| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0023/э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2017-09-08 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонсүрэн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
Улсын яллагч Ч.Отгонсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Б.Баянбилэг,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Учралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин
Иргэний нэхэмжлэгч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон,
Шүүгдэгч Г.Дарханбат, түүний өмгөөлөгч А.Элбэгсайхан, Н.Ууганцэцэг,
Шүүгдэгч Л.Отгонбаатар, М.Жаргалсайхан, тэдний өмгөөлөгч Б.Болортуяа, Ц.Алтанцол,
Шүүгдэгч С.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Дарханбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмарын Жаргалсайхан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Лхамсүрэнгийн Отгонбаатар, Боржигон овогт Сүхбаатарын Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 201501000114 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг сургуулийн 1 гудамжны 29 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овгийн Ганболдын Дарханбат /РД:ТГ84080211/
2. Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн техник механик мэргэжилтэй, “JSF” ХХК менежер ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 хороолол 13А байрны 88 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 1721 дугаар зүйлийн 2-д зааснаар 48.653.333 төгрөг хурааж 3 жилийн хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 1986 оны Эрүүгийн хуулийн 1721 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 48.653.333 төгрөг хурааж 3 жилийн хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялын зарим 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 4 жил хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овгийн Мягмарын Жаргалсайхан /РД:УС69102117/,
3. Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн техник механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 6 дугаар баг Согоот 6 дугаар хороолол 18 дугаар байрны 34 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Тангууд овгийн Лхамсүрэнгийн Отгонбаатар /РД:ФБ67022051/,
4. Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг, Цагдаагийн гудамжны 1-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Боржигон овгийн Сүхбаатарын Алтангэрэл /РД:ЖН80041296/,
Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Дарханбат нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор яллагдагч М.Жаргалсайханы бусдаас худалдан авсан 7.3 кг алтыг С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Шүүгдэгч М.Жаргалсайхан нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хувиараа алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас 7.3 кг алтыг Ч.Мөнх-Учралаар дамжуулан худалдан авч, уг алтыг Улаанбаатар хотод яллагдагч Л.Отгонбаатарт өгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу яллагдагч С.Алтангэрэлд хүргүүлэн, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Г.Дарханбатаар Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Л.Отгонбаатар нь яллагдагч М.Жаргалсайханаас 7.3 кг алтыг Улаанбаатар хотод хүлээн авч, 2015 оны 9 сарын 11-ний өдрийн 18.00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу таксигаар авч явж, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөөний 04.00 цагийн орчим яллагдагч С.Алтангэрэлийнд очиж дамжуулан өгч, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
Шүүгдэгч С.Алтангэрэл нь уг алтыг Л.Отгонбаатараас хүлээн авч өөрийн эзэмшиж буй 0073 ДГА улсын дугаартай автомашиндаа хийж, яллагдагч Г.Дарханбатад “чи гаргаад өгчих..” хэмээн хэлж урьдчилан тохиролцсоны үндсэн дээр түүнд автомашиныхаа түлхүүрийг өгч, энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар тус тус оролцсон хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт М.Жаргалсайхан мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр найзын дүү Мөнх-Учралаас 7.3 гр алтыг зээлээр худалдан авч БНХАУ иргэн Ма-д зарахаар авсан юм. 2015 оны 9 дүгээр сарын эхээр Ма нь алт авахаар ирсэн юм гэхээр би гадуур хайгаад олоогүй. Тэгээд Ма надад урт цагаан дээр зардаг юм шиг байна та надад олоод өгөөч таньдаг хүн байна уу гэсэн. Тэгээд би 9 дүгээр сарын 11-нд Мөнх-Учралтай уулзаад би чамд юанаар мөнгийг чинь өгнө ах нь жаахан ашиг олох гээд байна гэсэн. Тэгээд Мөнх-Учралаас мөнгө зээлээд таньдаг хүнээс нь алт авахуулсан. Тэгээд би найз Бат-Эрдэнэ рүү яриад Бөмбөгөрийн орчим явж байна гэхээр нь чи хүнээс юм аваад ир гэж хэлээд би өөрөө яваад очсон. Бат-Эрдэнээс алтаа аваад Ма-тай уулзахад одоо надад мөнгө байхгүй байна Замын-Үүд рүү хүргээд өгчих гэсэн ба Ма Отгоо ах Замын-Үүд явж байгаа гэхээр нь Отгонбаатартай утсаар яриад уулзаад юм явуулах талаар хэлтэл Отгонбаатар юу юм гэхэд Ма машины үнэтэй сэлбэг гэж хэлсэн. Тэгээд би Отгоод өгөөд Замын-Үүд рүү хүргүүлэхээр явуулсан нь үнэн бөгөөд дахин холбогдоогүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Отгонбаатар мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэтээс тоног төхөөөрөмж авахаар хот орж ирсэн ба Жаргалсайхантай уулзаад Ма-тай цуг хоолонд ороод салцгаасан. Тэгээд 10-ны өдөр Жаргалсайхан хэзээ Замын-Үүд явах юм гэхээр нь маргааш явна гэхэд уулзая гэсэн. Тэгээд жижиг хар ууттай юм өгөөд Замын-Үүд хүргээд өгөөч гэхээр нь би юу юм гэхэд машины үнэтэй сэлбэг гэж Ма хэлсэн. Тэгээд би дүү Алтангэрэлтэй уулзаад юм өгөе гэхэд гэр дотроосоо машинд хийчих гэхээр нь машинд нь хийгээд Тээвэрчдийн буудалд орж хоносон. Тэгээд би маргааш нь хил гарахад тагнуулын хүмүүс жолоочийг таних уу гэхэд танина гэхэд намайг үлдээсэн. Тэгээд тусгаарлах өрөөнд оруулсан ба Алтангэрэл намайг таны өгсөн зүйл алт байсан байна гэсэн ба тагнуулын ажилтнууд нөгөө хар ууттай зүйлийг задалж үзүүлсэн. Тэгээд хоригдож байх үедээ Дарханбаатар гэж хүн хил гаргасныг нь мэдсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт С.Алтангэрэл мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 12-ны үүрээр Отгонбаатар ах манай гэрт ирсэн ба гэрийн цонх тогшоод юм орхие гэхээр нь машинд оруулаад орхичих гэхэд чи урагшаа гарах юм уу гэхэд машинаа засвал гарна гэж хэлсэн. Тэгээд машин ассан ба вокзал ороод гааль дээр очиход миний машиныг шалгаад байсан. Өмнөх өдөр нь Дарханбаттай төвд таарсан ба Замын-Үүдэд байдаг улаан шороогоор тоосго хийж болох болов уу гэж шинжлүүлэхээр шуудайнд хийгээд машинд хийчихсэн байсан ба тэр өдрийн өглөө Дарханбат машинаас авчих гэж хэлсэн. Тэгээд гааль дээр шалгаад байцаагч танд хүн юм өгсөн үү гээд байхаар нь Дарханбатыг Отгонбаатарын өгсөн зүйлийг андуураад аваад явсан гэж бодоод Дарханбатыг дуудсан. Тэр машинд байсан шороо бас алга болчихсон байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Дарханбат мэдүүлэхдээ: “...2015 оны 9 дүгээр сарын 11-нд хил хаах үед Эрээнээс орж ирээд ачаа буулгах үед Алтангэрэлтэй таараад машины талаар ярьж байгаад түлхүүрээ өгөөд машинд байгаа шороог аваад эрээн ороод шинжлүүлээд өгөөрэй гэсэн.
Маргааш өглөө нь Алтангэрэлийн гэрийн гадаа очоод машинаас нь хар ууттай юм байхаар нь аваад явсан. Тэгээд вагонтэй зэрэгцээд очсон ба Эрээн гараад хоолонд ороод байж байтал Алтангэрэл яриад чи хүний юм аваад гарсан байна буцаагаад аваад ир гэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд буцаад хил ороход Дарханбат мөн үү гэхээр нь тийм гэхэд өгч явуулсан зүйл байна уу гэхээр нь байгаа гэхэд өө за за байж байг гэсэн. Би хил гарах үедээ хүнд дөрвөлжин зүйл байсан ба нөгөө эд зүйлийг машины голд хийчихсэн мартчихсан байсан. Тэгээд Замын-Үүдийн байцаагч ирээд нөгөө хар ууттай зүйлийг хурааж аваад дотор ороод задалж үзүүлээд алт гэдгийг нь мэдсэн” гэв.
Иргэний нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин мэдүүлэхдээ: Жаргалсайхан буюу Одхүү гэгч нь Мөнх-Учралаас 623.0 сая төгрөг зээлсэн ба алт авмаар байна гэхээр нь урт цагаан дээрээс Сүнжидмаа гэгчээс алтыг нь авч өгсөн. Жаргалсайхан нь мөнгө зээлээд хүүнд нь 2.0 төгрөгийн ашиг өгнө гэсэн тул авч өгсөн. Улмаар Жаргалсайхан нь Бат-Эрдэнэ гэгчид нөгөө алтаа өгчих гэж утсаар хэлсэн тул алтыг өгөөд явуулсан.
Иймд Жаргалсайханд алт өгсөн тул алтаа авмаар байна. Мөнгөний зөрүү гарвал Жаргалсайханаас нэхэмжилнэ гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Цолмон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...УИХ-ын 2001 оны 85-р тогтоолоор Төрөөс мөнгөний талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэлийг баримталсан. Уг үндсэн чиглэлд дотоодын алтны зах зээлийг чөлөөлнө гэж заасан байгаа. Түүнчлэн Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 117 тоот “Алт олборлогч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалыг баталсан. Уг тушаалаар дотоодын алтны зах зээлийг чөлөөлсөнтэй холбогдуулан авах арга хэмжээг тусгасан...” гэжээ. /1хав 83, 5 хав 2/
Гэрч Э.Цэлмүүн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 09 цагаас оройн 19 цаг хүртэл Авто замын шалган нэвтрүүлэх боомтод орох чиглэлийн суудлын автомашины жолоочийг шалгах цэгт үүрэг гүйцэтгэсэн. Өдөр...14 цагийн үед байхаа 35-77 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашинтай жолооч Г.Дарханбат нь Эрээнээс Замын-Үүд чиглэлд Монгол Улсын хилээр нэвтрэхээр орж ирсэн. Би Дарханбатын бичиг баримтыг шалгаж штампаа дараад хилээр нэвтрүүлсэн...” гэжээ. /1хав-90/,
Гэрч Н.Найдалмаа мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 09 цагаас Авто замын шалган нэвтрүүлэх боомтод гарах чиглэлийн суудлын автомашины жолоочийг шалгах цэгт үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Би цагийг сайн санахгүй байна, өглөөгүүр УНП 35-77 улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашины жолооч Г.Дарханбат нь хилээр гарахаар штамп даруулахаар ирсэн...Дарханбат бичиг баримтаа надад үзүүлж, би гурван бие буюу бичиг баримтын зураг, иргэний үнэмлэхний лавлагааны зураг, тэгээд өөрийг нь тулгаж үзээд штампаа дараад хилээр нэвтрүүлсэн. Дараа нь 00-73 ДГА Ланд-80 маркийн автомашины жолооч С.Алтангэрэл нь 10 цагийн үед санагдаж байна мөн хилээр гарах гээд штамп даруулахаар ирсэн санагдаж байна, тэгээд мөн бичиг баримтанд нь тулгалт хийгээд хилээр нэвтрүүлэх штампаа дараад хилээр нэвтрүүлсэн...” гэжээ. /1хав-92/,
Гэрч Г.Лхагва мэдүүлэгтээ: “...2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутанд албаны ахлах Жаргалсайхан намайг дуудаж Шалган нэвтрүүлэх боомтын автомашины Монгол Улс руу орох чиглэлд хүрээд ир гэсэн...35-77 УНП улсын дугаартай автомашин байсан ба Тагнуулын ажилтан хажууд нь зогсож байсан...Замын-Үүдийн прокурор ирээд үзлэгийг эхэлсэн. Жолооч Дарханбат гэх залуугаас машинд байх ачаанууд хэнийх вэ гэж асуухад урдаас хамт ирсэн зорчигч нарынх гэсэн тул тэдгээр ачааг тусад нь үзээд, дараа нь машины кабин доторхийг үзсэн. Би жолоочийн хажуу талын зорчигчийн суудлаас эхэлж үзсэн ба надтай хамт үзлэг хийсэн Билгүүн жолоочийн суудал талаас үзлэгийг хийсэн. Тэгэхэд Билгүүн автомашины араа буюу ричакны доод талын хуванцар хамгаалалтыг сөхөж үзэхэд тэрэн доороос хар өнгийн гялгар уутанд ороож хийсэн 5 хэсэг дөрвөлжин зүйлүүд гарч ирсэн ба тэдгээр нь хүнд зүйл байсан. ...Гаалийн газрын зөрчлийн өрөөнд авчирч тэдгээр 5 хэсэг хүнд зүйлүүдийг нэг нэгээр нь гаднах уутыг задалж үзлэг хийсэн. Эхний 1 хэсэг дөрвөлжин хүнд зүйлийг задлахад дотроос нь 2 ширхэг шар өнгийн металлууд гарсан. Тэдгээрийг тус бүрт нь баталгаат бус жингээр жинлэж тэмдэглэлд тусгасан ба баталгаат бус жингээр нийт жин нь 7,350 гр болж байсан. Тэгээд тэр металлуудыг алт байж болзошгүй гэж үзэн материал болон алт мэт шар өнгийн металлуудыг Тагнуулын байгууллагад шилжүүлэн өгсөн...” гэжээ. /1хав 94, 5хав 10/
Гэрч Б.Билгүүн мэдүүлэгтээ: “...2015 оны 09 сарын 12-ны өдөр өдөр Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах талд буюу Замын-Үүд-Эрээний чиглэлд суудлын автомашин шалгах үүрэг гүйцэтгэж байх үед Тагнуулын байгууллагын мэдээлэлтэй Ланд-80 маркийн 00-73 ДГА улсын дугаартай автомашиныг хамтарч шалгана уу гэсэн ба уг автомашиныг дахин шалгаж рентгенээр оруулж эд ангиудыг үзсэн ба тэндээс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Тэр машиныг шалгаж дуусаад ажлын байрандаа эргэж ирэхэд Тагнуулын байгууллагын ажилтнууд Эрээнээс Замын-Үүдийн чиглэлд буюу орох чиглэлд машин үзэх хэрэгтэй байна гэхэд очсон ба 35-77 УНП улсын дугаартай шаргал өнгийн Hyundai Starex маркийн автомашиныг прокурор, Тагнуулын байгууллагын ажилтнуудыг байлцуулан үзлэгийг хийсэн. Уг машины жолоочыг Дарханбат гэдэг залуу байсан...автомашин доторхийг шалгасан. Би жолоочийн талаас эхэлж суудал доогуур нь эхэлж үзсэн ба дараа нь автомашины араа буюу ричакны доод талд байдаг хамгаалалтын хуванцарыг дээш нь сөхөж үзэхэд хар өнгийн гялгар уутанд хийгээд, гадуур нь скочоор ороосон тамхины хайрцагны хэмжээтэй 5 хэсэг хүнд зүйлүүд гарч ирсэн...” гэжээ. /1хав-96, 5хав 9/
Гэрч Ү.Сангидорж мэдүүлэгтээ: “...35-77 улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашин миний бага хүү Лхагвадоржийн нэр дээр байдаг...2013 оны 4, 5-р сарын үеэс Г.Дарханбат гэдэг залууд түрээсээр эзэмшүүлдэг Дарханбатад би тогтсон үнээр түрээсэлсэн зүйл байхгүй боломжийн хэрээр төлбөрийг өгч байгаарай, харин намайг шаардлагатай үед урагшаа авч гарах хэрэгтэй гэж тохироод түрээслүүлсэн...Дарханбат ийм хууль бус зүйл хийхээргүй л хүүхэд байсан юм даа...Дарханбат хүнтэй нийтэцтэй, архи тамхи хэрэглэхгүй томоотой залуу байгаа юм...” гэжээ. /1хав-98/,
Гэрч Б.Жаргалсайхан мэдүүлэгтээ: “...2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрээнээс Замын-Үүдийн чиглэлийн суудлын тэрэгний шалгах хэсэгт 14 цаг 30 минутын үед байхаа 35-77 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашинд хяналт шалгалт хийхэд байлцсан. Тухайн автомашинд томилогдсон байцаагч нь Батчимэг гэж байцаагч байсан ба тухайн автомашин нь Тагнуулын байгууллагаас хориглосон, хязгаарласан бараа байж болзошгүй гэсэн мэдээлэлтэй байсан ба газрын даргаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр эрэлч нохой хариуцсан байцаагч Билгүүн, гаалийн зөрчлийн албаны улсын байцаагч Лхагва нарыг шалгалт явуулахаар нэмж томилсон...Тэгээд 35-77 УНП улсын дугаартай машинд гаалийн хяналт шалгалт явуулахад жолооч зорчигч нарын дунд байх арааны доод талд байдаг хамгаалалтын хуванцарын доороос алт байж болзошгүй 5 хэсэг хар өнгийн гялгар уутанд хийж, гадуур нь скочидсон, ойролцоогоор тамхины хайрцагны хэмжээтэй хатуу хүнд металл илэрсэн...Тэдгээр металуудыг машинаас илрүүлж гаалийн зөрчлийн өрөөнд оруулж гадуур нь ороосон гялгар уут болон скочийг задалж үзсэн ба нийт 6 ширхэг шар өнгийн алт металлууд гарч ирсэн ...нийт жин нь 7.350 гр болж байсан...” гэжээ. /1хав 99-100, 5 хав 22/
Гэрч Д.Баярсайхан мэдүүлэгтээ: “...Би Замын-Үүд суманд ажиллаж байгаад 2013 онд Улаанбаатар хот руу шилжихээр болсон. 00-73 ДГА улсын дугаартай Ланд-80 маркийн автомашин миний өмчлөлд байсан ба би 2013 хавар Улаанбаатар хот руу шилжих үедээ Алтангэрэл гэдэг залууд зарсан юм...” гэжээ. /1хав-101/,
Гэрч Ч.Мөнх-Учрал мэдүүлэгтээ: “...2015 оны 9 дүгээр сарын 10-н бил үү 11-ний үед миний 99068444 дугаарын утас руу “Батаа” ах нь байна гээд 623 /зургаан зуун хорин гурван сая/ төгрөг байна уу? Хэрэв байгаа бол ахдаа хоёр хоногийн хугацаатай зээлчих, ах нь нэмээд хоёр сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батаа ахад “тэг тэг надад байна” гэж хэлсэн. Тэгсэн 3-4 минутын дараа над руу 9952-той дугаараас залгаад “ахдаа туслаач, чамд алт зарчихаар таньдаг хүн байна уу” гэж асуухаар нь “надад таньдаг алтны ченж хийдэг, би асуугаад өгье” гэж хэлсэн...Одхүү надад юань болон валют солиод өгөөч гэж солиулдаг байсан. Одхүү ах ихэвчлэн утсаар ярьж хүн явуулдаг байсан....Одхүү ах надаас 623.000.000 төгрөгний алт авахуулсан...би алтны кг болон мөнгөний хэмжээг бичээд алтан дунд нь хийгээд явуулж байсан...алтыг Одхүү ах өөрөө ирж аваагүй, Батаа ах нь байна гээд нэг хүн ирээд аваад явсан. Би Одхүү ах Батаа ах хоёрыг нэг хүн юм байна гэж бодож байсан чинь хоёр өөр хүн юм билээ...2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Одхүү ах ярьсан юм...Сүнжидмаатай яриад чамд зарчихаар алт байна уу, 623 сая төгрөгөнд таарахаар алт байна уу гэж асуухад Сүнжидмаа миний Монгол банкинд тушаах гэж байгаа алт байна, би зарахгүй ээ гэж байсан...гуйж байгаад Сүнжидмаагаас 623 сая төгрөгөнд алт авч...Батаа ах уу гэж асуухад тэр хүн чи Учрал уу гэж асуугаад тэгээд би алтаа өгсөн. Алтыг хар өнгийн гялгар уутанд хийгээд өгсөн...Одхүү ах мөнгөө оройдоо өгнө гэж байсан боловч орой нь би залгаж мөнгөө асуухад өнөөдөр оройтчихлоо, маргааш мөнгийг чинь өгье гэж хэлж байсан... Би Сүнжидмаагаас авсан тэр чигээр нь Одхүү ахад шилжүүлж өгсөн. Намайг Сүнжидмаагаас алтыг авахад хар уутанд бөөнд нь хийгээд уутаар нь ороосон байсан. Алтыг скочоор ороосон зүйл байгаагүй. Яг тэр хэвээр нь өгсөн. Би мөнгийг 2, 3 данс руу хувааж хийсэн. Сүнжидмаагийн мөнгөний данс биш байсан. Би юань доллар зараад мөнгө нь бэлэн байсан тул банкин дээр очиж Сүнжидмаагийн өгсөн дансуудад хувааж шилжүүлсэн. Би одоо ямар хүмүүсийн хэд гэсэн дугаартай дансанд мөнгө хийсэнээ мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгөө бүгдийг шилжүүлж дуусаад дараа нь алтаа авсан” /1хав-102-105, 108, 5 хав 4,5/
Гэрч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэгтээ: “...би Бөмбөгөр дээр тогны мөнгө тушаах гээд явж байтал Жаргалсайхан /Одхүү/ над руу утсаар ярьж “наанаа байж бай” гэсэн...Жаргалсайхан чи хүнээс Мөнх-Учралаас юм аваад ирээч, Мөнх-Учрал мэдэж байгаа гэсэн. Тэгээд би Найман шарга зах руу очиж Мөнх-Учрал гэдэг валютын ченж хүүхэн дээр ирээд “би Одхүүгийн явуулсан хүн байна” гэхэд Мөнх-Учрал хар торонд хийж боосон хүнд зүйл өгсөн... Мөнх-Учралаас авч Жаргалсайханд өгөөд салаад явсан. Жаргалсайхан цааш нь хэнд өгсөнийг мэдэхгүй...” гэжээ. /1хав-109/,
Гэрч А.Сүнжидмаа мэдүүлэгтээ: “...Би яг хэдний өдрийг санахгүй байна, намар 9 сарын эхээр санагдаж байна. Мөнх-Учрал алт байна уу гэж утсаар асуухад би мөнгө нь бэлэн юм уу гэж асуухад мөнгө бэлэн гэж хариулсан...ойролцоогоор 7 гаран кг алт Мөнх-Учралд зарсан. Би алтыг 6 хэсэг гулдмайлж өгсөн. Нэг гулдмай нь жижиг гулдмай байсан. Алтыг Мөнх-Учрал өөрөө ирж надаас авсан ба мөнгийг дансаар авсан...Миний Мөнх-Учралд өгсөн алтнууд мөн байна. Би гадуур нь хар гялгар уутаар ороогоогүй шууд алтаар нь өгсөн. ...Би мөнгөн дүнг санахгүй байна, ойролцоогоор 500 гаран сая төгрөг бараг 600 орчим сая төгрөгний алт Мөнх-Учралд худалдсан санагдаж байна. Ер нь бол алтыг хувь хүмүүс буюу ченжүүдээс авах юм бол олон хүнээс авдаг, уурхайгаас авах юм бол гайгүй 1 юм уу, 2 хүнээс л алт авдаг. Би хүмүүсээс цуглуулж авсан алтаа Мөнх-Учралд өгсөн. Мөнх-Учрал мөнгөө дансаар шилжүүлсэн...хар өнгийн торонд алтыг сул хийгээд дотор нь алтны жин, мөнгөн дүнг цаасан дээр бичээд Мөнх-Учралд өгсөн..” гэжээ. /1хав 111-113, 5хав 13/
Гэрч Б.Оюунцэцэг мэдүүлэгтээ: “...35-77 УНП улсын дугаартай Hyundai Starex автомашиныг гаалийн улсын байцаагч П.Намдаг шалгасан байсан...Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гадаа байрлах камерын бичлэгийг шүүж үзэж байгаад Намдаг шалгасныг тогтоосон. Камерын бичлэг дээр Намдаг 3577 УНП дугаартай Hyundai Starex хаалгануудыг онгойлгож машины хаалганы карма болон машин дотогш тонгойн хяналт шалгалт хийж байгаа байдалтай байсан...” гэжээ. /1хав-114/,
Гэрч Б.Нарантуяа мэдүүлэгтээ: “...Миний нөхөр Жаргалсайханы багын нэр нь Одхүү байгаа юм. Бид болон найз нөхөд нь Одхүү гэж дууддаг...Үйлдвэр комбинатад байх арьс шир ноос ноолуурын үйлдвэр байдаг юм. Тэнд менежер хийдэг” гэжээ. /1хав 122, 5 хав 11,12/
Шүүгдэгч Г.Дарханбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “..2015 оны 09 сарын 11-ний өдөр Алтангэрэлтэй уулзахад “чи маргааш чулуу бил үү, дээж бил үү гаргаж өгөөч” гэхээр нь би за гэхэд чи миний машинаас авчихаарай, би байхгүй байж магадгүй гээд түлхүүрээ өгсөн. Маргааш нь 2015 оны 09 сарын 12-ны өглөө 6 цагийн үед Алтангэрэлийн машинаас хар ууттай зүйл авч явсан. Тэгээд хүмүүсээ аваад урагшаа Эрээн гарсан. Өдөр 3,4 цагийн үед Алтангэрэл утасдаад нөгөө юмаа аваад ирээ гэсэн...Тэгээд намайг дотор оруулаад Алтангэрэлийн өгч явуулсан зүйлийг задалж үзэхэд алт гарч ирсэн...Отгонбаатар гэдэг хүнийг танихгүй...Хайхрамжгүй байдлаас болоод л энэ асуудалд холбогдчихлоо...яг хэний алт гэдгийг мэдэхгүй байна” гэжээ. /1хав-228/,
Шүүгдэгч М.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 9 дүгээр сарын эхээр Маа гэгч өвөр монгол манай гэрт ирсэн. Тэгээд алт олж өгөх арга байна уу, алт худалдаж авах гэсэн юмаа гэж надаас асуусан. ...Мөнх-Учрал өөрөөсөө мөнгө гаргаж алт авч өгсөн. Мөнх-Учралтай алт авсан монгол мөнгөний оронд юань өгнө гэж тохироод алт авахуулсан юм...Мөнх-Учрал надад цаасан дээр алтны жинг бичиж алттай цуг Бат-Эрдэнээр өгч явуулсан байсан, би тэрийг Маа-д өгчихсөн юм. Ямар ч байсан 600.000.000 гаран төгрөгийн алт авсан гэж бодож байгаа...Би алтны хэмжээ болон тоог нарийн мэдэхгүй байна гэжээ. /1хав-240/,
Шүүгдэгч Л.Отгонбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2015 оны 9 дүгээр сарын 10-нд Эрдэнэт хотоос гараад Улаанбаатар хотын вокзал дээр ирсэн...Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед таксигаар Замын-үүд явсан. Замын-Үүдэд 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 4 цагийн үед Алтангэрэлийн гэрт очсон. Би Алтангэрэлд ах нь танайд сэлбэг тавьчихаад явья гэхэд за тэгээ тэг гэхээр нь би Алтангэрэлийн машины суудал дээр оруулаад тавьсан. Тэгээд би тэднийхээс гарч Тээвэрчин зочид буудалд байрлаж амарч байгаад 8 цаг өнгөрөөгөөд Замын-Үүдийн вокзал явсан. Вокзал дээрээс би 2, 3 хүний хамт Алтангэрэлийн машинд суугаад хил рүү явсан. Тэгээд хил дээр ирэхэд хүмүүс ирж Тагнуулын албанаас явж байна гээд бид нарыг саатуулаад шалгасан...За яахав алт гэхээр нь торгуулиад л авчихдаг юм байх гэж бодоод миний алт гэж хэлсэн...2015 оны 09 сарын 11-ний өдөр Жаргалсайхан над руу залгаж утсаар ярихад би орой машинаар Замын-Үүд явна гэж хэлсэн. Тэр өдрөө Жаргалсайхан /Одхүү/, Ма нартай 25 дугаар эмийн сангийн тэнд уулзсан ба Жаргалсайхан /Одхүү/ надад “хөгшөөн чи энийг Замын-Үүд аваад явчих” гээд хар ууттай бондгор зүйл байсан. Тэр зүйлийг хар гялгар уутанд хийж битүү скочоор ороож хийсэн зүйл байсан...2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө үүрээр 4 цагийн үед би Замын-Үүдэд ирсэн ба Алтангэрэлийн гэрийн гадаа бууж үлдээд Алтангэрэлийн цонхыг тогшиж Алтангэрэл цонхоор машиныхаа удирдлагаар машинаа онгойлгож машины ард тавьчихаа гэхээр нь би машиных нь ард тавьсан...Хил, гаалийнханд шалгуулаад урагшаа гарах гэж байхад Тагнуулын албаныхан бид нарыг зогсоож та нарт шалгалт хийнэ гэсэн... Намайг Замын-Үүдэд хил дээр саатуулагдсан байх үед Жаргалсайхан, Батсайхан 2 л залгаад байсан...2010 оны хавьд Алтангэрэлтэй танилцаж байсан гэжээ. /1хав-203, 204, 207-210/,
Яллагдагчаар Л.Батсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2015 оны 09 сарын 10-нд... Алтангэрэл рүү утсаар ярьж “Отгонбаатар юмтай урагшаа явж, чи буцахад нь будаа өгөөд явуулаарай” гэж хэлсэн...Би Алтангэрэлийг танина. Алтангэрэл миний барааг хот руу явуулдаг, би Алтангэрэлийн хэрэгцээтэй зүйлийг хотоос өгч явуулдаг. Бид гайгүй сайхан найзууд, Дарханбатыг танихгүй гэжээ. /1хав-248-250/,
Шүүгдэгч С.Алтангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “..2015 оны 9 дүгээр сарын 11-ний үдээс хойш байхаа Отгоо ах 99183692 гэсэн дугаараас залгаад жоохон юм гаргаад өгчих гэж утсаар ярьсан... 2015 оны 9 дүгээр 12-ны үүрээр Отгоо ах манай гэрийн гадаа ирж 5 хэсэг боодолтой зүйл өгөөд явсан. Тэр боодолтой зүйл нь атганд багтахаар 5 хэсэг, тус бүрийг нь хар өнгийн гялгар уутанд хийсэн, гадуур нь скочоор ороосон хүндэвтэр, хатуу эд зүйл байсан. Түүнийг би аваад өөрийн 00-73 ДГА улсын дугаартай автомашиндаа хийсэн. Тэгээд манай найз Дарханбат өглөө ирээд миний машинаас Отгоо ахын авчирч өгсөн зүйлийг аваад явсан байсан. Өмнөх орой нь буюу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний орой хүн юм гаргаад өгчих гэнээ, чи гаргаад өгчих, миний машин асахгүй байна гэхэд Г.Дарханбат тэгье гэж зөвшөөрсөн...Тагнуулынхан алтаа яасан бэ гэхэд би “надад алт байхгүй ээ. Би найздаа өгөөд гаргачихсан, одоо утасдаад дуудчихья” гээд би Дарханбатын хятад 15504790990 дугаар ру залгаж “наад авч явсан зүйлээ аваад ир, би Монголын хил дээр баригдчихлаа, хоёулаа наадхыг чинь өгөөд явъя” гэхэд Дарханбат “за за очлоо” гэсэн...үдээс хойш Дарханбат Эрээнээс Монгол руу орж ирсэн...Би ийм гэмт хэрэгт орооцолдсондоо маш их гэмшиж байна. Би Тагнуулынханд баригдахдаа л үнэнээ хэлж Дарханбатыг буцааж дуудсан юм...2015 оны 8 дугаар сарын үед Батсайхан ах Замын-Үүдэд ирэхдээ надад “миний дүү нэг наймааны санал байгаа шүү” гэхээр нь “бололгүй яах вээ, хууль бус зүйл биш л бол болно” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 11-нд Батсайхан өөрийн 99183692 дугаараас миний 99134360 дугаар руу залгаад “Отгоо /Отгонбаатарыг хэлж байгаа юм/ ах нь маргааш сэлбэгтэй очиж байгаа, урагшаа гаргаад өгчихөөрэй. Отгоо ах нь өөрөө бас гарах байх” гэж хэлсэн...Тэр зүйлийг Батсайхан ах над руу яриад урагшаа гаргаад өгөөрэй гэсэн, тэгээд Отгонбаатар ах надад авчирч өгсөн. Миний машин асахгүй байсан, тэгээд ч Дарханбат өглөө эрт гарна гэхээр нь найзыгаа гуйгаад л гаргасан...Отгоо, Батсайхан нарт л тус болж байна гэж ойлгосон, хоёрт Дарханбатыг тэр алтыг Эрээн рүү аваад гарчихсан байхад нь би дуудаж ирж буцаж Замын-Үүдэд оруулж ирсэн. Хэрэв би дуудаагүй, Дарханбатад буцаж ир гэж хэлээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан байх..” гэжээ. /1хав-216-217/,
Гэрч Ц.Энхтулга мэдүүлэхдээ: “2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд сумын оршин суугч Алтангэрэл гэгч этгээд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар алт нэвтрүүлэх гэж буй талаархи мэдээлэл манайд ирсэн бөгөөд уг алтыг Улаанбаатар хотод оршин суугч Жаргалсайхан гэгч хүн 8 шарга валютын ченж Ч.Мөнх-Учралаас 600 гаруй сая төгрөгөөр 7 кг орчим алт худалдан авч улсын хилээр гаргах ажлыг зохион байгуулж байгаа нь хяналтын явцад тодорхой болсон. Ингээд бидэнд авагдсан мэдээллийн дагуу манай тасгийн зарим бие бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр явсан. Энэ асуудалтай холбоотой мөн 2016.09.11-12-ны өдрийн шилжих шөнө Улаанбаатар хотод оршин суугч Отгонбаатар гэгч этгээд өөрийн биеэр Замын-Үүд суманд очиж Алтангэрэлд алтыг өгсөн байдаг. Энэ талаар дор бүр нь мэдээллийг аваад явж байсан. Тэгээд 2016.09.12-ны өглөө Алтангэрэлийг хил нэвтрэх үед Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтод түүний бие, тээврийн хэрэгсэлд Гаалийн Улсын байцаагч нартай хамтарч үзлэг шалгалт хийхэд түүний бие болон тээврийн хэрэгслээс алт илрээгүй тэгэхээр нь Алтангэрэлээс Отгонбаатарын чамд өгсөн алт хаана байна? Хилээр гаргачихсан уу? гэхэд Отгонбаатарын өгсөн 5 гэсэн билүү 6 хэсэг боодолтой хар өнгийн уутаар ороож скочидсон 7 орчим килограмм алтыг Дарханбатад өгөөд хилээр гаргасан. Тэгээд яах байсан талаар нь асуухад Отгонбаатар бид 2 Эрээн хотод очоод Дарханбатаас авах байсан юм гэж хэлсэн. Тэгэхлээр нь бид Алангэрэлээс хилээр нууж гаргасан алтаа буцааж оруулж ирж чадах уу? гэхэд чадна гэж хэлээд Дарханбат руу утсаар яриад миний өгч явуулсан алтыг буцаагаад оруулаад ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл Дарханбатруу утсаар ярьсанаас хойш 30 орчим минутын дараа Старекс машинтай Замын-Үүд боомтоор орж ирсэн. Орж ирсэн даруйд нь Гаалийн улсын байцаагчид тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд кропны доод талын саарал хуванцар хамгаалалтан дотор алтыг хийгээд нуучихсан байсан нь илэрсэн...” гэжээ. /5хав 16/
Гэрч Э.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай тасагт Одхүү гэгч хүн Мөнх-Учрал гэдэг 8 шарга валютын ченжээс 600 гаруй сая төгрөг зээлж Сүнжидмаа гэгч алтны наймаа эрхэлдэг хүнээс 7,3 кг гулдмай алт худалдан аваад түүнийгээ Отгонбаатараар дамжуулан Замын-Үүд сумын оршин суугч Алтангэрэл гэгч хүнээр алтыг Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн лүү хууль бусаар нууж гаргах гэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Түүний дагуу миний бие болоод ажилтан Энхтулга бид урагшаа Замын-Үүд рүү хөдөлсөн. Тэгээд 2015 оны 9 сарын 12-ны өглөө 10-11 цагийн орчимд Алтангэрэлийг хилийн жижиг тэрэг нэвтрэх хэсэг буюу авто замын боомтод өөрийнхөө Ланд 80 маркын машинтайгаа явж байхад нь гаалийн байцаагч нарын хамт саатуулсан. Ингээд машинд болоод биед нь гаалийн байцаагч нар үзлэг хийхэд алт илрээгүй. Тэгэхээр нь би Алтангэрэлд хандаж “...Отгонбаатарын өөрт чинь өгсөн 7,3 кг орчим алт хаана байна? ..” гэхэд надад алт байхгүй гэж хэсэг худлаа ярьсан. Би Алтангэрэлд мөн хандаж бид алтыг чамайг авсаныг мэдэж байгаа, чи хууль үйлдлийг нуун дарагдуулж болохгүй гэж өөрт нь анхааруулсан тэгсэн харин Алтангэрэл би Дарханбат гэдэг залууд Отгонбаатарын өгсөн алтыг өгсөн, надаас ирээд урьд шөнө авсан. Одоо хил гарчихсан намайг очихыг хүлээж байгаа гэсэн. Би тэгэхлээр нь чи дуудаад буцаагаад оруулаад ирээ гэсний дагуу Дарханбат руу яриад “...Наад алтыг чинь наана чинь хүлээж авах хүмүүс цаашаагаа явчихсан байна, тийм болохоор наад алтыг чинь авах хүн наана чинь байхгүй гэсэн хурдан аваад буцаад ороод ир, надтай хамт байгаа алтны эзэд алтаа аваад буцаад Улаанбаатар хотруу явах гээд байна...” гэж хэлүүлсэн. Үүний дагуу алтаа аваад Дарханбат 30-40 минутын дараа хилээр ороод ирсэн. Дарханбатыг хилээр ороод ирэхэд нь Гаалийн байцаагч нар машинд нь үзлэг хийхэд Гаалийн байцаагч нар машинаас нь эхлээд олохгүй байхаар нь би Дарханбатад Алтангэрэлийн өгсөн юм хаана байна? Гэсэн чинь арааны ричак хаалт резинэн доогуур нуучихсан байгаа гэхээр нь би Гаалийнханд хэлэхэд 6 хэсэг хар өнгийн уутаар ороож гадуур скочидсон зүйл гараад ирэхээр нь энэ юу юм? Гэхэд Дарханбат Алтангэрэлийн өгсөн алт гэж өөрөө хэлсэн. ...Жаргалсайхан нь Одхүү гэдэг хуурамч нэрээр бусад хүмүүстэй харилцаанд орж алт бэлтгэн нийлүүлэх үйл ажлыг зохион байгуулж, эдгээр залуучууд болох Алтангэрэл, Дарханбат нараар урагшаа хил гаргах байсан юм...” гэжээ. /5хав 17/
Гэрч Б.Санчигдорж мэдүүлэхдээ: “... 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай сөрөх тагнуулын газрын хамтарсан гүйцэтгэх ажлын арга хэмжээний хүрээнд сөрөх тагнуулын газрын чиглэлийн хариуцсан ажилтнууд Замын-Үүд суманд ирж алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж буй хүмүүсийн талаар мэдээллийг шалгахаар ирсэн. Өмнө Отгонбаатар гэгч хүн Улаанбаатар хотоос 7 хил орчим алт аваад наашаа Замын-Үүд рүү ирж яваа мэдээлэл авагдсан. Үүний дагуу Замын-Үүд сумын оршин суугч Алтангэрэл гэгчийн үйлдэл, хөдөлгөөнд гүйцэтгэх ажлын хяналт тавьж ажилласан, хяналт тавьж ажиллаж байх хугацаанд 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө 05 цагийн орчим үл таних нэгэн этгээд Алтангэрэлийн гэрийн гадаа ганцаараа ирээд буцсан. Би холоос ажиглалт хийж байсан ба үүр цайж дөнгөж эхэлж байсан учир яг хаана нь юу орхиод явсаныг нь сайн хараагүй. Тэгээд өглөө 10 цаг орчимд Алтангэрэл машинаа унаад Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтод хилээр гарах гээд штамп даруулсаныг нь дараа саатуулж өөрийнх нь эзэмшлийн 0043 билүү 0053 гэсэн улсын дугаартай хужаа Ланд 80 маркын автомашинд Гаалийн зөрчлийн байцаагч нарын хамт үзлэг, шалгалт хийсэн. Үзлэг хийх үед иргэн Алтангэрэл нь нэлээд сандарсан байдалтай байсан нь ажиглагдсан тул нарийвчилсан үзлэг хийлгэхээр Гаалийн хяналтын бүс болох рентген дээр авчирж үзлэгийг үргэлжлүүлэн хийсэн боловч алт илрээгүй. Тэгэхлээр нь манай ажилтнууд бид нар ээлж дараалан Алтангэрэлтэй уулзалт ярилцлага хийсэн. Үүний үр дүнд иргэн Алтангэрэл нь Улаанбаатар хотоос ирсэн иргэн Отгонбаатараас авсан 7,3 кг алтаа өөрийн найз Дарханбатын микро автобусанд өгч Замын-Үүд боомтын улсын хилээр нэвтрүүлсэн болохоо хэлсэн эхлээд бол Алтангэрэл үнэнээ ерөөсөө хэлээгүй, нэлээд уулзаж байж үнэнээ хэлсэн. Тэгээд Алтангэрэлээр Дарханбат руу утсаар яриулсан. Алтангэрэл Дарханбаттай утсаар ярихдаа “..би өнөөдөр хилээр гарч чадахаа больчихлоо нөгөө алтаа буцаагаад аваад ороод ир, хүмүүс нь буцаад хот явах гээд байна, хурдан аваад ороод ир ..” гэж хэлсэн. Утсаар ярьсанаас хойш Дарханбат нэлээд хугацааны дараа Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор микро автобустайгаа ороод ирсэн. Хилээр штамп даруулаад орж ирэнгүйт нь уулзаад “...Алтангэрэлийн чамд өгч явуулсан зүйл хаана байна.” Гэж асуухад эхлээд мэдэхгүй гэж хариулсан, тэгэхлээр нь бидэнд хангалттай мэдээлэл байна үнэнээ хэл гэсэн чинь машиныхаа хаалгыг онгойлгоод араа руугаа заасан. Үүний дагуу Гаалийн зөрчлийн байцаагч нарын хамт үзлэг хийхэд авто машины арааны доод талын резинен хаалтны доор хийсэн байсныг гаргаж ирэхэд 6 хэсэг хар өнгийн уутаар боож гадуур скочоор ороосон дөрвөлжин биет зүйл байсныг авч үзэхэд гулдмайлсан 6 хэсэг алт байсныг хураан авсан...” гэжээ. /5хав 18-19/
Гэрч Ж.Батбаатар мэдүүлэхдээ: “...2015 оны 9 сарын 15-ны өдөр ТЕГ-с сорьц тогтоолгохоор 6 хэсэг алт авчирч байсан. Түүнийг Монгол банкнаас гаргасан алтан гулдмай битүүмжлэх дээж хадгалах журмын дагуу хайлуулж сорьц тогтоосон. Манай лабораторийн стандарт нь ISO11426 стандартаар хийгддэг ба энэ стандарт нь гулмай дахь алтны сорьцын зөрүү нь 0,05 процентын зөрүүгээс ихгүй байхыг шаарддаг тул алтан гулдмайг өөр дээрээ хайлж шинжилгээний дээж авах нь дээрх шаардлагад илүү нийцдэг юмаа. Мөн Монгол банкнаас үнэлгээ тогтоолгохдоо манай сорьцын дүнг үндэслэж үнэлгээ тогтоодог тиймээс дээрх журамын дагуу хайлж сорьцолсон. Өөрөөр хэлбэл нэгэн төрлийн жигд хайлагдсан гулдмайнаас дээж авдаг юм. Саяны энэ тохиолдолд 6 хэсэг алтнаас дээд доод тал бүрээс нь сорьц авдаг өөрөөр хэлбэл ТЕГ-с ирүүлсэн 6 хэсэг алтны нэг гулмайгаас нь дээд доод талаас нь дээж авч шинжилдэг ба тэр авсан дээж нь сорьц нь ижил байх ёстой байдаг. Хэрэв уг дээд доод талаас нь авсан дээжүүдийн сорьц нь өөр өөр байвал манайх сорьцын хариу дүгнэлт гаргах боломжгүй байдаг учраас хайж нэг гулмай болгоод дээж авч сорьц тогтоосон...” гэжээ. /5хав 20-21/
Статистик хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнд:
-Алтан гулдмай №306
-шинжилгээнд авсан дээжийн жин /жин мг-аар/ 5270.00
-буцааж олгосон дээжийн: жин 4517.18, королько корточка /шаар/ 686.61
-шинжилгээгээр гарсан хорогдол 65.58
Тогтоосон сорьц: Алтны 874.12, мөнгөний 115.00 гэжээ. /1хав-130/,
Алтыг 2015.09.11-ний өдрийн үнээр тооцохдоо: гулдмайн дугаар 306, бохир жин /грамм/ 7.330.60, Сорьц: алт 874.12 гр, мөнгө 115.00 гр, цэвэр жин: алт 6.407.18 гр, мөнгө 842.18 гр, 1 гр алтны үнэ-70.997.70 төгрөг /6.407.18 гр алт нь 454.895.277.04 төгрөг/ 1 гр мөнгөний үнэ-752.00 төгрөг /842.18 гр мөнгөн 633.316.34 төгрөг/ нийлбэр дүнгээрээ 455.528.593.38 төгрөг гэжээ. /2хав-186/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 947 тоот дүгнэлтэнд: Г.Дарханбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Дарханбат нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Дарханбат нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1хав-137/
-Шүүгдэгч Г.Дарханбат, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хав 18-32/,
-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол /2 хав 35-37/,
35-77 УНП автомашины орох чиглэлийн хяналтын талон 2015.9.12 /1хав 6 хуу/
Улс хоорондын нийтийн болон суудлын тээврийн хэрэгслийг хяналтанд хамруулсан тухай мэдэгдэл /1 хав 7 хуу/
35-77 УНП улсын дугаартай Хюндай старекс маркийн микро автобусанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хав 9-10/,
Үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /1хав-11/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 14 хуу/
Бичиг баримт гэрчилгээний хуулбар /1 хав 15-19 хуу/
Бараа, тээврийн хэрэгсэл саатуулах хуудас, гэрэл зураг үзүүлэлт /1 хх 20-40/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хав-42, 48, 64/,
Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-47/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хав-50-51, 65-70/,
Вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 52 хуу/
Хураан авсан тэмдэглэл /1хав-72/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /35-77 УНП, 0073 ДГА/ /1хх-73-74, 75-76/,
Эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /1 хав 77/
Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол /1хав 78/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хав-80/,
Зураг таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зураг /1хав-106,107/,
Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, үнэт металл хайлсан тухай акт /1хав-130-131/,
Алтан гулдмай хүлээн авсан акт /1хав-133/,
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хав 135/,
-Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулсан 306 дугаартай 1 ширхэг алтан гулдмайн үнийг тооцоолсон Монгол банкны 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-7/1008 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /2хав 185, 186/,
-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 06/5251 дугаартай улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2хав 205-206/,
-Гар утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хав 131-138/ зэрэг хавтаст хэрэг дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхийн дүгнэлт:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Жаргалсайхан, Г.Дарханбат, Л.Отгонбаатар, М.Алтангэрэл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч М.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 буюу онц хүнд гэмт хэргийн ангилалын ангилалд хамаарч байсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял хөнгөрч байх тул тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Дарханбат нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор яллагдагч М.Жаргалсайханы бусдаас худалдан авсан 7.3 кг алтыг С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн,
Шүүгдэгч М.Жаргалсайхан нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Мөнх-Учралаар дамжуулан А.Сүнжидмаагаас 7.3 кг алтыг худалдан авч, уг алтыг Улаанбаатар хотод яллагдагч Л.Отгонбаатарт өгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу яллагдагч С.Алтангэрэлд хүргүүлэн, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Г.Дарханбатаар Дорноговь аймгийн Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэргийг үйлдэхийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Л.Отгонбаатар нь яллагдагч М.Жаргалсайханаас 7.3 кг алтыг Улаанбаатар хотод хүлээн авч, 2015 оны 9 сарын 11-ний өдрийн 18.00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу таксигаар авч явж, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөөний 04.00 цагийн орчим яллагдагч С.Алтангэрэлийнд очиж дамжуулан өгч бүлэглэн оролцсон,
Шүүгдэгч С.Алтангэрэл нь уг алтыг Л.Отгонбаатараас хүлээн авч өөрийн эзэмшиж буй 0073 ДГА улсын дугаартай автомашиндаа хийж, яллагдагч Г.Дарханбаттай урьдчилан тохиролцон бүлэглэн үйлдсэн болох нь
гэрч Э.Цэлмүүний: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 09 цагаас оройн 19 цаг хүртэл Авто замын шалган нэвтрүүлэх боомтод орох чиглэлийн суудлын автомашины жолоочийг шалгах цэгт үүрэг гүйцэтгэсэн. Өдөр...14 цагийн үед байхаа 35-77 УНП улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашинтай жолооч Г.Дарханбат нь Эрээнээс Замын-Үүд чиглэлд Монгол Улсын хилээр нэвтрэхээр орж ирсэн. Би Дарханбатын бичиг баримтыг шалгаж штампаа дараад хилээр нэвтрүүлсэн...” гэх /1хх 90/,
Гэрч Н.Найдалмаагийн: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 09 цагаас Авто замын шалган нэвтрүүлэх боомтод гарах чиглэлийн суудлын автомашины жолоочийг шалгах цэгт үүрэг гүйцэтгэж эхэлсэн. …өглөөгүүр УНП 35-77 улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашины жолооч Г.Дарханбат нь хилээр гарахаар штамп даруулахаар ирсэн. ...Дарханбат бичиг баримтаа надад үзүүлж, би гурван бие буюу бичиг баримтын зураг, иргэний үнэмлэхний лавлагааны зураг, тэгээд өөрийг нь тулгаж үзээд штампаа дараад хилээр нэвтрүүлсэн. Дараа нь 00-73 ДГА Ланд-80 маркийн автомашины жолооч С.Алтангэрэл нь 10 цагийн үед санагдаж байна мөн хилээр гарах гээд штамп даруулахаар ирсэн санагдаж байна, тэгээд мөн бичиг баримтанд нь тулгалт хийгээд хилээр нэвтрүүлэх штампаа дараад хилээр нэвтрүүлсэн...” гэх /1хх 92/,
Гэрч Г.Лхагва: “...2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 30 минутанд албаны ахлах Жаргалсайхан намайг дуудаж Шалган нэвтрүүлэх боомтын автомашины Монгол Улс руу орох чиглэлд хүрээд ир гэсэн. 35-77 УНП улсын дугаартай автомашин байсан ба Тагнуулын ажилтан хажууд нь зогсож байсан. ...Замын-Үүдийн прокурор ирээд үзлэгийг эхэлсэн. Жолооч Дарханбат гэх залуугаас машинд байх ачаанууд хэнийх вэ гэж асуухад урдаас хамт ирсэн зорчигч нарынх гэсэн тул тэдгээр ачааг тусад нь үзээд, дараа нь машины кабин доторхийг үзсэн. Би жолоочийн хажуу талын зорчигчийн суудлаас эхэлж үзсэн ба надтай хамт үзлэг хийсэн Билгүүн жолоочийн суудал талаас үзлэгийг хийсэн. Тэгэхэд Билгүүн автомашины араа буюу ричакны доод талын хуванцар хамгаалалтыг сөхөж үзэхэд тэрэн доороос хар өнгийн гялгар уутанд ороож хийсэн 5 хэсэг дөрвөлжин зүйлүүд гарч ирсэн ба тэдгээр нь хүнд зүйл байсан. ...Гаалийн газрын зөрчлийн өрөөнд авчирч тэдгээр 5 хэсэг хүнд зүйлүүдийг нэг нэгээр нь гаднах уутыг задалж үзлэг хийсэн. Эхний 1 хэсэг дөрвөлжин хүнд зүйлийг задлахад дотроос нь 2 ширхэг шар өнгийн металлууд гарсан. Тэдгээрийг тус бүрт нь баталгаат бус жингээр жинлэж тэмдэглэлд тусгасан ба баталгаат бус жингээр нийт жин нь 7,350 гр болж байсан. Тэгээд тэр металлуудыг алт байж болзошгүй гэж үзэн материал болон алт мэт шар өнгийн металлуудыг Тагнуулын байгууллагад шилжүүлэн өгсөн...” гэх /1хх 94, 5хх 10/
Гэрч Б.Билгүүн: “...Замын-Үүд-Эрээний чиглэлд суудлын автомашин шалгах үүрэг гүйцэтгэж байх үед Тагнуулын байгууллагын мэдээлэлтэй Ланд-80 маркийн 00-73 ДГА улсын дугаартай автомашиныг хамтарч шалгана уу гэсэн ба уг автомашиныг дахин шалгаж рентгенээр оруулж эд ангиудыг үзсэн ба тэндээс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Тэр машиныг шалгаж дуусаад ажлын байрандаа эргэж ирэхэд Тагнуулын байгууллагын ажилтнууд Эрээнээс Замын-Үүдийн чиглэлд буюу орох чиглэлд машин үзэх хэрэгтэй байна гэхэд очсон ба 35-77 УНП улсын дугаартай шаргал өнгийн Hyundai Starex маркийн автомашиныг прокурор, Тагнуулын байгууллагын ажилтнуудыг байлцуулан үзлэгийг хийсэн. Уг машины жолоочыг Дарханбат гэдэг залуу байсан...автомашин доторхийг шалгасан. …автомашины араа буюу ричакны доод талд байдаг хамгаалалтын хуванцарыг дээш нь сөхөж үзэхэд хар өнгийн гялгар уутанд хийгээд, гадуур нь скочоор ороосон тамхины хайрцагны хэмжээтэй 5 хэсэг хүнд зүйлүүд гарч ирсэн...” гэх /1хх 96, 5хх 9/
Гэрч Ү.Сангидорж: “...35-77 улсын дугаартай Hyundai Starex маркийн автомашин миний бага хүү Лхагвадоржийн нэр дээр байдаг. ...2013 оны 4, 5-р сарын үеэс Г.Дарханбат гэдэг залууд түрээсээр эзэмшүүлдэг...” гэх /1хх 98/,
Гэрч Б.Жаргалсайхан: “...Тэгээд 35-77 УНП улсын дугаартай машинд гаалийн хяналт шалгалт явуулахад жолооч зорчигч нарын дунд байх арааны доод талд байдаг хамгаалалтын хуванцарын доороос алт байж болзошгүй 5 хэсэг хар өнгийн гялгар уутанд хийж, гадуур нь скочидсон, ойролцоогоор тамхины хайрцагны хэмжээтэй хатуу хүнд металл илэрсэн. ...Тэдгээр металуудыг машинаас илрүүлж гаалийн зөрчлийн өрөөнд оруулж гадуур нь ороосон гялгар уут болон скочийг задалж үзсэн ба нийт 6 ширхэг шар өнгийн алт металлууд гарч ирсэн ...нийт жин нь 7.350 гр болж байсан...” гэх /1хх 99-100, 5 хх 22/
Гэрч Д.Баярсайхан: “...Би Замын-Үүд суманд ажиллаж байгаад 2013 онд Улаанбаатар хот руу шилжихээр болсон. 00-73 ДГА улсын дугаартай Ланд-80 маркийн автомашин миний өмчлөлд байсан ба би 2013 хавар Улаанбаатар хот руу шилжих үедээ Алтангэрэл гэдэг залууд зарсан юм...” гэх /1хх 101/,
Гэрч Ч.Мөнх-Учрал: “...2015 оны 9 дүгээр сарын 10-н бил үү 11-ний үед миний 99068444 дугаарын утас руу “Батаа” ах нь байна гээд 623 /зургаан зуун хорин гурван сая/ төгрөг байна уу? Хэрэв байгаа бол ахдаа хоёр хоногийн хугацаатай зээлчих, ах нь нэмээд хоёр сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батаа ахад “тэг тэг надад байна” гэж хэлсэн. Тэгсэн 3-4 минутын дараа над руу 9952-той дугаараас залгаад “ахдаа туслаач, чамд алт зарчихаар таньдаг хүн байна уу” гэж асуухаар нь “надад таньдаг алтны ченж хийдэг, би асуугаад өгье” гэж хэлсэн. ...Одхүү надад юань болон валют солиод өгөөч гэж солиулдаг байсан. Одхүү ах ихэвчлэн утсаар ярьж хүн явуулдаг байсан. ...Одхүү ах надаас 623.000.000 төгрөгийн алт авахуулсан. ...би алтны кг болон мөнгөний хэмжээг бичээд алтан дунд нь хийгээд явуулж байсан. ...алтыг Одхүү ах өөрөө ирж аваагүй, Батаа ах нь байна гээд нэг хүн ирээд аваад явсан. Би Одхүү ах Батаа ах хоёрыг нэг хүн юм байна гэж бодож байсан чинь хоёр өөр хүн юм билээ. ...2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Одхүү ах ярьсан юм...Сүнжидмаатай яриад чамд зарчихаар алт байна уу, 623 сая төгрөгөнд таарахаар алт байна уу гэж асуухад Сүнжидмаа миний Монгол банкинд тушаах гэж байгаа алт байна, би зарахгүй ээ гэж байсан. ...гуйж байгаад Сүнжидмаагаас 623 сая төгрөгөнд алт авч...Батаа ах уу гэж асуухад тэр хүн чи Учрал уу гэж асуугаад тэгээд би алтаа өгсөн. Алтыг хар өнгийн гялгар уутанд хийгээд өгсөн. ...Одхүү ах мөнгөө оройдоо өгнө гэж байсан боловч орой нь би залгаж мөнгөө асуухад өнөөдөр оройтчихлоо, маргааш мөнгийг чинь өгье гэж хэлж байсан... Би Сүнжидмаагаас авсан тэр чигээр нь Одхүү ахад шилжүүлж өгсөн. Намайг Сүнжидмаагаас алтыг авахад хар уутанд бөөнд нь хийгээд уутаар нь ороосон байсан. Алтыг скочоор ороосон зүйл байгаагүй. Яг тэр хэвээр нь өгсөн. Би мөнгийг 2, 3 данс руу хувааж хийсэн. Сүнжидмаагийн мөнгөний данс биш байсан. Би юань доллар зараад мөнгө нь бэлэн байсан тул банкин дээр очиж Сүнжидмаагийн өгсөн дансуудад хувааж шилжүүлсэн. Би одоо ямар хүмүүсийн хэд гэсэн дугаартай дансанд мөнгө хийснээ мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгөө бүгдийг шилжүүлж дуусаад дараа нь алтаа авсан” гэх /1хх 102-105, 108, 5 хх 4,5/
Гэрч Б.Бат-Эрдэнэ: “...Жаргалсайхан /Одхүү/ …чи Мөнх-Учралаас юм аваад ирээч, Мөнх-Учрал мэдэж байгаа гэсэн. Тэгээд би Найман шарга зах руу очиж Мөнх-Учрал гэдэг валютын ченж хүүхэн дээр ирээд “би Одхүүгийн явуулсан хүн байна” гэхэд Мөнх-Учрал хар торонд хийж боосон хүнд зүйл өгсөн... Мөнх-Учралаас авч Жаргалсайханд өгөөд салаад явсан...” гэх /1хх 109/,
Гэрч А.Сүнжидмаа: “...Мөнх-Учрал алт байна уу гэж утсаар асуухад би мөнгө нь бэлэн юм уу гэж асуухад мөнгө бэлэн гэж хариулсан. ...ойролцоогоор 7 гаран кг алт Мөнх-Учралд зарсан. Би алтыг 6 хэсэг гулдмайлж өгсөн. Нэг гулдмай нь жижиг гулдмай байсан. Алтыг Мөнх-Учрал өөрөө ирж надаас авсан ба мөнгийг дансаар авсан. ...Миний Мөнх-Учралд өгсөн алтнууд мөн байна. Би гадуур нь хар гялгар уутаар ороогоогүй шууд алтаар нь өгсөн...” гэх /1хав 111-113, 5хав 13/
Гэрч Б.Оюунцэцэг: “...35-77 УНП улсын дугаартай Hyundai Starex авто машиныг гаалийн улсын байцаагч П.Намдаг шалгасан байсан...Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гадаа байрлах камерын бичлэгийг шүүж үзэж байгаад Намдаг шалгасныг тогтоосон. Камерын бичлэг дээр Намдаг 3577 УНП дугаартай Hyundai Starex хаалгануудыг онгойлгож машины хаалганы карма болон машин дотогш тонгойн хяналт шалгалт хийж байгаа байдалтай байсан...” гэх /1хав-114/,
Гэрч Б.Нарантуяа мэдүүлэгтээ: “...Миний нөхөр Жаргалсайханы багын нэр нь Одхүү байгаа юм. Бид болон найз нөхөд нь Одхүү гэж дууддаг” гэх /1хх 122, 5 хх 11, 12/
Яллагдагчаар Л.Батсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2015 оны 09 сарын 10-нд... Алтангэрэл рүү утсаар ярьж “Отгонбаатар юмтай урагшаа явж, чи буцахад нь будаа өгөөд явуулаарай” гэж хэлсэн...” гэх /1хав-248-250/,
Шүүгдэгч С.Алтангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “..2015 оны 9 дүгээр сарын 11-ний үдээс хойш байхаа Отгоо ах 99183692 гэсэн дугаараас залгаад жоохон юм гаргаад өгчих гэж утсаар ярьсан... 2015 оны 9 дүгээр 12-ны үүрээр Отгоо ах манай гэрийн гадаа ирж 5 хэсэг боодолтой зүйл өгөөд явсан. Тэр боодолтой зүйл нь атганд багтахаар 5 хэсэг, тус бүрийг нь хар өнгийн гялгар уутанд хийсэн, гадуур нь скочоор ороосон хүндэвтэр, хатуу эд зүйл байсан. Түүнийг би аваад өөрийн 00-73 ДГА улсын дугаартай автомашиндаа хийсэн. Тэгээд манай найз Дарханбат өглөө ирээд миний машинаас Отгоо ахын авчирч өгсөн зүйлийг аваад явсан байсан. Өмнөх орой нь буюу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний орой хүн юм гаргаад өгчих гэнээ, чи гаргаад өгчих, миний машин асахгүй байна гэхэд Г.Дарханбат тэгье гэж зөвшөөрсөн...Тагнуулынхан алтаа яасан бэ гэхэд би “надад алт байхгүй ээ. Би найздаа өгөөд гаргачихсан, одоо утасдаад дуудчихья” гээд би Дарханбатын хятад 15504790990 дугаар руу залгаж “наад авч явсан зүйлээ аваад ир, би Монголын хил дээр баригдчихлаа, хоёулаа наадхыг чинь өгөөд явъя” гэхэд Дарханбат “за за очлоо” гэсэн...үдээс хойш Дарханбат Эрээнээс Монгол руу орж ирсэн...Би ийм гэмт хэрэгт орооцолдсондоо маш их гэмшиж байна.
...2015 оны 8 дугаар сарын үед Батсайхан ах Замын-Үүдэд ирэхдээ надад “миний дүү нэг наймааны санал байгаа шүү” гэхээр нь “бололгүй яах вэ, хууль бус зүйл биш л бол болно” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 11-нд Батсайхан өөрийн 99183692 дугаараас миний 99134360 дугаар руу залгаад “Отгоо /Отгонбаатарыг хэлж байгаа юм/ ах нь маргааш сэлбэгтэй очиж байгаа, урагшаа гаргаад өгчихөөрэй. Отгоо ах нь өөрөө бас гарах байх” гэж хэлсэн...Тэр зүйлийг Батсайхан ах над руу яриад урагшаа гаргаад өгөөрэй гэсэн, тэгээд Отгонбаатар ах надад авчирч өгсөн. Миний машин асахгүй байсан, тэгээд ч Дарханбат өглөө эрт гарна гэхээр нь найзыгаа гуйгаад л гаргасан...Отгоо, Батсайхан нарт л тус болж байна гэж ойлгосон...” гэх /1хх 216-217/,
Гэрч Ц.Энхтулга: “2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд сумын оршин суугч Алтангэрэл гэгч этгээд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар алт нэвтрүүлэх гэж буй талаархи мэдээлэл манайд ирсэн бөгөөд уг алтыг Улаанбаатар хотод оршин суугч Жаргалсайхан гэгч хүн 8 шарга валютын ченж Ч.Мөнх-Учралаас 600 гаруй сая төгрөгөөр 7 кг орчим алт худалдан авч улсын хилээр гаргах ажлыг зохион байгуулж байгаа нь хяналтын явцад тодорхой болсон. Ингээд бидэнд авагдсан мэдээллийн дагуу манай тасгийн зарим бие бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр явсан. Энэ асуудалтай холбоотой мөн 2016.09.11-12-ны өдрийн шилжих шөнө Улаанбаатар хотод оршин суугч Отгонбаатар гэгч этгээд өөрийн биеэр Замын-Үүд суманд очиж Алтангэрэлд алтыг өгсөн байдаг. Энэ талаар дор бүр нь мэдээллийг аваад явж байсан. Тэгээд 2016.09.12-ны өглөө Алтангэрэлийг хил нэвтрэх үед Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтод түүний бие, тээврийн хэрэгсэлд Гаалийн улсын байцаагч нартай хамтарч үзлэг шалгалт хийхэд түүний бие болон тээврийн хэрэгслээс алт илрээгүй. Тэгэхээр нь Алтангэрэлээс Отгонбаатарын чамд өгсөн алт хаана байна? Хилээр гаргачихсан уу? гэхэд Отгонбаатарын өгсөн 5 гэсэн билүү 6 хэсэг боодолтой хар өнгийн уутаар ороож скочидсон 7 орчим килограмм алтыг Дарханбатад өгөөд хилээр гаргасан. Тэгээд яах байсан талаар нь асуухад Отгонбаатар бид 2 Эрээн хотод очоод Дарханбатаас авах байсан юм гэж хэлсэн. Тэгэхлээр нь бид Алангэрэлээс хилээр нууж гаргасан алтаа буцааж оруулж ирж чадах уу? гэхэд чадна гэж хэлээд Дарханбат руу утсаар яриад миний өгч явуулсан алтыг буцаагаад оруулаад ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл Дарханбат руу утсаар ярьсанаас хойш 30 орчим минутын дараа Старекс машинтай Замын-Үүд боомтоор орж ирсэн. Орж ирсэн даруйд нь Гаалийн улсын байцаагчид тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд кропны доод талын саарал хуванцар хамгаалалтан дотор алтыг хийгээд нуучихсан байсан нь илэрсэн...” гэх /5 хх 16/
Гэрч Э.Ууганбаяр: “...2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай тасагт Одхүү гэгч хүн Мөнх-Учрал гэдэг 8 шарга валютын ченжээс 600 гаруй сая төгрөг зээлж Сүнжидмаа гэгч алтны наймаа эрхэлдэг хүнээс 7,3 кг гулдмай алт худалдан аваад түүнийгээ Отгонбаатараар дамжуулан Замын-Үүд сумын оршин суугч Алтангэрэл гэгч хүнээр алтыг Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн лүү хууль бусаар нууж гаргах гэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Түүний дагуу миний бие болоод ажилтан Энхтулга бид урагшаа Замын-Үүд рүү хөдөлсөн. Тэгээд 2015 оны 9 сарын 12-ны өглөө 10-11 цагийн орчимд Алтангэрэлийг хилийн жижиг тэрэг нэвтрэх хэсэг буюу авто замын боомтод өөрийнхөө Ланд 80 маркын машинтайгаа явж байхад нь гаалийн байцаагч нарын хамт саатуулсан. Ингээд машинд болоод биед нь гаалийн байцаагч нар үзлэг хийхэд алт илрээгүй. Тэгэхээр нь би Алтангэрэлд хандаж “...Отгонбаатарын өөрт чинь өгсөн 7,3 кг орчим алт хаана байна? ..” гэхэд надад алт байхгүй гэж хэсэг худлаа ярьсан. Би Алтангэрэлд мөн хандаж бид алтыг чамайг авсаныг мэдэж байгаа, чи хууль бус үйлдлийг нуун дарагдуулж болохгүй гэж өөрт нь анхааруулсан. Тэгсэн харин Алтангэрэл би Дарханбат гэдэг залууд Отгонбаатарын өгсөн алтыг өгсөн, надаас ирээд урьд шөнө авсан. Одоо хил гарчихсан намайг очихыг хүлээж байгаа гэсэн. Би тэгэхлээр нь чи дуудаад буцаагаад оруулаад ирээ гэсний дагуу Дарханбат руу яриад “...Наад алтыг чинь наана чинь хүлээж авах хүмүүс цаашаагаа явчихсан байна, тийм болохоор наад алтыг чинь авах хүн наана чинь байхгүй гэсэн хурдан аваад буцаад ороод ир, надтай хамт байгаа алтны эзэд алтаа аваад буцаад Улаанбаатар хотруу явах гээд байна...” гэж хэлүүлсэн. Үүний дагуу алтаа аваад Дарханбат 30-40 минутын дараа хилээр ороод ирсэн. Дарханбатыг хилээр ороод ирэхэд нь Гаалийн байцаагч нар машинд нь үзлэг хийхэд Гаалийн байцаагч нар машинаас нь эхлээд олохгүй байхаар нь би Дарханбатад Алтангэрэлийн өгсөн юм хаана байна? Гэсэн чинь арааны ричак хаалт резинэн доогуур нуучихсан байгаа гэхээр нь би Гаалийнханд хэлэхэд 6 хэсэг хар өнгийн уутаар ороож гадуур скочидсон зүйл гараад ирэхээр нь энэ юу юм? Гэхэд Дарханбат Алтангэрэлийн өгсөн алт гэж өөрөө хэлсэн. ...Жаргалсайхан нь Одхүү гэдэг хуурамч нэрээр бусад хүмүүстэй харилцаанд орж алт бэлтгэн нийлүүлэх үйл ажлыг зохион байгуулж, эдгээр залуучууд болох Алтангэрэл, Дарханбат нараар урагшаа хил гаргах байсан юм...” гэх /5хав 17/
Гэрч Б.Санчигдорж: “...Отгонбаатар гэгч хүн Улаанбаатар хотоос 7 хил орчим алт аваад наашаа Замын-Үүд рүү ирж яваа мэдээлэл авагдсан. Үүний дагуу Замын-Үүд сумын оршин суугч Алтангэрэл гэгчийн үйлдэл, хөдөлгөөнд гүйцэтгэх ажлын хяналт тавьж ажилласан, хяналт тавьж ажиллаж байх хугацаанд 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө 05 цагийн орчим үл таних нэгэн этгээд Алтангэрэлийн гэрийн гадаа ганцаараа ирээд буцсан. Би холоос ажиглалт хийж байсан ба үүр цайж дөнгөж эхэлж байсан учир яг хаана нь юу орхиод явсаныг нь сайн хараагүй. Тэгээд өглөө 10 цаг орчимд Алтангэрэл машинаа унаад Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтод хилээр гарах гээд штамп даруулсаныг нь дараа саатуулж өөрийнх нь эзэмшлийн 0043 билүү 0053 гэсэн улсын дугаартай хужаа Ланд 80 маркын автомашинд Гаалийн зөрчлийн байцаагч нарын хамт үзлэг, шалгалт хийсэн. Үзлэг хийх үед иргэн Алтангэрэл нь нэлээд сандарсан байдалтай байсан нь ажиглагдсан тул нарийвчилсан үзлэг хийлгэхээр Гаалийн хяналтын бүс болох рентген дээр авчирж үзлэгийг үргэлжлүүлэн хийсэн боловч алт илрээгүй. Тэгэхлээр нь манай ажилтнууд бид нар ээлж дараалан Алтангэрэлтэй уулзалт ярилцлага хийсэн. Үүний үр дүнд иргэн Алтангэрэл нь Улаанбаатар хотоос ирсэн иргэн Отгонбаатараас авсан 7,3 кг алтаа өөрийн найз Дарханбатын микро автобусанд өгч Замын-Үүд боомтын улсын хилээр нэвтрүүлсэн болохоо хэлсэн...” гэх /5хав 18-19/
Гэрч Ж.Батбаатар мэдүүлэхдээ: “...2015 оны 9 сарын 15-ны өдөр ТЕГ-с сорьц тогтоолгохоор 6 хэсэг алт авчирч байсан. Түүнийг Монгол банкнаас гаргасан алтан гулдмай битүүмжлэх дээж хадгалах журмын дагуу хайлуулж сорьц тогтоосон. Манай лабораторийн стандарт нь ISO11426 стандартаар хийгддэг ба энэ стандарт нь гулмай дахь алтны сорьцын зөрүү нь 0,05 процентын зөрүүгээс ихгүй байхыг шаарддаг тул алтан гулдмайг өөр дээрээ хайлж шинжилгээний дээж авах нь дээрх шаардлагад илүү нийцдэг юмаа. Мөн Монгол банкнаас үнэлгээ тогтоолгохдоо манай сорьцын дүнг үндэслэж үнэлгээ тогтоодог тиймээс дээрх журмын дагуу хайлж сорьцолсон. Өөрөөр хэлбэл нэгэн төрлийн жигд хайлагдсан гулдмайнаас дээж авдаг юм. Саяны энэ тохиолдолд 6 хэсэг алтнаас дээд доод тал бүрээс нь сорьц авдаг өөрөөр хэлбэл ТЕГ-с ирүүлсэн 6 хэсэг алтны нэг гулмайгаас нь дээд доод талаас нь дээж авч шинжилдэг ба тэр авсан дээж нь сорьц нь ижил байх ёстой байдаг. Хэрэв уг дээд доод талаас нь авсан дээжүүдийн сорьц нь өөр өөр байвал манайх сорьцын хариу дүгнэлт гаргах боломжгүй байдаг учраас хайж нэг гулмай болгоод дээж авч сорьц тогтоосон...” гэх /5хх 20-21/ мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Дээрх мэдүүлгүүд нь Статистик хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнд: -Алтан гулдмай №306, шинжилгээнд авсан дээжийн жин /жин мг-аар/ 5270.00, буцааж олгосон дээжийн: жин 4517.18, королько корточка /шаар/ 686.61, шинжилгээгээр гарсан хорогдол 65.58, Тогтоосон сорьц: Алтны 874.12, мөнгөний 115.00 гэх /1хав-130/,
Алтыг 2015.09.11-ний өдрийн үнээр тооцохдоо: гулдмайн дугаар 306, бохир жин /грамм/ 7.330.60, Сорьц: алт 874.12 гр, мөнгө 115.00 гр, цэвэр жин: алт 6.407.18 гр, мөнгө 842.18 гр, 1 гр алтны үнэ-70.997.70 төгрөг /6.407.18 гр алт нь 454.895.277.04 төгрөг/ 1 гр мөнгөний үнэ-752.00 төгрөг /842.18 гр мөнгөн 633.316.34 төгрөг/ нийлбэр дүнгээрээ 455.528.593.38 төгрөг гэжээ. /2хав-186/,
Шүүгдэгч Г.Дарханбат, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хав 18-32/, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол /2 хав 35-37/,
35-77 УНП автомашины орох чиглэлийн хяналтын талон /1хх 6/, Улс хоорондын нийтийн болон суудлын тээврийн хэрэгслийг хяналтанд хамруулсан тухай мэдэгдэл /1 хх 7/, 35-77 УНП улсын дугаартай Хюндай старекс маркийн микро автобусанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 9-10/, үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /1хх 11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14/, бичиг баримт гэрчилгээний хуулбар /1 хх 15-19/, бараа, тээврийн хэрэгсэл саатуулах хуудас, гэрэл зураг үзүүлэлт /1 хх 20-40/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 42, 48, 64/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 50-51, 65-70/, вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 52/, хураан авсан тэмдэглэл /1хх 72/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /35-77 УНП, 0073 ДГА/ /1хх 73-74, 75-76/, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /1 хх 77/, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол /1хх 78/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх 80/, зураг таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 106,107/, үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, үнэт металл хайлсан тухай акт /1хх 130-131/, алтан гулдмай хүлээн авсан акт /1хх 133/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 135/, Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулсан 306 дугаартай 1 ширхэг алтан гулдмайн үнийг тооцоолсон Монгол банкны 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-7/1008 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /2 хх 185, 186/, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 06/5251 дугаартай улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2 хх 205-206/, гар утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 131-138/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогджээ.
Иймд шүүгдэгч Г.Дарханбат, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Дарханбат, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Жаргалсайхан нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүхий байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алтыг гадуур нь скочоор ороож байсан 5 ширхэг хар өнгийн гялгар уутнуудыг устгуулахаар шийдвэрлэв.
Уг тогтоолуудаар битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил, өмчлөлийнх биш болох нь тогтоогдож байх тул тэдгээр хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ч.Мөнх-Учралыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох хуульд заасан эрх үүргийг танилцуулан мэдүүлэг авчээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийг нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан ба Нийслэлийн прокурорын газраас Г.Дарханбат, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 201501000114 дугаартай хэрэг нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн гэх гэмт хэрэг бөгөөд уг хэрэгт иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Учралын тогтоосон ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Жаргалсайхан болон Ч.Мөнх-Учралын гэрчээр өгсөн мэдүүлгээр тэдгээрийн хооронд амаар зээлийн гэрээ байгууллагдсан бөгөөд М.Жаргалсайханы хүсэлтээр Ч.Мөнх-Учрал нь бусдаас зээлсэн мөнгөөрөө алт худалдан авч өгч байгаа нь хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн үйлдэлтэй хамааралгүй тул энэ хэргийн иргэний нэхэмжлэгч биш юм. Харин Ч.Мөнх-Учрал нь 623.000.000 төгрөг зээлсэн асуудлаа хариуцвал зохих этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх асуудлаар жич нэхэмжлэх эрх нээлттэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкинд шилжүүлсэн 7.330,60 грамм алтыг Монгол банкинд хэвээр үлдээж, Монгол банкнаас 7.330,60 грамм алтны үнэ 455.528.593.38 төгрөгийг үнийг гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгав.
Шүүгдэгч Г.Дарханбат болон өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарын “…анхнаасаа алт байсан гэдгийг мэдээгүй шороо гэж андуурсан. Уг алтыг хилээр гаргах үйлдэлийг нотолсон зүйл байхгүй тул цагаатгаж өгнө үү” гэх
Шүүгдэгч С.Алтангэрэл, өмгөөлөгч Ж.Мөнхтуяа нарын “…Ч.Отгонбаатар түүний машинд эд зүйл орхиод явсаныг Г.Дарханбат шинжилгээнд өгөх шороотой андуурч авч явсан тул цагаатгаж өгнө үү” гэх
Шүүгдэгч М.Жаргалсайхан, Ч.Отгонбаатар болон өмгөөлөгч Б.Болортуяа, Ц.Алтанцол нарын “…Хэргийг шалгах, гүйцэтгэх ажлыг явуулахдаа хууль зөрчсөн бөгөөд улсын яллагч шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэхдээ таамаглалд үндэслэн нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтүүдийг гаргасан бөгөөд тэдгээрийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: М.Жаргалсайхан нь БНХАУ-ын иргэн Ма гэгч этгээдэд алт худалдахаар тохирсон гэх боловч ийм хүн байдаг эсэх нь тогтоогдоогүй. Мөн М.Жаргалсайхан иргэн Ч.Мөнх-Учралаас 623.000.000 сая төгрөг зээлж авсан ба уг мөнгөнд дүйцэх алтыг худалдаж авсан даруйдаа Ч.Отгонбаатараар дайж Дорноговь аймгийн Замын-Үүд хүргүүлсэн. Ч.Отгонбаатар нь өглөөний 3-4 цагийн үед Дорноговь орсон ба маргааш нь өөрийн хувийн ажлаар БНХАУ-ын Эрээн хот орох шаардлагатай гэх ба ирсэн даруй Замын-Үүд Эрээн чиглэлд тээврийн ажил эрхэлдэг С.Алтангэрэлд шилжүүлсэн бөгөөд улмаар Дарханбат авч Монгол Улсын хил нэвтрүүлжээ.
Шүүгдэгч нар нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн гэм бурууг хүлээх болон хэргийн бусад байдлын талаар нотлох үүрэг хүлээхгүй этгээд бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байвал шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлж болохоор хуульд заасан.
Гэтэл шүүгдэгч нарын дээрх нотлох баримтаар нотлогдохгүй мэдүүлгийг тэдгээрийн өмгөөлөгч нар үнэлж өмгөөлөл явуулж байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Жаргалсайхан нь бусдаас зээлсэн мөнгөөр авсан эд зүйлээ ач холбогдолгүй зүйл шиг дамжигдан явсаар андуурагдан улсын хил нэвтэрсэн гэж нотлох баримтгүй тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Жаргалсайхан, Г.Дарханбат, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Мягмарын Жаргалсайхан /зохион байгуулагч/, Боржигон овгийн Ганболдын Дарханбат гүйцэтгэгч, Тангууд овгийн Лхамсүрэнгийн Отгонбаатар, Боржигон овгийн Сүхбаатарын Алтангэрэл /хамжигч/ нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.Жаргалсайхан, Г.Дарханбат, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Г.Дарханбат 228 хоног, М.Жаргалсайхан 216 хоног, Л.Отгонбаатарын 242 хоног, С.Алтангэрэлийн 227 хоног тус тус цагдан хоригдсон, иргэний бичиг баримт ирүүлээгүй, Г.Дарханбат, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 17, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолууд, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай ХААН банк дахь Лхамсүрэнгийн Отгонбаатарын 5090367614 тоот төгрөгийн данс, Ганболдын Дарханбатын 53780606995 тоот харилцах данс, Мягмарын Жаргалсайханы 5429164434 тоот дансны гүйлгээ хийх мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол, С.Лхагвадоржийн эзэмшлийн 3577 УНП улсын дугаартай Hyundai Starex, Д.Баярсайханы эзэмшлийн 0073 ДГА улсын дугаартай Land Cruiser-80 маркийн авто машинуудын битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дуаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Монгол банкинд шилжүүлсэн 7.330,60 грамм алтыг Монгол банкинд хэвээр үлдээж, Монгол банкнаас 7.330,60 грамм алтны үнэ 455.528.593.38 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Мөнх-Учралыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг сануулсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Алтангэрэл, Г.Дарханбат, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар нарын урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр зорчих эрхийг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дарханбат, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар, С.Алтангэрэл нарыг хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр зорчих эрхийг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.ОТГОНБАЯР
А.АЛТАНХУЯГ