2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2891

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025         12          17                                         2025/ШЦТ/2891

 

                              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

улсын яллагч Л.Наранхүү,

хохирогч Д.Д,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт М.Б-т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч М.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Д-г 2025 оны 07 дугаар сарын 08, 2025 оны 07 дугаар сарын 09, 2025 оны 08 дугаар сарын 12-ны  өдрүүдэд зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** салоны гадна тээврийн хэрэгсэл дотор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 909к дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогчийн өмгөөлөгчөөс дэмжиж оролцсон болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч М.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Д-г 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гараараа нүүрэн тус газар алгадаж зодсон, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гараараа нүүрэн тус газар алгадах, цохих зэргээр зодсон, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сондор салоны гадна тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Д.Д-с 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Б бид 2 үерхээд 3 жил болж байгаа. Энэ хугацаанд надад 5-6 удаа зодож байсан. Үерхэж байсан залуу болох Б цамц хаана байна гэж 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэлсэн. Би өөдөөс нь надад байхгүй урд гэрт байгаа байх гэж хэлсэн. Би ажил дээрээ 3 байгууллагаараа нийлээд архи уусан. Би Б ирчихлээ гээд гарах гэтэл гаргахгүй байсан. Тэр хооронд буцаад очиж байна гэж хэлээд ирсэн. Ирэхээр нь чиптэй хаалган дээр машинд нь ороод суусан. Би итгэл даах хүнийхээ хажууд унтах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл монел руу явж байгаад эргээд ажил руу явсан. Ажлын гадаа ирээд одоо буу гээд хараагаад цааш нь түлхээд байсан. Тэгээд би ухрах гээд байхаар нь боль зогс гээд үрүүлнээс нь барьсан. Намайг буулгахгүй хөдлөх гээд байсан болохоор нь үрүүлнээс нь барьсан. Тэгтэл зогсоод намайг нүүр нүдгүй цохиод үүдэн 2 шүд хугалсан. Дараа нь шууд цагдаад дуудлага өгсөн. Шүүх эмнэлэгт үзүүлнэ би гомдолтой байна. Гоо сайхнаараа хохирсон. Өмнө нь надад гар хүрч байсныг гэрчлэх олон хүмүүс байгаа..." гэх мэдүүлэг /хх 9/,

Хохирогч Д.Д-н 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: "...Би хамтран амьдарч байсан гэх Б-тай 2021 оны 09 сарын 22-ны өдрөөс эхлээд хамтран амьдарч эхэлсэн бөгөөд амьдарч байх хугацаандаа миний биед хэд хэдэн удаа цохиж, зодон халдаж байсан. Эхлээд 2023 оны хавар дарь эхэд амьдарч байхад зуух руу түлхэж унагаад цохиж байсан, 2023 оны 08 сар Монелд амьдарч байхад зүүн хацар руу алгадаж байсан, 2025 оны 07 сарын 09-ний өдөр машин барьж явж байхдаа баруун гар хэсэг рүү нэг удаа цохиж байсан. 2025 оны 07 сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт Б ээж эмээгийнхээ хажууд баруун хацар хэсэг рүү 1 удаа алгадаад, 1 удаа цохиж байсан. Хамгийн сүүлд 2025 оны 08 сарын 12-ны өдөр манай ажлын газрын гадаа ирээд дуудахаар нь би гарч очоод машинд суухад хэл амаар доромжлоод намайг буулгахгүй, аваад явах гээд байсан болохоор машины үрүүлнээс нь барихад миний нүүр рүү цохиод дараа нь шүд рүү цохиход 1 шүд унасан би машин дотор уйлаад сууж байхад Монел руу явсан Монел дээр очоод би цагдаа дуудахад намайг буцаагаад ажил буюу Улаанхуаран руу явах замдаа дахин 1 удаа шүд рүү цохиод дахин 1 шүд унагаасан..." гэх мэдүүлэг /хх 11-12/,

Мөн хохиргч Д.Д-н 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: "...Хамгийн анх 2023 онд Дарь-Эхэд байхад миний биед халдаж байсан энэ талаараа Б өөрөө шүүх хурал дээр хэлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Хоёр дахь нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зүүн хараа явж байх замд миний биед халдаж байсан. Энэ талаараа Б санахгүй байна гэж шүүх хурал дээр хэлсэн. Гурав дахь нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бас миний биед халдаад энэ талаараа шүүх хурал дээр хүлээн зөвшөөрчихсөн байгаа. 2025 оны 07 дугаар сарын 08-нд намайг зодсоноо санахгүй байгаа гэж хэлсэн. Тухайн хэрүүл маргаан Т гэдэг найз нь чатаар намайг удаа дараа хэл амаар доромжлоод байхаар нь би Б-т хэлсэн. Чи бид 2 иймэрхүү жижиг хэрүүлээс болж маргалддаг гэж хэлсэн чинь миний зүүн талын шанаа хэсэгт 2 удаа алгадаж авсан. Би захирал Б гэдэг эгчдээ яг тэр үедээ гар утсаараа чат бичээд болсон үйл явдлаа бичиж байсан. Б эгчийн дугаар нь ***** гэсэн дугаар байгаа. Т гэдэг найзаас нь болсон. Намайг хэл амаар доромжлоод би Б-т хандаж найзаас чинь болж их хэрүүл үүсдэг шүү гэж хэлсэн чинь найзыгаа өмөөрөөд намайг алгадаж авсан..." гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.О-н 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаартай “ Д.Д-н биед тархи доргилт, 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, хамрын таславч муруйлт, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх 23-24/,

 Шүүхийн шинжилгээний ерөнхй газрын шинжээч Ц.А, Э.М нарын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай "Д.Д /РД: *******/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Д.Д-н сэтгэцэд учирсан хор уршиг нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой." Гэх шинжээчийн дүгнэлт /хх 32-34/,

Гэрч Б.Б-н "...2025 оны 07 дугаар сарын 09-ний орой 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай салоны гаднаа Б, Д 2 аяллаар явлаа баяртай гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явж Б-н ээж, эмээ 2-ыг нь очиж авна гээд хөдөлдсөн. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад Д над рyy messenger аппликейшн чатаар Б найзыгаа өмөөрөөд алгадаад авчихлаа гэж бичээд ард талд нь уйлж байгаа эмож-н хамт явуулсан байсан. Би яг юу болсон талаар асуухад Б-н найз буурай гэж дууддаг хүн Т гэх хүн Д-г хэл амаар доромжилсон юм шиг байсан. Д уурласан чинь Б найз Т-г өмөөрөөд алгадсан гэж хэлж байсан. Би Д-г аргадаад миний дүү тайвшир холын замд явж байж битгий хэрүүл хий зүгээр орхичих гэж хэлсэн. Тухайн өдөр Д-г доромжилсон үл хүндэтгэн бичсэн чатыг нь над руу явуулж байсан. Би тухайн үедээ уншиж байсан ч одоо сайн санахгүй байна. 2025 оны 07 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Д над руу гар утсаараа залгаад Б намайг заж, эмээ 2-ынхоо хажууд зодчихлоо гээд эхэр татаад уйлаад ярьсан. Урьд нь надад ярихдаа ганц удаа Б гар хүрч байсан гэж ярьж байсан. Д, Б урьд нь бас нэг салчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

4. Прокуророос шүүгдэгч М.Б-г 2025 оны 07 дугаар сарын 08, 2025 оны 07 дугаар сарын 09, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Д.Д-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

Хэрэгт авагдсан баримт болон хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр М.Б, Д.Д нар нь 2021 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар бие махбодийн хүчирхийлэл буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд байнга халдаж зодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийн давтамжийн төрөл болох байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж тодорхойлдог.

Прокуророос шүүгдэгч М.Б-г тус зүйлд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хохирогч Д.Д, гэрч Г.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэл болгож, дээрх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2025 оны 07 дугаар сарын 08, 2025 оны 07 дугаар сарын 09, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд хамтран амьдрагч Д.Д-г зодсон гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж байхаар хуульчилсан байна. 

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заажээ.

Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд дээрх үйлдлүүдийн хоорондын давтамж нь зургаан сарын хугацаа дотор байгаа тохиолдолд гэмт хэргийн шинжийг хангана.

Дээрхээс дүгнэн үзэхэд 2025 оны 07 дугаар сарын 08, 2025 оны 07 дугаар сарын 09, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд хохирогчийг зодсон үйлдлүүдийн хувьд дээрх шаардлагуудыг хангаж байна.

Иймд шүүгдэгч М.Б-н үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцжээ.

5. Хэрэгт авагдсан  “Д.Д-н биед тархи доргилт, 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, хамрын таславч муруйлт, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна..." гэх шинжээчийн дүгнэлт хохирогчийн биед олон тооны хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.  

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Б нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр толгойн тус газарт нь цохисон олон удаагийн үйлдлийн улмаас үүссэн байна.

Шүүгдэгч нь өөрийн хүч давамгай байдлыг ашиглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Д.Д-н биед нь халдаж зодсон байх тул түүний үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцжээ.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, төлбөрийн талаар:

7. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Д-с баримтаар 6.471.100 төгрөг нэхэмжилжээ.  

Дээрх баримтуудаас хоорондоо давхардсан, нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй зэрэг үндэслэлээр зарим баримтыг үнэлэлгүй орхиж, нийт 410.000 төгрөгийн баримтыг хохиролд тооцож шийдвэрлэв.

Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хувьд Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******** дугаартай “хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна

  Шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.504.000 төгрөгийг нөхөн олгуулах зүйтэй гэж үзлээ.

  Дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогчид олон тооны гэмтэл шарх учирсан, түүний сэтгэцэд учирсан гэмтлийн байдал, эдгэрэлт, хохирогчийн гоо зүйд нөлөөлсөн, хөдөлмөрийн чадвараа тогтмол алдсан зэргийг тус тус харгалзаж үзсэн болно.

  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч М.Б-с нийт 9.914.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдлийн шинж, хохирогчид олон тооны гэмтэл шарх учирсан, үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцүүлэн түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдлийн шинж, хор уршгийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч ****** ургийн овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,  тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 9.914.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгосугай.

 

6. Хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЧАНЦАЛНЯМ