24 настай, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш мэргэжилтэй,  ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Б сумын ** дүгээр багийн *-***тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД: ГА********/.

Холбогдсон хэргийн талаар:

      Н.Янжмаа нь Булган аймгийн Б сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын “Э ө ц” сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан Ч.Сарантуяад ээлжийн амралтын мөнгө болох 1.070.409 төгрөгийг олгох ёсгүй гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 400.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт,

Ч.Сарантуяа нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ханжаргалант овогт Нямсүрэнгийн Янжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Гал овогт Чойжиндондогийн Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Н.Янжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Ч.Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Янжмаад оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Янжмаад сануулж,

шүүгдэгч Ч.Сарантуяа торгох ялыг хэсэгчлэн төлөх санал хүсэлт гаргаагүй болохыг дурдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулаж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Сарантуяа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Ч.Сарантуяагийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо:

“... Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн шүүгдэгч Ч.Сарантуяагийн өмгөөлөгчөөр оролцсон болно. Өмгөөлөгчийн ... иргэн Ч.Сарантуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Н.Янжмаа нь сургуулийн захирал байхдаа Ч.Сарантуяаг түр ажилд авсан, уг иргэнийг өөрийнхөө өрөөнд дуудаж дарамталсан. Мөн утсаар холбогдон хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор худал мэдүүлэг өгөхийг шаардсан зэрэг байдлууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ажил амралтын цалин авахаа иргэн Ч.Сарантуяа мэдээгүй байхад захирал Н.Янжмаа тушаал шийдвэр гарган авсан байдаг. Иймд Ч.Сарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэжээ.

Шүүгдэгч Н.Янжмаагийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

“Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч тогтоохдоо үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах төөрөгдүүлэх замаар түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгааг хэлнэ гэж заасан байх бөгөөд 2020.06.30-ны өдрийн Ч.Сарантуяагийн мэдүүлэг /22 хх/ ... би чамд хууль бус мөнгө гаргаж өгөх гэж байна хоёулаа хувааж авья гэх үг залилан мэхлэх гэмт хэргийн шинж мөн эсэх, ялангуяа “хууль бус үйлдэл хийе” гэсний дагуу уг үйлдлийг хийсэн гэх Ч.Сарантуяагийн мэдүүлгээс хууль зөрчих гэсэн санаа зорилго өөрт нь бий болж, өөрөө хүсч уг үйлдлийг хийсэн гэж мэдүүлж байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн төөрөгдөлд оруулсан хохирогч гэж үзэх боломжгүй.

Бодит байдалд төөрөлдөх нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалсан зохицуулалт бөгөөд Ч.Сарантуяа нь хууль бус үйлдэл хийхийг зөвшөөрч үйлдэл хийхдээ бусдын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан үйлдэл хийснийг “төөрөлдсөн” гэж үзэж боломжгүй. Өөрөөр хэлбэл хууль бус үйлдэл хийх гэдэг нь хуулиар зөвшөөрөгдөөгүй асуудал бөгөөд энэхүү харилцааг “төөрөгдсөн” гэж үзэх хуульзүйн үндэслэлгүй.

Ч.Сарантуяа нь ээлжийн амралтын мөнгө авах боломжтой эсэхийг мэдэх хөдөлмөрийн харилцаанд оролцож байсан ажилтан бөгөөд хууль мэдээгүй гэдэг нь “төөрөгдсөн” гэж үзэх боломжгүй. Монгол Улсын иргэн бүр хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх үүрэгтэй болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-т заасан. Энэхүү хуулийн заалтыг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч мөрдөх бөгөөд хуулийг мэдээгүй гэдгээр “төөрөгдсөн” гэж үзэх боломжгүй. Ээлжийн амралтын мөнгийг хууль бусаар авч болохгүй гэдгийг мэдсээр байж хууль бусаар авья гэхэд нь авахыг зөвшөөрөөд авсан гэх Ч.Сарантуяагийн өөрийн мэдүүлэг хууль бус үйлдэл хийхийг зөвшөөрсөн үйлдэл байх ба үүнийг “төөрөгдсөн” гэж үзэх залилан мэхлэх гэмт хэргийн шинж гэж үзэхгүй.

Ч.Сарантуяа нь мэдүүлэг өөрчлөн мэдүүлснээр яллагдагч Н.Янжмааг буруутгадаг. Буруутгаж байгаа үйл явцыг тодруулан асуухаар өөр өөрөөр мэдүүлдэг. Тухайн хүний мэдүүлэг анхнаасаа үнэн зөв байсан эсэхэд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь анхаарч шийдвэрлээгүй ба зөвхөн түүний худлаа гэж заасан мэдүүлгүүдийг худал мэдүүлэг тооцон шийдвэрлэсэн. Гэвч түүний үгээр худлаа гэж заасан мэдүүлгүүд Н.Янжмаагийн оролцоо байсан эсэхийг анхаараагүй. Учир нь яллагдагч Н.Янжмааг мөрдөгчийн болон шүүгчийн асуултыг урьдчилан мэдэж, хэлж, зааж хэлж байсан мэт буруутгадаг.

Энэ бүгд нь Ч.Сарантуяаг худал мэдүүлэг өгөөд байгааг илэрхийлдэг. 2021 оны 06 сарын 30-ны өдрийн гэрчийн мэдүүлгийг худал гэж мэдүүлэг өгөхдөө Н.Янжмааг биш мөрдөгчийг буруутгаж байсан мэдүүлэг хэрэгт авагдсан байгааг шүүх анхаарч яллагдагч Н.Янжмааг цагаатгаж өгнө үү. Ч.Сарантуяагийн аль мэдүүлэг худал мэдүүлэг болохыг хангалттай нотлогдоогүй байхад яллагдагч Н.Янжмааг буруутган яллаж байгаа, мөн өөрийн өгч байгаа мэдүүлэгтэй бусдыг мөрдөгч. яллагдагч /буруутгаж мэдүүлэг өгсөн /2 дугаар хавтас 46-55/ нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Сүүлдээ яллагдагч Н.Янжмааг буруутгаж байвал өөрийгөө цагаатгах мэт үзэх болсон байна.

2 дугаар хавтаст хэргийн 46-55 талд авагдсан анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 375 тоот шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан Ч.Сарантуяагийн мэдүүлгээс ... Хуваах уу, яах вэ гэж тоглоомоор хэлж байсан юм, тухайн үед хэлсэн үгийг нь тоогоогүй ... Би сандарсандаа тоглоомоор хэлж байсан үгийг нь мөрдөгчид бодож саналгүй хэлсэн миний буруу гэж бодож байна ... Миний хувьд тусламж үзүүлж байгаагүй учир тусламж үзүүлэх талаар бодол байдаг байсан. Захиралдаа шууд 400.000 төгрөг өгч чадаагүй учир нөхөр болон ээждээ далд нууц аргаар өгсөн юмаа / 46 хх/ гэх мэдүүлэг,

... нягтлан хэлсэн ... хэзээ хэлснийг санахгүй байна .... надаас асуугаагүй учир хэлээгүй гэх зэрэг мэдүүлгүүд /47хх / ... Надаас мэдүүлэг авахдаа нэг хоног ажилласан ч амралтын мөнгө гарах ёстой юу гэдэг асуултыг асуусан, тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн ... уг нь өгсөн мөнгөө авахгүй гэж бодож байсан...тэр үед шинэ жил болох гэж байсан учир мөнгөний хэрэгцээ байсан болохоор авсан /51хх-52 хх/ ... өөрөө сайн дураараа 400.000 төгрөгийг өгсөн ... надад худлаа хэлж хээл хахууль авсан байна гэдэг байдлаар буруутгагдаж байна гэж ойлгосон /53хх/ ... яг өгнө гэж хэлж гараагүй ... нөхөр нь тус дэм болох үүднээс 400.000 төгрөгийг өгсөн /54хх/ гэх зэрэг мэдүүлгээр Н.Янжмааг буруутган худал гэж байгаа боловч эдгээр мэдүүлгийг Н.Янжмаа зааж өгөх боломжгүй шүүх хуралдаанд оролцогч нарын асуултад шууд хариулт өгсөн мэдүүлгүүд байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/124 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч Н.Янжмааг цагаатгаж өгнө үү” гэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Янжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Янжмааг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Сарантуяаг гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч тэдгээрийн өмгөөлөгч П.Ган-Очир, Х.Оюунбат нар давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч П.Ган-Очир, Х.Оюунбат нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

   Шүүгдэгч Н.Янжмаа нь Булган аймгийн Б сумын нутагт байрлах Ерөнхий боловсролын “Э Ө Ц” сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ тус сургуульд нийгмийн ухааны багшаар түр хугацаагаар ажиллаж байсан Ч.Сарантуяад ээлжийн амралтын мөнгө болох 1.070.409 төгрөгийг олгох ёсгүй гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түүнээс 400.000 төгрөгийг залилан авсан,

    шүүгдэгч Ч.Сарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан атлаа худал мэдүүлэг өгсөн болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

   Шүүгдэгч Н.Янжмаагийн дээрх үйлдэл нь шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр зориуд хүсэж үйлдсэн байхын зэрэгцээ түүний гаргасан “... уг мөнгийг зээлсэн ...” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба түүний гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн шинжийг бүрэн агуулсан байна.

     Мөн шүүгдэгч Ч.Сарантуяагийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжийг агуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

    Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцжээ.

 Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Сарантуяагийн өмгөөлөгч П.Ган-Очир, шүүгдэгч Н.Янжмаагийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч П.Ган-Очир, Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                       ШҮҮГЧ                                        С.УРАНЧИМЭГ

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН