| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03913/И |
| Дугаар | 102/ШШ2023/03508 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2023/03508
| 2023 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2023/03508 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 115,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е
Хариуцагч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч П.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
П. Б- нь манай С ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19/16 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 орон сууц хорооллын 0 дугаар ээлжийн 0 дугаар блокийн 0 дугаар орц, 0 давхрын 66.84 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулсан. Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 3.1-т зааснаар орон сууц захиалгаар бариулсны төлбөрийг 150,390,000 төгрөг байхаар тохиролцсон. Тохиролцооны дагуу П.Б- нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байсан тул түүнтэй 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дахин Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үлдэгдэл 100,000,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжит хугацаа олгосон боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
Бидний байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-ний 3.1-т ...100,000,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж, 4-т ...100,000,000 төгрөгийг ...заасан хугацаа, хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөр авагчид төлнө гэж заасан.
П.Б- нь С ХХК-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр хүлээсэн биелүүлээгүй, захиалгаар бариулсан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны алданги 15,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги гэх 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө нэхэмжлэгч талтай найз нөхдийн харилцаатай. 2020 оны сонгуульд миний бие нэр дэвшихийн тулд бусдад төлөх 100,000,000 төгрөгийн өр төлбөрөө дарах шаардлага гарсан. Ингээд би нэхэмжлэгч талаас тусламж хүсэхэд тэд байр өгөөд ...өрөө дар гэж өгсөн. Би тухайн байрыг нь бусдад шилжүүлж өрөө дарсан, сонгуульд нэр дэвшсэн. Гэвч тухайн сонгуульд ялалт байгуулж чадаагүй, үүнээс хойш нэхэмжлэгч мөнгөө нэхэмжлэх болсон. Сонгуулийн дараахан өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглээд халамцуу сууж байхад гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан, тухайн үед би элдэв юм бодоогүй. Уг нь бол 100,000,000 төгрөг нь сонгуулийн хандив байсан. Надад алданги тооцсон гэрээнд гарын үсэг зуруулсанд гомдолтой байдаг. Гэхдээ би нэгэнт авсан учир 100,000,000 төгрөгийг нь буцааж заавал төлнө. Харин алдангийг хасуулах, багасгах хүсэлтэй байгааг шүүхээс анхаарч үзнэ үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5/, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээ /хх 6-7/, П.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 8/,
4. Хариуцагчийн хариу тайлбар /хх 16/. Нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч П.Б-т холбогдуулж 115,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шаардлагын үндэслэлээ ...талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр С ХХК-тай Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан болон уг гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг төлөх ёстой эсэх талаар маргаагүй. Харин алданги, алдангийн хэмжээний талаар маргаж байна.
Хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр С ХХК болон П.Б- нарын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ авагджээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
а/ Төлбөр төлөгч П.Б- нь төлбөр авагч С ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, 66.84м2 талбайтай 3 өрөө орон сууц захиалсан;
б/ Төлбөр төлөгч нь орон сууцны үлдэгдэл 100,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй;
в/ Төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна;
г/ Үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөр авагчид төлнө.
Шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр С ХХК болон П.Б- нарын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв. Тодруулбал, П.Б- нь С ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ-ний дагуу үүссэн тооцоо, үлдэгдэл төлбөр, уг төлбөрийг цаашид хэрхэн барагдуулах арга замаа төлбөр барагдуулах гэрээгээр харилцан тохирсон явдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр багасгаж тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 707,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч П.Б-аас 110,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 707,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ