Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

 

                                                                                                   

 

Д.*******, А.*******, А.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд:

            Прокурор М.Сайнзаяа,

            Шүүгдэгч Д.*******, А.*******, А.*******

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Х.*******, М.*******, С.*******

            Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаар захирамжтай шүүгдэгч Д.*******, А.*******, А.******* нарт холбогдох 201500000175 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Шарагчин овогт Долгорын ******* /рд:РН*******/, 19**оны ** дүгээр сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн У суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн О сумын ** дугаар багийн “Хөх чулуут” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол улсын иргэн, Цэрэн овогт Адъяагийн ******* /рд:ГЮ*******/, 19**оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Б суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Б сумын ** дүгээр багийн А-ын Шинэ хорооны **-**** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол улсын иргэн Тайж овогт Адъяагийн ******* /рд:ГЮ*******/, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Б суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүийн хамт Булган аймгийн Б сумын ** дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн О сумын *-р баг Чандага гэх газарт байрлах өөрийн гэртээ А.*******н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

А.*******, А.******* нар нь тухайн үед Д.*******тай урьдын харилцааны явцад бий болсон таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар үснээс зулгаах, ноцолдох байдлаар бүлэглэж Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаар захирамжаар:

Яллагдагч Д.*******, А.*******, А.******* нарт холбогдох эрүүгийн 2015000000175 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Д.*******, А.******* А.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга эсэргүүцэлдээ: “... тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаартай захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутанд хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Долгорын ******* /РД:РН*********/ нь Булган аймгийн О сумын *-р баг Чандага гэх газарт байрлах өөрийн гэртээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим А.*******тэй урьдын харилцааны явцад бий болсон таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар үс болон чихнээс нь гараараа зулгаах байдлаар зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Адъяагийн ******* /РД: ГЮ********/ нь Булган аймгийн О сумын *-р баг Чандага гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим Д.*******тай урьдын харилцааны явцад бий болсон таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар үснээс зулгаах, ноцолдох байдлаар А.Аптанхүүтэй бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр зодож биед нь санаатай хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Адъяа овогтой ******* /РД:ГЮ*******/ нь Булган аймгийн О сумын *-р багийн нутаг Чандага гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 09-ний 19 цагийн орчим Д.*******ыг манай дүүтэй зодолдлоо гэх шалтгааны улмаас нүүр болон бие хэсэг рүү нь гараараа цохих байдлаар А.*******тэй бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх гэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр зодож биед нь санаа хөнгөн хохирол учируулсан гэмт хэрэгт холбогдсон.

Аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2015000000175 дугаартай хэрэгт Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, А.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №4/100 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №2О21/ШЗ/ЗО5 дугаартай захирамжаар яллагдагч Д.*******, А.*******, А.Аптанхүү нарт холбогдох хэргийг буцаахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж,

энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг зөрчиж, хүсэлтийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчийн өөрийн эрх, хууль ёсны эрх эшгаа хамгаалуулах тухай хүсэлтийг гаргаж хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх, "прокурор мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 гугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан байгаа боловч хэрэгт прокурорын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4/100 дугаартай яллах дүгнэлтийг яллагдагч нарт 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан цаг хугацаа болон емгөөлөгч Х.*******ын хүсэлтийг мөн өдөр хүлээн авсан цаг хугацаа тодорхойгүй байх тул өмгөөлөгч Х.*******ын гомдлыг хүлээн авч хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******, А.*******, А.Аптанхүү нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, А.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “ ... хэргийн оролцогч өөрийн эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах тухай хүсэлт гаргаж хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхийг хязгаарласан ... яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулсан цаг хугацаа болон емгөөлөгч Х.*******ын хүсэлтийг мөн өдөр хүлээн авсан цаг хугацаа тодорхойгүй ... “ гэж дүгнэн хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагч А.*******н өмгөөлөгч Х.******* нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан байх бөгөөд мөн өдөр прокуророос яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулсан баримт хавтаст хэрэгт авагджээ.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан, мөн өмгөөлөгч Х.******* нь дээрх хүсэлтийг яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулснаас хойш гаргасан гэсэн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа яллагдагч Д.*******т хавтаст хэргийн материал танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасан “Яллагдагч ... мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй”, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... яллагдагч  ... -д хавтаст хэргийн материал танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН