| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/02077/И |
| Дугаар | 102/ШШ2023/03798 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/03798
| 2023 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/03798 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Ч ХХК
Хариуцагч: Б ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 60,308,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., өмгөөлөгч Э.Т
Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. 60,308,000 төгрөг гаргуулах тухай шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав.
С ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б ХХК-тай 808/928 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу бид Б ХХК-д нийт 1,780,374,727 төгрөгийг төлөх ёстой байсан. Ингээд Б ХХК-ийн хүсэлтийн дагуу М ХХК-д 1,025,608,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудыг, 299,766,727 төгрөгийн хамт, нийт 1,325,374,727 төгрөгийг шилжүүлсэн. А ХХК-д 351,420,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар/ төлсөн. Ч ХХК-д 160,308,000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцыг өгсөн.
Б ХХК нь Ч ХХК-д 100,000,000 төгрөгийг шилжүүл гэсэн боловч бид Ч ХХК-д 60,308,000 төгрөгөөр илүү буюу 160,308,000 төгрөгийн орон сууцыг шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу илүү шилжүүлсэн орон сууцны төлбөр болох 60,308,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас нэхэмжилж байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагч Ч ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч Ч ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ч ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01881 дугаартай захирамжийн дагуу Б ХХК-иас 273,400,527 төгрөг авахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу БХХК-ийн бусдаас авах авлага буюу С ХХК-иас авах О толгойн нүүрсний уурхайн хөрс хуулах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Б ХХК-д шилжүүлэх ёстой төлбөрөөс суутгал хийж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу шилжүүлэх талаар хүсэлт тавьж шийдвэр гүйцэтгэгч тус компанид мэдэгдэл өгч, мэдэгдлийн дагуу 100,091,000 төгрөгийн мөнгөн хэлбэрээр, үлдэгдэл төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхээр С ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай тохиролцсон. Улмаар үл хөдлөх хөрөнгийг үлдэгдэл төлбөрт тооцон шилжүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Манай компани илүү төлбөр авсан зүйл байхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан ажиллагааны дагуу шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байсан. Гэвч нэхэмжлэгч манай компанид холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа тул бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон тодруулсан шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж өгсөн. Үүнд: Б ХХК нь С ХХК-тай 2016 онд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, О толгойн нүүрсний ил уурхайн ажлын гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байсан. Б ХХК нь Ч ХХК-д төлөх төлбөрийг нэхэмжлэгчтэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөрөөс суутгуулан төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч нь Ч ХХК-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Нарны зам гудамж, 0 дүгээр байрны 0 тоот /42.99 м2/, 0 тоот /47.61м2/, 0 тоот /42.99м2/ орон сууцнууд буюу 160,308,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан бөгөөд тус үнийн дүнг нэхэмжлэгч нь Б ХХК-д төлөх төлбөрөөс суутгасан. Мөн С ХХК болон Ч ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нд тус орон сууцуудын үнийг тодорхой бичсэн байгаа нь талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн болохыг баталж байна. Нэхэмжлэгчээс Б ХХК-д ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/48 дугаар албан бичигт манай компанид Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 248.790,727.88 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжлэгч нь төлөөгүй байгаа тухай дурдсан байх бөгөөд тус төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тэгээд ч бид нэхэмжлэгчийг Ч ХХК-д 100,000,000 төгрөгийг төл гэсэн болохоос илүү төлбөр төл гэж шаардаагүй, нэхэмжлэгчийн бусдад илүү төлсөн мөнгийг бид хариуцах ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, орчуулга /хх 3-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Б ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2019/47 тоот төлбөр шилжүүлэх тухай мэдэгдэлийн хуулбар /хх 6, 60/, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх 7, 61/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх 58/, Б ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2019/48 тоот төлбөр шилжүүлэх тухай мэдэгдэлийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх 62/, Б ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны 19/02 тоот С ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар /хх 63/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар /хх 64-67/, С ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/48 тоот Өглөгийн тулган баталгаажуулах тухай албан бичийн хуулбар /хх 68-70/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/02282 дугаар шийдвэрийн хуулбар /хх 71-74/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 87 дугаар магадлалын хуулбар /хх 75-81/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх 82/, С ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/454 тоот М ХХК-д хүргүүлсэн алабан бичиг /хх 83/, М ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 2.-ны өдрийн 07/01 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хх 84/, /, С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн а/58 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх 85/.
5. Хариуцагч Ч ХХК-ийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 11/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 12/, хариу тайлбар /хх 22/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/шш2018/01881 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх 23-24/ Б ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2018/78 тоот С ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар /хх 25/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/17320 тоот Мөнгө шилүүлэн авах тухай мэдэгдлийн хуулбар /хх 26/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/18954 тоот Мөнгө шилжүүлэн авах тухай мэдэгдэлийн хуулбар /хх 27/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтын хуулбар /хх 28/, мөнгө шилжүүлэх баримтын хуулбар /хх 29-30/.
6. Хариуцагч Б ХХК-ийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 49-50/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 51/, хариу тайлбар /хх 54, /, С ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/48 тоот Өглөгийн тулган баталгаажуулах тухай албан бичгийн хуулбар /хх 55-56/, цахим зурвасын хуулбар /хх 57/, төлбөрийн даалгаврын хуулбар /хх 102/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4-222/10091 тоот мэдэгдлийн хуулбар /хх 103/.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч С ХХК нь Ч ХХК-д холбогдуулж 60,308,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Б ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ч ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК нь Ч ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
3. Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Б ХХК-иуд дараах үйл баримтын талаар маргаангүй байна. Үүнд:
1/ 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр С ХХК болон Б ХХК-иудын хооронд байгуулагдсан 808/928 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу С ХХК нь Б ХХК-д 1,780,374,727 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн.
2/ Улмаар С ХХК нь Б ХХК-ийн хүсэлтийн дагуу дараах этгээдүүдэд дор дурдсан хэмжээний төлбөрүүдийг төлсөн байна. Үүнд:
а. М ХХК-д 1,025,608,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнууд. 299,766,727 төгрөгийг дансаар буюу нийт 1,325,374,727 төгрөгийг шилжүүлсэн.
б. А ХХК-д 351,420,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар/ төлсөн.
в. Ч ХХК-д 160,308,000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц.
Хоёр.
1. Хариуцагч Б ХХК-д холбогдох шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч ...Ч ХХК-д илүү төлсөн 60,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК хариуцах ёстой гэж тайлбарласан.
2. Хариуцагч Б ХХК дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...бид Ч ХХК-д 100,000,000 төгрөгийг төл гэсэн болохоос илүү төлбөр төл гэж шаардаагүй, ...нэхэмжлэгчийн бусдад илүү төлсөн мөнгийг бид хариуцах ямар ч боломжгүй гэжээ.
3. Бусдын өрийг сайн дураараа төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан байна.
4. Хэрэгт цугларсан баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч Б ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд хариуцагч Б ХХК-д холбогдох С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б ХХК-иас 60,308,000 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ