Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч В.Мөнхтулга нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дариганга овогт Володягийн Мөнхтулгад холбогдох 1705000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, төрсөн эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6а байрны 17 тоотод оршин суудаг /хав 18 хуу/ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Дариганга овогт Володягийн Мөнхтулга /РД:УШ98103150/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Яллагдагч В.Мөнхтулга нь 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” нэртэй бааранд “хамт үйлчлүүлж байсан найз нартай Ж.Заяабаатар нь маргалдсаны улмаас тус баарнаас хөөгдлөө” гэх шалтгаанаар Ж.Заяабаатарын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Мөнхтулга мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний бие өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хохиролыг барагдуулсан тул хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.Заяабаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Энжоё бааранд найз Баасандоржийн хамтаар орсон. Тэгээд бид хоёр бааран дотор пиво ууж байгаад баарны текэн дээр тооцоо хийчихээд явж байхад үл таних нэг эмэгтэй намайг зайлаад өг гээд түлхэхээр нь би чи намайг яаж байгаа юм бэ гээд уг эмэгтэйтэй хэсэг маргалдаж байхад танихгүй нэг залуу хүрч ирээд наад эмэгтэйгээ зүгээр орхи гээд миний хоолой руу гараараа түлхэхээр нь би зөрүүлээд мөр рүү нь түлхээд барилцаж авахад миний футволка урагдсан ба баарны хамгаалагч нар бид хоёрыг салгаад надтай барилцаж авсан залууг найз нарынх нь хамтаар гаргахад тухайн залуучууд нэг нь манай найз Баасандоржийн шилэн хүзүүнээс бариад байж байхаар нь би харчихаад юу ч хэлэлгүй байж байхад Баасандоржийн шилэн хүзүүнээс барьж байсан залуу чи нааш ир гээд дуудахаар нь би очоогүй тэгтэл манай найз Баасандорж сууж байснаа босоход шууд Баасандоржийг цохиж авахаар нь би найзыгаа өмөөрөөд дахиад цохиж магадгүй гэж бодоод босоход уг залуу миний толгойн зүүн дээд хэсэг рүү нэг удаа шилээр цохиж авсан...” гэжээ. /хав 6-7,8/

 

Илтгэх хуудас: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн хороо Энжоё баарны үүдэнд РД:УШ98103150 Володъя овогтой Мөнхтулга-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөв. Согтолт-0,57%. Заяабаатар гэгчийн толгойг пивоны шилээр хагалсан...д/а цолтой Б.Тэмүүжин..” гэжээ. /хав 4 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9594 дугаартай дүгнэлтэд: 1.Ж.Заяабаатарын биед тархи доргилт, зүүн зулай чамархай хэсгийн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хав 13/

Хохирол төлсөн баримт /хав 28/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 18,26,19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч В.Мөнхтулга нь 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” нэртэй бааранд “хамт үйлчлүүлж байсан найз нартай Ж.Заяабаатар нь маргалдсаны улмаас тус баарнаас хөөгдлөө” гэх шалтгаанаар Ж.Заяабаатарын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 28/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүгдэгч В.Мөнхтулга нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч В.Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч В.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Заяабаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 6-7,8 хуу/, шинжээчийн 9594 тоот дүгнэлт /хав 13 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул В.Мөнхтулгыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан В.Мөнхтулгад 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дариганга овогт Володягийн Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дариганга овогт Володягийн Мөнхтулгыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Мөнхтулга торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Дариганга овогт Володягийн Мөнхтулгын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.Мөнхтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ