| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/04958/И |
| Дугаар | 102/ШШ2023/03485 |
| Огноо | 2023-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2023/03485
| 2023 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2023/03485 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э.Э
Хариуцагч: А.Б
Хариуцагч: Л ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 52,777,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч А.Б, Л ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Л ХХК-ийн захирал А Б гэгч нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 0000-0000 дугаарыг барьцаалж Э.Э-оос 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй зээлж, талууд фидуцийн гэрээ байгуулсан. Тухайн үед би өөрөө Б.О гэдэг хүнд өртэй байсан учраас 0000-0000 дугаарыг тэр хүний нэр дээр хийж, дугаар барьцаалагчаар Б.О гэдэг хүнийг оруулсан. Л ХХК-ийн захирал А.Б гэгч нь үүнээс сар орчмын дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 0000-0000 дугаарыг барьцаалж, Э.Э-ос дахин 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй зээлж, мөн л фидуцийн гэрээг байгуулсан.
Гэвч Л ХХК, захирал А.Б нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир эхлээд 0000-0000 дугаарыг Б.Оын нэр дээр шилжүүлсэн, дараа нь 0000-0000 дугаарыг нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо барагдуулахын тулд Г.Г гэдэг хүнд худалдсан. Гэтэл 2017 онд Л ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй мөртлөө Э.Э-д холбогдуулж шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Тухайн хэрэг маргаан нь 3 шатны шүүхээр явж эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн хэрэг маргаан нь анхан шатны шүүх дээр хянагдаж байх үед А.Б нь хулгай, луйврын шинжтэй арга заль хэрэглэж, Э.Э-д мэдэгдэхгүйгээр данс руу нь 2 гэрээний үүрэгт гээд 23,300,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн үүргээ биелүүлээгүй мөртлөө барьцаанд байсан дугааруудаар үүргийн гүйцэтгэлээ хангуулаагүй, залилсан.
Ингэснээр зээлдэгч болох нэхэмжлэгчид хохирол учруулсан учир нэхэмжлэгч нь анх 2016 оны 7 дугаар сарын 08, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрүүдийн фидуцийн гэрээний үлдэгдэл төлбөр, мөн олох байсан орлого, хохирол, алдангид тооцож нийт 74,636,000 төгрөгийг хариуцагч А.Б-өөс шаардаж шүүхэд хандсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодруулж, өөрийн шаардлагын хэмжээг 52,577,400 төгрөг болгон багасгаж байна. Үүнд:
Нэг. Талуудын байгуулсан 2 гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд:
1) 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Э болон А.Б нарын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ:
1/ 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээ нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан бөгөөд гэрээ дуусахад хариуцагч нь нэг ч төгрөгийг төлөөгүй байсан.
2/ Дээрх гэрээ дууссан 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 1,650,000 төгрөг төлөх байсан.
3/ 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл /100 хоног/ хариуцагчийн төлөх ёстой алданги 5,000,000 төгрөг болсон байсан /алдангийг 0.5 хувиар тооцоход өдрийн 50,000 төгрөг болно/.
4/ 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар хариуцагч А.Б-ийн төлөх ёстой үүрэг нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,650,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 16,650,000 төгрөг болно.
2) 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э.Э болон Л ХХК-иудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ:
1/ 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусах байсан бөгөөд хугацаа дуусахад хариуцагч нь нэг ч төгрөгийг төлөөгүй байсан.
2/ Ингэхээр дээрх гэрээ дууссан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 1,650,000 төгрөг төлөх байсан.
3/ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл /100 хоног/ хариуцагчийн төлөх ёстой алданги 5,000,000 төгрөг болсон байсан /алдангийг 0.5 хувиар тооцоход өдрийн 50,000 төгрөг болно/.
4/ 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,650,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 16,650,000 төгрөг төлөх ёстой байсан.
3) 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн болон 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээнүүдийн хувьд хариуцагч нарын нийт төлөх ёстой мөнгөн төлбөр нь 33,300,000 төгрөг болно. Хариуцагч А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нууцаар нийт 23,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Талуудын байгуулсан фидуцийн гэрээнүүдийн 14 дүгээр зүйлд хамгийн эхэлж алданги, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн үүргийг буцаан төлөх ёстой гэж тохирсон. Ийнхүү тооцож үзэхэд 2 гэрээний нийт алданги 10,000,000 /5,000,000 төгрөг + 5,000,000 төгрөг/ төгрөг, 2 гэрээний нийт хүү 3,300,000 төгрөг /1,650,000+1,650,000/, үндсэн зээл 10,000,000 /5,000,000+5,000,000/ төгрөг болно. Ингээд нийт 2 гэрээний үүрэг 33,300,000 төгрөгөөс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн төлсөн 23,300,000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 10,000,000 төгрөг байна. Уг 10,000,000 төгрөгийг хариуцагч нараас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн болон 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээнүүдийн үүрэгт шаардана.
Хоёр. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлага, үндэслэлээ олох байсан орлогын хувьд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1) 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Э болон А.Б нарын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ:
1/ 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээ нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан бөгөөд гэрээ дуусахад хариуцагч нь нэг ч төгрөгийг төлөөгүй байсан.
2/ 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад үндсэн зээл, хүүгийн хамт хариуцагчийн төлөх ёстой үүрэг нь 11,650,000 төгрөг байсан. 11,650,000 төгрөгийг тухайн үеийн хүүгийн дундаж болох 5 хувиар тооцоход 1 сарын хүү 582,000 төгрөг болно. 582,000 төгрөгийг 3 сараар үржүүлэхэд 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад нэхэмжлэгчийн олох байсан хүүний орлого 1,747,500 төгрөг болно.
3/ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн 2 гэрээний дагуу төлөх ёстой үүрэг нь 16,650,000 төгрөг /11,650,000+алданги 5,000,000 төгрөг/ байсан. Ингээд тухайн үеийн дундаж хүү 5 хувиар тооцоход 12 хоногийн хүү нь 330,000 төгрөг болно.
4/ 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн төлөөгүй мөнгөнөөс 3.4 хувиар хүү тооцоход олох байсан орлого 4,356,000 төгрөг /396,000х11 сар/.
5/ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн төлөөгүй мөнгөнөөс 3.5 хувиар хүү тооцоход олох байсан орлого 4,485,250 төгрөг /407,750х11 сар/.
2) 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э.Э болон Л ХХК-иудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ:
1/ Дээрх фидуцийн гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусах байсан бөгөөд хугацаа дуусахад хариуцагч нь нэг ч төгрөгийг төлөөгүй байсан.
2/ 2016 оны 11, 12 дугаар саруудад үндсэн зээл, хүүгийн хамт хариуцагчийн төлөх ёстой үүрэг нь 11,650,000 төгрөг байсан. 11,650,000 төгрөгөөс 5 хувиар хүүг тооцсон, 2 сараар тооцож үзэхэд 1,164,000 төгрөг болно.
3/ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн буюу 16 хоногийн хүүг 5 хувиар тооцоход 499,500 төгрөг /алданги оруулаад 16,650,000 төгрөгөөс тооцов/ болно.
4/ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүүг 3.4 хувиар тооцоход 4,356,000 төгрөг /396,000х11 сар/.
5/ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн төлөөгүй мөнгөнөөс 3.5 хувиар хүү тооцоход олох байсан орлого 4,485,250 төгрөг /407,750х11 сар/.
Ингээд 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгийг бусдад тухайн үеийн дундаж хүүгийн ханшаар бусдад зээлдүүлсэн бол олох байсан орлого 2 гэрээний хувьд 22,217,400 төгрөг болж байгаа, уг мөнгийг хариуцагч нараас гаргуулна.
3) 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээний үндсэн зээл 5,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сард 3.5 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 175,000 төгрөг болно. 175,000 х 1 сар = 175,000 төгрөг.
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 4 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 200,000 төгрөг болно. 200,000 х 12 сар = 2,400,000 төгрөг.
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 3.75 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 187,500 төгрөг болно. 187,500 х 12 сар = 2,250,000 төгрөг.
2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 3.75 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 187,500 төгрөг болно. 187,500 х 12 сар = 2,250,000 төгрөг.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 3 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 150,000 төгрөг болно. 150,000 х 12 сар = 1,800,000 төгрөг.
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд сард 2.9 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 145,000 төгрөг болно. 145,000 х 9 сар = 1,305,000 төгрөг.
4) 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээний үндсэн зээл 5,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сард 3.5 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 175,000 төгрөг болно. 175,000 х 1 сар = 175,000 төгрөг.
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 4 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 200,000 төгрөг болно. 200,000 х 12 сар = 2,400,000 төгрөг.
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 3.75 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 187,500 төгрөг болно. 187,500 х 12 сар = 2,250,000 төгрөг.
2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 3.75 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 187,500 төгрөг болно. 187,500 х 12 сар = 2,250,000 төгрөг.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд сард 3 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 150,000 төгрөг болно. 150,000 х 12 сар = 1,800,000 төгрөг.
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд сард 2.9 хувиар 5,000,000 төгрөгөөс тооцоход 145,000 төгрөг болно. 145,000 х 9 сар = 1,305,000 төгрөг. Ингээд 2018 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөнгийг бусдад тухайн үеийн дундаж хүүгийн ханшаар бусдад зээлдүүлсэн бол олох байсан орлого 2 гэрээний хувьд 20,360,000 төгрөг болж байгаа.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас 2 гэрээний үлдэгдэл төлбөр буюу үндсэн зээл 10,000,000 төгрөг, олох байсан орлого буюу хариуцагч нарын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 42,577,400 төгрөг, нийт 52,577,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчаас 23,300,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй. Э.Э нь өөрөө хувиараа зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, хариуцагч нартай гэрээ байгуулах үедээ ямар нэг тусгай зөвшөөрөл байгаагүй. Гэхдээ нэхэмжлэгчийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, гэрээ байгуулах эрхийг хуулиар хориглоогүй гэжээ.
2. Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: А.Б нь Л ХХК нь захирал ба хувьцаа эзэмшигч. Би болон манай компани нь 2016 оны 7 дугаар сарын 08, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд нэхэмжлэгч Э.Э-той дугаар барьцаалсан фидуцийн гэрээ байгуулж мөнгө зээлж авсан нь үнэн. Талууд гэрээн дээр төлбөрийг төлөх банкны дансны дугаар бичээгүй. Нэхэмжлэгч нь надаа 2 дугаарыг барьцаалсан зээлийг олгосноос хойш өөрөө алга болж, холбогдох боломжгүй болсон. Ингээд лавлагаа авахад надаас зээлийн гэрээний үүргээ шаардаагүй мөртлөө шууд дугааруудыг өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн байсан. Ингээд уг асуудлаар шүүхэд хандсан ба нэхэмжлэгчийг хууль зөрчиж дугааруудыг бусад руу шилжүүлснийг тогтоолгон, дугааруудаа буцаан авсан. Шүүхээс Э.Эийг утасны дугааруудыг бусдад шилжүүлсэн гэдгийг зээл авагч надад огт мэдэгдүүлээгүй, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зээлдэгчид боломжит хугацааг олгоогүй талаар дүгнэж, шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч Э.Э нь надтай зээлийн гэрээ байгуулахдаа анхнаасаа утасны дугааруудыг өөртөө авах санаа, зорилготой байсан нь харагдаж байгаа. Би өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн дансны дугаарыг нь олж 2018 оны 12 дугаар сарын 08-ний өдөр нийт 23,350,000 төгрөгийг буюу хоёр зээлийн гэрээний үндсэн зээлд 20,000,000 төгрөг, 3 сарын хүүнд нийт 3,350,000 төгрөг шилжүүлсэн. Ийм байдлаар нэхэмжлэгч нь өөрөө зээлийн гэрээний үүргээ анхнаасаа шаардаагүй, шууд өндөр үнэлгээ бүхий утасны дугааруудыг хууль бусаар авахаар санаархаж байсан, мөн зээлийн гэрээнүүдийн үүргээ бүрэн биелүүлсэн түүнд би зээлийн гэрээний үлдэгдэл, гэрээнээс учирсан хохирлыг төлөх ямар ч боломж байхгүй. Мөн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор мөнгө зээлэх, хүүлэх эрхгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Л ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Л ХХК нь захирал ба хувьцаа эзэмшигч нь А.Б би юм. Нэмж хэлэхэд 2016 онд бизнесийн асуудлаас болж Э.Э-ос 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Барьцаанд 0000-0000 гэх утасны дугаараа тавих тавихаар тохирсон. Тэр үед Э.Э ...миний хамаарал бүхий н.О руу мөнгө шилжүүлчих, 0000-0000 утасны дугаарыг над руу шилжүүлчих гэж байсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж явж байх үед буюу 7-8 дугаар сарын хооронд Э.Э-д би бэлнээр гэрээний хүү гэж мөнгө өгсөн. Учир нь бидний байгуулсан гэрээн дээр ямар дансанд мөнгө төлөх талаар заагаагүй байсан. Харамсалтай нь уг баримтаа баталгаажуулж аваагүй. Энэ талаар нэхэмжлэгч нь 2017 оноос хойш маргалдаж явсан шүүх хурал дээр үе үе хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь анхнаасаа дугааруудыг өөртөө авах санаатай байсан бөгөөд 3 сарын гэрээний хугацаа дуусах үед Э.Э утсаа авахаа больсон, утсаа салгаад алга болсон. Тэгээд дугааруудыг өөрийн хамаарал бүхий этгээд рүү шилжүүлсэн байдаг. Би Юнител ХХК-д хандаж байж утасны дугаарууд өөр хүний нэр дээр шилжсэн гэдгийг мэдээд шүүхэд өөрөө хандсан гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү. Талуудын байгуулсан гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор мөнгө зээлэх, хүүлэх эрхгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх6/, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх7/, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээ /хх8/, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээ /хх9/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх10-11/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/шш2022/00796 шийдвэр/хх12-13/, цагдаагийн тодорхойлолт /хх14/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх16/, итгэмжлэл /хх24/, Мөнх оргил трейд ХХК-ийн №32 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/шш2018/00426 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/шш2019/02234 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/хт2021/01535 дугаар тогтоол, Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 001/хт2022/00072 тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/шз2022/11803 захирамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хэрэгт дараах хоёр гэрээ авагджээ. Үүнд:
1. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Э болон А.Б нарын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ Зээлдүүлэгч Э.Э нь зээлдэгч А.Б-өд 10,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд, сарын 5.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлнэ.
2/ Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшлийн 0000-0000 дугаарыг н.Оын нэр дээр шилжүүлэн өгнө.
3/ Зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.
2. 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э.Э болон Л ХХК-иудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ Зээлдүүлэгч Э.Э нь зээлдэгч А.Бөд 10,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд, сарын 5.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлнэ.
2/ Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшлийн 0000-0000 дугаарыг Э.Эын нэр дээр шилжүүлэн өгнө.
3/ Зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.
Хоёр. Хэрэгт дараах шүүхийн шийдвэрүүд авагджээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагчаар Э.Э, Г.Г, Б.О нарыг тодорхойлж 0000-0000, 0000-0000 дугааруудын эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/шш2019/02234 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан 0000-0000 дугаарын эзэмших эрхийг Л ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 0000-0000 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч Э.Э, Г.Г нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/шш2019/02234 дүгээр шийдвэрт ...Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 0000-0000 дугаарын эзэмших эрхийг Л ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Б.О нарт, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 0000-0000 дугаарын эзэмших эрхийг Л ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э, Г.Г нарт тус тус даалгасугай гэсэн өөрчлөлтийг оруулсан.
3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/хт2021/01535 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалыг хэвээр үлдээж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Гурав.
1. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч А.Б-д холбогдуулж 74,636,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Л ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын хэмжээг 52,777,400 төгрөг болгон багасгасан.
3. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь надтай байгуулсан 2 зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир ...барьцаанд байсан дугааруудыг бусдад худалдах замаар өөрт учирсан хохирлоо барагдуулсан. Гэвч хариуцагч нь ...шүүхэд хандаж зээлийн гэрээний дагуу надад учирсан хохирол болох зээлийн хүү, алданги, торгууль зэргийг төлөлгүйгээр дугааруудаа буцаан авсан. Ийм учраас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, ...мөнгийг бусдад хүүтэй зээлдүүлсэн тохиолдолд олох байсан орлого 42,777,400 төгрөг, ...нийт 52,777,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан.
4. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч А.Б нь нэхэмжлэгчид 23,300,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигчид маргаангүй байна.
Дөрөв. Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
1. Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр буюу нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.
2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээнүүдийн дагуу хариуцагч нь мөнгө хүлээн авсан талаар зохигчид маргаангүй байна.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэжээ.
3. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэжээ. Аливаа нэмэгдэл үүрэг нь ямагт үндсэн үүрэгтэй зэрэгцэн оршдог ба бие даасан үүрэг болж чадахгүй. Ийм учраас нэмэгдэл үүргийн өөрийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан ч үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна.
Иргэн хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэх ба маргаантай нөхцөл байдлыг урт хугацаа өнгөрсний дараа шаардлагатай хэмжээнд үнэн бодитоор тогтоох хүндрэлтэй байдаг тул хөөн хэлэлцэх хугацааг хуулиар дээрх байдлаар зохицуулжээ. Энэ нь нөгөө талаасаа өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг холбогдох этгээдэд нь анхааруулж байгаа явдал юм.
4. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээний хувьд зээлдэгчийн хүлээсэн үүрэг буюу буцаан төлөх хэмжээ нь гэрээний хугацаа дуусах 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, 3 сарын хүү 1,650,000 төгрөг,
2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээний хувьд зээлдэгчийн хүлээсэн үүрэг буюу буцаан төлөх хэмжээ нь гэрээний хугацаа дуусах 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, 3 сарын хүү 1,650,000 төгрөг, нийт 23,300,000 төгрөг байжээ.
Дээр дурдсанчлан 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч А.Б нь нэхэмжлэгчид 23,300,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй.
5. Хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолохыг дээр дурдсан. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр болон 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 10,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан аливаа хохиролд 42,777,400 төгрөг гаргуулах тухай шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
6. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн фидуцийн гэрээнүүдийн зүйл болох 0000-0000, 0000-0000 дугааруудын талаар шаардлага гарган маргалдаж байсан явдал нь хөөн хэлэлцэх хугацааг зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй.
7. Зохигч өөрийн шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.
Энэхүү үүргийнхээ хүрээнд буюу мөнгийг бусдад зээлсэн бол олох байсан орлого гэх үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч хэрэгт Мөнх оргил трейд ХХК-ийн №32 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн.
Гэвч дан ганц уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хугацаандаа төлөөгүй гэх мөнгөн хөрөнгийг бусдад хүүтэй зээлдүүлэх, улмаар хүүгийн ашгийг баталгаатай олох байсан гэж үзэх боломжгүй.
8. Мөн банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх талаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт заасан.
Нэхэмжлэгч зээл-ийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг тухай баримт хэрэгт байхгүй, тусгай зөвшөөрөл авч байгаагүй талаараа маргаагүй ба түүнийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд, дурдсан хэмжээгээр орлого олох байсан гэж үзэх боломжгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Б болон Л ХХК-иудаас 52,777,400 төгрөг гаргуулах тухай Э.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ