Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Шүүгдэгч Т.Б********үй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т********ийн Б*********үйд холбогдох эрүүгийн 2538004910511 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б******д овогт Т********ийн Б*********үй, 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  малчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 44а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (********) дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б********үй нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Суваргатай уул” гэх уулын орой хэсгийн замд тоёота приус-20 загварын ******ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Х.М*******лын биед хүзүүний 5, 6-р нугалмын хугарал, эрүү ясны хугарал, хуйханд шарх, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, дух, нуруу, баруун ташаа, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд  зулгаралт бүхий хүнд  хохирол учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б********үй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Суваргатай уул” гэх уулын орой хэсгийн замд тоёота приус-20 загварын ******ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Х.М*******лыг мөргөж,  биед  нь хүзүүний 5, 6-р нугалмын хугарал, эрүү ясны хугарал, хуйханд шарх, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, дух, нуруу, баруун ташаа, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд  зулгаралт бүхий эрүүл мэндэд  нь хүнд  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/, Х.М*******лын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/,  хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргасан хүсэлт /хх-ийн 20 тал/, хохирогч Х.М*********ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Б.О******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/, гэрч Х.У*******рын өгсөн мэдүүлэг /ххийн 33-34 тал/, гэрч Д.А********ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, Л.П*******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/, гэрч Д.Н*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар  сарын 08-ны өдрийн 434 дугаартай дүгнэлт, дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт /хх-ийн 53-55 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /ххийн 58-62 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 82 тал/, хохирогч Х.М*******лын яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг  баримтыг /хх-ийн 98-118 тал/,  авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 83 тал/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Т.Б********үй нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Х.М*******лын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар  сарын 08-ны өдрийн 434 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.М*******л  нь: “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, эмчилгээ эм тарианы мөнгөнд 1.000.000 төгрөг миний Хаан банкны *********дугаартай дансанд шилжүүлж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ий 24-25 тал/-д хохирол төлбөрийн 940.169 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн баримт, яаралтай тусламжийн хуудас,  өвчний түүх, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг  баримтыг /хх-ийн 98-118 тал/-д хэрэгт хавсарган ирүүлсэн ба шүүхийн шатанд хохирогч Х.М*******л нь: “..н. Н.Б******д холбогдох ******* тоот эрүүгийн хэргийн хохирогч Х.М*******л миний бие энэ хэргийн улмаас бие болон сэтгэл санаагаараа маш их хохирсон. Б*********үй нь хохирол төлбөрт 1,000,000 төгрөг өгсөн боловч энэ нь зүгээр л өнгө төдий, хүнийг хуурсан байдалтай байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Миний бие хөдөө суманд настай ээжийгээ халамжилж 2-уулаа амьдардаг учир нааш цаашаа яваад байх боломж байхгүйн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож чадаагүй. Иймд миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож өгнө үү. Миний бие сэтгэл санаа болон, бие мах бодиороо маш ихээр хохирсон. н.Б*********үй нь залуу хүн байж хөгшин настай надад хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн хохирол учруулчихаад нэг ч удаа яаж байна гэж асууж залгаагүй. Мөн хэрвээ энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бол цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү...” гэх хүсэлтийг ирүүлсэн, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх  эрхийг  нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Б********үй нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М*******лын баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр болох 940.169 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн,  баримтыг /хх-ийн 129 тал/-д хэрэгт хавсарган ирүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийн 940.169 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул   шүүгдэгч Т.Б********үйгээс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 940.169 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М*******лд олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Б********үйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр   Ж.Т*********ийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.104.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б********үйгээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Б********үй нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  1.104.000 төгрөгийг 2025 оны 12 дугаар  сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн ********* дугаартай дансанд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 119 тал/-д хэрэгт авагдсан байх тул  шүүгдэгч Т.Б********үйг иргэний нэхэмжлэгч  Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 2 сарын хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Т.Б********үй нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Б********үйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 2 сарын хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь зүйтэй гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Б********үйг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Б********үйд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б********үй нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

  Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Б********үйд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б********үйд оногдуулсан 3 жил 2 сарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч Т.Б********үй нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б*******д овогт Т********ийн Б*********үйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Шүүгдэгч Т********ийн Б*********үйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Б********үйг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

   4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Б********үйд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Б********үйд тайлбарласугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б********үйгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3  /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн  тоолсугай.

     7.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б********үйгээс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 940.169 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М*******лд олгож, хохирогч Х.М*******л нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Б********үйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 8. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б********үй нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б********үйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН