Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03899

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03899

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  А.Э

 

Хариуцагч: С.З

 

Хариуцагч: П.Х

 

Хариуцагч: Б.Д

 

Хариуцагч: Ж.У

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч

Хариуцагч С.З

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Л

/Хариуцагч Б.Д, Ж.У- нарын зүгээс эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргасан/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: А.Э- миний бие 2017 оноос эхлэн П.Х-тэй богино болон урт хугацаатай зээл харилцан тохирч авч эхэлсэн. Тогтмол зээл авч эхэлснээр зарим тохиолдолд П.Х- өөрөөс мөнгө гаргах боломжгүй байгаа тул найз нөхөд танилаас асууж өгье гэж хэлдэг байсан. Тэрээр хэд хэдэн удаа нөхрийнхөө найз С.З-гаас зээл авч өглөө гэж хэлж байсан хэдий ч яг түүнээс авч байсан эсэхийг бол би мэдэхгүй. П.Х- бид хоёрын хооронд 2017 оноос 2019 оны 12 дугаар сарын хооронд зээлийн харилцаа байсан бөгөөд миний бие дээрх хугацаанд авсан бүх зээлээ төлж барагдуулсан. Гэтэл П.Х- өөрөө маш олон хүнд өр төлбөртэй болж, хүнд байдалд орсон байсан бөгөөд намайг өөрт нь заавал туслах хэрэгтэй гэж шахаж шаардаж, түүнчлэн гуйж эхэлсэн. П.Х- мессежээр ...амиа хорлоно, хоёр хүүхдийг минь чи хариуцаж өсгөөрэй гэх мэтээр намайг айлгаж гарцаагүй байдалд оруулан шахаж эхэлсэн. Яагаад намайг ингээд байгаа талаар хэлж, чи харин ч надаас их хэмжээний мөнгө авсан тэр асуудлаар шүүх цагдаагийн байгууллагад хандана гэхэд тэрээр ...зүгээр л найздаа туслаач дээ, гуйж байна гэх зэргээр уйлж дуулж гуйж гувшсаар байгаад С.З-тай уулзахаар болгосон. Ингээд нэг өдөр өөрийн найз С.З-гийн хамт хүрч ирсэн бөгөөд миний бие П.Х-т 90,000,000 төгрөгийн өргүй болохоо хэлэхэд С.З-, П.Х- хоёр муудалцаж улмаар П.Х- ...яг одоо амиа хорлоно, харин хүүхдүүдийг минь чи асраарай гэх зэргээр орилж намайг маш эвгүй байдалд оруулсан. Ийм учраас би данс руу 16,000,000 төгрөгийг нийт 26,000,000 төгрөг, Хаан банкны данс руу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны хооронд 41,300,000 төгрөгийг Хаан банкны 51*******41 тоот данс руу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 24,600,000 төгрөгийг хаан банкны нийт 91,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед П.Х-ийг танил эгч нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн байсан бөгөөд мөн л надаас авлагатай гэж худал хэлсний учир би очиж мэдүүлэг өгөхдөө ямар ч өр ширгүй, авлагатай талаараа мэдүүлэг өгч байсан. Тухайн үед П.Х- өөрийн асуудлаас болж өртэй хүн бүртээ А.Э- надад туслах ёстой, өөрт нь өртэй гэж итгүүлсэн байсан. С.З- гэх хүнд би өргүй болохоо хэлсээр байхад 91,300,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж надаас авсан гэж үзэж байна. Миний бие зээлийн гэрээ хийсэн цаг хугацаанд С.З-гаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд П.Х-ийн гудамжинд үхнэ, хатна гэж сүрдүүлээд байхаар нь гэрээ хийсэн, С.З- бид хоёрын хооронд хийсэн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ болох нь бидний хооронд буюу С.З-гаас надад зээлийн гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөгдөөгүйгээс харагдана. Харин С.З- гэх хүний данснаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг миний Голомт банкны 1905007892 тоот данс руу шилжин орж ирж тухайн мөнгийг яг энэ данс руу буцаан төлсөн байдаг. Хуурамч гэрээ хийхээр ирэх үед л би С.З- гэх хүнийг анх удаа харсан болохоос өмнө нь огт харж холбогдож байгаагүй болно. Иймд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч С.З- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны дунд үеэс эхлэн өөрийн найзын эхнэр болох П.Х- нь А.Э-тай хамтран Х гэх хүүхдийн амралт сувилалын газрын хувь эзэмшин ажиллах гэж байгаа цаашид гаднах талбай хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахад их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа тул мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу түүнд итгэж нөгөө талаас залуу хүний хувьд хүүхдийн төлөө хийж бүтээх гэж байгаа ажлыг дэмжих зорилгоор мөнгөний хэмжээ болон хугацааг цаг тухай бүрт нь харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгийг зээлүүлж ирсэн. Гэтэл П.Х- нь тодорхойгүй шалтгааны улмаас зээлсэн мөнгөө цаг тухай бүрт нь өгөхгүй удаашрах болсон тул түүний бизнесийн хамтрагч гэх А.Э-тай тухайн зээлийн асуудлын талаар тодруулах мэдээлэл авах зорилгоор очиж уулзахад өөрийн биеэр 90,000,000 төгрөгийн өртэйгээ хүлээн зөвшөөрч, миний бие тогтсон хугацааа тогтоож гэрээ хийсний үндсэн дээр төлж барагдуулна. Чи надад итгэхгүй бол нотариатын газар очиж баталгаажуулъя гэж өөрөө өдрөө сонгон хэлж улмаар би нөхөр 1 ой 6 сартай хүүхдийн хамт тухайн сонгосон өдөр очиход өөрийн танидаг нотариат дагуулж орон тус гэрээг хийж баталгаажуулсан байдаг. Мөн энэ бүх ажиллагаа нь хуулийн хүрээнд А.Э-ын өөрийнх нь хүсэлт зорилгын дагуу сайн дурын үндсэн дээр явагдсан бөгөөд миний зүгээс түүний нэхэмжлэлдээ дурдсан шиг хүч хэрэглэж айлган сүрдүүлсэн зүйл огт хийгээгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. Харин ч тодорхой цаг хугацаа зардал, мөнгө өөрөөсөө гаргаж хохирсон. Иймд түүний нэхэмжлэл нь бодит байдалд нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д нь өөрийн бэр эгч Л.О-ын үеэл болох С.З-д хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцон өөрийн Хаан банкны данснаас С.З-гийн Хаан банкны данс руу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Буцааж өгөхөөр тохирсон хугацаа болж 2019 оны 11 дүгээр сард С.З-тай холбогдон өөрийн зээлүүлсэн мөнгөө авах гэтэл А.Э- гэдэг хүнд зээлүүлсэн удахгүй өгнө гэж хэлсэн. Миний хувьд мөнгөө асуудалгүй өгч байвал цаашаа хэнд зээлэх нь хамаа байхав гэж бодоод өнгөрч байсан. Үүнээс хойш 2 сарын дараа тэвчээр алдан С.З-гаас А.Э-ын утсыг авч анх удаа холбогдсон. Утсаар ярихад А.Э- надаас уучлалт гуйгаад би авсан нь үнэн асуудалгүй төлнөө ажил дээр маань асуудал гарааг удаачихлаа, жаахан хугацаа өгчих гэж хэлж, мөн фэйсбүүк чатаар бичиж байсан. Байнга холбогдож байж 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр А.Э- нь 000000000 данснаасаа А.Э-аас зээл хаав гэсэн гүйлгээний утгатай 24,600,000 төгрөгийг над руу шилжүүлж байсан. Миний хувьд А.Э-д ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй, өөрийн мөнгөө авсан төдий, харин ч А.Э- баярласан тухайгаа хэлж, бичиж байсан. Бид хоёрын энэ асуудлууд бүгд миний фэйсбүүк чатанд тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд шаардлагатай бол үзлэг хийлгэж болно. Энэ болсон үйл явдлын дараа А.Э- нь урьдын энэ харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан нийт 29,000,000 төгрөгийг надаас залилсан бөгөөд уг хэрэг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд 2020 оноос хойш одоог хүртэл явж байгаа. Мөн А.Э- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд олон тэрбумын үнэлгээтэй, олон хохирогчтой залилангийн хэргийн яллагдагчаар татагдсан байгаа. С.З-, А.Э- нарын хоорондын зээлийн гэрээний хүчин төгөлдөр байх тухай асуудал надад хамааралгүй, мөн миний бие А.Э-тай эрүүгийн хэргийн шүүхэд маргаантай байгаа тул уг шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Хариуцагч Ж.У- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С.З-д 19,000,000 төгрөгийг зээлүүлсэн ба 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тухайн зээлсэн мөнгийг төлж барагдуулсан болно. Миний хувьд А.Э- болон С.З- гэх хүмүүст гомдолгүй. Шүүх хурал болон дахин дуудагдахад оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч П.Х- шүүхэд бичгээр тайлбар өгөөгүй.

 

6. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5/, Голомт банкны дансны хуулга /хх 6/, Хаан банкны дансны хуулга /хх 7-9/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх 10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2022/00932 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх 11/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 68-69/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 128/.

 

7. Хариуцагч С.З-гаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 16-18/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 23-25/, Хаан банкны дансны хуулга /хх 35-42/.

 

8. Хариуцагч П.Х-ээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 159/.

 

9. Хариуцагч Б.Д-өөс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 183/, Хаан банкны дансны хуулга /хх 184-183/.

 

10. Хариуцагч Ж.У-гаас дараах баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 188/, Голомт банкны дансны хуулга /хх 189-190/.

 

11. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: П.Х-ийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хугацааны Хаан банкны дансны хуулга /хх 70-80/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар /хх 96/, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн санал-ын хуулбар /хх 97/, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг /хх 166/, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/5131 тоот албан бичиг /хх 191/.

 

12. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /хх 46-51/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.З- болон А.Э- нарын хооронд байгуулагдсан 96 тоот зээлийн гэрээ авагджээ.

 

2. Дээрх гэрээгээр зээлдүүлэгч С.З- нь зээлдэгч А.Э-д 90,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хүүгүй зээлэхээр харилцан тохирсон байна.

 

3. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч С.З-, П.Х-, Б.Д, Ж.У- нарт холбогдуулж талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 96 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

4. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...миний бие зээлийн гэрээ байгуулсан цаг хугацаанд гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй, ...бусдад туслах зорилгоор уг гэрээг байгуулсан гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Хоёр.

 

1. Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.

 

2. Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр гэрээний оролцогч нарын хооронд маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ.

 

3. Харин байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон журмыг зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр байна.

 

4. Шүүх аливаа этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.З- болон А.Э- нарын хооронд байгуулагдсан 96 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.З-, П.Х-, Б.Д, Ж.У- нарт холбогдох 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 96 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай А.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ