Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

 

                                                                                                    

 

О.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

             Прокурор Н.Доржсүрэн

             Шүүгдэгч О.*******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Р.*******, Э.******* /онлайн/

             Нарийн бичгийн дарга М.Энхмаа нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 300 дугаар захирамжтай шүүгдэгч О.*******т холбогдох 2115000000078 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол овогт Одсүрэнгийн ******* /рд:ГМ9********/, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Х суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, Булган аймгийн О  сумын * дугаар багийн Сээрийн *-* тоот хаягт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

О.******* нь Булган аймгийн О сумын ** дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Бат-Эрдэнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 300 дугаар захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.*******т холбогдох эрүүгийн 2115000000078 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл шүд 2 хэсэг /ягаан өнгөтэй/, дугуй цагаан өнгийн товч 4 ширхэг, ногоон өнгийн даавуу 1, ягаан өнгийн алчуур 1 ширхэг, ногоон өнгийн урагдсан куртик 1 ширхэг, хөх өнгийн нэхсэн майк 1 ширхэг, хөх өнгийн урагдсан хантааз 1 ширхэг, Б.Нэргүйбаатараасхураан авсан хөх өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй гутал 1 хос/цагдаа/, С.*******ээсхураан авсан хар өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн урд хэсэгтээ “Соlumbia” гэсэн бичиглэлтэй подволка 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, амь хохирогч С.Бат-Эрдэний нас барах үедээ өмсөж байсан цэнхэр өнгийн урт ханцуйтай захтай срочикон цамц 1 ширхэг 'энгэрийн 5 ширхэг товч тасарсан/, хар саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн 1 хос оймс, саарал өнгийн 1 хос оймс, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн ботинк 1 хос зэргийг хэргийн хамт Булган аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.*******эсэргүүцэлдээ:

“... Булган аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.*******би, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗОО дугаартай шүүгчийн захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 45 минутад хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч О.******* нь “Булган аймгийн О сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт О.******* нь 2021 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 24-04 цагийн хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О сумын засаг дарга /талийгаач/ С.Бат-Эрдэнийг “аймгийн Засаг дарга архи зарах зөвшөөрлийг 22 цаг болгосон байхад та 19 цаг гэсэн захирамж гаргасан, би архи зармаар байна” гэх үндэслэлээр маргалдаж, улмаар түүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

... Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүйн зэрэгцээ шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

           1. Шүүх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” хийсэн байхад 300 дугаартай захирамжийнхаа удиртгал хэсэгт “шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн” гэж бичсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3. Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэснийг зөрчиж захирамж гаргасан байна.

     2. Шүүгчийн захирамжинд дурьдсан Прокурор яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан шинжээч эмч Ц.Ганболдыг оролцуулахаар дурьдахдаа “Ц.Батболд” гэж бичиж, үг, үсэг, бичиг техникын шинжтэй алдаа гарсан байх ба энэ алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т зааснаар “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гэж хуульчилсан тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурьдаж засуулах бүрэн боломжтой бөгөөд яллах дүгнэлтийн 2.10 дахь хэсэгт яллах талын нотлох баримт болгож шинжээч Ц.Ганболдын мэдүүлгийг дурьдсан байна. Мөн хуулийн 33.2 дугаар зүйлд “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” гэсэн заалтын 1 дэх хэсгийн 1.7-д хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай дурдахаар заажээ.

Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох үүднээс хэрэгт 2 дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хангаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.4 дүгээр зүйлийн 5 хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлөөр талийгаач С.Бат-Эрдэний цогцсыг оршуулсан газраас гаргаж дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийг тогтоолоор томилж, уг тогтоолын дагуу Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 374 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “1.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 19 тоот дүгнэлтийн 4 болон 5 дахь хариултууд үндэслэлгүй, бусад хариултууд нь үндэслэлтэй байна.

2.Талийгаач С.******* нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, бөөрний тэвшинрцрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ.

З.Талийгаач С.Бат-Эрдэнийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цогцост болон шарилд хийсэн шинжилгээгээр амьсгал бүтэлтийн шинж үгүй байна. 5. Талийгаач С.******* нь нас барах үедээ хөнгөн /0.55 промилл/ зэргийн согтолттой байсан нь үхэлд хүргээгүй байна” гэх дүгнэлтийг тодорхой гаргаж, уг дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Ганболдоос “ ..Шарил шинжлэхэд болон эд эсийн шинжилгээгээр дээрх өвчнүүдийн шинж илэрсэн. ... Нэгдүгээрт талийгаачийн цусан дахь согтолт хөнгөн зэргийн буюу 0.55 промилл байсан. Хоёрдугаарт шарил шинжлэх болон эд эсийн шинжилгээгээр архины хордлогын шинж илрээгүй, тийм учраас дахин шинжилгээний дүгнэлт Буянхишиг эмчийн дүгнэлтийн 5 дахь хэсгийг үгүйсгэж дүгнэлт гаргасан. ...” гэж мэдүүлэг авсан байна.

Талийгаач С.Бат-Эрдэний үхлийн шалтгааны тогтоосон дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээгүй гарсан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, 5-д Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, ... гаргасан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд “Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх” талаар хуульчилсан байх ба шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч нарыг оролцуулан дүгнэлтийг тайлбарлуулж, мэдүүлэг авч хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой.

Шүүх захирамжиндаа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөн шинжээч нараас мэдүүлэг авах гэж 2 янзаар дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Мөн анх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Б.Буянхишигийг шүүх, шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлтийн талаар тайлбарлуулж, мэдүүлэг авах боломжтойг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд заасан байгааг дурдах нь зүйтэй.

  1. Шинжээч эмч Б.Буянхишигээс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгч гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн “Мэдүүлэг” 4-т дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй гэж шууд заасан бөгөөд уг заалтад хамаарахгүй болох нь энэ хуулийн “4.1.Тухайн хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн шүүгч, прокурор, 4.2.Өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, хуульч, 4.3.Хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, 4.4.Өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон хүн, 4.5.Эмчилгээ хийж байх явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдэх болсон сэтгэл зүйч, 4.6.Өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч” гэж заасан байх ба шинжээч Б.Буянхишигээс мөрдөгч цогцсонд шинжилгээ хийсэн нөхцөл байдалтай нь холбогдуулж мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Шинжээч эмч Б.Буянхишиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “Гэрч” гэдэг байдлаар үзэх боломжгүй бөгөөд гэрчийг хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байна. Прокурор яллагдагчид яллах дүгнэлт гардуулж өгсний дараа хохирогч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэх хийхдээ дээрх нөхцөлд байдалд дүгнэлт хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 2О21/ШЗ/ЗОО дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Н.*******шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.*******ийг Булган аймгийн О сумын ** дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Бат-Эрдэнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан “... Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 374 дугаартай дүгнэлт болон Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтүүдийн зөрүүг үндэслэлтэйгээр тайлбарлаагүй, шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй эргэлзээтэй ... тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, дүгнэлт гаргасан шинжээч нараас амь хохирогчийн үхлийн шалтгаантай холбоотой мэдүүлэг авах, мөн хэргийн газарт байсан гэрч нараас мэдүүлэг авах  шаардлагатай ... ” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шүүх шийдвэрийг хэзээ, хаана гаргасан..., мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нээлттэй явуулсан талаар шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт дурьдсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч Б.Буянхишигийн гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд дурьдсан “....амь хохирогч нь спиртын цочмог хордлогын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан ...” гэсэн хэсэг нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдсэн хэдий ч амь хохирогч С.Бат-Эрдэнийн үхлийн шалтгаан нь О.*******тэй цохилцсон, түүнд зодуулсан үйлдэлтэй хамааралтай, шалтгаант холбоотой эсэх талаар шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүйгээс гадна дүгнэлт гаргасан шинжээч нараас энэ талаар тодруулж мэдүүлэг аваагүй байх ба хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзнэ.

 Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-т “бусад оролцогч” гэдэгт гэрч, шинжээч хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан шинжээч эмч Ц.Батболд нь тухайн хэрэгт ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байх ба хуульд зааснаар хэргийн бусад оролцогч биш байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болох атал шинжээч эмч Б.Буянхишигээс шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасанчлан уг хэрэгт шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийн оролцогч нарын гаргасан гомдлуудыг шийдвэрлэлгүйгээр яллах дүгнэлт гардуулснаас хойш гомдол гаргасан гэж үзэж тэдгээрийн эрхийг хасаж, хязгаарласан байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 300 дугаар захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН