Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Ж.Б*********н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж********ийн Б********нд холбогдох эрүүгийн   2538001790503  дугаартай хэргийг  2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Б********д овогт Ж*******дийн Б********н, 1972 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ***тоотод оршин суух, урьд  Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн  2003 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэж,  өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан 8  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 171 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэж,  өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 290 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэж,  өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сар 25 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 335 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн /********* /  дугаартай.

    Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч Ж.Б*********н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Я.Д*********жийн Самсунг Галакси М-33 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538001790503  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч Ж.Б*********н нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Я.Д*********жийн гартаа барьж байсан Самсунг Галакси М-33 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Я.Д*********жид 250,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

           Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б*********ны өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. ” гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Я.Д*********жийн өгсөн: “...Би Мөрөн суманд амьдардаггүй юм хотод байж байгаад Мөрөн суманд ирж эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр 16 цагийн үед эмнэлгээс гарсан юм. Тэгээд орой Улаанбаатар хот руу буцах байсан болохоор зах орж юм авах санаатай такси бариад хойд зах дээр буугаад явж байсан чинь миний зүүн гартаа барьсан явж байсан утсыг нэг хүн булаагаад шууд зугтаагаад явсан тэгээд би тэнд байсан хүмүүст хандаж наад хүний бариад аваарай гэсэн чинь нэг ч хүн хөдлөөгүй. Би харин өөрөө хойноос нь явах гэхээр миний хөл гар муу болохоор гүйж чадаагүй юм.  Тэгээд цагдаад хандах болсон юм. Би утасныхаа маркийг нь мэдэхгүй байна 2024 оны 08 дугаар сард  Улаанбаатар хотоос 380.000 мянган төгрөгөөр авч байсан.  Тэр хүн айлган сүрдүүлсэн, зэвсгийн зүйл хэрэглэсэн зүйл байхгүй утас шүүрээд л гүйгээд явсан. Тийм би харсан нэг өндөр том биетэй хүн байсан барзгар нүүртэй хүн байсан тэгээд би утсаа авъя гэсэн чинь над руу эргэж хараад гүйгээд яваад  өгсөн би одоо харах юм бол танина. Би утсаа л буцааж авах хүсэлтэй байна өөр гомдол санал байхгүй. Утасны ард миний хаан банкны виза карт байгаа тэрийгээ авахгүй бол зардалгүй байгаа юм... Би өөрийн гар утасны хохирол болох  250.000  төгрөг авсан байгаа,  одоо надад гомдол санал байхгүй..Утасны ард карт байгаа гэж мэдүүлсэн байсан харин дараа нь үзэхэд карт цүнхэнд байсан надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  14,17 тал/,

            А********н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-925/12293 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл өөрсдийн судалгааны үндсэн дээр Samsung Galaxy M 33 маркийн гар утасны  зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр  сарын байдлаар  250.000  (хоёр зуун тавин мянга)-н төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/,

           Хоригдол Ж******дийн Б**********ны ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 38,39, 50 тал/,

           Шүүгдэгч Ж.Б*********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн үед би зах дээр сууж байсан. Тэр үед миний хуучин танил Д**********ж нь ганцаараа зах дотроос гарч ирсэн. Би тухайн үед Д**********жтой уулзаад чи хэзээ буцах вэ гэж асуухад  би өнөөдөр орой 20 цагийн автобусаар явна гээд өнгөрөөд явсан.  Би араас нь очоод автобусны буудал руу явж байхад  тэнд байсан нэг залуу утас  зарна гээд үзүүлээд явж байсан.  Би тэр залуугаас Д**********жийн зарах гэж авч явж байсан утсыг үзье гэж хэлж авч яваад утсыг нь өгөхгүй шууд цаашаа яваад өгсөн юм.  Д**********ж нь миний араас утас өгөөч гээд орилооод байсан.  Би маргааш нь тухайн утсыг утасны ченж бололтой нэг залууд 30.000 төгрөгөөр өгсөн юм.  Тухайн мөнгөөрөө архи авч уусан мөн өөртөө зарцуулсан.  Д**********жтой явж байсан залууг урд өмнө нь харж байсан зүс таних залуу байсан. Намайг тэнд сууж байхад Д**********ж мэнд мэдээд өнгөрсөн.  Би харин араас нь хараад зогсож байсан чинь  миний хажуу талд байсан нэг авгай энэ залуу утас зарна гээд явж байсан гэж надад хэлэхээр нь  би  Д**********жийн араас нь очоод тухайн утсыг үзье гэж аваад буцааж өгөлгүй яваад өгсөн юм. Д**********ж хашхираад үлдсэн намайг бол гүйцээгүй. Би утасны хохирлыг бүрэн барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч  Э.Гэрэлтуяа гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Б*********н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Я.Д*********жийн Samsung Galaxy M33 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Б*********ны үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Б*********н нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч  Я.Д*********жийн өгсөн мэдүүлэг,   А**** н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-925/12293 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ж.Б*********н нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Я.Д*********жийн гартаа барьж байсан Самсунг Галакси М-33 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Я.Д*********жид 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

           Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ж.Б*********ны мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ж.Б*********н нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог ба дээрэмдэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсныг  “Дээрэмдэх” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан  гэмт хэрэгт тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ж.Б*********ны үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Б*********ны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч   Я.Д*********жид 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон  А********н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-925/12293 дугаартай дүгнэлтээр  тогтоогдсон ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлын 250.000 төгрөгийг хохирогч  Я.Д*********ж нь: “... Би өөрийн гар утасны хохирол болох  250.000  төгрөг авсан байгаа,  одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ж.Б*********ныг энэ шийтгэх тогтоолоор хохирогч  Я.Д*********жид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Б*********ныг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б*********нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч  Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Б*********н нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогч Я.Д*********жид 250,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Урьд 8 удаагийн ял шийтгэлтэй боловч дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж  шүүгдэгч Ж.Б*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1507 дугаартай шийтгэл тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 19 хоног байхаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Ж.Б*********ныг 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 нээлттэй, хаалттай хорих ангиас шилжүүлэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хэрэгт нийт 35 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцох. Шүүгдэгч Ж.Б*********н нь хохирогч Я.Д*********жид 250,000 төгрөгийн хохирлыг төлсөн учир бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б*********н нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зорчих эрх хязгаарлах ял болгож өгөөч..” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б*********ны өмгөөлөгчийн байр суурьнаас гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Тодруулбал шүүгдэгч Ж.Б*********н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ам бүл ганцаараа гэх мэдүүлгийг өгсөн, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1507 дугаартай шийтгэх тогтоолд ам бүл 1 гэж мэдүүлсэн  байх ба түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Манай ээж ** нас хүрсэн. Тэр хүн маань эмнэлгийн хяналтад байдаг. Би хажууд нь хамтран амьдарч асран хамгаалдаг” гэх тайлбар нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Ж.Б*********ны хувийн байдал, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч  Ж.Б*********ныг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*********нд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих  ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1  жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч  Ж.Б*********ны нийт эдлэх ялыг 10 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Ж.Б*********ны цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ж.Б*********н нь  35 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх  төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Б*********нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б*******д овогт Ж********дийн Б*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар  авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Шүүгдэгч Ж********дийн Б*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*********нд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих  ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч  Ж.Б*********ны нийт эдлэх ялыг 10 (арав) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*********нд оногдуулсан 10 (арав) сар 19 (арван ес) хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*********ны цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.   

  6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б*********н нь 35 (гучин тав) хоног цагдан хоригдсон, хохирогч Я.Д*********жид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б*********нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН