| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03503/И |
| Дугаар | 102/ШШ2023/03810 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/03810
| 2023 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/03810 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: А ХХК
Хариуцагч: Т.С
Нэхэмжлэлийн шаардлага: 68,402,781.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Д.У
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч А ХХК, Т.С нараас 68,402,781.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Т ХХК болон хариуцагч А ХХК-иуд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ТSD/18/0790 дугаартай С хаусын барилга /В загвар/-ын Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1, 4, Тусгай нөхцөлийн 4, 9, хавсралтуудад заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч талын хэрэгжүүлсэн Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар амины орон сууц /хаус/-ны барилга /В загвар/-ын барилга угсралтын ажлыг нийт 443,097,606 төгрөгөөр хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд ажлыг хүлээн авч, хөлс төлөхөөр харилцан тохиролцсон.
Талуудын хооронд байгуулсан Т5Э/18/0790 дугаартай гэрээний Тусгай нөхцөлийн 6-д заасны дагуу хариуцагч нь амины орон сууцны барилгын угсралтын ажлыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн, гэрээний тусгай нөхцөлийн 12, 13-т зааснаар актаар хүлээлцэж төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. ТSD/18/0790 дугаартай гэрээний Тусгай нөхцөлийн 10-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч талд гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 62,702,550 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагч талын нэхэмжлэхийг үндэслэн түүний харилцах дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.
Гэвч хариуцагч тал нь гэрээнд зааснаар амины орон сууцны барилга угсралтын ажлыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээний дагуу нэг ч ажил хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагч А ХХК нь гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй, гүйцэтгэхгүй болох нь нэгэнт тодорхой болсон тул нэхэмжлэгч талын зүгээс гэрээ цуцалсан бөгөөд түүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №15 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгийг нэхэмжлэгч талд ирүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан ТSD/18/0790 дугаартай гэрээний Тусгай нөхцөлийн 14-т Хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь, гүйцэтгэгчийн ажиллах хүчний зардлын үнийн дүнгийн 20 хувь гэж алданги болон түүний дээд хязгаарыг заасны дагуу гэрээний дагуу хариуцагч нар нь ажлыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгээгүй тул тухайн өдрийн маргааш өдрөөс эхлэн алданги тооцох эрх үүссэн. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээ цуцлагдсан өдөр болох 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1,353 өдрийн, хоногийн 171,006.95 /Алданги тооцсон дүн 57,002,318.18 төгрөг (62,702,550 - НӨАТ-ын 5,700,231.81 = 57,002,318.18)/, нийт 231,372,403.35 төгрөгийн алданги тооцогдсон бөгөөд гэрээний дагуу алдангийн дээд хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 11,400,463,63 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй болно.
Ийнхүү талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цуцлагдсан бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэгч талаас гэрээний дагуу шилжүүлсэн 62,702,550 төгрөгийг буцаан шаардсан боловч манай компанид төлөөгүй тул талууд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанийн хамаарал бүхий итгэмжлэл бүхий этгээд болох Ө ХХК-тай Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдэж 57,002,318.18 төгрөг /НӨАТ-т 5,700,231.81 төгрөг шивэгдэж, нэхэмжлэгч тал хүлээн авсан/-ийг хариуцагч нь нэхэмжлэгч талд төлөх өглөгтэй болохыг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн бөгөөд мөн өдрийн хариуцагч Т.С-ын Ө ХХК-д гаргасан хүсэлтэд ...А ХХК буюу Т овогтой С миний эзэмшлийн компани дээр үүссэн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг миний бие дараах нөхцөлөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Үүнд: 1/ 2023 оны 3 дугаар сард багтааж 16,000,000 төгрөг; 2/ Үлдэгдэл 2023 оны 9 дүгээр сард багтаан төлөх... гэж хүсэлт гаргаж 57,002,318.18 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн боловч дээрх тохиролцоонд заасан хугацаа болох 2023 оны 3 дугаар сард багтаан 16,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй. Нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа утсаар болон биечлэн уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж ТSD/18/0790 дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болох 57,002,318.18 төгрөг, алданги 11,400,463,63 төгрөгийг шилжүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгэлгүй нэхэмжлэгч талыг хохироож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа болно. Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ТSD/18/0790 дугаартай С хаусын барилга /В загвар/-ын Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болох 57,002,318.18 төгрөг, гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд тооцогдсон алданги болох 11,400,463.63 төгрөг, нийт 68,402,781.81 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Т ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ТSD/18/0790 дугаартай С-р хаусын барилга /В загвар/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэлд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөр 57,002,318.18 төгрөгийг шилжүүлсэн боловч огт ажил хийгээгүй, мөн алданги 11,400,463.63 төгрөг, нийт 68,402,781.81 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Т ХХК нь 2019 оны 01 дүгээр сард ажил хийгдэж байх явцад манай байгууллагыг тодорхойгүй шалтгааны улмаас барилгын талбайд оруулаагүй мөн гэрээ цуцлахдаа бидэнд урьдчилан мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь бидэнд ажил хийж гүйцэтгэх боломжийг олголгүй гэрээг үндэслэлгүйгээр гэнэт цуцалсан, мөн анхнаасаа ажил хийж гүйцэтгэх хугацааг анхнаасаа хэт богино тавьсан. Иймд урьдчилгаанд авсан 57,002,318.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 11,400,463.63 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Т.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт /хх 3-4/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх 5/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 7/, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ТSD/18/0790 дугаартай С-р хаусын барилга /В загвар/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх 8-11/, барилгын барилга угсралтын ажлын төсвийн хуулбар /хх 12-17/, А ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх 18/, ирсэн бичгийн бүртгэл хяналтын картын хуулбар /хх 19/, төлбөрийн даалгаврын хуулбар /хх 20/, нэхэмжлэх /хх 21, 27/, А ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №15 тоот албан бичгийн хуулбар /хх 22/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 23/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх 24/, Т.С-ын хүсэлтийн хуулбар /хх 25/, Т.Сын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 26/, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх 28/.
5. Хариуцагчаас нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 33, 39/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 34-35,43-44/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр захиалагч талаас Т ХХК, гүйцэтгэгч талаас А ХХК-иуд TSP/18/2790 дугаартай C-р Хаусын барилга /В загвар/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээгээр А ХХК нь К төслийн 520, 521, 522 хаусын барилга /В Загвар/-ын барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан стандарт, шаардлагуудад нийцсэн байдлаар, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, үүний хариуд Т ХХК нь 443,097,606 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
2. А ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 62,702,550 төгрөгийг Т ХХК нь тус компанид шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаангүй байна.
Хоёр.
1. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагчаар А ХХК болон Т.С нарт холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:
1/ 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Т ХХК болон А ХХК-иудын хооронд байгуулагдсан TSP/18/2790 дугаартай C-р Хаусын барилга /В загвар/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 57,002,318.18 төгрөг, алданги 11,400,463.63 төгрөг, нийт 68,402,781.81 төгрөг гаргуулах.
2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...гэрээний дагуу хариуцагч нь ямар ч ажил хийгээгүй, үүргээ зөрчсөн, цаашид ажил хийхгүй нь тодорхой болсон учир 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цуцлагдсан,
...шилжүүлсэн 62,702,550 төгрөгийг буцаан шаардсан боловч манай компанид төлөөгүй тул талууд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанийн хамаарал бүхий итгэмжлэл бүхий этгээд болох Ө ХХК-тай Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдэж 57,002,318.18 төгрөг /НӨАТ-т 5,700,231.81 төгрөг шивэгдэж, нэхэмжлэгч тал хүлээн авсан/-ийг хариуцагч нь нэхэмжлэгч талд төлөх өглөгтэй болохыг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн,
...хариуцагч Т.С нь Ө ХХК-д ...миний эзэмшлийн компани дээр үүссэн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг миний бие дараах нөхцөлөөр төлж барагдуулах хүсэлтэй гэсэн тайлбарыг өгсөн учир хуулийн этгээд болон иргэнээс 57,002,318.18 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байна гэж тайлбарласан.
3. Хариуцагч А ХХК-ийн зүгээс 57,002,318.18 төгрөгийг буцаан төлөх талаар маргаагүй. Харин гэрээний хариуцлага буюу алдангийг эс зөвшөөрсөн татгалзлаа ...бидэнд ажил хийж гүйцэтгэх боломжийг олголгүй гэрээг үндэслэлгүйгээр гэнэт цуцалсан, ...ажил хийж гүйцэтгэх хугацааг анхнаасаа хэт богино тавьсан гэж тайлбарлав.
4. Нэхэмжлэгчийн ...хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсан гэх тайлбарыг хариуцагч А ХХК-ийн зүгээс үгүйсгэн маргаагүй, ...57,002,318.18 төгрөгийг буцаан төлнө гэсэн тайлбарыг гаргасан учир А ХХК-иас 57,002,318.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
5. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.
2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн TSP/18/2790 дугаартай C-р Хаусын барилга /В загвар/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралтаар талууд алдангийн талаар тохирсон.
Гэвч гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болж буй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрх Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар салгаж үл болох эрх буюу нэмэгдэл үүргийн хувьд дуусгавар болно. Иймд алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн TSP/18/2790 дугаартай C-р Хаусын барилга /В загвар/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний гэрээний оролцогч биш байх тул Т.С-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 442,962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 57,002,318.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.С болон 11,400,463.63 төгрөгт холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 442,962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ