Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/03822

 

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/03822

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 90 дүгээр байр, С блок, 9 давхар, 137 тоот хаягт оршин суух, Хаан боржигон овогт Энхмаагийн Ичинноров /рд:АЯ90081115/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт 5-132 тоот хаягт байрлах, Номтын ам ХХК /рд:5196256/

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.Ичинноров

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Номтын ам ХХК-тай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 240 айлын Шинэ ирээдүй орон сууцны бичил хорооллын 90 дүгээр байрны барилгаас 33.75 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,100,000 төгрөгөөр тооцож, нийт 37,125,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэрээ хийсэн өдрөө орон сууцны нийт төлбөрийн 80 хувь болох 29,700,000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн 10 хувь болох 3,712,500 төгрөгийг тус тус төлсөн. Уг барилгыг 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд 2018 он хүртэл гэрээний гүйцэтгэл удааширч үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тул гэрээнд нэгж талбайн үнийг 1,450,000 төгрөг болгон нэмэлт өөрчлөлт оруулсан. Ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулсны дараа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэгж талбайн үнийг зөрүү төлбөрийг төлж орон сууцны нийт төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан байх бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр орон сууцаа хүлээн авч одоог хүртэл тус орон сууцанд оршин сууж байна. Гэвч хариуцагч болох Номтын ам ХХК нь өдийг хүртэл тухайн орон сууцны ордер буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, өмчлөх эрхийг баталгаажуулаагүй байна. Иймд иргэн Э.Ичинноров намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Шинэ ирээдүй орон сууцны бичил хорооллын 90 дүгээр байрны С блок, 9 давхар, 137 тоот хаягт байрлах, 33.75 метр квадрат талбайтай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Ичинноровын нэхэмжлэлтэй, Номтын ам ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч компаний зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие бага насны хүүхэдтэй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орон сууцны барилга захиалагчийн Батламж, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №19/41 дугаар Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний хавсралт, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн кассын орлогын ордер, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Номтын ам ХХК-аас Н.Уртнасанд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Ичинноров нь хариуцагч Номтын ам ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90 дүгээр байр, С блок, 9 давхар, 137 тоот хаягт байрлах, 33.75 метр квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Номтын ам ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

3. Зохигчдын хооронд 2014.12.22-ны өдөр байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр Э.Ичинноров Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90 дүгээр байр, С блок, 9 давхар, 137 тоот хаягт байрлах, 33.75 метр квадрат талбайтай орон сууцыг 1 квадрат метр талбайг 1,100,000 төгрөг, нийт 37,125,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 7-8 дугаар тал/

4. Мөн талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний хавсралтаар 2014.12.22-ны өдөр байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д заасан нэгж талбайн үнийг 1,450,000 төгрөг гэж өөрчлөлт оруулж, төлбөрийн үлдэгдэл 15,525,000 төгрөгийг 2018.12.10-ны өдрийн дотор 4,657,500 төгрөг, 2018.12.30-ны өдрийн дотор 4,657,500 төгрөг, 2019.01.20-ны өдрийн дотор 4,657,500 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 9-10 дугаар тал/

5. Нэхэмжлэгч 2014.12.24-ний өдөр 29,700,000 төгрөг, 2016.07.22-ны өдөр 3,712,500 төгрөг, 2019.01.31-ний өдөр 4,657,500 төгрөг, 2019.01.15-ны өдөр 4,657,500 төгрөг, 2018.12.10-ны өдөр 4,657,500 төгрөг, 2019.10.31-ний өдөр 1,552,500 төгрөгийг тус тус Номтын ам ХХК-д төлж барагдуулсан байна. /хэргийн 11-16 дугаар тал/

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд Э.Ичинноров нь өмчлөгчөөр тогтоолгохыг шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

8. Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90 дүгээр байр, С блок, 9 давхар, 137 тоот хаягт байрлах, 33.75 метр квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.Ичинноровыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90 дүгээр байр, С блок, 9 давхар, 137 тоот хаягт байрлах, 33.75 метр квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.Ичинноровыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН