Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2026/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.О********р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д********гийн О********рт холбогдох эрүүгийн 2538003550404 дугаартай хэргийг  2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, С*******т овогт Д*********гийн О********р, 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн  хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн 551.1-т заасныг  журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 41А дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61  дүгээр зүйлийн 61.1-т заасаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1.3-т заасныг  баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар  хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.О********рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож 30  хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О********рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6  сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7  сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  3 жил 7 сарын хугацаагаар  хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосон,  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 279 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*******) дугаартай.

   Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.О********р нь Б.А****ртай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, архи, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний эд зүйлс хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд 593,210 төгрөгийн шууд хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538003550404 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч Д.О********р нь 2025 оны 7 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Б.А****ртай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б***нд” дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, архи, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний эд зүйлсийг хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд 593,210 төгрөгийн шууд хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учруулсан  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

          Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О********рын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, 713,210 төгрөгийн хохирол учруулсан, авсан зүйлээ ууж идсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.О*******гийн өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өглөө 06 цагийн үед гэртээ унтаж байхад цагдаа залгаад танай дэлгүүрт хулгай орчихсон байна та хүрээд ир гэсэн. Тэгээд би дэлгүүр дээрээ очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан манай дэлгүүрийн цонх хагарсан дэлгүүрийн бараанууд ийш тийшээ тарсан замбараагүй байдалтай байсан.   Манай дэлгүүрээс  Вазы  гэдэг нэртэй  2 литрийн  ундаанаас 5 ширхэг, 1 литр 25-ын хэмжээтэйгээс 3 ширхэг, Семья 2 литрийнхээс 3 ширхэг, лифтэн цай томоос нь 3 ширхэг, бэлэн гоймон 5 ширхэг, шар Аураг гэдэг нэртэй 0,75 литртэйгээс  2 ширхэг, 0,5 литртэйгээс 2 ширхэг, цагаан Аураг архи 0,75 литртэйгээс 2 ширхэг, 0,5 литртэйгээс 2 ширхэг, сүүн чингис архи  0,75 литртэйгээс 2 ширхэг, 0,5 литртэйгээс 2 ширхэг,  хар чингис архи 0,75 литртэйгээс  2ширхэг, 0,5 литртэйгээс 2 ширхэг, хар Elix архи 0,75 литртэйгээс 2 ширхэг, 0,5 литртэйгээс 2 ширхэг, Цагаан Elix архи  0,5 литртэйгээс 2 ширхэг, сэлэнгэ ундаа 1,25 литртэйгээс 2 ширхэг гэх зүйлүүд алга болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

           Гэрч Ц.Н********ын өгсөн: “...Сая үзсэн бичлэг дээр 2 гартаа ундаа барьсан явж байгаа нь О********р гэж дууддаг 2 ихрийн нэг нь байна. Би О********рыг зүс танина хамт архи ууж байсан, саяхан хоригдож байгаад суллагдаж гарч ирсэн. Бичлэг дээр гарч байгаа ногоон алаг өнгөтэй, цамц өмссөн архи уугаад явж байгаа харагдсан. Би наадмын дараа 8 дугаар сард /өдрийг нь санахгүй/ 4 зам дээр архи ууж байхад нь таарсан энэ бичлэг дээр харагдаж байгаа хувцастайгаа байсан. А*******ыг би сайн танихгүй урьд өмнө ганц, нэг удаа таарч байсан. Хүмүүс /Х******өө/ гэж хочоор нь дууддаг. Бичлэг дээр гарсан О********ртай хамт явж байгаа харагддаг. Би өмссөн хувцас, алхаа, биеийн хэлбэр, толгой, үс зэргээр нь таньж байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 38-40 тал/,

             Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар  сарын 08-ны өдрийн 34 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Гарын хээний нэгдсэн санд байх гарын дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь гарын хээний Нэгдсэн санд МN004610010543 дугаараар бүртгэгдсэн Х*******д ургийн овогт ********регистрийн дугаартай А********р овогтой Б*******гийн гарын дардастай тохирч байна. Уг А*****р овогтой Б********үү нь гарын хээний Нэгдсэн санд 2020.12.21 нд эрүүлжүүлэгдсэн гэх, 2021.01.28-нд хэрэгт холбогдуулан шалгах гэх, 2021-08-01-нд айлд хууль бусаар нэвтэрсэн гэх утгуудаар бүртгэгдсэн байна... гэх тэмдэглэл /хх-ийн 16-19 тал/,

           А********нХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-925/212955 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл өөрсдийн судалгааны үндсэн дээр дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 07 дугаар сарын байдлаар 713.210 ( долоон зуун арван гурван мянга хоёр зуун арав)-н төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 25-32 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

           Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай: “... Д*****гийн О********р /******* / нь Б.А****ртай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 28-ны шөнө цаг 40 минутын орчимд Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б***нд дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, архи, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний эд зүйлс хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд 593.210 төгрөгийн шууд хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх хэрэгт зарим яллагдагч Б.А****рт холбогдох 2438000000245 дугаартай хэргээс хуулбарласан прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын хуулбар, түдгэлзүүлэх тогтоолын хуулбар, хэрэг хариуцах чадваргүй талаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар 10 хуудас баримт бичиг нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул хавтаст хэрэгт тусгаж хавсаргах нь зүйтэй байна..” гэх эд зүйл баримт бичиг  хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 110-120 тал/,

            Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр  сарын 16-ны өдрийн  2538003550404 дугаартай Б.А****рт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татах тухай тогтоол /хх-ийн 52-53 тал/,

           Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ: “...Шинжлүүлэгч Б.А****р нь сэтгэцийн олдмол эмгэгтэй. /Дуудсан цагт ирэх боломжтой/ Б.А****р нь Асуумжаас: 2024 оноос архи хэтрүүлэн олон хоногоор зорилгоггүй хэрэглэх болсон удаа дараа сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Одоо клиникт: нойрны өөрчлөлт ойлголт удаан толгой өвдөх хам шинж, хагас нойргүйдэл /хэдэн дэлгүүрийн цонх хагалснаа санахгүй, хэдэн хоног архи ууснаа санахгүй, хаана явж байгаагаа, үе үе санахгүй/, зан төрхийн өөрчлөлт /шалтгаангүй үе үе гэнэт уур хүрнэ/, сэтгэц органик хам шинж /уурлахаараа өөрийгөө барьж дийлэхгүй байдал/ ухамсарт ухаан балартах байдал ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал Сорилоос:  Механик ой тогтоолт бууралттай,  харааны ойн хөгжил буурсан, оюуны ажиллах чадварын хөдлөлзүй тогтворгүй, удааширсан, сэтгэхүйн задлан ялгах, нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа буурсан байх хандлагатай Эдгээрийг үндэслэн: DS:F07.8 тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны  хямралын  шалтгаант бие хүний  зан төрхийн бусад органик эмгэг, 4 мөчний хөнгөн маажил оношлогдож  байна. Цаашид уг өвчин одоогоор эдгэрэх боломжгүй. Байнгын урт хугацааны эмийн, эмийн бус эмчилгээ шаардлагатай, засрал сайжралын байдалд ордог эмгэг юм.  Б.А****р нь хэргийн үйл баримтын талаар одоо үнэн зөв мэдүүлэн өгөх чадваргүй.  Б.А****р нь хэрэг хариуцах чадваргүй. Б.А****р нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. Хөвсгөл аймаг нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн эмч нарын 2024/10/21-ний өдрөөс дүгнэлт гаргаснаас хойш 4 сарын хугацаанд өнгөрсөн бөгөөд уг хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал эмчилгээ хийлгэснээр сайжирсан, өөртөө үйлчлэх чадамжтай болсон. Гэвч байнгын ар гэрийн хараа хяналтанд байх шаардлагатай. Цаашдаа ч нөхөн сэргээх, тархины цусан хангамж сайжруулах, сэргээн засах эмчилгээ хийлгэх заалттай...” гэх дүгнэлт / хх-ийн 118-119 тал /,

Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хяналтын камерийн бичлэгт  үзлэг хийсэн: ..2025 оны 07 дугаар сарын 28-ны  шөнө  01 цаг 37 минут 1 секунтэд  Мөрөн сумын ** дугаар багт байрлах  Б***нд  дэлгүүрийн урд хэсэгт байрлах  цонхноос /хувцас арай тодорхойгүй/  этгээд  эд зүйл  аваад урд  явж  байгаа этгээд  нь  хоёр гартаа бариад  явж байгаа нь  хяналтын камерт  бичигдсэн байв...” гэх тэмдэглэл камерийн бичлэгийн гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 33-35 тал/,

           Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь  Хөвсгөл аймгийн **дугаар багт байрлах  ертөнцийн  зүгээр зүүн  тийш харсан  байрлалтай  Б***нд нэртэй дэлгүүр ба ажиглавал  урд талдаа  шилэн хаалгатай  хоёр талдаа  цонхтой ертөнцийн зүгээр зүүн тийш  харсан дээд талын  цонх хагарсан  цонхны  доод талд  ундаа ус газар хөглөрсөн  байдалтай харагдаж  байх ба  гадна талын  үзлэгээр  цагийн зүүний дагуу  явуулахад  зүүн хойд талд  төмөр  сараалжин  хашаа  байна. Түүний хажууд архи  ундаа  задалсан байдалтай  байв. Тухайн газраас хэрэгт ач холбогдол бүхий  зорилгоор  мөр илэрснийг  шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Мөн тухайн газар байсан 0,5 грамм 2х нэртэй  архины шилнээс гарын мөр 6-г илрүүлсэн ба шинжилгээнд зориулан  бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 тал/,

             Хөвсгөл аймгийн Прокурорын газрын  2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  2538000000428 дугаартай  зарим яллагдагчид  холбогдох хэргийг тусгаарлах тухай: “...Яллагдагч Д.О********р Б.А****р нарт холбогдох  2538003550404 дугаартай хэргээс Б.А****рт холбогдох хэргийг  тусгаарласугай... гэх  тогтоол /хх-ийн 67 тал/,

            Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн: “...Эрүүгийн 2538003550404 дугаартай хэрэгт яллагдагч Б.А****рт холбогдох хэргийн материал болох нийт 45 хуудас материалыг  хуулбарлан авч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын  2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  2538000000428 дугаартай  зарим яллагдагчид  холбогдох хэргийг тусгаарлах тухай  тогтоолд хавсаргасан болохыг тэмдэглэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 68 тал/,

            Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр  сарын 16-ны өдрийн  2538003550404   дугаартай Б.А****рт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татах тухай тогтоол /хх-ийн 52-53 тал/,

           Хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-ийн 130 тал/,

           Шүүгдэгч Д.О********рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би А*******р Б**р гэх  2 залуутай Хөвсгөл аймгийн 8 дугаар  багийн  нутаг дэвсгэрт  байрлах “Эрдэнэс” бааран дээр  таарсан чинь  А*******р надад нэг нүдэлсэн газар байгаа  гэхээр нь дагаад  цагдаагийн доод талд байдаг 50*100 буудлын  ард байх  Б***нд  дэлгүүр байсан. Тэгээд  би дотогшоо ороод  архи авсан байдаг.  Тэгээд ундаа өрөөстэй  тавиураас нь  гадагш ундаа унасан байсан, би зөвхөн архинууд л авсан.  Бор бол байгаагүй. А*******р  гадаа зогсоод миний дотроос өгсөн архийг авч байсан. Ер нь бол гайгүй байсан. Хийсэн үйлдлээ сайн санаж байна.  Биеэ хянах бүрэн чадвартай байсан.  Тэр үед нь А*******рын араас нь гарсан гараад олоогүй. Өглөө нь А*******р  Бор 2 архи  уугаад сууж байхаар нь  очоод л яваад өгсөн. Мөн  өөрт холбогдох хэрэгтээ  түргэн  шуурхай шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О********р нь Б.А****ртай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б***нд дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, архи, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний эд зүйлсийг хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд 593,210 төгрөгийн шууд хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, хохирогч н.О*******гийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О********рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусадтай бүлэглэн хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.  Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 593,210 төгрөгийн шууд хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь тогтоогдсон. Уг хохирол болох нийт 713,210 төгрөгийг шүүгдэгч Б.А****ртай хувааж шүүгдэгчээс 356,605 төгрөгийг гаргуулах саналтай байна..” гэсэн санал дүгнэлт,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү  гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хараасай гэж хүсэж байна. ..Хохирол төлбөрийн хувьд хувь тэнцүүлж 356,605 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа...” гэх санал дүгнэлтийг тус тус  гаргасан ба шүүгдэгч  Д.О********р болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.  

            Хөвсгөл аймгийн Прокурорын газрын  2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  2538000000428 дугаартай  зарим яллагдагчид  холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор яллагдагч Д.О********р Б.А****р нарт холбогдох  2538003550404 дугаартай хэргээс шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтийг үндэслэн Б.А****рт холбогдох хэргийг  тусгаарласан байна. 

             Учир нь: Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээгээр “...Шинжлүүлэгч Б.А****р нь сэтгэцийн олдмол эмгэгтэй. DS: F07.8 Тархины өвчин гэмтэл  үйл ажиллагааны  хямралын  шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, 4 мөчний хөнгөн маажил оношлогдож  байна. Цаашид уг өвчин одоогоор эдгэрэх боломжгүй. Б.А****р нь хэргийн үйл баримтын талаар одоо үнэн зөв мэдүүлэн өгөх чадваргүй. Б.А****р нь хэрэг хариуцах чадваргүй...гэх дүгнэлтээр Б.А****р нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын  2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  2538000000428 дугаартай  зарим яллагдагчид  холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоолоор яллагдагч Д.О********р Б.А****р нарт холбогдох  2538003550404 дугаартай хэргээс Б.А****рт холбогдох хэргийг  тусгаарласан байна. 

             Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.О********рын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.О********рын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгоно заажээ.

Шүүгдэгч Д.О********р нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.О*******г, гэрч Ц.Н*******л нарын өгсөн мэдүүлэг,  А********нХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-925/212955 дугаартай: дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.О********р нь бусадтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 40 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б***нд” дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, архи, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний эд зүйлсийг  хулгайлан авч, бусдын өмчлөх эрхэд 593,210 төгрөгийн шууд хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

Эрүүгийн хуул-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Шүүгдэгч Д.О********р нь бусадтай бүлэглэн бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ гэж, гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1,3 дахь хэсэгт  тус тус заажээ.

 Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэдэг нь үйлдлээрээ нэгдсэн байх төдийгүй үзэл бодол, зорилго сэдэлтээрээ  нэгдсэн байх шаардлага тавигддаг.

 Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.О********р, Б.А****р нарыг бүлэглэн  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б***нд дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, архи, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдсэн тул  гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О********рыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Д.О********рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  тус тус  журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон прокурорын үйлдсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.О********рын бусадтай бүлэглэн бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О********рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.О********рын бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О*******гт 593,210 төгрөгийн шууд хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон  А********нХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-925/212955 дугаартай дүгнэлтээр  тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.О*******г нь: “..учирсан хохирлоо гаргуулж авмаар байна..”. гэх мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О********р болон түүний өмгөөлөгч нар нь: “...хохирол төлбөрийн хувьд хувь тэнцүүлж 356,605 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн..” байх тул хохирогч Б.О*******гт учирсан 713,210 төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөрөөс шүүгдэгч Д.О********рт оногдох  төлбөр болох 356,605 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О*******гт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.О********рыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.О********рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Шүүгдэгч нь урьд 8 удаагийн ял шийтгэлтэй нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ яг дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 11 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 11 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар шилжин ирж 27 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй...” гэсэн санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн хувьд маргаан байхгүй тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хараасай гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээрээ эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 11 хоног нэмж нэгтгээлд 4 жил 6 сар 11 хоногийг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг оруулж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 6 сар 11 хоног нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Д.О********рын хувийн байдал, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч  Д.О********рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж,  хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.О********рт Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2  жил 10 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай  хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд  дээрх ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял үлдсэн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О********рт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих  ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2  жил 10 сарын  хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч  Д.О********рын нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.О********рын урьд 7 удаагийн ял шийтгэл авч байсан, өмнөх шийтгэх тогтоолоор хаалттай хорих ангид ял эдэлж байгаа зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ялыг нээлттэй  хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэх  дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.О********рын цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.О********р нь 27 цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.О********рт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч С*****т овогт Д**********гийн О********рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Шүүгдэгч Д*******нгийн О********рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О********рт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  оногдуулсан 2 (хоёр)  жилийн хугацаагаар хорих  ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил, 6 (зургаа) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч  Д.О********рын нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар, 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О********рт оногдуулсан 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар, 11 (арван нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О********рын цагдан хоригдсон 27 (хорин долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.   

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О********раас  356.605 (гурван зуун  тавин зургаан мянга зургаан зуун тав) төгрөгийг гаргуулж хохирогч Б.О*******г (********)-т олгосугай.

  7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О********р нь 27 (хорин долоо) цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О********рын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН