| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 101/2023/00899/И |
| Дугаар | 102/ШШ2023/03700 |
| Огноо | 2023-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/03700
| 2023 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2023/03700 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК
Хариуцагч:Ц.А
Хариуцагч: А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 14,999,894 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, О.Э
Хариуцагч Ц.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ц.А, А.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ц.А, А.Б нар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 00-00 УНП улсын дугаартай, Тоёота приус 20 /2009-2018/ маркын автомашиныг барьцаалж 11,200,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.99 хувийн хүүтэйгээр 104213501 тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 104213501 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлсэн. Гэвч хариуцагч нарын зүгээс зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 372 хоног хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, 660,000 төгрөгөөр 3 удаа эргэн төлөлт хийснээс өөрөө төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэх ямар ч арга хэмжээ авахгүй байгаа учир бид шүүхэд гэрээний хугацаа дуусахаас өмнө хандаж байна.
Иймд 104213501 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 10,137,310 төгрөг, үндсэн хүү 4,049,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,082 төгрөг, нийт 14,999,894 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Бид анхнаасаа зээлийн гэрээний үүрэгт 14,999,894 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Учир нь фидуцийн зүйл болох автомашиныг хариуцагч нар осолд оруулж, задалж зарсан гэх мэдээллийг бид авсан. Ийм учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, эсхүл автомашиныг шаардан шүүхэд хандаагүй. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхээс нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дурдсан байсан. Нэхэмжлэгч тал зөвхөн гэрээний үүргийг мөнгөн дүнгээр хангуулах шаардлага гаргасан, уг шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нотлох баримтыг жич гаргаж өгнө гэжээ.
3. Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Н ХХК-тай №104213501 тоот зээлийн гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг зээлийг хүргэн болох М.М-даа авч өгсөн. Тэрээр ...миний зээлийн түүх муу байгаа учир та надад зээлийн гэрээ байгуулаад, мөнгө аваад өг гэж хүссэн. Ингээд би 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүргэн М.Мас 2084 дугаартай, приус маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс зээл авсан. Уг зээлийг дээр хэлсэнчлэн хүргэн М.М шууд авсан. Зээлийн гэрээний зээлдэгч тал болох хүү бид 2 мөнгө ч аваагүй, машин ч аваагүй. Ийм учраас М.Мас зээлээ нэхэмжлэх ёстой гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, итгэмжлэл /хх4, 18/, зээлийн болон фидуцийн гэрээ /хх5-8/, худалдах-худалдан авах гэрээ /хх9/, зээлийн хувийн хэрэг /хх10-15/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх16-17/, зээлийн тооцоолол /хх19/, Ц.А-ийн харилцах дансны хуулга, депозит дансны хуулга.
5. Хариуцагч А.Бас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх29/.
6. Хариуцагч Ц.А-ээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хүсэлт /хх36/, Баталгаа гаргах тухай бичгийн баримт /хх37/, оршин суугаа газрын лавлагаа /хх 38/, тодорхойлолтууд /хх39-41/, дансны хуулга /хх43-45/ .
7. Хариуцагчийн хүсэлтээр М.М-ыг гэрчээр асуусан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ц.А, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,137,310 төгрөг, үндсэн хүү 4,049,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,082 төгрөг, нийт 14,999,894 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ.
2. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Н ХХК болон хариуцагч Ц.А, А.Б нар №104213501 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Н ХХК нь хариуцагч нарт 11,200,000 төгрөгийг нэг сарын 2.99 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ.
3. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №104213501 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулсан байна.
4. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
5. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №104213501 тоот зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч нэхэмжлэгч тал 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийг шаардан шүүхэд хандсан.
6. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нийт 14,999,894 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 372 хоног хугацаа хэтрүүлсэн гэж дурдсан. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч талаас цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.
7. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
8. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
9. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №104213501 тоот зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагч нарын зүгээс зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Ийм учир хариуцагч нараас 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №104213501 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,137,310 төгрөг, үндсэн хүү 4,049,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,082 төгрөг, нийт 14,999,894 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
11. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
12. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
13. Хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр М.М, Ц.А нарын хооронд байгуулагдсан 3499 тоот 00-00 УНП улсын дугаартай, Тоёота приус маркын тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ авагдсан.
14. Дээрх гэрээний агуулгыг Н ХХК-ийн депозит дансны хуулга, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №104213501 тоот зээлийн гэрээний 2.1.2-т Зээлийн зориулалт: Автомашин худалдаж авах гэсэн заалт, 2.1.6-д Зээлийн төрөл: Автомашины лизинг-хуучин гэсэн заалт, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №104213501 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, хариуцагч Ц.Аийн шүүх хуралдаанд гаргасан ...хүргэндээ л зээл авч өгсөн гэсэн тайлбар, гэрч М.М-ын ...тухайн үед миний зээлийн түүх муу байсан учир хадам ээжтэй автомашин худалдах гэрээ байгуулсан, ...ээжээр дамжуулж зээлийг авсан, ...уг нь миний төлөх ёстой зээл юм гэсэн мэдүүлгүүдтэй харьцуулан судлахад нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн буюу зээлийн гэрээний зүйл болох 11,200,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж, эсрэгээрээ хариуцагч Ц.Аийн ...би зээлийг хүлээж аваагүй гэх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, А.Б нараас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.А, А.Б нараас 14,999,894 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, А.Б нараас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ