| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2025/1138/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1045 |
| Огноо | 2025-10-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1045
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,
улсын яллагч Ц.Ганцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 11 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Н.Э-Д холбогдох эрүүгийн “2503006791092” дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б овгийн Н.Э, *** оны 10 дугаар сарын 28-ны өдөр О аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, *** дүүргийн *** дугаар хороо, *** байр 46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би цахилгаан дугуйгаа унаад явж байсан. Чулуун овооны тойргоос эргэж гарч ирээд гарцан дээр хүн байхаар нь хурдаа сааруулаад гарцны өмнө ирж байх үед тэр эгч гарцнаас буцсан. Тэгэхээр нь би намайг яв гэж байна гэж ойлгоод хажуугаар нь зөрөх гэж байгаад шүргэсэн...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овооны замд, улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а./ Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в./ Зохих журмын дагуу улсын бүртгэлд харуулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойрон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсний улмаас явган зорчигч болох 53 настай эмэгтэй Б.Н /РД:***/-г мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-14 дэх тал/, Цагдаагийн ерөнхий газрын зөвшөөрөл, үйлчилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Н.Э /РД: ***/-ийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн нэгдсэн сангаас шүүхэд жолооч бүртгэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй байна” гэх 23-1/3255 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 55 дахь тал/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 62 дахь тал/, хохирогч Б.Н мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 22 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/*** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-38 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0225/1011 дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-50 дахь тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.М 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1288 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 66-67 дахь тал/, яллагдагч Н.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Н нь шүүгчдэгч Н.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Н гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 2.500.000 төгрөгийг төлсөн хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.