Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/02805

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л, түүний өмгөөлөгч Ч.Г, Б.Б, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Б-гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Б нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-тай 14/41 тоот зээлийн гэрээг хавсралт барьцааны гэрээний хамт байгуулж өөрийн өмч ... 2 өрөө орон сууцаа барьцаалан 30 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, эргүүлэн төлсөн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 81,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр барьцааны зүйлийн бүртгэлийг хялбарчлах зорилгоор 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14/41 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулан зээлсэн. Гэвч уг зээлийг авснаасаа хойш зээл, тооцогдсон хүүгийн ямар нэг төлбөр хийгээгүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сард хандсан боловч Д.Б гадаад явсан тул шийдвэрлүүлэх боломжгүй болсон. 2022 оны 3 дугаар сард шүүхийн захирамжийн дагуу Д.Б-г эрэн сурвалжилж байсан цагдаагийн байгууллага түүнийг гадаадаас буцаж ирснийг мэдэгдсэн. Бид үүссэн өр төлбөр, үүний шалтгаан, төлж барагдуулах арга замыг хайн удаа дараа хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцоход хүү 205,632,000 төгрөг болон 25,387 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 41,126,400 төгрөг болон 5077 ам.доллар, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр 327,758,400 төгрөг, 40,464 ам.доллар буюу ам.долларын ханшийг 3120 төгрөгөөр тооцоход 454,006,080 төгрөг болохоор байгааг хүлээн зөвшөөрч, үүний 50 хувийг төлбөрөөс чөлөөлөн 227,003,040 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлдэгч төлж барагдуулах, ийнхүү хэлэлцэн тохиролцсоноо эвлэрүүлэн зуучлах үйлчилгээгээр баталгаажуулахаар урьдчилан тохиролцож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Гэвч Д.Б урьдчилан тохиролцсоноо эвлэрүүлэн зуучлалаар баталгаажуулахаас татгалзсан тул Д.Б-с 227,003,040 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ....2 өрөө орон сууцаар хангуулна, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн төлбөрөөс хэдэн төгрөг дутуу байсныг мэдэхгүй байна гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Би ТХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 30 сая төгрөг зээлж, уг зээлийг гэрээнд заасны дагуу манай нөхөр бүрэн төлж барагдуулсан байх. Нэмэлт гэрээн дээр манай нөхөр гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. 81 сая төгрөг болон 10 000 ам долларыг би хүлээж аваагүй. Нэхэмжлэгч байгууллага нь хуурамч баримт бүрдүүлэн надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Манай нөхөр Б нь нэхэмжлэгч компанийн захирал Н-г таньдаг, эд нар хамтарч юм хийдэг байсан. Намайг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эхнэр Нина дуудаж, манай хүү өндөр болсон гэхээр нь очиж гараар өргөдөл бичиж өгсөн. Би нөхөр Б-тай утсаар ярьж асуухад би авсан, зурчих гэж хэлсэн, танилын хүрээнд, танилын шугамаар хийгдсэн, би нэг төгрөг хүлээж аваагүй, тохиролцооны журмаар надаар зуруулсан, мөнгөө хэдийд авсныг би мэдэхгүй, манай хүн би авсан гэж л надад хэлсэн, Б-г яаж авсныг би мэдэхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, зээлийн гэрээ /хх 5/, барьцааны гэрээ /хх 6/, зээлийн гэрээний нэмэлт гэрээ /хх 7/, кассын зарлагын ордер /хх 8/, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байр, 41а тоотод байршилтай, Д.Б-н өмчлөлийн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 9/, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Д.Б-н гаргасан зээлийн гэрээг сунгах хүсэлт /хх 24/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамж /хх 162/, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл /хх 167/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн... дүгээр шийдвэр /хх 168-169/, Т ХХК-ийн зээлийн карт /хх 170/, хариуцагчаас хаан банк дахь дансны хуулга /хх 27-49/, Голомт банкин дахь дансны хуулга /хх 50-66/ баримтуудыг тус тус гарган өгчээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр томилж, дүгнэлт /хх 77-90/ гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт Д.Б-с 227,003,040 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ...2 өрөө орон сууцаар хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг би аваагүй, манай нөхөр авсан гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээ, кассын зарлагын ордер, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн /хх 5/ байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор мөн өдөр ...2 өрөө, 36.6 м.кв орон сууцыг барьцаалжээ./хх 6/

Улмаар зохигчид 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээнд нэмэлт оруулж, зээлдүүлэгч 81,000,000 төгрөг болон 10,000 америк долларыг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, барьцааны гэрээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. /хх 7/

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн кассын зарлагын ордерт хариуцагч гарын үсэг зураагүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2985 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй болохоо, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг гаргаагүй болохоо тус тус баримтаар нотлоогүй байна. /хх 24, 77-90/

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14/41 дугаартай зээлийн гэрээний төлбөр дутуу байсан, гэрээ үргэлжилж байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

7. Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14/41 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагджээ. Хариуцагч Д.Б нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгийг хүлээн авсан тухай үйл баримтад маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь энэхүү зээлийн үүргээс хэдэн төгрөгийг зээлдэгч төлөөгүй байгааг болон үлдэгдэл төлбөртэй байсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймээс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14/41 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.Б нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн зааснаар гүйцэтгэж, зээлийн гэрээний хариу үүрэг дуусгавар болжээ.

8. 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14/41 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болсон тул талууд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг шинээр байгуулжээ.

Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 81,000,000 төгрөг болон 10,000 америк долларыг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн тул зохигчийн хооронд шинээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний 1.1-д зааснаар хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч байгууллагаас 81,000,000 төгрөг болон 10,000 америк долларыг 2 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүүтэйгээр зээлж, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. заасан хэмжээгээр тохиролцжээ.

Хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүйгээс гадна 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч байгууллагад хүсэл зоригоо илэрхийлж, дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурж, үр дагаврыг нь өөрөө ухамсарласны үндсэн дээр гаргасан 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний дагуу 81,000,000 төгрөг, 10,000 америк долларын үндсэн зээлийн хүү 33,048,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,609,600 төгрөг, нийт 120,657.600 төгрөг, ам долларын үндсэн хүү 4080 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 816 ам.доллар, нийт 14,896 ам.доллар болж байна... гэсэн хүсэлтээр зээлийн 81,000,000 төгрөг, 10,000 ам.доллар авсан нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Мөн хариуцагчийн тухайн зээлийг би ашиглаагүй, манай нөхөр хэрэглэсэн гэдэг нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтээр кассын зарлагын ордерт зурагдсан гарын үсэг Д.Б-х биш гэдгийг тогтоосноос бус зохигчдын хооронд 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээнд дурдсан 81,000,000 төгрөг, 10,000 долларыг Д.Б хүлээн аваагүй гэдгийг тогтоохгүй юм.

9. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. тус тус зааснаар үндсэн зээл 81,000,000 төгрөг, хүү 205,632,000, нэмэгдүүлсэн хүү 41,126,400 төгрөг, нийт 327,758,400 төгрөг, америк долларын үндсэн зээл 10,000 ам.доллар, хүү 25,387, нэмэгдүүлсэн хүү 5,077, нийт 40,464 америк доллар буюу 126,247,680 төгрөг, нийтдээ 454,006,080 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Б гаргуулахаар шаардах эрхтэй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ., 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. зааснаар 1 америк долларыг 3,120 төгрөгөөр тооцсоныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчаас 454,006,080 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй боловч 227,003,040 гаргуулахаар шаардсаны хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

10. Хариуцагч зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлаар маргаагүй боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан учир шүүх энэ талаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болсон байна.

Гэхдээ нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох учир хуульд заасан хугацаанд шаардлагаа гаргажээ.

11. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

12. Хариуцагч Д.Б нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай барьцааны гэрээ байгуулж, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангах үүрэг хүлээж, өөрийн өмчлөлийн .....орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулаагүй байна.

Хариуцагчийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон, харин 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны үүрэг үүсээгүй байх тул Д.Б-н өмчлөлийн....орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

13. Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 227.003.040 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн үүргийн гүйцэтгэлийг ...орон сууцнаас хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 363 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с 1,292,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 заасныг баримтлан Д.Б-с 227,003,040 /хоёр зуун хорин долоон сая гурван мянга дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг ....2 өрөө орон сууцнаас хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 363 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с 1,292,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ